| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0550/э |
| Дугаар | 565 |
| Огноо | 2018-07-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 565
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч Б.Б/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711014980636 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн М овогт Б.Б, 1982 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 19а-24 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,
урьд:2003 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 210 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 11 сарын 6-ны өдрийн Нийслэлийн шүүхийн 502 дугаар магадлалаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон, хэрэг хариуцах чадвартай, РД:/................ /,
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 11 дүгээр сарын 9-ний өдрийн хооронд иргэн Г.Эрдэнээс “АНУ-аас Ай фоне загварын гар утас захиалж авч өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 36.993.284 төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өөрийн буруутай үйлдлээс болж ийм гэмт хэрэг үйлдэх болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв
Хохирогч Г.Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Манай компанийн тээвэр борлуулалтын хэлтсийн дарга Баярцэнгэл гэж эмэгтэйгийн нөхөр Батхуягийн Батмөнхтэй 2016 онд танилцаж байсан. 2017 оны 10 дугаар сарын 30-ны үед өөрийн фэйсбүүк хаяг дээрээ “айфоне х” маркийн гар утас авна гэсэн пост оруулсан гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Батмөнх ах над руу фэйсфүүкээр гар утас авах уу, манай найз АНУ-аас гэр бүлээрээ ирж байгаа, захиж болно, айфоне х маркийн 256 гб багтаамжтай мөнгөлөг гар утас байна 1130 долларын үнэтэй гэсэн утгатай мессэж бичсэн. Тэгэхээр нь би итгээд за тэгвэл захиалъя гээд дансны дугаарыг нь аваад 1 гар утасны мөнгө болох 2.755.200 төгрөгийг Батмөнхийн Хаан банкны 5021476058 тоот дансаар шилжүүлсэн ...Нийт надаас гар утас захиалж авч өгнө гэж хэлээд 36.993.284 төгрөг авч залилсан ...Энэ мөнгөө бүгдийг нь барагдуулан авч одоо гомдол саналгүй болсон байгаа …” гэсэн мэдүүлэг. /хх-83-84х/,
Яллагдагч Б.Б мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 10 сараас эхнэрийнхээ ажлын залуу болох Эрдэнэд Америк улсаас найзаараа дамжуулан Ай фоне Х гар утас олон тоогоор оруулж ирж өгнө гэж хэлээд нийт 36.993.284 төгрөгийг авчихсан юм. Энэ мөнгийг бүгдийг нь өөрийн хувийн хэрэгцээнд бага багаар зарцуулаад дууссан. Америк улсаас Мөнхбат гэдэг найзаараа дамжуулан Ай фоне Х гар утас оруулж ирж болох байх гэж бодсон боловч миний хэлснээс үнэтэй тусаад байсан учир чадаагүй юм ...Тухайн үедээ мөнгийг нь эргэлдүүлж өсгөж байгаад утсыг нь авчирч өгөх санаатай байсан юм ...Би дахин ийм хэрэг үйлдэхгүй ээ...” гэсэн мэдүүлэг. /хх-96-97х/,
Хохирогч Г.Эрдэнийн яллагдагч Б.Б-тэй фэйсбүүк чатаар харьцсан материал /хх-18-80х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 11 дүгээр сарын 9-ний өдрийн хооронд иргэн Г.Эрдэнээс “АНУ-аас Ай фоне загварын гар утас захиалж авч өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 36.993.284 төгрөгийг залилж авсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Г.Эрдэнэ нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М овогт Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд буюу 2018 оны 9 дүгээр сарын 25-ны дотор төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН