Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01660

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01660

 

 

Ж.М -ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/01086 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.М ын хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00978 дугаартай захирамжаар Ц.Ш ХХК-аас 540 000 000 төгрөг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах хугацаанд төлбөр төлөгч Ц.Ш ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар татан буугдаж, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасагдсаныг олж мэдсэн.

Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас татан буугдсан хуулийн этгээдийн төлбөрийг миний хөрөнгөөс гаргуулахаар явуулж буй ажиллагааг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч хариуцагч байгууллагаас хүлээн авахаас татгалзсан тухай хариуг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3/15148 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Хариуцагч нь хуулийн этгээдийн бүртгэлээс хасагдсан Ц.Ш ХХК-д холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хэрэгт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хүчин төгөлдөр захирамж байгаа. Ингээд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанаас өмнө аль аль талаас харьяаллын талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш төлбөр төлөгч Ц.Ш ХХК-ийн захирал Ж.М ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт, гомдлын дагуу холбогдох хариуг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаарх хариуг хуульд заасан хугацаанд өгсөн. Эд хөрөнгө хураах ажиллагаанд Ж.М ыг оролцуулсан. 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үнийн санал авах мэдэгдлийг Ц.Ш ХХК-ийн захирал Ж.М т хүргүүлсэн. Үнийн санал ирүүлээгүй учир шинжээч томилсон. Шинжээч томилоод явж байх хугацаанд нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төлбөр төлөгч хуулийн этгээд нь 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсан боловч 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 978 дугаар захирамжид үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар заасан байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.М ын нэхэмжлэлд хэд хэдэн тодруулах зүйл байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилсэн, хураасан тогтоолыг хүчингүй болгуулах гэж байна уу, юуг хүчингүй болгуулах гэж байгаа нь тодорхой бус байна. Ахлах шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй. 2017 онд шүүхийн шийдвэрийн ажиллагаа явагдсан байхад Ж.М 2018 онд мэдсэн гэж байна. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдлын хөөн хэлэлцэх хугацааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсч байна. Мөн хэдэн оны хэдэн сард үүсгэсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох гээд байгаа нь тодорхой бус байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.8, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.М ын хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны Ц.Ш ХХК-д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ж.М ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн харьяалал зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болох Ж.М нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШШ2017/00978 дугаартай захирамжийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол гаргасан бөгөөд тус иргэний хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байхад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шүүхийн харьяалал зөрчиж хэргийг шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрт маргааны оролцогч биш, бие даасан хуулийн этгээд болох БЖЭМ ХХК-ийг үр дагаврыг хариуцах үндэслэлтэй гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа нь үндэслэлгүй. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3 дахь хэсгийн заалтыг шүүх анхаараагүй гэж үзэж байна.

Ж.М нь Ц.Ш ХХК-д аливаа байдлаар хувьцаа эзэмшдэггүй, БЖЭМ ХХК болон Ж.М нар аливаа байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч буюу төлбөр төлөгч, төлбөр авагч биш юм. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Монгол Улсад бүртгэлгүй, эрх зүйн чадвар нь дуусгавар болсон Ц.Ш ХХК гэх хуулийн этгээдэд холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ямар нэг этгээд төлөөлөн оролцоогүй байхад эрх залгамжлагчаар гүйцэтгүүлэх боломжгүй гэх үндэслэл тогтоогдохгүй гэсэн нь үндэслэлгүй юм. Мөн хариуцагч байгууллагын зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэзээ явуулсан, ямар ажиллагаа хийсэн талаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдох бүхий баримтыг огт гарган өгөөгүй, гуравдагч этгээдээс нотлох баримт гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн аваагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор гомдол гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, маргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00978 дугаар захирамжаар Капитал банк ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 39 520 343 төгрөгийг татгалзаж, үлдэгдэл төлбөр болох 540 000 000 төгрөгийг Ц.Ш ХХК нь тогтоосон хуваарийн дагуу төлөх, хэрэв Ц.Ш ХХК үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайт, 1 дүгээр хэсгийн 181 тоот, улсын бүртгэлийн Ү-2202017758 дугаартай, 587.5 м.кв талбай бүхий гарааш, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилга, Чингэлтэй дүүрэг, Яргайтад байрлах, 15 жилийн хугацаатай тус бүр нь 680 м.кв талбай бүхий, гэрчилгээний 0044744 болон гэрчилгээний 0044745 дугаартай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, 15 жилийн хугацаатай, 280 м.кв талбай бүхий, гэрчилгээний 0147709 дугаартай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 28 байр, 33 тоот, улсын бүртгэлийн Ү-2206026802 дугаар, гэрчилгээний 000274116 дугаартай, 124.83 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүргийн гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх6-7/ Уг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг төлбөр төлөгч Ц.Ш ХХК нь сайн дураар биелүүлээгүйн улмаас шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан болох нь хэрэгт авагдсан гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамж зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч Ц.Ш ХХК татан буугдаж хуулийн этгээдийн бүртгэлээс хасагдсан учир шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон гэж гомдлын үндэслэлээ тайлбарлажээ.

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1915 дугаар тушаалаар төлбөр төлөгч Ц.Ш ХХК-ийн санхүүгийн тайлан зургаа ба түүнээс дээш улирал гараагүй, харилцагч байгууллагадаа тушаагаагүй гэх үндэслэлээр 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлээс хассан болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 1915 дугаартай тушаал зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх-10-11, 83-86/ Энэ талаар нэхэмжлэгч Ж.М нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад мэдсэн гэж анхан шатны шүүхэд гаргасан гомдолдоо бичжээ. /хх-1/

Хэргийн баримтаас үзэхэд Ц.Ш ХХК-ийг улсын бүртгэлээс хасах шийдвэр гарсан гэх хугацаанд Ж.М нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байсан, тэрээр уг хугацаанаас хойш Капитал банк ХХК, Ц.Ш ХХК зээлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцээд Ц.Ш ХХК нь зээлийн үүрэгт 540 000 000 төгрөг төлөх, уг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Ж.М ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эвлэрлийн гэрээ байгуулсныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00978 дугаартай захирамжаар баталсан байх тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй. /хх-6-7, 83-84/

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх баримт бичигт заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгч Ж.М ын өмчлөлийн эд хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах, албадан дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулсан байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчын тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 хэсэгт заасан журмын дагуу үнэлж, гүйцэтгэх баримт бичигт заасан эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих боломжгүй, эсхүл шаардлагыг эрх залгамжлагчаар гүйцэтгүүлэх боломжгүй гэх үндэслэл тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.8 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх, шүүхийн харьяалал зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.М нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШЗ2019/13985 дугаартай захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах гомдол гаргажээ. /хх-15-16/ Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2019/14064 дугаар захирамжаар шүүхийн харьяалал зөрчсөн гэх үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзсаныг мөн шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШТ2020/00001 дугаар тогтоолоор хянаад дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна. /хх15-16, 20-21/ Уг шүүхийн тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт зааснаар эцсийн шийдвэр тул шүүгч нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, маргааныг шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэхгүй юм.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/01086 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД