Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Готовын Уламбаяр |
Хэргийн индекс | 131/2017/0000/И |
Дугаар | 00000 |
Огноо | 2000-01-01 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2000 оны 01 сарын 01 өдөр
Дугаар 00000
И.*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 131/ШШ2017/00715 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Ишийн *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Адъяагийн *******т холбогдох
Худалдах худалдан авах гэрээний төлбөр 2.175.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч И.*******ийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 30-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.*******, хариуцагч А.*******, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.
Нэхэмжлэгч Ишийн *******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Би 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр А.******* гэдэг хүнээс Эксель маркын автомашиныг 2.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч мөнгийг нь өгч машиныг нь аваад унаж үзэхэд аккумлятор суусан, паар нь халуун ус үлээдэггүй, дуут дохио ажилладаггүй, масло нь дэвэрч асгардаг, нүүрний шил хагархай, толь гацдаг зэргээр замын хөдөлгөөнд оролцож болохооргүй машин байсан. Мөн бичиг баримт нь өөр хүний нэр дээр зөрчилтэй байсан. Энэ машин ийм их эвдрэлтэй байсан учраас би унаж чадахгүй, нутаг хол тул буцааж өгч чадалгүй нэг сар болоод машиныг нь ээжийнх нь хашаанд буцааж аваачиж тавьсан. А.******* нь энэ машиныхаа эвдрэлийн талаар юу ч хэлээгүй, доголдолтой байсан гэдгээ мэдсээр байж намайг элэг барьж надад худалдсныг хожим нь мэдсэн. Би Баянлиг сум руу авч явах замд доголдоод болохгүй болохоор нь жолооч хүмүүст үзүүлэхэд дээрхи эвдрэлүүд байсныг хэлсэн. Би энэ машинд аккумлятор, дугуй 175.000 төгрөгөөр шинээр авч тавьсан. Иймд миний өгсөн 2.000.000 төгрөг дээр сэлбэг болгож тавьсан 175.000 төгрөг нийт 2.175.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ишийн ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Би энэ машиныг өрөө үзэж хараад бэлэн мөнгөөр нь авсан нь үнэн. Гэхдээ ийм их эвдрэлтэй болохыг мэдээгүй. Тэгээд тос нь дэвэрч асгарахаар нь нутгийн жолооч нарт үзүүлэлэхд эдэлгээний хугацаа дууссан муу машин байна гэсэн тул гэрээгээ цуцалж өгсөн мөнгөө болон 175.000 төгрөгийн сэлбэг тавьсны мөнгөө буцаан авах хүсэлтэй байна. Гэрээ цуцлах болсон шалтгаан нь би банкны зээлтэй мөнгө төгрөг муу байгаа болон эвдрэл гэмтэлтэй машин хуурч өгсөн тул гэрээгээ цуцлах хүсэлтэй байна. Би энэ машиныг ойр зуур ус түлээнд өөрөө унах гэж авсан гэв.
Хариуцагч Адъяагийн ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Би И.*******тэй 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр харилцан тохиролцож аксент маркийн автомашиныг худалдсан. Гэтэл И.******* 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 2 сар гаран унаж эдэлж хэрэглэчихээд манай ээжийн хашааг дайрч хашаанд оруулж тавьчихаад танай хүүгийн машиныг авахаа болилоо эвдэрхий машин байна гэж хэлээд үлдээсэн байсан. Тухайн үед И.******* нь аксент маркийн машиныг үзэж хараад л өөрөө худалдаж авах саналыг тавиад бэлэн мөнгөө өгч амаар худалдах, худалдан авах гэрээг хийж авсан нь үнэн. Машины бичиг бүрэн шилжүүлж амжаагүй байсан гэжээ.
Хариуцагч Адъяагийн ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Би И.*******ийг сайн танихгүй. Энэ машиныг өмнө нь намайг Баянлиг суманд ээжийндээ байхад ирж үзсэн юм. Тэгээд худалдан авъя гэсэн саналыг өөрөө гаргасан юм. 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр И.******* нь намайг Баянлиг суманд ээжийндээ очоод байж байхад өөрөө ирж үзээд 2 сая төгрөгөө бэлэн өгөөд сайн өдөр тул авна гээд өөрөө унаж үзээд авч явсан. Ингээд худалдан аваад И.******* нь 2 сар гаран унасан. Манай хажуугаар унаад яваад байсан. Хэрэв тэр үед тэгж их доголдолтой байсан бол хэлж ярих боломж байсан. Би доголдолтой машин худалдаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И.*******ээс хариуцагч А.*******т холбогдуулан гаргасан худалдах худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үнэ 2.000.000, хохирол 175.000, нийт 2.175.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.750 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч И.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Би 2017 оны 6 дугаар сарын 10 ны өдөр А.******* гэдэг хүнээс эксель маркын автомашиныг хоёр сая төгрөгөөр худалдан авахаар тохирч мөнгийг нь өгч машиныг нь аваад гэр лүүгээ унаад явахад акумлятор суусан, фар нь халуунаар үлээдэггүй, дуут дохио ажилладаггүй, масло нь дэвэрч асгардаг, мотор цохиход бэлэн болсон, нүүрний шил хагархай, толь гацдаг зэргээр замын хөдөлгөөнд оролцож болохооргүй машин байсан. Надад машины бичиг баримтыг өгөөгүй, бичиг баримт нь өөр хүний нэр дээр зөрчилтэй байсан.
Түүнээс авсан машины бараг бүх эд ангиуд эвдрэл ихтэй учир би унаж чадахгүй нутаг хол учраас буцааж өгч чадалгүй нэг сар болоод машиныг нь ээжийнх хашаанд буцааж аваачиж тавьсан. А.*******т машиных нь доголдлыг хэлэх гэж утсаар нь залгахаар утас нь болохгүй байсан. Би А.*******аас энэ машиныг дөнгөж аваад унаад явахад эвдрэл нь шууд мэдрэгдсэн учир Зориг, Түмэнжаргал, Болд, Батнасан, Лхагвасүрэн гэх жолооч автомашины засварчин зэрэг хүмүүст үзүүлсэн. Тэд нар үзээд явалтын хугацаа дууссан, бүх эд анги нь эвдэрхий чамд хэрэггүй машин байна буцааж өг гэж хэлсэн. Би шүүгчийн туслах Д.Мөнхтуяатай уулзаж ирэх бололцоотой аймгийн төвийн гэрчүүдийг асуулгая гэтэл шүүх хуралд дагуулаад ор гэхээр нь Зоригтыг хуралд оролцуулсан боловч гэрчээр асуугаагүй. А.*******ын надад худалдсан машины эвдрэлүүдийг нэр бүхий энэ хүмүүс бүгд мэднэ. Эдгээр хүмүүсийг гэрчээр асуухад хэлж чадах байтал гэрчээр асууж өгсөнгүй.
Иргэний хуулийн 113 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн дагалдах бичиг баримтыг хамт өгснөөр өмчлөх эрх шилжинэ гэж заасан байхад шүүх бидний хооронд гэрээ хийгдэж дууссан гэж дүгнээд миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэг талд үйлчилсэн харагдаж байна. Би А.*******аас худалдаж авсан машиныг ээжид нь буцаагаад өгчихсөн байхад шүүх намайг машин ч үгүй мөнгө ч үгүй болголоо. Би энэ машиныг аваад нэг сар гаруй хугацаанд хаашаа ч яваагүй, явах ч ажил надад гараагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлж өгнө гэдэгт итгэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.*******ээс машин худалдан авсан мөнгө 2.000.000 төгрөг, сэлбэгний үнэ 175.000 төгрөг нийт 2.175.000 төгрөгийг иргэн А.*******аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иргэн И.*******, А.******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээ байгууллагджээ.
Нэхэмжлэгч И.*******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа “...би 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр А.******* гэдэг хүнээс Эксэль маркийн автомашиныг худалдан аваад унаж үзэхэд акумлятор суусан, фар нь халуунаар үлээдэггүй, дуут дохио ажилладаггүй, масло нь дэвэрч асгардаг, нүүрний шил хагархай, толь гацдаг зэргээр замын хөдөлгөөнд оролцож болохооргүй машин байсан...” гэжээ.
Зохигчид нь автомашиныг худалдах, худалдан авах хэлцэл хийхдээ бичгээр гэрээ хийгээгүйгээс эд хөрөнгөө хүлээлцэх үедээ эд хөрөнгийн биет байдлын доголдол байгаа эсэх, байгаа бол доголдлыг хэрхэн арилгах, баталгаат хугацаа тогтоосон эсэх зэрэг нь тодорхойгүй байна.
Худалдан авагч И.******* нь автомашиныг худалдан авах саналыг өөрөө гаргасан, эд хөрөнгийг шалгаж хүлээн авсан бөгөөд хоёр сар гаруй хугацаанд ашиглаж байгаад буцааж өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар уг автомашиныг хүлээн авах үед уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан байна. Тухайлбал нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбартаа дурьдаад байгаа уг машиныг унаж үзэхэд акумлятор суусан, фар нь халуунаар үлээдэггүй, дуут дохио ажилладаггүй, нүүрний шил хагархай, толь гацдаг зэрэг доголдол байсан гэж тайлбарладаг боловч эдгээр доголдлууд нь машиныг хүлээн авч ашиглах үед мэдэх боломжтой байсан доголдлууд юм.
Гэтэл худалдан авагч И.******* нь автомашиныг худалдан авснаас хойш доголдлын талаар хариуцагч талд ямар нэг байдлаар мэдэгдээгүй бөгөөд уг автомашиныг хүлээн авах үед уг эд хөрөнгийн доголдолтой байсан гэдэг талаар нотолж чадаагүй байна.
Нэхэмжлэгч И.******* нь анхан шатны шүүх гэрч асууж өгөөгүй гэж гомдолдоо дурьдсан боловч гэрч асуулгах хүсэлтээ шүүхэд бичгээр гаргаагүй байна. Мөн анхан шатны шүүх зохигчдод шүүхэд эдлэх эрх үүргийг тайлбарлан өгч гарын үсэг зуруулсан баримт хэрэгт байгаа тул зохигчдын эдлэх эрх үүргийг хангасан байна гэж үзлээ.
Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч И.*******ийн давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч И.*******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 49.750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 131/ШШ2017/00715 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч И.*******ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч И.*******ээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 49.750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Г.УЛАМБАЯР