| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0127/э |
| Дугаар | 146 |
| Огноо | 2018-07-20 |
| Зүйл хэсэг | 28.5.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 146
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгч Б.Эийн өмгөөлөгч Т.Хүдэр
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Эрдэмбилэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн 1830000000125 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Хилийн цэргийн ...дугаар ангийн 3 дугаар заставын байлдагч, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй Б.Э.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Э нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хилийн цэргийн ...дугаар ангийн 3 дугаар заставт 2018 оны 06 дугаар сарын 28-ны шөнийн 00 цагаас 02 цагийн хооронд цагийн манаанд үүрэг гүйцэтгэж байхдаа алба хааж байгаа газраа дур мэдэн орхин явж, цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Эрүүгийн 1830000000125 дугаартай хэргээс:
Байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэний нэхэмжлэгч Т.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Байлдагч Б.Э нь 2018 оны 2 дугаар ээлжээр Улаанбаатар хотоос татагдан ирсэн. 45 хоногийн сургалтанд хамрагдаж, хилийн заставт 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс томилогдон үүрэг гүйцэтгэж байгаад 2018 оны 06 дугаар сарын 27-ноос 2018 оны 06 дугаар сарын 28-нд шилжих шөнө 00 цагаас 00 цаг 30 минутын орчим байрлалаа орхин цэргийн албанаас оргон зайлсан. Манай байгууллагын зүгээс би ...дугаар ангийн захирагч, хурандаа П.Мын тушаалаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон юм. Манай байгууллагын зүгээс байлдагч Б.Эөөс нэхэмжлэх зүйлгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,
Гэрч Э.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 27-нд харуулд гарч байсан шинэ цэрэг Э нь харуулын байрандаа буу, станцаа орхиж оргосон. Тэр өдрийн цагийн манаанд Э, Б, Би нар 2 цагаар ээлжлэн гарч байсан. Орой 22 цагийн үед бид нарыг амрах гэж байхад Э орж ирээд би 00 цагаас 02 цаг хүртэл манаанд гарна гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
Гэрч Т.Цын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 28-ны шөнийн 02 цагт амарч байсан чинь заставын жижүүр босоод команд өгөөд байлдагч Э харуулын байраа орхин оргосон байна гээд бид ойр орчимд гарч эрэл хийсэн боловч эрээд олоогүй. Э нь манай заставт ирээд удаагүй болохоор сайн танилцаж амжаагүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
Гэрч Ө.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бид заставын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу цагийн хуваариар жагсаалын бэлтгэл хийсэн. Энэ үед шинээр ирсэн байлдагч Э нь алхаж гишгэж чадахгүй хамт олны нэр хүндийг унагаад дарга, ахлагч нарт удаа дараа загнуулах, асуудлыг хэлээд байхад дахин дахин зөрчил гаргаад байсан. Орой би цэргүүдээ бие засуулахаар жорлон авч яваад Эийг чи яагаад дарга, цэрэг нарт илтгэж чаддаггүй юм гээд элгэн тус газар нь цохисон. Тэгээд орой цагийн манаанд хуваарийн дагуу амарч байтал сэрээд команд өгч харуулын цэрэг оргосон байсан. Бүгд эрэлд гарсан боловч олдоогүй. Э нь бусдаасаа их хөндий дуу цөөнтэй хүүхэд байсан. Би олон удаа харьцаж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
Гэрч Г.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай заставын шинээр ирсэн байлдагч Э нь харуулын байраа орхиж оргож алга болсон байсан. Үүнийг мэдээд бид эрэл хийсэн боловч олоогүй. Э нь өөрөө жагсаалын бэлтгэл хийж байхад их шантраад байсан. Үүнээс л болж орой харуулын байраа орхиж оргосон байх. Би Этэй хоёр гурван удаа уулзаж байсан их дуу цөөнтэй хүүхэд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
