Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2018/0383

 

2018 оны 07 сарын 04 өдөр                            Дугаар 221/МА2018/0383                                 Улаанбаатар хот

Я.П-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Я.П нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0309 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу Я.П-гийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0309 дүгээр шийдвэрээр: ”Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-ийн 1,15 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 4, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “1998 оны 07 дугаар сарын 01-нээс 2014 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаанд тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгалын шимтгэлд илүү төлөгдсөн 12.172.336 /арван хоёр сая нэг зуун даван хоёр мянга гурван зуун гучин зургаан/ төгрөг, тэтгэвэр тогтоох хувьд оруулан тооцохгүй гэж үзэж хассан 24 хоногт ногдох илүү төлөгдсөн 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөг, нийт 12.382.336 /12.172.336+210.000/ төгрөгийн илүү төлөлтөд тэтгэвэр авч эхэлсэн 2014 оны 04 дүгээр сарын 01-нээс хойш хугацаагаар тооцсон 6.191.168 төгрөгийн анзыг тус тус нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэгч Я.П-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Я.П-гийн “Тэтгэврийн нэмэгдэл тооцох хувь тогтоохдоо 18 сараар 2.25 хувиар тогтоосныг нэмэгдэл тооцох хугацааг 24 сар болгож тэтгэвэр нэмэгдүүлэх хувийг 3 хувиар тогтоож тэтгэврийн нэмэгдлийг дахин тооцож олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн зөвшөөрлийг баталж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгч Ч.П давж заалдах гомдолдоо: “Нийгмийн даатгалын тухай хууль 1994 оны 6 дугаар сарын 31-ний өдөр батлагдаж түүнийг 1996 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн энэ үед хуулийн 19 дүгээр зүйлийн 4/-д илүү төлсөн шимтгэлийг эргүүлэн авах буюу дараа төлөх шимтгэлд тооцон суутгуулах гэсэн заалт мөрдөгдөж энэ дагуу тооцоо хийгдэх байсан иймээс илүү төлөлтийг хожуу 2012, 2013 он гарсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар зохицуулах нь аргачлалыг хуулиас дээгүүр тавьж хууль зөрчсөн үйлдэл бөгөөд даатгуулагчийн эрхийг зөрчсөн үйлдэл юм. Нийгмийн даатгалын байгууллагаас гаргасан аргачлалын хугацааг баримтлан илүү төлөлтийг тооцож олгоно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Нөгөө талаар үндсэн байгууллагаас өөр байгууллагад ажилласан, нэмэгдэл орлогын байдлаас шалтгаалан нийгмийн даатгалын шимтгэлийн илүү төлөлтийн тооцоо нь явцын дунд хийгдэх боломжгүй байсан бөгөөд тэтгэвэр тогтоолгох үед тооцогдох, тодорхойлох боломж бий болж байгаа юм. Учир нь тэтгэвэр тогтоох үед бусад газруудаас авсан цалин хөлс, орлого нь нэгтгэгдэн бүх материал тэтгэвэр тогтоох байгууллагаар хянагдан тэтгэвэр авагчийн хувийн хэрэг нээгдэн тэнд хадгалагддаг. Тэтгэврийг оршин суугаа газрын нийгмийн даатгалын байгууллага тогтоох хуулийн заалттай. Иймээс ажиллаж байсан газрын харьяаллын нийгмийн даатгалын байгууллагаас оршин суугаа газрын нийгмийн даатгалын байгууллагад тэтгэвэр тогтоолгох материалыг бүрдүүлэн шилжүүлж өгснөөр тогтоогддог. Тухайлбал миний бие Баянзүрх дүүрэгт амьдардаг тул ажиллаж байсан газрын харьяаллын Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст үндсэн ажлын газраас авч байсан цалин, хөлсний нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан. Ингэхдээ хуулийн заалтын дагуу хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрүүдийг Баянзүрх дүүргийн хэлтэст шилжүүлэн аваачиж тэтгэврээ тогтоолгосон. Энэ байдал нь ажиллаж байсан байгууллагын харьяаллын дагуу илүү төлөлтийн тооцоо хийгдэх боломжийг олгодоггүй. Тодруулбал илүү төлөлтийн тооцоо хийх тэтгэвэр тогтоолгох талаар гарсан хууль, аргачлалуудын харьяалал тогтоосон зөрчлөөс болж энэ байдлыг ашиглан байгууллага хооронд түлхэх замаар шийдэлд хүрдэггүй иргэдийг хохироож байгаа юм. Нийгмийн даатгалын шимтгэлийн илүү төлөлтийг 1998 оноос тооцож байгаа нь Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 192 дугаар тогтоолоор “даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар” тогтоож уг тогтоолыг 1998 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдсөнтэй холбогдон үүсэж байгаа. Учир нь тухайн сард төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн дээд хязгаар мөн цалингийн энэ хязгаараас давахгүй байхаар тогтоогдсонд үндэслэгдэнэ. Нэгэнт тухайн сард авах цалин хөдөлмөрийн хөлсний дээд хязгаар тогтоогдсон нь мөн тухайн сард төлөх даатгуулагч болон ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн дүнг хязгаарласан хязгаарлалт гэж ойлгогдож байгаа. Хэрэв даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлд хамруулсан заалт гэж үзэх юм бол хуулийг ашиглан нийгмийн даатгалын санд төвлөрүүлж байгаа хөрөнгийг нэмэгдүүлж байгаа хууль бус үйл ажиллагаа болно. Бодит байдал дээр тухайн үед ч цалин хөлсний талаар хохирч байсныг жишээ болгоё. Ажиллагчийн амралтын мөнгийг олгохдоо нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цалин, хөдөлмөрийн хөлснөөс боддог. Тэгвэл үндсэн байгууллагаас өөр байгууллагаас авч байсан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цалин, хөдөлмөрийн хөлс нь мөн амралтын мөнгө бодогдох бүрэлдэхүүнд орох ёстой. Гэвч миний хувьд үндсэн байгууллагын төсөвт суугаагүй гэдэг шалтгаанаар амралтын мөнгө бодох бүрэлдэхүүнд оруулан тооцож авсан удаа байхгүй. Жишээ болгож авч байгаагийн хувьд гэвэл хохирч байсныг л тодруулах зорилготой. ... Би тэтгэвэр тогтоох хугацааг 32 жил 9 сараар тогтоосныг буруу гээгүй, харин хассан 24 хоногт ногдуулан төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн 210.000 төгрөгийг буцаан олгуулж өгөхийг нэхэмжилсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтуудыг баримтлан тэтгэвэр тогтоолгох хувийг тогтоохдоо сар хүрэхгүй байгаа 24 хоногийг хасаж тооцсоноос түүнд нэмэгдэл тооцогдохгүй болж хувийг хасаж байгаа тул энэ хугацаанд Нийгмийн даатгалын тухай 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төлсөн тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгал, мөн хуулийн 5 дахь хэсэгт заасан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалыг буцаан авах нөхцөл үүсэж байгаа юм. Манай улсын төлбөр тооцооны хуулиудад тооцоонд хамруулалгүй суутгал хийсэн бол буцаан олгодог зохицуулалт бий. Иймээс тэтгэврийн хувь тогтоох тооцоонд оруулалгүй хассан 24 хоногийн цалинд төлсөн 210.000 төгрөг нь буцаан олгогдох ёстой. Хасаж буцаан олгохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. ... Хуулийг хэрэгжүүлэхдээ харилцан адил тэгш, тэнцвэртэй байх зарчим баримталдаг үүднээс авч үзвэл нэг талыг баримталсан шийдвэр болсон бөгөөд миний эрх ашгийг зөрчиж байна. Хэрвээ би нийгмийн даатгалын хуулийг зөрчин шимтгэлийг дутуу буюу хугацаанд төлөөгүй бол Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2/-д заасан хариуцлагыг хүлээх байсан. Тэгвэл нийгмийн даатгалын байгууллага нь илүү төлсөн шимтгэлийг нэгд, буцаан олголт хийлгүй, хүүгүйгээр орлогын эх үүсвэр болгон ашиглаж байгаа, хоёрт, миний орлогын байдалд нөлөөлж байгаа төдийгүй надад үүссэн санхүүгийн дарамтыг бууруулахад ашиглах боломжийг хааж байгаагийнхаа төлөө хариуцлага хүлээхээс чөлөөлөгдөж байгаа нь харилцан адил тэгш, тэнцвэртэй байх зарчим мөрдөгдөхгүй болж байна. Шийдвэрийн тогтоох хэсгийн 3-д “захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх зүйлд заасны дагуу шийдвэрийн 2 даалтад хэргийн оролцогч нь гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү заалтыг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг хариуцагчид анхааруулсугай” гэснийг үндэслэн 1. 1998 оны 07 дугаар сарын 01-нээс 2014 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаанд тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгалын шимтгэлд илүү төлөгдсөн 12172336 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, 2. Тэтгэвэр тогтоох хувь тогтоох хувьд оруулан тооцохгүй, /нийгмийн даатгалын байгууллагын зүгээс хуулийн зохицуулалтгүй гэж үздэг/ гэж хассан 24 хоногт ногдох /2014 оны 2 дугаар сар / илүү төлөгдсөн 210.000 төгрөгийг хариуцагч буцаан олгох, 3. Хариуцлагын адил тэгш, тэнцвэртэй байх зарчим, миний хувьд илүү төлөлтийг буцаан аваагүйгээс бий болж байгаа сөрөг байдлуудыг харгалзан үзэж, 1998 оны 07 дугаар сарын 01-нээс 2014 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаанд тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгалын шимтгэлд илүү төлөгдсөн 12.172.336 төгрөгт Иргэний хуулийн 231.1-д зааснаар 6.191.168 төгрөгийн анз олгохыг Баянзүрх дүүргийн эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтэст даалгах шийдвэрүүд багтаж байгаа болно” гэжээ.

