| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 2334002740286 |
| Дугаар | 2025/ДШМ/36 |
| Огноо | 2025-05-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/36
2025 5 15 2025/ДШМ/36
Н.М-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Цэрэнханд, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Лувсанцэрэн
Хохирогчийн өмгөөлөгч Д.Туяа
Шүүгдэгч Н.М
Шүүгдэгч Н.Мийн өмгөөлөгч Г.Ганцэцэг /цахимаар/
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Д.Туяагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Н.М-т холбогдох эрүүгийн 2334002740286 дугаар хэргийг 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баяндэлгэр суманд 1989 оны ... төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Төв аймаг, Баяндэлгэр сум, “Галуут” 2 дугаар багт оршин суух,
Урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 552 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жил 10 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Б овогт Н М,
2. Н.М нь Төв аймгийн Баяндэлгэр сум, Галуут 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тахилт” гэх газраас 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Д.Б-ийн эзэмшлийн улаан өнгөтэй 40 тонны контейнер болон эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 10.118.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3. Төв аймгийн Прокурорын газраас Н.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Н М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Н.М-ийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1/нэг/ жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 168 /нэг зуун жаран найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэгт 40 тонны улаан хүрэн өнгийн контейнерыг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 40 тонны улаан хүрэн өнгийн контейнерыг хууль ёсны эзэмшигч хохирогч Д.Б-д буцаан олгохыг тус тус дурдаж,
Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар 2012 оны 12 дугаар сарын 13-нд төрсөн эмэгтэй М-ийн М, 2014 оны 8 дугаар сарын 05-нд төрсөн эрэгтэй М-ийн М нарыг 18 нас хүртэл асран хамгаалагчийг тогтоолгохоор Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад даалгаж, шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн гэрч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
5. Хохирогч Д.Б-ийн өмгөөлөгч Д.Туяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Шийтгэх тогтоолын “Хохирол, хор уршгийн талаар” дүгнэлт хийсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Учир нь: Хавтаст хэрэгт хохирогч Э.С мэдүүлэг авагдсан байдаг бөгөөд шүүгдэгч Н.М нь тухайн контейнерт 2 ширхэг гэр байсан манай найз хулгайд алдсан талаар мэдүүлсэн. Мөн контейнер дотор гэрийн сийлбэртэй тооно /бортгон/, мотоциклийн рам үлдсэн байсныг хэрэгт тусгаж шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн байдаг. Мотоциклийн рам нь арлын дугаартай тул Д.Б-ээс өөр хэн ч эзэмших боломжгүй. Түүнийг шүүгдэгч бусдад зарах эсвэл өөрөө ашиглах боломжгүй тул мотоциклийг задалж зараад рамыг нь үлдээсэн гэж дүгнэхээр байна.
Мөн бортгон тооны хувьд хохирогч өвөрмөц Хөвсгөл хийцийн Монголд ганц ширхэг байдаг талаар өмнөх шүүх хуралд орохдоо тайлбарладаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайн гэмт хэрэг нь нүднээс /хүний/ далд үйлдэгддэг, шунахайн сэдэлтэй, өмчлөгч, хулгайч хоёроос өөр хүн мэдэх боломжгүй /эд зүйлсийг/ төрлийн гэмт хэрэг. Хохирогч Д.Б өөрийн контейнерт ямар эд зүйл байсан талаар түүний хөрш н.Баянаа гэх хүн /шүүгдэгч Н.М-ийн малчин хийж байсан айлын эзэн/ сайн мэднэ гэж мэдүүлсэн байдаг.
Энэ хэрэг өмнө нь анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж давж заалдах шатны шүүхээс н.Баянаа гэх хүнээс мэдүүлэг авч тодруулах шаардлагатай гэж дүгнэн буцаасан байхад прокурор, мөрдөгч энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй, хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан, шүүхийн магадлалын биелэлт хангагдаагүй.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Лувсанцэрэн гаргасан дүгнэлтдээ: Хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Э.С, гэрч Ч.Алимаа, Х.Мөнхдөл, Л.Энх-Амгалан нарын мэдүүлгүүдээр тухайн контейнерт байсан эд зүйлийг тогтоосон. Өмнөх шүүх хуралдаанд хохирогчоос гаргасан гомдлын хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргасан ч хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй учир тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед хөндлөнгөөс харж байсан дээрх гэрч нарын мэдүүлгүүдийг үндэслэн хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээг тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.
7. Шүүгдэгч Н.Мийн өмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: /цахим/ Хэргийн бодит байдлыг тал бүрээс нь нотлон тогтоосон гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан Х.Мөнхдөл, Ч.Алимаа, Л.Сүхбаатар нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тухайн контейнер дотор гэрийн хаалганы хугархай, мотоциклын рам, хоёр багана, тогоо, шанага зэрэг эд зүйлс байсан гэдэг нь тогтоогддог. Хэдийгээр хохирогч тухайн контейнерт иж бүрэн хоёр Монгол гэр байсан гэж ярьдаг ч нотлох баримтаар тогтоогдоогүй буюу нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
8. Шүүгдэгч Н.М тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Б-ийн өмгөөлөгч Д.Туяагийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Н.М-т холбогдох эрүүгийн 2334002740286 тоот хэргийг тус шүүх 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд зааснаар бүхэлд нь хянан үзлээ.
