| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 2320001440139 |
| Дугаар | 2025/ДШМ/36 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 22.4.1., 22.5.1., |
| Улсын яллагч | Г.Ганцэцэг |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/36
Ч.Б, Н.С нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор: Г.Ганцэцэг /цахимаар зайнаас/,
шүүгдэгч: Ч.Б /цахимаар зайнаас/, түүний өмгөөлөгч С.Чинзориг, Д.Халзан /цахимаар зайнаас/,
шүүгдэгч: Н.С, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Л.Батаа /цахимаар зайнаас/,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж хийсэн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан ерөнхий прокурор Г.Батбаярын эсэргүүцэл, шүүгдэгч Ч.Бы өмгөөлөгч С.Чинзоригийн давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ч.Б, Н.С нарт холбогдох 2320001440139 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.1.*,
1.2.*,
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Прокуророос яллагдагч Н.Сийг эрүүгийн 232000000083 дугаартай хэрэгт шалгагдаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэргийг шалгаж байсан эрүүгийн мөрдөгч Ч.Бы албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан * нутаг дэвсгэрт түүнд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Цээндэр дэлгүүрээс 0.5 литртэй пиво 5 ширхэг, RAISON гэх нэртэй тамхи худалдан авсны 38,000 төгрөг, Түшиг авто угаалгын газраар приус 30 маркийн тээврийн хэрэгслийг угаалгасан төлбөр 30,000 төгрөг, эхнэрийн тээврийн хэрэгслийн угаалгын төлбөр 50,000 төгрөг, Булагт дэлгүүрээс тоглоомон гар буу худалдан авсны 80,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 26-ны шөнө Цээндэр дэлгүүрээс Сэнгүр нэртэй 0.5 литртэй пиво 6 ширхгийг авсны 34,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хүнс, барааны дэлгүүр гэх хаягтай хүнсний дэлгүүрээс Сэнгүр нэртэй 0.5 литртэй пиво 6 ширхэг, 0.75 литртэй Х нэртэй архи авсны 92,000 төгрөгийн төлбөрийг төлсөн, мөн *тоотод байрлах гэрээс нь өмд худалдан авч, эхнэр Н.Чын хаан банкны *тоот данс руу 80,000 төгрөгийг шилжүүлэх замаар хахууль өгсөн,
Яллагдагч Ч.Б нь нийтийн албан тушаалтан буюу Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн хэсгийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа 232000000083 дугаартай хэргийг шалгах албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Цээндэр дэлгүүрээс 0.5 литртэй пиво 5 ширхэг, RAISON гэх нэртэй тамхи авч 38,000 төгрөг, Түшиг авто угаалгын газраар приус 30 маркийн тээврийн хэрэгслийг угаалгасан төлбөрт 30,000 төгрөг, өөрийн эхнэрийн тээврийн хэрэгслийг угаалгах төлбөр 50,000 төгрөг, Булагт дэлгүүрээс тоглоомон гар буу худалдан авч 80,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 26-ны шөнө Цээндэр дэлгүүрээс Сэнгүр нэртэй 0.5 литртэй пиво 6 ширхгийг авч 34,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хүнс, барааны дэлгүүр гэх хаягтай хүнсний дэлгүүрээс Сэнгүр нэртэй 0.5 литртэй пиво 6 ширхэг, 0.75 литртэй Х нэртэй архи авч 92,000 төгрөг, мөн Замын Үүд сум Борхойн баг 8 дугаар гудамжны 17 тоотод байрлах өөрийн гэрт байсан өмдийг Н.Ст худалдаж, Н.Чын Хаан банкны *тоот данс руу 80,000 төгрөгийн төлбөрийг хэргийн оролцогч Н.Сээр хийлгэн, хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Дорноговь аймгийн * сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч * Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт ирүүлснийг хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч * Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,
Шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг нийтийн албанд ажиллах эрхийг 2/хоёр/ жил, 6/зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2/хоёр/ жил, 6/зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох Дорнод аймгийн Хэрлэн сумын хилийн цэсээр тогтоож, 2/хоёр/ жил, 6/зургаа/ сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сийн цагдан хоригдсон 351 /гурван зуун тавин нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого 404,000/дөрвөн зуун дөрвөн мянга/ төгрөгийг төлж, улсын орлого болгосныг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн өмд 1 ширхгийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, 1 ширхэг сиди дискийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж,
Шүүгдэгч Ч.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсмогц хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Ч.Бд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, ялтан Н.Ст авсан цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5.Прокурор Г.Ганцэцэг эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шүүгдэгч Н.Ст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж дараах үндэслэлийг гаргасан.
