Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ20176/00280

 

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/06226 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 72 дугаар магадлалтай,

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

“Монхан констракшн” ХХК-дхолбогдох,

Татварын өр 50.283.134 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Л.Ганбилэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Л.Ганбилэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дарга Д.Мөнх-Учрал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монхан констракшн” ХХК нь “Барилгыг дуусгах шатны ажил, барилгын материал, техник, сантехник, халаалт, ус түгээх” чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2008 оны 11 дүгээр сарын 24-нд тус татварын хэлтэст бүртгүүлсэн. Тус компани нь 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 24/0002725, 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 244166 тоот хяналт шалгалтын актуудын 20.720.500 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 27.911.392 төгрөг, Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 256.962 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангийн 1.394.280 төгрөгийн татварын өр төлбөрийг 2014 оноос хуульд заасан хугацаанд төлж барагдуулалгүй өр үүсгэсэн байна. Хариуцсан Татварын улсын байцаагч дараах үйл ажиллагааг явуулсан. “Мэдэгдэх хуудас”-ыг гардуулж, татварын өр төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа шаардлага тавьсан. Тус хэлтэст бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банк, Хаан банк дахь харилцах дансны зарлагын гүйлгээг хаасан. Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураахаар мөн хуулийн 62.1.2-т хэсэгт заасан ажиллагааг явуулсан. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь 2014 оноос 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны татварыг нэхэмжилж байгаа бөгөөд энэ нь өссөн үнийн дүнгээр гарч байгаа болно. Хариуцагч нь Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар тайлагнасан тайлангийн дагуу үүссэн өр төлбөр юм. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь өмнөх актын дагуу үүссэн өртэй давхардаагүй болно. Иймд “Монхан констракшн” ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл явуулсан үйл ажиллагаанд холбогдох 50.283.134 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Монхан констракшн” ХХК-ийн захирал Л.Ганбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч нарын манай байгууллагад шалгалтаар тогтоосон гэх хуурамч падаан ашиглан тайлан хийсэн гэсэн үндэслэлээр акт, торгууль гарсны дараа байцаагч нартай уулзаад энэ асуудлыг Улсын мөрдөн байцаах газраар шалгуулах хүсэлт тавьсан боловч үнийн дүн бага байна гээд мөрдөн байцаах газарт өгөхөөс татгалзаж Татварын маргаан таслах зөвлөл рүүгээ шилжүүлсэн болно. Манай байгууллага нь татварын газраас өөр компаниудад олгосон нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь хуурамч, өөр компанийн бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр хариуцлага хүлээх ёсгүй гэж үзэж байна. Манай компани дээр давхардуулж акт тавьсныг бид зөвшөөрдөггүй бөгөөд өр авлагууд нь ч давхардаад яваад байна. Хүний өмнөөс өр төлбөр төлөх гээд байна, хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр торгууль тавьсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаас цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 256.962 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангийн 1.394.280 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрч байна, үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/06226 дугаар шийдвэрээр: Татварын Ерөнхий  хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар 2013 оны 8 дугаар сарын 30, 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хяналт шалгалтын актын өр 20.720.500 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн өр 27.911.392 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 256.962 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангийн 1.394.280 төгрөг, нийт 50.283.134 төгрөгийг хариуцагч “Монхан констракшн” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Монхан констракшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 409.365 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 72 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/06226 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Монхан констракшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261.552 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Ганбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Татварын хэлтсийн нэхэмжилсэн татварын өр, акт торгууль, нөхөн татвар алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай компанийг “Болор Гоулд” ХХК, “Цэцэгт Рашаан” ХХК, “Далайдорж” ХХК-аас хуурамч НӨАТ-ын падаан авсан гэсэн үндэслэлээр хяналт шалгалт, акт торгууль, алданги, нөхөн татвар, хүү зэргийг тооцож 20.720.500 төгрөгийн нэхэмжлэл гаргасан.

Эдгээр компаниуд нь хуулийн дагуу хариуцлагаа хүлээсэн гэдгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Өлзийбаяр, Б.Баярмаа нар шүүх хурал дээр удаа дараа хэлж байхад манай компани дээр дээрх компаниудын бичсэн падаанд дахин давхар хариуцлага хүлээлгэх ёсгүй гэж үзэж байна. Энэ гаргасан шийдвэр нь татварын өршөөлийн тухай хуулийн акт торгууль, алданги зэргийг хөнгөлнө гэсэн заалтыг хэрэглэхгүй шийдвэрлэж байна гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн бүхэлд нь хангасан хэсгийг хянаж хуулийг адил тэгш хэрэглэж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч “Монхан констракшн” ХХК-д холбогдуулан 50.283.134 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа “...актаар ногдуулсан төлбөр, тайлангаар тодорхойлсон татвар...” гэж тодорхойлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзахдаа “...татварын улсын байцаагч шалгалт хийхдээ хуурамч падаан ашиглан тайлан хийсэн үзэж акт тогтоосон, ...татварын газраас өөр компаниудад олгосон НӨАТ-ийн падаан нь хуурамч, өөр компаний бичсэн падаан дээр хариуцлага хүлээхгүй...”  гэж маргасан байна.

Татварын улсын байцаагч “Монхан констракшн” ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, “Далайдорж” ХХК-с 27272.7 мянган төгрөг, “Цэцэгт рашаан” ХХК-с 31818.2 мянган төгрөг, “Хүслэнт булан” ХХК-с 7500.0 мянган төгрөгийн худалдан авалтын падааныг хий бичүүлэн авч НӨАТ-ын тайланд тусган албан татвар ногдуулах орлогыг бууруулан тооцсон зөрчил гаргасан гэж зохих хуулийн дагуу татвар, алданги, торгууль нийт 9.235.1 мянган төгрөгийг төлүүлэхээр 244166 тоот акт тогтоосон, Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 51 дүгээр тогтоолоор төлбөрийг хэвээр баталжээ.

Татварын улсын байцаагч “Монхан констракшн” ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 31-с 2013 оны 10 дугаар сарын 31-ний хүртэл хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 24/0002725 дугаар актаар нөхөн татвар, торгууль, алдангид нийт 12375.0 мянган төгрөгийн төлбөр тогтоожээ /хавтаст хэргийн 19-25 дугаар тал/.

Татвар төлөгч дээрх 2 актын талаар шүүхэд гомдол гаргаагүй байна.

Түүнчлэн “Монхан констракшн” ХХК нь НӨАТ-ын татварт 27.911.392 төгрөг, цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татварт 256.962 төгрөг, ААНОАТ-т 1.394.280 төгрөгийн тайлан гаргасан бөгөөд төлж барагдуулаагүй болохоо үгүйсгээгүй байна.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, тодруулбал хугацаанд нь төлөөгүй татварын өрийг барагдуулах ажиллагааг мөн хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулсан нь тогтоогджээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. 40.2, Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т нийцжээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл энэхүү хууль хувь хүнийг эрүүгийн болон захиргааны хариуцлагаас чөлөөлөх зорилготой, харин хуулийн этгээдэд хамаарахгүй болно.

Татварын албаны хяналт шалгалтаар нөхөн төлүүлэхээр тогтоосон татвар, алданги, торгуулийг өршөөлд хамруулахаар хуульд заагаагүй тул хариуцагчийн төлөөлөгчийн “...татварын өршөөлийн тухай хуулийг хэрэглээгүй” гэх гомдол үндэслэлгүй.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/06226 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 72 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Л.Ганбилэгийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 261.552 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