1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Н.М нь Төв аймгийн Баяндэлгэр сум, “Галуут” 2 дугаар багийн нутагт дэвсгэрт бусдын малыг маллаж байх хугацаандаа буюу 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тус багийн “Тахилт” гэх газарт байрлах хохирогч Д.Б-ийн хаваржаандаа байршуулан үлдээсэн эд зүйл болох 40 тонны контейнерыг нь иргэний нэхэмжлэгч Э.С-т худалдан борлуулсан гэх гэмт хэргийн үйл баримтын талаар тусгагджээ.
2. Төв аймгийн прокурорын газраас Н.М-ийн дээрх үйлдэл холбогдлыг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” 10.118.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Оролцогч нараас хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй боловч шүүгдэгчээс тухайн контейнерт “гэрийн тооно нэг 1 ширхэг, мотоциклийн мотор рам” зэрэг эд зүйл байсан хэмээн мэдүүлдэг бол хохирогчоос уг контейнерт “иж бүрэн таван ханатай хуучин Монгол гэр, Хөвсгөлийн бортгон тоонотой цуулбар иж бүрэн гэр, улаан өнгийн Ямаха маркийн мотоцикл, Хятад улсад үйлдвэрлэсэн оранж өнгийн хөрөө, саарал өнгийн тог баригч аккумлятор тус бүр нэг, нэг ширхэг болон гэрт хэрэглэгдэж байсан ахуйн хэрэглээний зүйлс” зэрэг эд зүйлүүд байсан хэмээн мэдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хөрөнгийн үнэлгээний “Эй Жэй Жэй Эм” ХХК-г шинжээчээр томилсны дагуу тус хуулийн этгээдээс 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр уг гэмт хэргийн улмаас нийт 27.533.750 төгрөгийн хохирол учирсан хэмээн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 30-49-р тал/ гаргасан байдаг.
4. Хэргийг анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 2023/ШЦТ/484 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 140-146-р тал/ гаргасныг шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэж 2024/ДШМ/13 дугаар магадлал /хх-ийн 1-р хавтас 177-182-р тал/-аар хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6-д тус тус заасныг тогтоож чадаагүй гэж үзэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгожээ.
Тодруулбал: Тус магадлалаар гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байх ба үүнтэй уялдуулан уг гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газрын байршил, хохирогч Д.Б 2019 онд Дорнод аймаг руу өөрийн малыг явуулахдаа контейнероо харж байгаарай хэмээн н.Баянаа гэх хүнд нэг тооны хонь өгч захин үлдээсэн байхад мөрдөн шалгах ажиллагаагаар уг нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь буруу ба, энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтооход чухал ач холбогдолтой хэмээн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
5. Гэтэл дээрх магадлалын дагуу хэрэгт хийсэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар Н.М-ийн өмгөөлөгч Г.Ганцэцэгээс гаргасан “...н.Баянаа, Ч.Алимаа, иргэний нэхэмжлэгч Э.С нараас мэдүүлэг авч өгнө үү...” гэх агуулга бүхий хүсэлтийг 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 30 тоот прокурорын тогтоолоор хүлээн авч бүхэлд нь хангасан атлаа /хх-ийн 2-р хавтас 33-р тал/ уг ажиллагаануудыг нөхөн гүйцэтгэлгүйгээр 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шинжээч томилж 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний “Гарьд гүрү үнэлгээ” ХХК-аар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 14-32-р тал/ гаргуулан уг гэмт хэргийн улмаас нийт 10.118.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан дээрх алдаа зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэснийг зөрчсөн, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар мөрдөгч, прокурор шүүх нь хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
6. Иймд энэ талаар гаргасан хохирогч Д.Б-ийн өмгөөлөгч Д.Туяагийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн авч ханган, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, хэргийг прокурорт хүргэгдэн очих хүртэл хугацаагаар шүүгдэгч Н.М-т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
7. Цаашид гэмт хэргийн яллах, цагаатгах болон тухайн гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлж болохуйц нөхцөл байдал, мөн гэмт этгээдийн үйлдэл тус бүрд болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шалтгаант холбоог тогтоохдоо хэрэгт авагдсан нотлох баримт нэг бүрд тулгуурлан үнэлэлт өгч байх нь хэргийн болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг тогтоож хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй эсэхийг хянан үзэх шалгуур болдгийг анхаарч байвал зохилтойг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.М-т холбогдох эрүүгийн 2334002740286 дугаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг прокурорт очтол шүүгдэгч Н.М-т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД
М.МӨНХДАВАА