Хэргийн нотолгооны хувьд прокуророос шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж шүүхэд хэргийг шилжүүлж. Тухайн гэмт хэргийг мөрдөн байцаалтын шатанд хууль журмын дагуу цуглуулсан нотлох баримтын хүрээнд буюу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн суллагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн.
Ингэхдээ дараах нотлох баримтуудыг нэр заан дурдъя. Сайншанд сумын Авлигатай тэмцэх газарт гаргасан өргөдлийн агуулга, хавсаргасан баримтууд /1хх-5, 14-18х/ гэрч С.Сгийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэг нь /3хх-ийн 238, 1хх-ийн 40-41х/, гэрч Н.Чын анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй /1хх-ийн 26х/ агуулгын хувьд зөрүүгүй байдаг.
Мөн Цагдаагийн байгууллагаас явагдсан албаны шалгалтын материалаар Д.Батчулууны мэдүүлэг нь /2хх-ийн65х/ С.Сгийн мэдүүлэг /2хх-ийн63-64х/ н.Болорчулуун, Г.Ганцэцэгийн мэдүүлэг /2хх-ийн 65х/, Н.Чын /2хх-ийн 68-69х/, шүүгдэгч Н.Сийн тайлбар /2хх-ийн 60-62х/, шүүгдэгч Ч.Бы мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн “…Н.С нь миний сэжигтнээр өгсөн мэдүүлгийг өөрчлөөд өгөөч…” мэдүүлэг /2хх-ийн 25х/, шүүгдэгч Н.Сийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Ч.Б тухайн үед надад хяналтын прокурор Д.Зуунайгийн аавтай холбогдоод хангалттай мөнгө төлөөд өмгөөлөгчөөр авчих, аав нь охиндоо хэлээд өөрийн үйлчлүүлэгчээ ялаас чөлөөлүүлж хөнгөрүүлэх байх гэж хэлсэн. Ч.Б надад хандаж чи хилээр гараад явчих намайг 3 сарын цалингийн хувиар шийтгэх байх, чи хилээр гараад явж байгаад буцаад Замын-Үүд суманд ирж болно…” гэх мэдүүлэг /2хх-ийн 12х/ зэрэг нотлох баримтууд нь хэрэгт харилцаа хамаарал бүхий нотлох баримтууд юм.” гэв.
6.Шүүгдэгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байна. Мөн би хяналтын прокурор Г.Ганцэцэгээс татгалзах хүсэлтэй байна. Учир нь анхан шатны шүүх хуралд тус прокурор болон Н.С нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарууд нь асар их зөрүүтэй байсан. Н.С нь урьд нь Г.Ганцэцэг прокурортой уулзаад Ч.Бд холбогдуулан гомдол гаргах гэсэн юм гэж уулзсан байдаг. Гэтэл үүнийг Г.Ганцэцэг прокурорын хувьд үгүйсгэдэг. Энэ бүх асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй. Энэ хоёр хүний хэн нь худал хэлээд байна гэж надад хардлага төрж байна.” гэв.
7.Шүүгдэгч Ч.Бы өмгөөлөгч С.Чинзориг давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд хэлэлцэгдсэн гол асуудлуудын талаар өөрийн санал бодлоо илэрхийлж давж заалдах гомдлыг гаргасан. Үүнд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүдийг гаргасан гэж үзэж байгаа.
Жишээлбэл шүүх шийдвэрээ гаргахдаа энэ хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хуульд заасан хууль зөрчиж авсан мэдүүлгүүдийг нотлох баримтаар ашигласан байна гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлүүдэд заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл дуу, дүрсний бичлэг нь зөрүүтэй байна гэж үзэж байна. Учир нь манай үйлчлүүлэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатад өгсөн мэдүүлэгтээ өөрийн сурч эзэмшсэн боловсрол ажил мэргэжил хувь хүний байдлаас авхуулаад тухайн болсон үйл явдлын талаар нэг бүрчлэн мэдүүлсэн байдаг. Гэтэл манай үйлчлүүлэгч Ч.Бы шүүхийн хэлэлцүүлэгт ярьсан ярианаас эхний сургууль төгссөн болон төрийн газрын ажилд орсон огноо нь буруу бичигдсэн. Миний үйлчлүүлэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “…энэ хүн өөрөө машинаа угаалгасан юм, гэрч С.Сгаас мэдүүлэг авахдаа С гэдэг хүний дансанд төлөөлүүлээд мэдүүлэг авчихсан байдаг.” гэж ярьсныг шүүх хуралдааны тэмдэглэл “...би өөрийнхөө машиныг угаалгасан гэрч С.Сгаас мэдүүлэг авахдаа гэрч С гэдэг хүний дансанд төлүүлчихсэн.” гэх мэтчилэн ганц нэг үг, үсгийн бус бүхэл бүтэн өгүүлбэрийн утгыг өөрчлөөд шүүх хуралдааны тэмдэглэл тэмдэглэгдсэн нь дуу, дүрсний бичлэгээсээ зөрүүтэй байдал үүссэн.
Иймд энэ асуудлыг сайтар шалгах зорилгоор дуу, дүрсний бичлэгийг давж заалдах журмаар хэргийг хянан хэлэлцэхдээ зориуд анхаарч үзэх шаардлагатай гэж үзэж байна. Анхан шатын шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг шүүхийн журмаар хэрэгт хавсаргаж шүүх хуралдааны тэмдэглэлийн алдааг засуулах шаардлагатай гэж үзэж байна.
Манай үйлчлүүлэгчийн холбогдсон хэргийн хувьд бараг тамхи, пиво зэрэг авсан байгаа Өөрөөр хэлбэл Н.С гэдэг шүүгдэгчийн хувьд тухайн үед өөрөө маш хүнд гэмт хэрэгт сэжиглэгдээд яллагдагчаар татагдах нөхцөлд байсан. Энэ нөхцөл байдалд байх үед манай үйлчлүүлэгч огт залгаагүй. Энэ хүн өөрөө залгаад таны хаана байгаа газар очиж уулзъя аа гэдэг байдлаар хандсан бөгөөд ер нь энэ мэтчилэн удаа дараа залгасных нь эцэст манай үйлчлүүлэгч яагаад ийм байдлаар хандсан юм бэ гэдгийг тодруулах зорилгоор байгууллагынхаа хэсэг хүмүүсийн хамт хоолонд ороод гараад явж байхдаа байгаа газрыг нь олж ирж уулзахад нь ямар зорилгоор чи надтай уулзах гээд байгаа юм бэ гэхэд Н.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх байдлыг гаргасан байдаг. Тэгэхээр нь үйлчлүүлэгч маань энэ асуудлыг би шийддэггүй, чи хэрэв ийм байдал гаргаж байгаа бол би нөлөөллийн мэдүүлэг бөглөөд өгөхөд чиний энэ эрх зүйн байдал чинь улам дордоно шүү гэдэг байдлаар тайлбарлаж яриад энэ хоёр авто угаалгын газар дээр ярьсаар байгаад очсон байдаг. Авто угаалга дээр очсоны дараа тухайн газрын эзэн С гэдэг гэх хүнтэй Ч.Бны хувьд танил байсан юм байна лээ.” гэв.
8.Шүүгдэгч Н.Сийн өмгөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ерөнхийдөө анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Н.Ст холбогдох хэрэгт хууль зүйн тодорхой дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл хоёр шүүгдэгчийн нэг Н.Ст цагаатгасан ба цагаатгасан үндэслэлээ С.С болон А.Нын мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслээд Н.Сийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна.
...анхан шатын шүүхээс Ч.Быг хахууль авах гэмт хэргийн шинжгүй байна гэдгийг тодорхой үндэслэлтэйгээр тодорхойлж байгаа нь логик утгаараа Н.Сийн хахуул өгсөн гэмт хэргийн шинжийг нь бүхэлдээ үүсгэж байгаа хууль зүйн үндэслэл нь тодорч гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн талаар тодорхой хууль зүйн дүгнэлтийг шийтгэх тогтоолд тодорхой тусгачихсан байгаа. Тэгэхээр анхан шатны шийтгэх тогтоолын Н.Ст холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэж байгаа.
Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуулийг ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлд цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулж тооцсон. Өөрөөр хэлбэл Н.Ст холбогдох хэргийг Замын-Үүд дэх сум дундын шүүхээс гэм буруутай тооцон ял шийтгэх оногдуулсантай холбоотойгоор цааш мөрдөн шалгах ажиллагаа явуулахын тулд цагдан хорьсон. Тухайн цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцох нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөх юм байна гэдэг хууль зүйн дүгнэлт хийгээд эдлэх ялд нь оруулсан тооцсон нь хууль зүйн бол үндэслэлтэй гэж үзэж байгаа.
Прокурорын эсэргүүцлийн гол агуулга нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэмт хэргийг зүйчлэх ёстой байхад шүүхэд хэргийг өөрчилж эрх хэмжээнд шийдэх байтал яллагдагчаар татаагүй, яллах дүгнэлтэд тусгагдаагүй зүйл ангиар хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хэргийн хэмжээ хязгаарыг зөрчсөн байна гэж үзэж байгаа юм. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан шатын шүүх нэгэнт гэмт хэргийг шинжгүй гэж үзэж хуульд үндэслэн дүгнэлт хийсэнтэй холбоотойгоор зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх бүрэн эрх нь хуульд заагдсан байна.
Иймд анхан шатын шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээ хязгаарыг зөрчсөн зүйл гэдэг нь бүрэн тогтоогдохгүй байгаа учраас анхан шатын шүүхээс оногдуулсан шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй гэж үзэж байна. Н.Сийн өмгөөлөгчийн зүгээс анхнаасаа анхан шатын шүүх хуралдаанд энэ гэмт хэргийн зүйлчлэл биш байна. Өөрөөр хэлбэл хахууль өгсөн биш энэ зүйлчлэлээр гэмт хэргийн шинжгүй, энэ бол заналхийлсэн идэвхтэй үйлдэл байна. Манай үйлчлүүлэгч маань хохирсон хохирогч юм байна. Энэ нь А.Нын мэдүүлгээр нотлогдож байна. Мөн хэрэгт, С.С, Н.Сийн мэдүүлгүүдээр нотлогдож байна гэсэн байр суурьтай оролцож явахад хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ингээд анхан шатны шүүх Н.Ст холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй байна гэж хэрэгсэхгүй болгосон. Үүнд бол ямар нэгэн байдлаар Эрүүгийн хуулийг зөв, буруу хэрэглэсэнтэй холбоотойгоор давж заалдах гомдол гаргаагүй.
Харин Н.Сийн зүгээс бол шүүгдэгч Ч.Бд оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ түүний гэм буруутайд үйлдэлд тохироогүй байна. Өөрөөр хэлбэл гэм буруутайд маргаж оролцсон. Энэ оногдуулсан ял шийтгэл тохироогүй байна гэдэг агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Дараа нь өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд гомдлоосоо татгалзсан нөхцөл байдал байсан. Иймд дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцэл бол хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.
9.Шүүгдэгч Н.Сийн өмгөөлөгч Л.Батаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчээ давж заалдах гомдлын талаарх үндэслэлээ тайлбарлахаас хэргийн талаарх үйл баримтыг анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн.” гэв.
10.Шүүгдэгч Н.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “би хоёр дахь удаагаа прокурорын эсэргүүцлээр шүүх хуралдаанд оролцож, нийт 4 удаа оролцож байна. Гэтэл өнөөдөр Ч.Б согтуу байна. Өмнө нь энэ байдлаар согтуу байсан.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын ерөнхий прокурор Г.Батбаярын эсэргүүцэл, шүүгдэгч Ч.Бы өмгөөлөгч С.Чинзоригийн давж заалдсан гомдол зэрэгт үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр хэргийн зүйчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Ст холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Бд холбогдох Эрүүгийн хуулийн 22.4 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, түүнийг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж давж заалдах шатны шүүх үзсэн боловч шүүх шийдвэр гаргахдаа шүүгдэгч Ч.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавих эрх бүхий этгээдийг заагаагүй, шүүгдэгч Н.Сийн цагдан хоригдсон хоногийг түүний урьд шийтгүүлсэн одоо ял эдэлж байгаа шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд оруулан тооцох байтал тооцоогүй зэрэг нөхцөл байдлууд нь анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болсон.
2.Хэрэгт авагдсан баримтуудаар “ ...шүүгдэгч Н.Сийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр * Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан үед шүүгдэгч Н.С нь мөрдөгч Ч.Бд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Цээндэр дэлгүүрээс 38,000 төгрөгийн үнэ бүхий пиво 5 ширхэг, RAISON гэх нэртэй тамхи худалдан авч өгсөн, Түшиг авто угаалгын газраар Ч.Бы приус 30 маркийн тээврийн хэрэгслийг угаалгасан төлбөр 30,000 төгрөг, эхнэрийн тээврийн хэрэгслийн угаалгын төлбөр 50,000 төгрөгийг тус тус төлсөн, Булагт дэлгүүрээс хүүхдэд нь 80,000 төгрөгөөр тоглоомон гар буу худалдан авч өгсөн, 2023 оны 07 дугаар сарын 26-ны шөнө Цээндэр дэлгүүрээс 34,000 төгрөгийн үнэ бүхий пиво 6 ширхгийг худалдан авч өгсөн, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хүнс, барааны дэлгүүр гэх хаягтай хүнсний дэлгүүрээс 92,000 төгрөгийн үнэ бүхий пиво 6 ширхэг, 0.75 литртэй Х нэртэй архи авсны төлбөрийг төлсөн, мөн *тоотод байрлах гэрээс нь өмд худалдан авч, эхнэр Н.Чын хаан банкны *тоот данс руу 80,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт болсон.
Энэ үйл баримтад холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын хяналтын прокурор Г.Ганцэцэг шүүгдэгч Н.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд зааснаар хахууль өгөх, шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг нь “ ...нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” шинжийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг “ ... өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол” шинжийг тус тус заасан.
Прокурорын яллах дүгнэлтэд “...шүүгдэгч Ч.Быг ... мөрдөгчөөр ажиллаж байхдаа ... дугаартай хэргийг шалгах албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хэрэгт шалгагдаж байгаа Н.Сээс ... хахууль авсан” гэж үндэслэсэн.
Хэрэгт шүүгдэгч Н.С нь Ч.Бы шалгасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж, тэрээр 12 жилийн хорих ял эдэлж байгаа нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны 2023/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоол /2хх 140-144/ авагдсан ба хэргээс мөрдөгч Ч.Б гэмт хэрэгт шалгагдаж байгаа Н.Сийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн, эсхүл хэрэгжүүлэхийн тулд гэх нөхцөл хэрэгт тогтоогдоогүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б хэрэгт авагдсанаар шүүгдэгч Н.Сээр дэлгүүрээс архи, пиво, хүүхдэдээ тоглоом авахуулсан, өөрийн болон эхнэрийн автомашины угаалгын төлбөрийг төлүүлсэн, эхнэрийнхээ зарж байгаа өмдийг хэрэгт шалгагдаж байгаа хүнд худалдан борлуулсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1-д заасан шинж агуулаагүй байна гэж үзсэн нь үндэслэлтэй.
Учир нь шүүгдэгч Ч.Б эдгээрийг Н.Сээс авсныхаа төлөө түүний ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн, эсхүл хэрэгжүүлэхийн тулд мөрдөн байцаалтын ажиллагааг хуурамчаар явуулсан, мэдүүлгийг зориудаар өөрчилсөн, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн гэх зэргээр хийсэн гэх нөхцөл байдлын талаар хэрэгт авагдсан баримтгүй.
4.Шүүгдэгч Н.Сийн өөртөө давуу байдал бий болгохын тулд мөрдөгч Ч.Бд хахууль өгсөн гэх нөхцөл байдал энэ утгаараа тогтоогдоогүй тул анхан шатны шүүх шүүгдэгч Н.Ст холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан хахууль өгөх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй зөв болсон гэж давж заалдах шатны шүүх мөн үзэж байна.
Энэ хэрэгт хохирогч байхгүй, Ч.Б, Н.С нар нь хоёулаа шүүгдэгчээр хэргийн оролцогч болсон.
Шүүгдэгч Н.Сийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдэд “ ... миний хэргийг мөрдөж байгаа мөрдөгч учраас би Батзаанд энэ үйлдлийг хийсэн “ гэж, шүүгдэгч Ч.Бы сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдэд “...Санжпүрэв анхны гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээ өөрчлүүлэхийг хүссэн” гэх зэргээр өөрсдийнхөө талд хэлсэн зүйлүүдийг нь шууд нотлох баримтаар үнэлэх боломжгүй, эдгээрийг нотолсон баримтгүй.
Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэдгийг заасан, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үзэхгүй.
5.Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д заасан хэргийг мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болсон, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д нийцсэн.
Шүүгдэгч Ч.Бы хувьд 3 удаа архи пиво авахуулсан, 1 удаа 2 автомашины угаалгын төлбөр төлүүлсэн, 1 удаа хүүхдэдээ тоглоом авахуулсан, эхнэрийнхээ зарж байгаа барааг сэжигтэнд зарсан үйлдлийн улмаас Н.С 404,000 төгрөгийг мөрдөгч Ч.Бд зарцуулсан, шүүгдэгч Ч.Б гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдээс эдгээр зүйлүүдийг авч хэрэглэсэн нь хэрэгт авагдсан Н.Сийн дансны хуулга, гэрч С.С, Н.Ч, Д.Г, Э.Снарын мэдүүлгүүдээр тогтоогдсон.
Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байна.
Авлигын эсрэг хуулийн 3.1.1-д "авлига" гэж нийтийн албан тушаалтан эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг “ ойлгоно гэж заасан.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт “ ...энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт албаны эрх нөлөө хамаарна гэж, ...“урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж тус тус тайлбарласан.
Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар цагдаагийн алба хаагч Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас гадна Цагдаагийн албаны хуулиар хориглосон үйлдлийг хийхгүй байх үүрэгтэй этгээд.
Гэтэл шүүгдэгч Ч.Бы хувьд цагдаагийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хүнээр идэж уух зүйл, гэр бүлийн хэрэгцээний зүйлийн төлбөрийг төлүүлэх зэргээр гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, … өөртөө … давуу байдал бий болгосон бол” гэх шинжид нийцсэн.
Шүүгдэгч Ч.Б нь Цагдаагийн эрх бүхий албан тушаалтны хувьд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болно.
6.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаас анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Бд нийтийн албан ажиллах эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж давж заалдах шатны шүүх үзсэн.
7.Иймд эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгч Ч.Бы өмгөөлөгч С.Чинзоригоос гаргасан “…шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахыг хүссэн” агуулга бүхий үндэслэлээр гаргасан давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүгдэгч Ч.Бд авсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Дорнод аймгийн Хэрлэн сумын хилийн цэсээр тогтоож 2 жил 6 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосон боловч уг ялд хяналт тавих этгээдийг заалгүй орхигдуулсныг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулахаар гэж зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Бы хувьд шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт оршин хаяг нь “Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5 дугаар баг, Борхойн 8-17 тоот” гэж бичигдсэн боловч анхан шатны шүүх хуралдааны шатанд оршин суух хаягаа өөрийн эцэг, эхийн оршин суух Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 16 дугаар байр, 7 тоот /1хх70/-д амьдран суух тул энэ хаягаар зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлэхийг хүссэн нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдах ба шүүх хүсэлтийн дагуу шийдвэрлэснийг хүний чөлөөтэй зорчих эрх хуулиар хязгаарлагдаж байгаа тул хүсэлтээр нь шийдвэрлэсэн нь боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзсэн.
Мөн шүүгдэгч Н.С нь энэ хэрэгт шалгагдсаны улмаас 351 хоног цагдан хоригдсоныг нь түүний одоо ял эдэлж байгаа Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны 2023/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд нь тооцож шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд ач холбогдолтой болно.
Эдгээр нөхцөл байдал, үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлд хамаарч байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг “...мэдэгдэж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж,
7 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сийн цагдан хоригдсон 351 /гурван зуун тавин нэг/ хоногийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд оруулан тооцсугай.” гэж тус тус нэмж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Г.Батбаярын гаргасан эсэргүүцэл, шүүгдэгч Ч.Бы өмгөөлөгч С.Чинзоригийн гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь давж заалдах шатны шүүхийн магадлал уншиж сонсгох хүртэл нийт 65 хоног цагдан хоригдсоныг шүүгдэгчийн урьд ял эдэлсэн хугацаанд буюу 2023/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолоор эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ А.САЙНТӨГС