| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 2420001150149 |
| Дугаар | 2025/ДШМ/37 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | А.Хулан |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/37
Э.Хд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор: А.Хулан /томилолтоор/,
Шүүгдэгч: Э.Х /цахимаар зайнаас/, түүний өмгөөлөгч Н.Баярмаа /цахимаар зайнаас/,
Хохирогч нарын өмгөөлөгч: Л.Соёмбо /цахимаар зайнаас/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж хийсэн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч нарын өмгөөлөгч Л.Соёмбо давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.Хд холбогдох 2420001150149 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*,
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Э.Х нь 2024 оны 05 сарын 16-аас 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн *байрны зүүн талд согтуурсан үедээ П.Мыг дүүгээ өмөөрсөн гэх шалтгаанаар өшиглөж унагаан толгой руу нь өшиглөж зодон биед нь зүүн хоншоорын хөндийн дотор ханын хугарал, зүүн дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн ухархайн дээд, дотор, доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
2024 оны 05 сарын 16-аас 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын- Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны зүүн талд согтуурсан үедээ М.Мыг надад таалагддаггүй гэсэн шалтгаанаар цохиж унагаан толгой руу нь өшиглөж биед нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: “…Шүүгдэгч * Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Э.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн торгох ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х нь оногдуулсан 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Э.Хаас 3,944,840 төгрөгийг гаргуулан хохирогч П.Мод олгож, хохирогчийн эхнэр Н.Уийн ажилгүй байсан хугацааны цалин 700,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, П.М нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин орлогоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн хохирогч П.Мын тархины бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хадгалж,
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Мд болон иргэний нэхэмжлэгч байгууллагад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар Давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
5.Хохирогч нарын өмгөөлөгч Л.Соёмбо давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолд гомдол гаргасан. Илтгэгч шүүгчийн танилцуулснаар тухайн хэрэгт нотолбол зохих байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар бүрэн хийгдээгүй гэж үзэж байна. Үүнээс улбаатайгаар Б.Үыг хамтран оролцсон үйл байдлыг нь зөвхөн зөрчлийн шинжтэй байна гэж үзсэн энэ асуудалд туйлын гомдолтой байгаа юм.
Өөрөөр хэлбэл хохирогч М.М, П.М нар нь үеэл ах дүү нар юм. Гэрч Оын мэдүүлэг нарын мэдүүлгийг яаж үнэлж, ямар байдлаар няцааж Б.Ү гэдэг хүнд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэж заасан байдаг.
Гэтэл хохирогч П.М, М.М нарын мэдүүлэг, гэрч Э.О, шүүгдэгч Э.Хын сэжигтнээр өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан байдаг.
Шүүгдэгч Э.Хын хувьд П.Мыг цохиж зодсон гэдгийг мэдүүлсэн байдаг. Гэтэл Б.Үын хувьд дээрх нэр бүхий гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдийг няцааж мэдүүлсэн мэдүүлгийг ойлгомжгүй байдлаар буюу ерөнхийд нь дүгнээд Б.Үыг бусдын биед хохирол учруулахгүйгээр халдсан байна гэж үзээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэвэр оногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн хохирогч нарыг насанд хүрээгүй гэсэн байдлаар бичсэн нь шүүхээс техникийн шинжтэй алдаа гаргаж бичгийн алдаа гаргасан гэх үндэслэлээр хүсэлт гаргасан. Дараа нь анхан шатны шүүхээс засаж залруулга хийсэн гэж хэлсэн.
Сэтгэцэд учирсан хохирлыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ болох 4,620,000 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Шинээр хэрэгжиж буй 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 792,000 төгрөг болсон. Үүнтэй уялдуулан хохирогчид учирсан гэмтлийн зэргийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж бодсон нь зүйтэй гэж үзэж дээрх 3 үндэслэлээр гомдлыг гаргасан.” гэжээ.
6.Шүүгдэгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбаргүй” гэв.
7.Шүүгдэгч Э.Хын өмгөөлөгч Н.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдолтой холбоотойгоор яллах дүгнэлтэд П.Мын биед зүүн хоншоорын хөндийн дотор ханын хугарал, зүүн дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн ухархайн дээд, дотор, доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэдэг. Үүнтэй холбогдуулан шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Ү сэжигтнээр, хохирогчийн эхнэр гэрчээр тус тус мэдүүлэг өгсөн. Үүнд бол Б.Ү нь би П.Мын биед халдаж зодохдоо толгой хэсэгт цохиогүй, гэдэс, хөл рүү нь цохисон гэж мэдүүлсэн байдаг. Үүгээр П.Мын биед гарсан гэмтлийг Б.Ү нь учруулаагүй гэдгийг тогтоосон байдаг учраас Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авсныг зөв байна гэж үзэж байгаа.
Шийтгэх тогтоолд хохирогч нарыг насанд хүрээгүй хохирогч гэж тэмдэглэснийг тус шүүхээс залруулга хийгээд зөвтгөж засвар оруулсан.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тооцсон гэж байна. Тухайн хэрэг маань 2024 оны 10 дугаар сарын 16-аас 17-ны шилжих шөнө гарсан болохоор тухайн үеийн мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 7 дахин үржүүлэн олгох нь зөв байна гэж үзэж байна.
Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүх хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг үнэн, зөв шийдэж шүүгдэгч Э.Хд оногдуулсан ялыг түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
8.Прокурор А.Хулан шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Хяналтын прокурорын зүгээс давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хохирогч П.М, М.М нарын өмгөөлөгч Л.Соёмбоос гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Хыг хохирогч М.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн, мөн хохирогч П.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн бөгөөд шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болсон байна.
2.Хэрэгт авагдсан баримтуудаар 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Замын-Үүд сумын “Алтаргана” цэцэрлэгийн төгсөлтийн баяр болж эцэг эхчүүд үйл ажиллагаанд оролцсоны дараа хамтдаа караокедож согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн ба шүүгдэгч Э.Х, эхнэр М.М, Б.Ү, түүний эхнэр О.О нар Б.Үын гэрт очиж үргэлжлүүлэхээр болсон үед хохирогч М.М хамт явсан. Тэд Үүрцайх гэгчийн гэрийн гадаа сааданд архидан согтуурцгааж байх үед М.М Хын эхнэрийн хажууд сууж, түүний араар гараа тавьсан нь Хд таалагдаагүй тул М.М ыг “ чи яв “ гэж хэлсэн үед М.М “чи намайг хөөлөө” гэж маргаан үүсч Х М.М нар зодолдсон, М.М яваад ах П.Моо дагуулан ирсэн үед Хаас “чи дүүгээ өмөөрч намайг зодох гэж ирэв үү” гэж маргалдаан үүсч Х М нар зодолдсон. Үүний улмаас хохирогч М.Мын биед “...тархи доргилт, хэлний үзүүр, дээд уруулын дотор салстын шарх, духны зулгаралт, зовхины зулгаралт, эрүүний зулгаралт, баруун сарвууны 4,5 дугаар хурууны 2 дугаар шивнүүрын ар хэсгийн зулгаралт, баруун сарвууны 1 дүгээр хурууны, цээжний хөндийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл,
хохирогч П.Мын биед “... хоншоорын хөндийн дотор ханын хугарал, ...зүүн ухархайн дээд, дотор, доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримт болсон.
Шүүгдэгчийн энэ үйлдэлд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор О.Анужингаас шүүгдэгч Э.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус яллуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
3.Шүүгдэгч Э.Хын гэм буруутай нь хэрэгт авагдсан хохирогч М.М, П.М нарын мэдүүлгүүд, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 04/58, 04/59, 02/359 тоот, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 739 тоот дүгнэлтүүд, гэмт хэрэг цаг хугацаанд хамт байсан сэжигтнээр шалгагдсан Б.Ү, гэрч Э.О, М.М, Н.У, Т.Цнарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдсон ба шүүгдэгч Э.Хын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр тус тус өгсөн мэдүүлгээр батлагдсан тогтоогдсон байна.
Эдгээр нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байна.
4.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
5.Давж заалдах шатны шүүх хохирогч нарын өмгөөлөгч Л.Соёмбоос гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэхэд анхан шатны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэж хохирогч П.Мыг зодож хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт Б.Үын холбогдол байгааг шалгаж тогтоолгох зорилгоор шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулсны дагуу мөрдөгчөөс хэргийн газрын нөхөн үзлэг явуулсан, дуудлагаар ажилласан Цагдаагийн албан тушаалтан Т.Цэнд-Аюуш, шүүгдэгч Э.Хын эхнэр М.М нарыг гэрчээр дахин асуусан, Б.Үыг сэжигтнээр тогтоож шалгасан ба Б.Үыг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар хүний биед халдсан зөрчил үйлдсэн гэж үзэж 0297826 дугаар цагдаагийн эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл /2хх 106/ оногдуулжээ.
Б.Үад холбогдуулж прокурор яллах дүгнэлт үйлдэж ирүүлээгүй, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүх хэрэгт сэжигтнээр шалгагдсан Б.Үын үйлдэл холбогдол хохирогч П.Мод учирсан эрүүл мэндийн хүндэвтэр хохиролд шалтгаант холбоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон зүйлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй зөв болсон.
6.Хохирогч П.Мын сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлтээр хоёрдугаар зэрэг гэж тогтоосны дагуу анхан шатны шүүхээс хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо гэмт хэрэг гарсан 2024 оны 05 дугаар сард мөрдөгдөж байсан 660,000 төгрөгийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр баримталсан нь үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн ... д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэнд анхан шатны шүүхийн дүгнэлт нийцсэн.
Гэмт хэргийн ойлголт, шинжид гэм буруутай үйлдэл, энэ үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хамааралтай болохыг Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, иймд хохирлыг шийдвэрлэхдээ гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар шийдвэрлэнэ гэж адилтган ойлгож хэрэглэнэ.
7.Шийтгэх тогтоолын 12 хуудаст “ ... насанд хүрээгүй хохирогч М.М, П.М” гэж техникийн шинжтэй алдаа гаргаж бичсэнийгээ шийтгэх тогтоол гарсны дараа анхан шатны шүүх залруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1,2,3 дугаар зүйлүүдэд заасанд нийцсэн.
8.Шүүгдэгч Э.Хын үйлдлийн улмаас хохирогч П.Мын эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл, хохирогч М.Мын биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тус тус нийцсэн.
9.Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгийн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялуудыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1,3-т заасныг баримтлан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийтгэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.
10.Эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч нарын өмгөөлөгч Л.Соёмбоос гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ А.САЙНТӨГС