Гэрч Ц.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Орой би цэргийн байранд байж байхад 23 цаг 50 минутанд заставын жижүүр ахлах ахлагч Б.Би байлдагч Эд үүрэг өгөөд гаргаж байсан. Үүнээс 10 минутын дараа станц дуугарч ахлах ахлагч Билэгсайханд “заставын харуул тайванаа өгч байна” гэж надад илтгэсэн. Тэгээд ахлах ахлагч Билэгсайхан 00 цаг 30 минут, 00 цаг 40 минутын хооронд станцаар харуултай харьцах гэсэн боловч хариу өгөөгүй тэгэхээр нь би Билэгсайханд та өөрөө яваад биечлэн шалгаад ир гэж үүрэг өгөөд гаргаж явуулсан чинь 00 цаг 45 минутын үед харуулын буу, станцыг бариад орж ирсэн. Тэгээд надад илтгэхдээ харуулын цэрэг байлдагч Эийг хашааны гадуур, дотуур хайгаад олсонгүй гэхээр нь заставыг “бос” командаар босгоод орж гарч болох бүх цэгүүдэд үзлэг хийсэн боловч олоогүй. Тэгэхээр нь би өөрийн хувийн машинаар заставаас хойш гарч замаар 4 км орчим явж гэрэлтүүлэн эрж хайсан боловч олоогүй. Буцаж ирээд ангийн шуурхай жижүүрт шөнийн 01 цаг 14 минутанд нөхцөл байдлаа илтгэсэн. Ингээд ангиас эрлийн 11 бүлэг, 26 хүн 3 өдөр эрэл хийж байгаад 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 10 цаг 30 минутанд Эрдэнэцагаан сумын төвөөс хойш 40 км зайд “Тохойн гол” гэх газраас Эийг олж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн19-21/,
Гэрч Т.Биий мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө манай заставын байлдагч Э нь цагийн манаатай үедээ заставын байраа орхиж явсан байсан. Э бид 2 тэр шөнө 23 цаг 50 минутанд ээлжийн манааг хүлээлцсэн. Би ээлжээ өгөөд холбооны жижүүрээр дотор гарсан. Э заставын цагийн манаанд гадаа гарч байсан. Заставын жижүүр ахлах ахлагч Билэгсайхан 00 цаг 20 минутын орчимд орж ирээд “харуулд гарсан байлдагч Э “тайванаа” илтгэхгүй байна, хоёулаа гарч шалгаад ирье” гээд гарсан. Заставын гадна хаалган дээр ирээд харуул байгаа эсэхийг шалгаж үзэхэд ойр орчимд хүн үзэгдээгүй тэгээд ахлах ахлагч Билэгсайхан станцаар дохио өгсөн чинь гадна хаалганы баруун талд станцын гэрэл асаж байгаа нь тод харагдахаар уг газар очиход хашаа түшүүлээд АКМ бууг тавьсан мөн хажууд нь станц нь байсан. Бид хоёр АКМ буу, станц хоёрыг нь аваад Эийг ойрхон унтаж байгаа байх гээд хайсан боловч олоогүй. Тэгээд заставын дарга Батдүүдээд мэдэгдэж заставын бүх харуул эрэл хийгээд олохгүй болохоор нь ангийн жижүүрт мэдэгдэж бүрэлдэхүүн дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/,
Гэрч Б.Биы мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 24 цаг 10 минутанд Э тайвныг өгч байсан. 24 цаг 35 минутанд заставын даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу харуулыг биечлэн шалгасан чинь харуулын обьект дээрээ байгаагүй. Би ойрхон байгаа байх гэж бодоод станцын сувгийг солиод товчлуур дараад явж байтал заставын хаалганы зүүн хойд талд гэрэл гарахаар нь очтол хашаа түшүүлээд АКМ буугаа зогсоогоор нь орхиж, хажууд нь гар станц нь асаалттай байсан. Би тэр үедээ ойрхон бие засахаар явсан байх гээд хайсан боловч олоогүй. Тэгэхээр нь нөхцөл байдлыг заставын даргад илтгэж, дахин заставын бүхий л газарт үзлэг, тандалт хийхэд олдохгүй болохоор нь ангийн жижүүрт шөнийн 01 цаг 10 минутанд утсаар илтгэж, бүрэлдэхүүн дуудаж, эрлийн ажилд 3 өдөр ажилласан. Бид оргосон цэргээ 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 10 цагийн орчимд эсэн мэнд олж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/,
Хилийн цэргийн албан хаагчийн хувийн хэрэг / хх-ийн 37-59/
Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 60/
Б.Эийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Э нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хилийн цэргийн ...дугаар ангийн 3 дугаар заставт 2018 оны 06 дугаар сарын 28-ны шөнийн 00 цагаас 02 цагийн хооронд цагийн манаанд үүрэг гүйцэтгэж байхдаа алба хааж байгаа газраа дур мэдэн орхин явж, цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Эийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч Т.Н гэрч Э.Г, Т.Ц, Ө.Э, Г.Б, Ц.Б, Т.Би, Б.Би нарын мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Эийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Эд ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Эийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, иргэний нэхэмжлэгч Т.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Т.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Эийг цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Эд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3-т зааснаар Б.Э нь хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд оршин суух газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шийтгэх тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Хилийн цэргийн ...дугаар ангид даалгасугай.
5. Ялтан Б.Э нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Т.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА