| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0544/э |
| Дугаар | 575 |
| Огноо | 2018-07-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 575
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Э.Бадрал,
Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Ц-д холбогдох эрүүгийн 1711006320420 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б овогт Б.Ц, Монгол Улсын иргэн, 1963 оны 8 сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, дунд боловсролтой, эмчилгээний тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 6 дугаар гудамж 31-1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:.............. /.
Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хандгайтын 10-145 тоотод орших нийтийн байранд хохирогч Ө.Мичидмаагийн байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж пүүз, куртик, үсний индүү, бэлэн 10.000 төгрөг, 2 ширхэг карт зэргийг хулгайлж 153.300 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ц-аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...байшин руу ороход нийтийн байр байсан. Би байшин руу ороод эхний хаалгыг нь татаад үзэхэд газарт нэг эрэгтэй унтаж байсан. Хувцаснуудаа угаагаад өлгөчихсөн байсан. Би даараад байсан учир тэр айлаас угаагаад өлгөсөн байсан хар хөх өнгийн богино загвартай нойтон куртик, угаасан хувцасны доор буланд байсан эрэгтэй хүний улаан өнгийн пүүз, эмэгтэй, хүний хар өнгийн цүнх аваад гарсан. Тэгээд гарахдаа өмсөж явсан гутлаа гадаах хогийн сав руу хийгээд гутал куртикийг нь өмсөж явсан. Цүнхийг нь уудлаад үзэхэд жижиг үсний индүү, худгийн усны карт, банкны карт, гоо сайханы уруулын будаг, пудр, харандаа, хумсны лак зэрэг байсан …” гэх мэдүүлэг /хх-42-43х/,
Шүүгдэгч Б.Ц-аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Ө.Мичидмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 оны 9 дүгээр сарын 2-ны 20 цагийн үед манай нөхөр гэртээ унтаж хоцроод би охинтойгоо хажуу айл руу ороод 10 минут болоод гэртээ ортол леброн пүүз, Хаан банкны карт, хавар намрын куртик, усны карт, бэлэн 10.000 төгрөг, үсний индүү, хар өнгийн гар цүнх, гоо сайханы хэрэгсэл гэх эд зүйлс алдагдсан байсан. Манай нөхөр тухайн үед ямар нэгэн чимээ сонсоогүй унтаж байсан гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-16-17х/,
Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-25-26х/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 487 тоот дүгнэтэд: “1. Б.Ц нь Органик сэтгэлийн хөдөлгөөний эмгэг, зан төрхийн өөрчлөлт, сэтгэцийн эмгэгтэй байна. Б.Ц нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Б.Ц нь нойргүйдэл, сэтгэл санаа тогтворгүй, зан төрхийн өөрчлөлт хам шинж илэрч байна.
2. Б.Ц нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. Б.Ц нь хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /хх-28-31х/,
Шүүгдэгч Б.Цийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-85х/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-86х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хандгайтын 10-145 тоотод орших нийтийн байранд хохирогч Ө.Мичидмаагийн байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж пүүз, куртик, үсний индүү, бэлэн 10.000 төгрөг, 2 ширхэг карт зэргийг хулгайлж 153.300 төгрөгний хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Ц-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Ц-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтов.
Хохирогч Ө.Мичидмаад учруулсан гэм хорын хохирол болох 153.300 төгрөгийг шүүгдэгч Б.Цаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг 1 СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь 86 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Ц-ийг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Ц-ид оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийн цагдан хоригдсон нийт 86 /наян зургаа/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-аас хохирлын 153.300 төгрөгийг гаргуулан хохирогч Ө.Мичидмаад олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хадгалсугай.
7. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-ид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН