Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 041

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өлгий сумын 9 дүгээр багийн оршин суугч А.Дамысбекийн нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох;

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Өлгий сум хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилохыг тус газрын даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Дамысбек, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Адилбек, хариуцагч Ш.Марат, гуравдагч этгээд Е.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Айдынгүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зарласан ажлын байр болох Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Өлгий сум хариуцсан байгаль хамгаалагчийн сул орон тоонд бүртгүүлэн улмаар тус салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 30 тоот тогтоолоор уг орон тоонд миний нэрийг дэвшүүлсэн билээ.

Би Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 81 тоот тогтоолоор туслах түшмэл ангиллын төрийн жинхэнэ албанд анх орох иргэдийн нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн юм. Аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаар албан бичгээр миний нэрийг дэвшүүлсэн тухай тогтоолыг хүргүүлсэн боловч одоог хүртэл ажилд авах тухай тушаал гаргахгүй байна. Аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хандаж тушаал гаргаагүй, томилгоо хийгээгүй талаар удаа дараа мэдэгдсэн ба салбар зөвлөлөөс Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.Маратад хэлж, тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаар мэдэгдсэн боловч биелүүлэхгүй байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт зааснаар мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна гэж заасныг зөрчиж, томилгоо хийхгүй байгаа тул Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Өлгий сум хариуцсан байгаль хамгаалагчаар томилох тушаал гаргахыг тус газрын дарга Ш.Маратад даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус газрын Өлгий сумын ногоон бүс хариуцсан байгаль хамгаалагчаар Е.Серикжан түр томилогдон ажиллаж байсан ба уг орон тоонд төрийн албаны шалгалт зарлаж, шалгалтад хамгийн өндөр оноо авсан Х.Сулушаш томилогдон ажиллаж байна. Чөлөөлөгдсөн Е.Серикжаныг түр гэрээтээр ажиллуулж байгаад Өлгий сумыг бүхэлд нь хариуцан ажилладаг Б.Есей өндөр насны тэтгэвэрт гаргахад оронд нь Е.Серикжаныг түр томилон ажиллуулж байна. Е.Серикжан нь төрийн албаны шалгалт өгөөгүй учир Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс А.Дамысбекийг уг албан тушаалд томилуулах талаар нэр дэвшүүлсэн тогтоолыг ирүүлсэн. Гэвч А.Дамысбекийг томилоход цалингийн фонд хүрэлцэхгүй байгаа учир томилгоо хийгээгүй болно. Одоогоор Өлгий сумд 2 байгаль хамгаалагчийн орон тоо байгаа болно гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2010 оноос эхлэн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт идэвхтэн байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад улмаар Н.Ахытхан даргын 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 04 дүгээр тушаалаар тус аймгийн Өлгий сумын ногоон бүс хариуцсан байгаль хамгаалагчаар ажилд томилогдсон. Гэтэл Н.Ахытхан дарга өндөр насны амралтад гарч Ш.Марат дарга болсон.Тэгээд тухайн ногоон бүс хариуцсан байгаль хамгаалагчийн орон тооны сонгон шалгаруулалт болж,уг шалгалтад миний санаж байгаагаар 6 хүн орсон, энэ А.Дамысбек орж байсан, би орж тэнцээгүй. Уг 6 хүнээс хамгийн өндөр оноо авсан Х.Сулушашийг Ш.Марат дарга 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тушаал гаргаж ажилд томилсон учраас би ажлаа хүлээлгэж өгсөн юм. Тэгээд би 1 сарын хугацаанд ажилгүй байсан. Дарга Ш.Марат нь 24 дүгээр тушаалаар 2015 оны 06 дугаар сарын 16-ний өдрөөс намайг гэрээт байгаль хамгаалагчаар ажиллуулсан ба орлогоор цалинжуулах тушаал гаргасан. Дараа нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаар тушаал гаргаж, Өлгий сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан Б.Есейгийн оронд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилд авсан. Миний бие төрийн албаны шалгалтад ороход бэлэн байна. Энэ орон тоонд шалгалт авах шалгаруулалт явуулаагүй.

Монгол улсын иргэн сурч боловсрох, ажиллах эрхтэй тул миний бие энэ салбарт олон жил ажилласны хувьд шалгалт өгөх, ажиллах эрхтэй гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Өлгий сум хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилохыг тус газрын даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

1. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өлгий сум хариуцсан байгаль хамгаалагчаар ажиллаж байсан Б.Есейг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр 47 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, энэхүү албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр гуравдагч этгээд Е.Серикжаныг 46 дугаар тушаалаар томилж, дараа нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр уг орон тоог нөхөх тухай захиалгыг аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд ирүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[1] тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт...төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно, Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын Гурав-ын 3.1-дТөрийн албаны тухай хуулийн 21.1-д заасан эзгүй байгаа албан хаагчийн, мөн хуулийн 17.1-д заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ,3.3.2-т...Төрийн албаны тухай хуулийн 24.1-д заасан үндэслэлээр албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх тохиолдолд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан гэдэгт тооцно гэж тус тус заажээ.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд иргэн Б.Есейг төрийн албанаас чөлөөлснөөр Өлгий сум хариуцсан байгаль хамгаалагчийн сул орон тоо гарч, уг орон тоог нөхөх хүртэлх хугацаанд гуравдагч этгээд Е.Серикжанаар тухайн албан хаагчийн албан үүргийг нь түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь тогтоогдож байх тул томилох эрх бүхий этгээдээс Өлгий сум хариуцсан байгаль хамгаалагчийн сул орон тоог нөхөх тухай захиалга өгсөн нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4 дэх хэсэгтэй тус тус нийцсэн байна гэж дүгнэлээ.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-д тус тус зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлэх журамтай, гэтэл гуравдагч этгээд Е.Серикжан нь төрийн жинхэнэ албан хаагч биш, тухайн үед уг байгууллагад орлогоор цалинжих гэрээт байгаль хамгаалагчаар ажиллаж байсан тул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаар Ажилд түр томилох тухай тушаал нь хуульд нийцээгүй захиргааны акт болохыг дурьдах нь зүйтэй.

2. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4 дэх хэсэгт тус тус зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд нь эхлээд тухайн байгууллага болон төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөх эрхтэй, энэ журмаар тухайн сул орон тоог нөхөх боломжгүй тохиолдолд төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс тухайн албан тушаалд тавигдах онцлог шаардлагыг харгалзан сонгон шалгаруулж авах хүсэлтээ төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлд гаргах замаар нөхөх, ингэж нөхөх боломжгүй бол шаардлага хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалт авах журмаар тухайн орон тоог нөхөхөөр зохицуулжээ.

Томилох эрх бүхий этгээдээс маргаан бүхий орон тоо болох Өлгий сум хариуцсан байгаль хамгаалагчийн сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар нөхөх боломжгүй гэж үзэж, нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс сонгон шалгаруулж авахаар ирүүлсэн захиалгын дагуу аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь 2016 оны 05 дугаар сард уг сул орон тоог төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй иргэдээс сонгон шалгаруулах замаар нөхөх талаар нийтэд мэдээлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 17.5 дахь заалтад тус тус нийцсэн байна гэж үзлээ.

Гуравдагч этгээдээс Өлгий сум хариуцсан байгаль хамгаалагчийн сул орон тоог нийтэд зарлаж, төрийн албаны мэргэшлийн шалгалт аваагүй, шалгалтад орох, уг албан тушаалд ажиллах эрхтэй гэж маргасан ба энэхүү тайлбар нь дараах үндэслэл, нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Гуравдагч этгээд Е.Серикжан нь анх аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Өлгий сумын ногоон бүс хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд тус газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тушаалаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад орохгүйгээр түр томилогдсон байх ба 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр салбар зөвлөлөөс энэхүү орон тоог төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтаар нөхөхөөр нийтэд зарласан байна.