 ХЯНАВАЛ:

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

           Нэхэмжлэгч Я.П-гээс “1998 оны 07 дугаар сарын 01-нээс 2014 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаанд тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгалын шимтгэлд илүү төлөгдсөн 12.172.336 /арван хоёр сая нэг зуун даван хоёр мянга гурван зуун гучин зургаан/ төгрөгийг хариуцагч Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулах, Тэтгэвэр тогтоох хувьд оруулан тооцолгүй хассан 24 хоногт ногдох илүү төлөгдсөн 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөг, нийт 12.382.336 /12.172.336+210.000/ төгрөгийн илүү төлөлтөд тэтгэвэр авч эхэлсэн 2014 оны 04 дүгээр сарын 01-нээс хойш хугацаагаар тооцсон 6.191.168 төгрөгийн анзыг тус тус нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           Нэхэмжлэгч Я.П-гийн “тэтгэврийн даатгалын шимтгэлд 1998 оны 07 дугаар сарын 01-нээс хойш илүү төлсөн 3.115.262 төгрөгийг буцаан олгохыг хариуцагч даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 597 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгон хянан шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна.

           Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан буюу нэхэмжлэлд заасан үйл баримтыг хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа буюу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.

           Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхааралгүй тухайн нэхэмжлэлийн шаардлагыг дахин хянан шийдвэрлэсэн нь буруу байна. Монгол Улсын Засгийн газар болон Хөдөлмөр, нийгмийн зөвлөлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтоосон дээд хэмжээнээс илүү шимтгэлийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хугацаанд төлөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

           Мөн шүүх 2013 оны 03 дугаар сард 140.400 төгрөгөөс давсан буюу 11.944 төгрөгийн шимтгэлийг илүү төлснийг “Даатгуулагчийн үндсэн ажил олгогчоос гадна нэгээс дээш байгууллагад ажиллан илүү төлсөн шимтгэлийг буцаан олгох аргачлал”-ын 3.2-т “Хэрэв даатгуулагч илүү төлсөн шимтгэлээ авах үедээ ажилгүй болсон бол үндсэн ажил олгогчийн шимтгэл төлж байсан аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс тооцоо хийж даатгуулагчид олгоно”, 3.3-т “...даатгуулагч өөрийн биеэр ирж хүсэлт гаргасан тохиолдолд...олгоно” гэх заалтын дагуу шимтгэлийг буцаан авах боломжтой талаар үндэслэлтэй дүгнэжээ.

           Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4/-т “илүү төлсөн шимтгэлийг эгүүлэн авах буюу дараа төлөх шимтгэлд тооцон суутгуулах”-аар заасан бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт 2014 оны 02 дугаар сард Сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого хэсэгт 1.000.000, шимтгэл төлсөн Бүгд хэсэгт 210.000, үүнээс даатгуулагчаас хэсэгт 100.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд ажил олгогч болон даатгуулагч /нэхэмжлэгч/-ийн төлсөн нийт 210.000 төгрөгийг дан ганц даатгуулагч буюу нэхэмжлэгч Я.П-гээс тогтоосон хэмжээнээс илүү нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн гэж үзэхгүй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан захиргааны байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдоогүй, мөн анз тооцон нэхэмжилснийг хангах боломжгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

            Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0309 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Я.П-гийн нэхэмжлэлийн шаардлагаас “1998 оны 07 дугаар сарын 01-нээс 2014 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэлд илүү төлөгдсөн 3.115.262 /гурван сая, нэг зуун арван таван мянга, хоёр зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулах” тухай хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Я.П-гийн “тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгалын шимтгэлд илүү төлөгдсөн 9.057.074 /есөн сая, тавин долоон мянга, далан дөрвөн/ төгрөгийг гаргуулах, тэтгэвэр тогтоох хувьд оруулан тооцохгүй гэж хассан 24 хоногт ногдох илүү төлөгдсөн 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөг, илүү төлөлтөд тэтгэвэр авч эхэлсэн 2014 оны 04 дүгээр сарын 01-нээс хойш хугацаагаар тооцсон анзыг олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг “3”, 3 дахь заалтын дугаарыг “4”, 4 дэх заалтын дугаарыг “5”, 5 дахь заалтын дугаарыг “6” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                            ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

                                                            ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА

                                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР