Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 145

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч  С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Д.Зулаа

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Бд холбогдох эрүүгийн 1830000600041 дугаартай хавтаст хэргийг Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт, Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар баг “Х” гэх газарт оршин суух Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2017/ШЦТ/122 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж уг ялаа эдэлж дууссан А.Б.

                             

Холбогдсон гэмт хэргийн талаар / яллах дүгнэлтээр /:

 

    Шүүгдэгч А.Б нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний шөнө 23 цаг 30 минутын орчимд Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар баг ...тоот хашаанд иргэн Г.Аын эзэмшлийн уяатай байсан морийг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн уг моринд тохоотой байсан мөнгөн чимэглэлтэй эмээл, суран хазаарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.050.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн   хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн   судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  А.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Эрүүгийн 1830000600041 дугаартай хэргээс: 

 

         Шүүгдэгч А.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн:“...Манай гэр Сүхбаатар аймгийн Онгон сумын төвд байдаг бөгөөд миний бие сумын төвөөс баруун зүгт 3 орчим километрт эмээ Дгийнд мал дээрээ байдаг юм. 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Онгон сумын төв рүү орж цагаан сарын золголт хийгээд 23 цаг өнгөрчихсөн байхад хөдөө эмээгийнх рүүгээ явах болсон. Тухайн үед малын шүлхий өвчин гарчихсан машин, мотоцикль явуулахгүй байсан учир явган явж байсан. Онгон сумын төв Хонхорын байранд байх Б гэх айлын хашаа руу орсон чинь уяатай морь байсан. Тэгээд морийг нь унаад хөдөө гэр рүүгээ явахаар шийдэж баруун зүгт давхиж явсан. Эмээгийндээ очиж моринд тохоотой байсан эмээл мөнгөн чимэгтэй байхаар нь эмээл хазаарыг нь аваад зуны байшиндаа  оруулж, морио сул тавиад  явуулсан. Маргааш өглөө нь хэсгийн төлөөлөгч ирээд морьтой хүн ирсэн үү гэхээр нь үгүй гэж хэлсэн. Сүүлд  би үнэнийг хэлсэн. Маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

 

            Хохирогч Г.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 19-ний орой 21:00 цагийн орчимд сар шинийн золголт хийх гээд сумын төвд хүрэн халзан зүсмийн морьтой ирсэн юм. Сумын төвд ирээд баруун хонхорын байранд байх Б гэдэг айлын хашаанд морио уячихаад тэнд ойролцоо байдаг ах дүүсээрээ золголт хийсэн. Золголт хийж дуусаад орой 23:30 минутын орчимд Б гэдэг айлын хашаа руу ирж явтал хашаанаас морь унасан хүн гарч ирсэн. Тэгэхээр нь би хэн бэ гэж асуутал мориндоо ташуур өгөөд эргэж харалгүй морио гуядаад гэр хорооллын гудамжаар ертөнцийн зүгээр баруун тийшээ давхиад яваад өгсөн. Би явган байсан болохоор араас нь явж чадаагүй үлдсэн. Тэгээд маргааш өглөө нь цагдаад гомдол гаргасан. Миний алдсан морь сартай хар хүрэн зүсмийн зөв талын ташаандаа зоосон тамгатай, их насны морь байгаа. Харин миний морин дээр тохсон эмээл нь 8 мөнгөн хэрэглэлтэй, улаан өнгийн ирмэг хэсгээрээ халцарсан модтой, хүрэн өнгийн нинжин гахай гөлөмтэй, дөрвөөр дарж гөрсөн 2 суран жирэмтэй, тэмээний ноосон 2 оломтой, дунд гарын Дарьганга хийцийн мөнгөн эмээл байгаа. Суран жолоо, цулбууртай суран хазаар байгаа... Миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би алдсан мөнгөн эмээлээ, суран хазаартай олж авсан. Харин хүрэн халзан морь маань адуундаа өөрөө гүйгээд очсон байсан. Одоо надад хохирлын ямар нэгэн маргаан байхгүй. Сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хурдан шийдээд өгөхийг хүсэж байна. Миний хувьд мал дээрээ байдаг учир шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 13-14/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зураг / хх-3-6 /,

Эд зүйлийн үнэлгээ / хх-23,23/

Сүхбаатар аймгийн Онгон сумын 5-р багийн Засаг даргын 2018.02.28-ны өдрийн 33 дугаартай тодорхойлолт /хх- 29 /,

Шүүгдэгч А.Бгийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 30 /,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 122 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-32-35/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав

                        

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний шөнө 23 цаг 30 минутын орчимд Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар баг ...тоот хашаанд хохирогч Г.Аын эзэмшлийн уяатай байсан морийг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн уг моринд тохоотой байсан мөнгөн чимэглэлтэй эмээл, суран хазаарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.050.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч А.Бгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Г.Аын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг хуульд заасан үндэслэл  журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч А.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч А.Бгийн хохирогч Г.Аын хашаанд уяатай байсан морийг хулгайлж 500 000 төгрөгийн  хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах, уг моринд тохоотой байсан мөнгөн чимэглэлтэй эмээл, суран хазаарыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 2 050 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжүүдийг тус тус агуулах бөгөөд прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал, тэрээр бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа, шунахай сэдэлтээр, эд хөрөнгийг хулгайлж бусдын өмчлөх эрхэнд зориуд хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч А.Бгийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул А.Бг мал хулгайлах, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд,  энэ хуулийн  тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн нь  эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

          Шүүгдэгч  А.Б нь  хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн  нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”    шударга  ёсны   зарчим  болон  эрүүгийн хариуцлагын  зорилгод  нийцүүлэн

 

эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч А.Бгийн эдлэх  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            А.Б нь энэ хэргийн улмаас 111 хоног цагдан хоригдсон , түүний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Аад 2 550 000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв

             

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч А.Бг  мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

            Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан ялтан А.Бд Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын  хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 /долоон/ сар хорих ялаар тогтоосугай. 

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар А.Бд оногдуулсан 7 сарын хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлсүгэй. 

 

   5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан А.Бгийн цагдан хоригдсон 111 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан А.Бд авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. А.Б нь энэ хэргийн улмаас 111 хоног цагдан хоригдсон , түүний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Аад 2 550 000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай. 

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА