Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 574

 

                                   

           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оч,

Улсын яллагч Б.Уранчимэг,

Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Ч.Ням,

Хохирогч З.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт О.Б-д холбогдох эрүүгийн 2016 2503 1462 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч А овогт О.Б, Монгол Улсын иргэн, 1986 оны 01 сарын 27-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, электроникийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 76-31 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

 Урьд: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:............... /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

          Шүүгдэгч О.Б нь 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт З.Наранбаатарт “...автомашин барьцаалан 20.000.000 төгрөг зээлье, барилгын ажилд хөрөнгө оруулалт хийх гэсэн юм” гэж Хаммер маркийн 00-81 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 20.000.000 төгрөгийг залилан бусдыг хуурч эд хөрөнгийг залилах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Б-өөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2013 онд Заяа гэж хүнээс 00-81 УБЭ улсын дугаартай Хаммер загварын автомашин худалдаж авахаар болоод мөнгөгүй байсан учир худалдаж авах Хаммер загварын автомашинаа Наранбаатар гэж хүнд 20 сая төгрөгөнд барьцаалж зээл авсан ба 20 сая төгрөгнийхөө 15 орчим сая төгрөгийг Заяад Хаммер автомашины мөнгө гэж өгөөд үлдсэн мөнгийг нь тухайн үед ажиллаж байсан төслийнхөө ажилд зориулсан юм. Тэгээд 20 гаруй хоногийн дараа Наранбаатарт зээлсэн мөнгөний хүү болох 2 сая төгрөг өгсөн ба төсөл санхүүгийн улмаас зогссон, би Наранбаатарт төлбөрөө төлж чадахгүй байсан учир Хаммер автомашинаа барьцаанаас нь чөлөөлж зараад Наранбаатараас зээлсэн 20 сая төгрөгийн өрөө даръя гэж бодоод Наранбаатараас уг автомашинаа гуйж аваад Эрдэнэт аймаг руу хүнд үзүүлчихээд буцаж ирж байгаад ирэх замдаа хроп нь эвдэрсэн. Тэгээд машинаа зарж чадахгүй болчихоод хропийг нь Улаанбаатар хотод 3 сая 500.000 төгрөгөөр засуулсан. Тэгээд машинаа янзлуулаад ч дээрдэхгүй болохоор нь 8 сая төгрөгөөр ломбарданд тавиад хаячихсан юм. 8 сая төгрөгөөр хроп дахин янзлуулсан мөнгөө өгөөд ганц хоёр өр ширээ төлөөд дууссан. Ингээд Наранбаатараас зээлсэн мөнгөө өгч чадахгүй өдийг хүрч байна …” гэсэн мэдүүлэг /хх-106-107х/, “...би Наранбаатарт 2 сая төгрөгийн хохирол өгсөн. Мөн 2 газраа одоо нэр дээр нь шилжүүлж өгөх гээд нотариатаар гэрээ хийгээд өгчихсөн байгаа. Мөнгийг нь яаралтай төлж барагдуулахаар зүтгэж байна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, дахин ийм хэрэг үйлдэхгүй ...” гэх мэдүүлэг /хх-133-134х/,

    Шүүгдэгч О.Б-өөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би барьцаалж авсан мөнгөө Наранбаатараас зээлж хэрэглэсэн. Надад хуурч мэхлэх санаа зорилго байгаагүй” гэв.

Хохирогч З.Наранбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...барилгын ажил дээр хөрөнгө оруулалт хийх гэж байгаа гээд зээлийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийг зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд тавьсан байсан юм. Тэгээд зээл байгуулснаас хойш 14 хоног өнгөрсөн боловч О.Б, А.Заяа нарын утасны дугаар нь холбогдохгүй хаана байгаа нь олдохгүй байж байгаад 2016 оны 12 дугаар сард надад Чулуунбаатар О.Б, А.Заяа нараас авч өглөө гээд 2.000.000 төгрөгийг өгсөн юм. 2014 оны 4 сард Чулуунбаатар нь О.Б Хятадуудад газар худалдаалах гэсэн чинь орчуулагчид нь хахууль өгөх хэрэгтэй байна, зээлийн барьцаанд тавьсан машинаа өгчих газраа зараад зээлсэн бүх мөнгөө өгнө гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-12-13х, 59-60х, 126-127х/,

Хохирогч З.Наранбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “20.000.000 төгрөгийн хохирол учирсан би хохиролд 2 газар авсан. Мөн 12.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Одоо надад хохирол гомдол санал байхгүй” гэв.

Гэрч А.Заяагаас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2013 онд 00-81 УБЭ улсын дугаартай Хаммер маркийн автомашин миний нэр дээр байсан. Тухайн оны 8 дугаар сард Батмөнхтэй машинаа худалдаалахаар тохирч гэрээ байгуулж байсан юм. Тухайн гэрээ байгуулахаас өмнө 9981 УБЭ улсын дугаартай автомашин миний нэр дээр байсан учраас зээлийн барьцаанд би өөрийн баримтыг өгч гарын үсэг зурсан ...” гэх мэдүүлэг /хх-14-15х, 129-130х/,

Гэрч Х.Чулуунбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Батмөнх тухайн үед буюу 2013 онд шиг санагдаж байна над дээр нэг Хаммер автомашин унаж ирчихээд над дээр ирээд 20 сая төгрөгийн хэрэг болоод байна, чи хүүтэй мөнгө зээлэх хүн байвал олоод өгөөч гэхээр нь би найз Наранбаатарыг танилцуулж Наранбаатарт уг автомашиныг барьцаанд тавьж 20 сая төгрөгийг Батмөнх авсан юм. Тэрний дараахан Батмөнх бас мөнгөний хэрэг болоод байна гээд надаас 6 сая төгрөг, дараа нь 5 сая төгрөг зээлсэн. Тэгээд надад 11 сая төгрөгийн, Наранбаатарт 20 сая төгрөгийн өртэй байсан ба мөнгөө өгөхгүй сураггүй алга болчихсон юм. Тэгээд би хөөцөлдөж араас нь явсаар байгаад 13 дугаар хороололд нэг мөрийтэй тоглоомны газраас олж уулзаад 1 сая 500.000 төгрөг бэлнээр, 2 жижиг шубыг нэгийг нь 1.500.000 төгрөгөөр, 1 урт шубыг нь 2.000.000 төгрөгөөр тохирч авсан. Ингээд нийт 6.500.000 төгрөгийг төлсөн гэж үзээд үлдэгдэл 4 сая 500.000 төгрөгийг яах вэ гэсэн чинь тэгэж байгаад өгье надад 4 ширхэг шуба байгаа гэхээр нь угаас Батмөнхөөс мөнгө авна гэж худлаа юм чинь гэж бодоод байсан 4 ширхэг шубыг нь /1 урт, 2 богино, 1 дундаж урттай шуба/ үлдэгдэл мөнгөндөө авсан юм. Би сүүлд зээлсэн 5 сая төгрөгөө өөрийн машиндаа 10 хоногийн 10 хувийн хүүтэй барьцаанд тавиад авчихсан байсан учир би бараг 1 жил орчим 1 сарын 500 мянган төгрөгийн хүү авч явсан болохоор хүү алдагдал энэ тэрд нь бодоод 4 ширхэг шубээр тулаад дуусгасан юм. Одоо Наранбаатарын мөнгийг л өгөх ёстой би бол гомдол санал гээд байх юм байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-103х, 131х/,

Гэрч Б.Билгүүнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн үед 2013 онд шиг санагдаж байна. О.Б надтай тааралдаад аятайхан машин авмаар байна, гэж ярьж байсан. Тухайн үед бас Билгээ ах эхнэрийнхээ Хаммер автомашиныг зармаар байна гэж хэлж байсан бөгөөд тэрийг нь санаад О.Бтэй цуг очиж машиныг нь үзүүлж байсан юм. Тэгээд танилцуулж өгөөд орхисон тэрнээс хойш яасан ийснийг нь бол мэдэхгүй. Нэлээн хугацааны дараа Билгээ ах над руу яриад нөгөө машин авсан залуу чинь ямар учиртай юм бэ, цагдаа сэргийлэх болоод байна гэх утгатай зүйл ярьж байсан. Би яг хэзээ танилцуулж машиныг үзүүлсэн, Батмөнх машиныг хэзээ худалдаж авсан талаарх он сар цаг хугацааг нарийн санахгүй байна, машиныг үзүүлж уулзуулж өгөөд яваад л дахиж холбогдоогүй авсан өгсөнийг нь ч мэдэхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-132х/,

2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Зээлийн гэрээ /хх-22-23х/,

Тээврийн хэрэгслийг шилжүүлсэн тухай баримт /хх-73-77х/,

Шүүгдэгч О.Б-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-69х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32х/,

Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-70х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч О.Б нь 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт З.Наранбаатарт “...автомашин барьцаалан 20.000.000 төгрөг зээлье, барилгын ажилд хөрөнгө оруулалт хийх гэсэн юм” гэж Хаммер маркийн 00-81 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 20.000.000 төгрөгийг залилан бусдыг хуурч эд хөрөнгийг залилсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч О.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч З.Наранбаатар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-өд хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар түүнийг оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэхийг үүрэг болгож шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 2 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг  тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-өд хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэхийг үүрэг болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Б нь 2 хоног цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ё.ЦОГТЗАНДАН