Уг зарын дагуу нэхэмжлэгч А.Дамысбек, гуравдагч этгээд Е.Серикжан, Х.Сулушаш нарын 15 хүн бүртгүүлснээс төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн Х.Сулушаш, А.Дамысбек нарыг Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэж, Х.Сулушашыг уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлснээр тус газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар тушаалаар түүнийг Өлгий сумын ногоон бүс хариуцсан байгаль хамгаалагчийн ажилд томилж , Е.Серикжаныг чөлөөлсөн байна. Үүний дараа Е.Серикжан нь тус газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр тушаалаар орлогоор цалинжих гэрээт байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаар тушаалаар Өлгий сум хариуцсан байгаль хамгаалагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхээр томилогдсон, 2016 оны 05 дугаар сард уг сул орон тоог төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэдээс сонгон шалгаруулж нөхөх талаарнийтэд мэдээлсэн байна.

Эдгээр үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[2] тогтоогдсон ба дээр дурдснаар маргаан бүхий Өлгий сум хариуцсан байгаль хамгаалагчийн сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар төрийн албаны мэргэшлийн шалгалт авах замаар нөхнө гэж зарлаагүй, харин 17.4-т зааснаар буюу өмнө нь төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэж, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс шалгаруулж авахаар зарласан, гэтэл гуравдагч этгээд Е.Серикжан нь 2015 оны 3 дугаар сард зохион байгуулагдсан Өлгий сумын ногоон бүс хариуцсан байгаль хамгаалагчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад орж тэнцээгүй, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй байх тул гуравдагч этгээдийн дээрх тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

3. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйлийн 16.3, 17 дугаар зүйлийн 17.2, 17.4 дэх хэсэгт тус тус зааснаар тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан, төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн, төрийн албаны төв байгууллагаас /салбар зөвлөл/ тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн иргэнийг төрийн жинхэнэ албанд томилох журамтай.

Нэхэмжлэгч А.Дамысбекийг 2015 оны 03 дугаар сард зохион байгуулагдсан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Өлгий сумын ногоон бүс хариуцсан байгаль хамгаалагчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан гэж үзэж бүртгэсэн байх ба тэрээр уг төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэнээр төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр бүртгэгдсэн байна. 2016 оны 05 дугаар сард аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс маргаан бүхий Өлгий сум хариуцсан байгаль хамгаалагчийн сул орон тоог төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс нөхөх талаар нийтэд мэдээлсний дагуу нэхэмжлэгч А.Дамысбек нь бүртгүүлж, улмаар салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаар тогтоолоор[3] түүнийг уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн нь Төрийн албаны тухай 17 дугаар зүйлийн 17.2, 17.4 дэх заалттай тус тус нийцсэн байна.

Гуравдагч этгээд Е.Серикжан нь Өлгий сум хариуцсан байгаль хамгаалагчийн сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах шаардлага, болзлыг ханган хуульд заасан журмын дагуу томилогдоогүй байх тул уг орон тоог сул орон тоо гэж үзэх үндэслэлтэй, мөн төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог ямар журмаар нөхөхийг Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан бөгөөд маргаан бүхий орон тоонд гуравдагч этгээдийн ажиллаж байгаа нь уг орон тоог зайлшгүй төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалт явуулах замаар нөхөх, түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах үндэслэл болохгүй, энэ нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчим, 4.2.4-т заасан иргэд, хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх гэсэн зарчмуудтай нийцэхгүй гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч А.Дамысбекийг Өлгий сум хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн нь дээрх байдлаар хуульд нийцсэн байх тул Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д ...мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн байгууллагын холбогдох эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ байгууллагын төсөв, цалингийн сан хүрэлцэхгүй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч өөрөө тухайн сул орон тоог нөхөх тухай захиалга ирүүлсэн, маргаан бүхий орон тоо нь тухайн байгууллагын бүтэц, орон тоонд багтаж байгаа, мөн уг орон тоонд гуравдагч этгээдийг ажиллуулж, цалин хөлс олгож байгаа[4] тул уг тайлбар нь үндэслэлгүй гэж үзсэнийг дурьдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.2, 17.4, 17.5, 17.6 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А.Дамысбекийг Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Өлгий сум хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилохыг тус газрын даргад даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