Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/676

 

 

 

 

 

 

  2025            06             02                                        2025/ДШМ/676

 

П.Өт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Ариунхишиг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор К.Чимгээ,

шүүгдэгч П.Ө, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/561 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Ө, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн П.Өт холбогдох эрүүгийн 2206031360592 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн П.Ө, 1982 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, орчуулагч, судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ...... тоотод оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 426 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 5 жил 6 сарын хорих ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 100.000 төгрөгийн хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэн, 7.560.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар 540.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 8100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.100.000 төгрөгөөр торгох ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хугацаагаар хорих ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдсэн, /РД: ........../,

Шүүгдэгч П.Ө нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл гаргаж өгнө, гар цайлгах мөнгө хэрэгтэй байна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч хохирогч А.Аээс 1.500.000 төгрөгийг өөрийн охин З.Эгийн Хаан банкны 5037767855 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч П.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч П.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Өт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 08 сарын хугацаагаар хорих ял, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 09 жил 01 cap 01 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 09 жил 09 сар 01 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Өт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Өын цагдан хоригдсон 301 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.Өт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие тус шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял авсан. Уг нь би 2019-2022 оны хооронд үйлдсэн бүх буруутай үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 12 жил хаалттай хорих байгууллагад ял шийтгүүлээд хамгийн хүнд дэглэмд ял эдэлдэг бөгөөд хүнд нөхцөлд өдөр хоногууд өнгөрч байна. Би өөрийн буруутай үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж удаан бодсоны эцэст “хүн шударга хөдөлмөрлөж, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг  байх ёстой байжээ. Энэ нь хүн ёсны зөв амьдрал юм байна. Мөнгө олох боломж гэж харагдах юм бүхэнд сэтгэл хөөрлөөр бусдын ярьсанд итгэн хөнгөн гоомой хандаж оролцох ёсгүйг маш сайн ойлгосон. Хэдийгээр хэзээ дуусах нь мэдэгдэхгүй энэ их ялыг надад 814,000,000 төгрөгийн төлөө оногдуулсан, хэргийн холбогдогч нарыг дутуу шалгасан гээд шалгуулах зүйл их байсан ч би эх орныхоо хууль, шүүхийн өмнө хийсэн буруутай үйлдэлдээ эзэн болж, эх, эцэг, үр хүүхдийнхээ өмнө гэмээ ухаарч цайруулъя гээд сэтгэлээ чангалан ялаа дуусгахаар зүтгэж байлаа. Гэтэл 1,500,000 төгрөгийн 1 үйлдэл шалгаагүй үлдсэн байсан нь хэзээ хойно гарч ирээд тусад нь дахин 8 сарын хорих ял нэмж байгаа нь санкц давсан, 12 жил 8 сарын хорих ял боллоо. Харамсалтай, хэцүү байна. Үнэхээр цөхөрч, ядарч, гомдолтой байна. Энэ үйлдэл нь цаг хугацааны хувьд урьд ял авсан хэрэгт хамаарах үйлдэл юм шүү дээ. Би гэм буруудаа маргахгүй, зөвшөөрч, гэмшиж байгаагаа удаа дараа хэлж байгаа. Хохирлыг төлж барагдуулсан билээ. Энэ үйлдэл дундаас нь үлдэж, хожим гарч ирсэнд харамсаж байна. Надад өндөр настай, элэгний хорт хавдартай эх, ганц охин бүлтийж үлдээд 12 жилийн хаалттай хорих ял хэзээ дуусахыг мэдэхгүй өдөр бүрийг өнгөрөөж байна. Дунд нь орхигдсон хэрэг байцаагчийн сейфт үлдсэн алдаанаас болж 8 сар нэмүүлэх үнэхээр хүнд байна. Миний буруутай үйлдлээс эхтэй учир хэн нэгэнд буруу өгч бултах гэсэнгүй ээ. Хэргийг өмнөх хэрэгт нэгтгэн шийдвэрлэх боломжтой бол нэгтгэж өгөөч гэж гуйя. Би 43 настай эмэгтэй, бамбайн дутмагшилтай. Би дахин хууль зөрчиж, хүн хохироох үйлдэл гаргахгүйг үргэлж хичээх болно. Өдий насанд өргөст торны цаана суугаа өндөр настай надад амьдралын үнэ цэнэ, хүн байж, хүн шиг явах үнэ цэнэ, хууль журмын үнэ цэнэ хамгийн их мэдрэгддэг болсон. Иймд надад оногдуулсан 8 сарын хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгөхийг гуйж байна. ...” гэв.

Шүүгдэгч П.Өын өмгөөлөгч З.Хүрэлсүх давж заалдах гомдол болон тус  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлсөн шүүгдэгчийн хувьд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой байхад хорих ял оногдуулсан нь хүндэдсэн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж давж заалдах гомдол гаргалаа. Учир нь: П.Ө урьд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолоор 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд уг ялаа эдэлж байх үед 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэн А.Аийг залилж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдэлд 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдан улмаар шүүхээр л шийтгүүллээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3-т “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.” гэж заасныг баримталж дүгнэвээс шийтгэх тогтоол үндэслэлтэй. Харин хохирогч А.Аийг хохироосон энэ гэмт хэрэгтээ 2022 онд хорих ял шийтгүүлсэн бол хорих ялын дээд хэмжээ болох 12 жилд багтах байлаа. Шинээр шийтгүүлсэн гэмт хэрэг нь өмнөх шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон үйлдлүүдтэй нэг цаг хугацаанд боловч тухайн үед шалгаагүй учир хожим ийнхүү яллаж шийтгэсэн. Гэхдээ уг үйлдлийг нэгтгэн шалгаагүй, шалгуулаагүй гэхээс илүүтэй шүүгдэгчийн эх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлд заасан хорихоос өөр ялын төрөл, хэмжээг сонгох боломжтой, харгалзан үзэх нөхцөл байдлууд ч хангагдсан гэж үзэж байна. Иймд хаалттай хорих байгууллагын тусгай зэрэглэлд буюу хамгийн хүнд нөхцөлд ял эдэлж, цээрлэл амсаж яваа өрх толгойлсон эмэгтэй хүний хувьд П.Ө нь иргэн Аийг хохироосон үйлдэлдээ туйлын гэмшиж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлсөн тул түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж тусад нь эдлүүлэхээр тогтоож өгөхийг хүсье. ...” гэв.

Прокурор К.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн 2025/ШЦТ/561 дүгээр шийтгэх тогтоолыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч П.Өт оногдуулсан хорих ял нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна гэж үзэж байна. Учир нь, шүүхээс оногдуулсан ял нь заавал биелэгдэх ёстой бөгөөд анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хорих ял оногдуулж, өмнө нь эдэлж байсан 9 жил 1 сарын хорих ялыг энэхүү 8 сарын ялтай нэгтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Мөн шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг өмнө нь дөрвөн удаа үйлдэж, ял шийтгэгдэж байсан бөгөөд энэ хугацаанд засарч, хүмүүжээгүй, буруутай үйлдлээ ухамсарлаагүй гэж шүүхээс дүгнэсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтын дагуу хорих ялыг нэмэгдүүлэн нэгтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч П.Ө нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл гаргаж өгнө, гар цайлгах мөнгө хэрэгтэй байна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч хохирогч А.Аээс 1.500.000 төгрөгийг өөрийн охин З.Эгийн Хаан банкны 5037767855 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.Аийн “...Би 2019 оноос хойш эхнэр Өгийн хамт жижиг дунд үйлдвэрлэл буюу сүлжмэлээр хувцас хийж эхэлсэн. Бид 2021 онд шинэ ажлын байр барьж, тоног төхөөрөмж нэмж авсан юм. Ингээд бидэнд цааш жижиг үйлдвэрээ хөгжүүлэхийн тулд түүхий эд бараа материалын эргэлтийн хөрөнгө шаардлагатай болсон. Би 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр таксинд явж байгаад Улаанбаатар зочид буудлын зүүн талд 40-45 орчим насны, шар царайтай, давхраа оёулсан, туранхайвтар, 160-162 см орчим өндөртэй эмэгтэй гар өргөн суусан, тэр эгч ноолууран сүлжмэл цамц өмссөн байсан тул би толиндоо хараад “таны өмссөн шиг хувцсыг би хийдэг юм” гэж хэлсэн. Тэгээд цааш түүнтэй танилцан яриа өрнүүлэхэд тэр эгч өөрийгөө надад “эгчийг нь П.Ө гэдэг би Төрийн ордонд ажилладаг, Хүрэлсүх ерөнхийлөгчийн тамгын газрын зөвлөх хийдэг, эгч нь зээл авахад тусалж өгч чадна шүү” гэж хэлсэн. Тэгээд тэр эгчтэй дугаараа солилцсон. 1-2 хоногийн дараа нөгөө П.Ө эгч залгаад “чи нөгөө зээл сонирхож байгаа залуу мөн үү, эгчид 2022 оны 05 дугаар сарын 04-нөөс өмнө 100,000,000 төгрөгийн зээл гаргаж өгөх боломж эгчид нь байгаа шүү” гээд Төрийн ордны зүүн хаалган дээр хүрээд ир гэж намайг дуудсан. Цаг товлоод очтол тэр хүн ирээгүй, гадуур ажилтай болчихлоо, хоёулаа маргааш болъё гэсэн. Маргааш нь 11 цагийн үед уулзахаар болоод мөн төрийн ордны тэнд уулзахаар болж би очсон ч тэр хүн бас ирээгүй. Тэгээд утсаар яриад Энканто тауны хажууд байх “Сакура” гэх барилгын кофе шопод уулзсан. Тэр эгч надад өөрийн “П.Ө, Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын зөвлөх” гэсэн улаан хавтастай ажлын үнэмлэх үзүүлсэн. Би өөрийнхөө жижиг үйлдвэрлэл явуулж байгаа талаар ярьж, зээл хөөцөлдөх хэрэгтэй талаараа ч бас дурдсан. П.Ө “эгч нь Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл, ипотекийн 8 хувийн зээл, Бүгд найрамдах Солонгос улс руу төрийн ордны батлан даалтаар нэг жилээр гаргаж өгч чадна” гээд Монгол Ардын намын болон улсын төрийн талаар олон зүйл ярьсан. “Манайх Монгол Ардын намын засаг барьж байгаа дээр л аваарай, хэрвээ чи зээл авмааргүй байгаа бол зээл авах ах, дүү, найз нөхөдтэйгөө холбоод өгч болно шүү” гэсэн. 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр утсаар тэр хүнтэй яриад “би өөрөө зээл сонирхож байна, та надад хэдэн төгрөгийн зээл гаргаж өгөх боломжтой вэ” гэж асуусан юм. П.Ө гэх тэр эгч “эгч нь эхний удаад 300,000,000 төгрөг гаргаж өгөх боломжтой, түүнээс дээш мөнгө бол багийнхантайгаа ярилцаж байгаад шийднэ” гэх утгатай зүйл ярьсан. Тэгэхээр нь “тийм бол би 300,000,000 төгрөгийн зээл авмаар байна гээд барьцаа хөрөнгө шаардлагатай талаар асуухад би аргалж өгнө” гэж байсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тэр эгч “...” гэсэн дугаараас над руу залгаад “баяртай мэдээ дуулгая, чиний зээл эхний зээлийн хорооны хурлаар дэмжигдсэн” гэсэн. 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тэр П.Ө гэх эмэгтэй “...” гэсэн дугаараас над руу залгаад цаг товлоод “хүрээд ирээч, уулзах ярих юм байна” гээд хүүхдийн 100-ын замын урд кофе шопод уулзсан. Уулзаад “Эхний удаа зээл чинь дэмжигдлээ” гээд Хаан банкны тодорхойлолт үзүүлээд, “дараагийн шатанд хурлаар ороход хүмүүсийн гар цайлгах хэрэгтэй байна” гээд 20-30 сая төгрөг нэхсэн. Эхнэр бид хоёр боломжгүй гэдгээ хэлтэл “та хоёр ядаж 5,000,000 төгрөг өг, би үлдсэнийг нь аргалъя” гээд байхаар нь Баянгол дүүргийн 25 дугаар хороо, 110 дугаар байрны гадна буюу гэрийнхээ гаднаас интернэт банкаар өөрийн нэр дээрх Хас банкны 5002035148 дугаартай данснаас Хаан банкны 5037767855 Золбаярын Э гэсэн данс руу “П.Ө зээл” гэж хийгээрэй гэсний дагуу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нөгөө П.Ө гэх эгч 13-н Хаан банкны тэнд очоод “хүлээж бай, би захиралтай нь хоолонд орчхоод яваад очъё” гэсэн тул эхнэр бид хоёр гэрээсээ гарч Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын Хаан банкны ойролцоо очсон. 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 12 цаг 40 минутын үед эхнэр Өгийн нэр дээр Хаан банкны 5041239251 дугаарын данснаас Хаан банкны 5037767855 Золбаярын Э гэсэн данс руу “П.Ө зээл” гэж хийгээрэй гэсний дагуу 500,000 төгрөг шилжүүлсэн. Тэр эгч бид хоёртой ирж уулзаагүй, “Зээлийн хурлаар орж байна” гээд ирээгүй. Маргааш нь тэр хүн залгаад дахиж өмнөх шигээ юм ярьж тэр байтугай “машинаа зараад өгчих” гээд мөнгө нэхсэн. Бид хоёр сэжиг аваад “та бичиг баримтаа аваад ир” гээд “бүрдүүлсэн бичиг баримтаа буцааж авъя” гэсэн ч бид хоёроос өмнө сэжиг аваад алга болсон. Утас нь холбогдохгүй байгаа. ...Би 1,500,000 төгрөг нэхэмжилнэ. ...Залилагчийг олж өгнө үү, ахиад өөр хүмүүсийг хохироох вий нэлээн зальтай хүн шиг байна лээ. Зөндөө хүний бичиг баримт хавтас тэвэрсэн байна лээ, тухайн үед жижиг бизнесээ өргөжүүлэх боломж гэж бодоод итгэсэн. ...” /1хх 22-23/,

гэрч Б.Өгийн “...Манай нөхөр А 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр халтуур хийж яваад “төрийн ордонд ажилладаг хүнтэй танилцлаа, зээл гаргаж өгч чадна гэнэ” гэж ярьж байсан. Тэгээд би нөхөртэйгөө ярилцаад зээл хөөцөлдөхөөр болсон. Тэр өөрийгөө П.Ө гэж танилцуулсан хүн манай нөхөр А рүү удаа дараа ярьж зээл авахад бүрдүүлэх шаардлагатай материалын жагсаалт өгч бид ч бүрдүүлж өгсөн. 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тэр П.Ө гэх эмэгтэй цаг товлоод “хүрээд ирээч, уулзах ярих юм байна” гээд хүүхдийн 100-ын замын урд кофе шопод манай нөхөр А, П.Ө гэх эмэгтэй бид 3 уулзсан. Уулзаад “эхний удаа зээл чинь дэмжигдлээ” гээд Хаан банкны тодорхойлолт үзүүлээд, дараагийн шатанд хурлаар ороход хүмүүсийн гар цайлгах хэрэгтэй байна гээд 20-30 сая төгрөг нэхсэн, эхнэр бид хоёр боломжгүй гэдгээ хэлтэл “та хоёр ядаж 5 сарыг өг, би үлдсэнийг нь аргалъя” гээд байхаар нь би сэжиглээд нууцаар бичлэг хийсэн байдаг. Тэгээд бид хоёр тэр эгчээс салж гэр лүүгээ Баянгол дүүргийн 25 дугаар хороо, 110 дугаар байр руу явсан. Гэрийнхээ гадаа машин дотроо манай хүн өөрийн нэр дээрх Хас банкны 5002035148 дугаартай данснаас Хаан банкны 5037767855 Золбаярын Э гэсэн данс руу нөгөө П.Ө гэх эгч “П.Ө зээл” гэж хийгээрэй гэсний дагуу 1,000,000 төгрөг шилжүүлэхэд би хамт байсан. Ингээд нөгөө П.Ө гэх эгч 13-н Хаан банкны тэд очоод хүлээж бай, би захиралтай нь хоолонд орчхоод яваад очъё гэсэн тул нөхөр бид хоёр гэрээсээ гарч Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын Хаан банкны ойролцоо очсон. 2022 оны 05 дугаар сарын 11-ний 12 цаг 40 минутын үед манай нөхөр миний нэр дээр Хаан банкны 5041239251 дугаарын данс руу АТМ-ээс орлого хийж би өөрийн Хаан банкны 5037767855 Золбаярын Э гэсэн данс руу нөгөө П.Ө гэх эгч “П.Ө зээл” гэж хийгээрэй гэсний дагуу 500.000 төгрөгийг цахим банкаар шилжүүлсэн. П.Ө гэх тэр эгч бид хоёртой дахиж уулзаагүй. Маргааш нь тэр хүн залгаад дахиж өмнөх шигээ юм ярьж тэр байтугай “машинаа зараад өгчих” гэж хүртэл мөнгө нэхсэн. Нэхэх үед нь надад сэжигтэй санагдаад мөнгө байхгүй гэж хэлээд орхисон. Тэр хүн за за би өөрөө зохицуулъя гэх утгатай зүйл ярьсан. Тэрнээс хойш утсаа салгаад алга болсон. Манай нөхрийн утсаар л харилцсан байгаа. ...Энэ хүнийг олж өгнө үү, олон хүнийг бас хохироох вий. ...” /1хх 25/,

гэрч З.Эгийн “...П.Ө нь миний төрсөн ээж юм. Намайг 4 настай байхад аав, ээж хоёр салаад, би аав дээрээ байдаг болсон. Ээжтэй уулздаггүй байсан. ...Тус данс нь миний хаан банканд бүртгэлтэй данс юм. ...энэ дансыг анх ээж миний хүүхдийн мөнгийг авах зорилгоор нээлгэж байсан. Мөн тус дансанд дээр манай ээж интернэт банк нээлгэж ашиглаж байсан. ...” /1хх 27/ гэсэн мэдүүлгүүд,  

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 17/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 147-148/, ялын тооцооны тодорхойлолт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч П.Өын бусдыг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч П.Өыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч П.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Өт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 08 сарын хугацаагаар хорих ял, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 09 жил 01 cap 01 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 09 жил 09 сар 01 хоногийн хугацаагаар тогтоож, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн шаардлага хангасан байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч П.Өын хувьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор 12 жилийн хорих ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон тул түүнд тухайн гэмт хэрэгт нь 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэж хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан ял нь заавал биелэгдэх шинжтэй ба ингэснээр эрүүгийн хариуцлагын зорилго хангагдах учиртай.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/561 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Ө, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч П.Ө нь шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 101 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/561 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Ө, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч П.Ө шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 101 /нэг зуун нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

 

                                    ШҮҮГЧ                                    Б.АРИУНХИШИГ

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ЗОРИГ