Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/00415

 

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/00415

 

 

Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00050 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: К ХХК-д холбогдох,

 

8 859 552 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Алтанцацрал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Бямбажаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдсан Энканто таун хоёр хотхонд 207 дугаар байрны 99 тоотод 106,37 м.кв хэмжээтэй 4 өрөө орон сууцыг 265 818 630 төгрөгөөр, мөн уг 207 дугаар байрны В1 давхарын 108 тоот 9,43 м.кв хэмжээтэй авто зогсоолыг 29 500 000 төгрөгөөр тус тус худалдан авахаар тохиролцож 2016 оны 01 сарын 08-ны өдөр захиалгын гэрээг К ХХК-тай байгуулсан.

Уг гэрээний дагуу орон сууцны төлбөр 265 818 630 төгрөг, авто зогсоолын төлбөр болох 29 500 000 төгрөгийг К ХХК-д бүрэн төлсөн. Гэтэл К ХХК нь нэмэгдсэн өртөгийн албан татварын е-баримт огт өгөөгүй тул борлуулалтын албанаас шаардсан боловч компанийн НӨАТ-ын программ жигдрээгүй, удахгүй өгнө гэж хэлэхээр нь итгээд орхиод гараад явсан.

К ХХК-ийн борлуулалтын албанаас 2016 оны 08 сард е-баримтаа нэхэж лавлахад манай нягтлан амраад явсан байхгүй байна, ирэхээр нь өгнө гэж хэлсэн. Үүнээс хойш 2017 болон 2018 онуудад удаа дараа орж е-баримтаа нэхсэн боловч өнөөдрийг өгөөгүй.

К ХХК е-баримтаа цаг тухайд нь олгоогүйгээс болж 295 318 630 төгрөгийн баримтыг татварын системд оруулан жилийн эцэст 2 хувийн НӨАТ-ын буцаан олголт болох 5 906 372 төгрөг, мөн уг баримтыг үндэслэн олгодог анх удаа орон сууц худалдан авч буй иргэний татварын хөнгөлөлт буцаан олголтын 1 хувь буюу 2 953 180 төгрөг, нийт 8 859 552 төгрөгийг татвараас албанаас авч чадахгүйд хүрч хохирол учирсан. Иймд 8 859 552 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К ХХК нь нэхэмжлэгчтэй орон сууц болон автозогсоол худалдах гэрээ байгуулаад гэрээнд заасан төлбөрийг хүлээж авсан. Гэрээнд заасан төлбөрт НӨАТ-ын 10 хувь шингэсэн байдаг. Өөрөөр хэлбэл орон сууц захиалгын гэрээний төлөх ёстой төлбөр нь 265 818 630 төгрөг байсан. Энэ дүнгээр мөнгөө төлөөд орон сууцаа хүлээж аваад өмчлөх эрхийн гэрчилгээгээ 2016 онд авсан. Автомашины зогсоол захиалгын гэрээний 29 500 000 төгрөг нь мөн адил НӨАТ шингэсэн. Энэ мөнгийг нэхэмжлэгч бүрэн хэмжээгээр төлөөд зогсоолыг авсан. 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хоёр гэрээний үлдэгдлээ нэхэмжлэгч төлсөн байдаг.

Хэрэглэгч төлбөр дууссан даруйд баримт өгөөгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд бид баримт авах хүсэлт гаргасан хэрэглэгчдийн НӨАТ-ын падааныг хэвлэж өгч байсан. Харин 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө баримт авах хүсэлт гаргаагүй иргэдийн худалдан авалтыг эцсийн хэрэглэгчээр нэгтгэн татварын албанд тайлагнасан болно. Цаг хугацаанд нь шаардаж аваагүй учраас энэ баримт хэвлэгдээгүй.

НӨАТ буюу жилийн эцсийн 2 хувийн буцаан олголт буюу 5 906 372 төгрөгийг тооцохдоо 295 318 630 төгрөг дээр НӨАТ-ын 10 хувийг нэмээд тэр дүнгээс 29 531 860 төгрөгийг өөрийн төлсөн мөнгө дээр нэмж бодоод байна. Нэхэмжлэгч өөрийн төлөөгүй 10 хувийг нэмж тооцсон нь алдаатай. Төлөөгүй 10 хувийн татвараа нэмснээс болоод энэ дүн нь 5 363 542 төгрөгөөр зөрж байна.

Татварын буцаалтыг авахын тулд тавигдах шаардлагыг хангасан байх ёстой. Хууль болон журамд заасан шаардлагыг хангасан гэдгээ бүрэн нотолж байж шаардах эрх үүснэ. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын 2 хувийн буцаалтыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар зөвхөн орон сууц дээр хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлүүлдэг. Гарааш татварын хувь эдэлдэг объект биш тул нэхэмжлэгчийн гаргасан тооцоолол буруу. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т зааснаар 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг чөлөөлнө гэсэн байдаг. Тэгэхээр энэ хөнгөлөлтийг эдлэхийн тулд нийт 8 шалгуурыг хангах ёстой. 7 дахь шаардлага нь е-баримт байх ёстой. Энэ байхгүй бол өмнөх 6 шаардлага байхгүй. Энэ хүнд 3 баримтыг л хангасан гэх баримт хэрэгт байна. Орон сууц худалдаж авч байгаа орлогоосоо татвар төлсөн байхыг шаарддаг. Татвар төлсөн орлого мөн үү гэдгээ нотолсон уу. Өнөөдөр татварын байгууллагаас биш хариуцагчаас шаардаж байгаа бол энэ бүх шаардлагыг хангасан байх ёстой тул шаардлага нь үндэслэлгүй. Ганцхан хариуцагчийн буруугаас энэ мөнгийг авах боломжгүй байна гэх зүйл харагдахгүй байна. Тэгж байж өнөөдөр шүүх хангах үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч К ХХК-аас 5 315 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 658 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 99 990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

2016 оны 1 сараас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль мөрдөгдөж эхлэхэд цахим төлбөрийн баримт олгох ажил улс орон даяар хэрэгжиж эхлэхээр болсон, үүнтэй холбоотойгоор уг ажлын хэрэгжилт жигдрээгүй, татварын байгууллагаас энэ талаар байгууллагуудад чиглэл өгөгдөөгүй байх үед Г- нь манай байгууллагаас орон сууц худалдан авсан. Тухайн үед цахим төлбөрийн баримт олгох машин болон түүнтэй холбоотой журам танилцуулагдаагүй байсан тул манай байгууллага нийт борлуулсан орон сууцаа эцсийн хэрэглэгчээр нэгтгэн татварын албанд тайлагнасан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Нэхэмжлэгчид цахим төлбөрийн баримт олгогдоогүй гэм хорын хохирол нь манай байгууллагын шууд буруутай эс үйлдэхүй байсан болох нь баримтаар тогтоогдоогүй. Мөн нэхэмжлэгч нь 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр орон сууцны төлбөрийн үлдэгдлээ хариуцагчийн банкны дансанд төлсөн ч тэр дор нь хариуцагчид мэдэгдээгүй, цахим төлбөрийн баримтаа тухайн өдрөө шаардан авах эрхээ хэрэгжүүлээгүйгээс 10 хоногийн дараа буюу 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр манай байгууллага нэмэгдсэн өртгийн албан тагварын тайлангаа гаргаж, тухайн сарын нийт борлуулалтын орлогын мэдээллийг татварын нэгдсэн системд илгээсэн.Татварын нэгдсэн системд мэдээллийг илгээснээс хойш цахим төлбөрийн баримтыг нөхөн хэвлэх боломжгүй гэдгийг нэхэмжлэгчид дараа нь тайлбарласан боловч түүнээс хойш 2 жилийн дараа гэнэт шүүхэд ийм шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

Г- өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан байхад шүүх үүнийг анхаараагүй.

Сангийн сайдын 2017 оны 37 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар"Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам"-ыг баталсан. Уг журмын 3 дугаар зүйлд албан татварын буцаан олгох нөхцлийг заасан. Уг журмаас үзэхэд татварын нэгдсэн системд бүртгэгдсэн иргэн л албан татварыг буцаан авах эрхтэй байна. Гэтэл шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь өөрийгөө татварын нэгдсэн системд одоо болтол бүртгэлгүй байгаа гэдгээ шүүх хуралдаанд тайлбарлаж, хүлээн зөвшөөрсөн. Иймд 2017 онд нэхэмжлэгчид уг албан татварыг буцаан авах эрх үүсэхгүй байсан. Нэхэмжлэгч хэрэв төлбөрийн баримтаа авсан бол эхнэр нь нэгдсэн системд бүртгэлтэй тул эхнэртээ баримтаа өгөх байсан гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан боловч эхнэр нь энэ хэргийн оролцогч биш. Нэхэмжлэгч нь 2017 онд албан татварын буцаалт авах эрхтай байсан гэдгээ нотлоогүй байхад шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Г- нь хариуцагч К ХХК-д холбогдуулан нэмэгдсэн өртөгийн албан татварын баримтыг хэвлэж өгөөгүйгээс учирсан хохиролд 8 859 552 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ, Автомашины зогсоол захиалгын гэрээ-г тус тус байгуулж, К ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто таун хотхоны 207 дугаар байрны 99 тоотод 106.37 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг, мөн тус байрны В1 давхарын 9.43 м.кв 108 тоот автозогсоолыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, Г- нь орон сууцны төлбөрт 265 818 630 төгрөгийг, автозогсоолын төлбөрт 29 500 000 төгрөгийг худалдагчид 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөх үүргийг тус тус хүлээсэн, хэн аль нь хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн талаар маргаагүй.

 

Г- нь 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дээрх гэрээний төлбөрийг төлж дуусгасан бөгөөд улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр Г-, Ц.Алтанцацрал, Г.Гандарь, Г.Цэгцбаяр нар бүртгүүлж, гэрчилгээ авсан үйл баримт улсын бүртгэлийн гэрчилгээ, төлбөрийн баримтуудаар тогтоогдсон.

 

Харин нэхэмжлэгч Г- нь е-баримт авахаар К ХХК-д удаа дараа хандсан боловч баримтаа авч чадаагүй гэж, хариуцагч К ХХК нь Г-ийг төлбөр төлж дууссан талаар мэдэгдээгүй, баримт авах талаар компанид хандаагүй, компани 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр борлуулалтын тайлангаа татварын албанд тайлагнасан тул баримтыг нөхөн олгох боломжгүй гэж маргажээ.

 

К ХХК 2016 оны 03 дугаар сарын 31-ний байдлаар нийтийн орон сууцны барилгад НӨАТ ногдуулсан гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн баримтад тавигдах шаардлагад нийцээгүй байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадахгүй юм.

 

Түүнчлэн уг НӨАТ-т нэхэмжлэгчийн худалдаж авсан орон сууц, автозогсоол багтсан эсэх тодорхойгүй нөхцөлд нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан эсэхийг дүгнэх боломжгүй юм.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7 -д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00050 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 990 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА