Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ДШМ/38

 

  

 

 

Б.Мад холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;  

Прокурор: Ц.Цэрэндулам,

Шүүгдэгч: Б.М, түүний өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж хийсэн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Мад холбогдох 2519000000014 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.   

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*,

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.М нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн * баг спорт заалны хойд талын засмал зам дээр цагдаагийн алба хаагч Б.Бг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүрэн тус газарт нь цохиж хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “…Шүүгдэгч * Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Мыг 1 жилийн хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мын эдлэх ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сараар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мад оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мад анхан шатны шүүхээс 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн үйлдсэн гэмт хэргийн шинж байдалд тохироогүй буюу ял хүндэдсэн гэж үзэж байна.

Б.Мын хувьд цагдаагийн албан хаагчийг эсэргүүцэж нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохисон үйлдлийг гаргасан байдаг ба энэ үйлдлийн гэм бурууг анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч Б.Бгийн зүгээс хохирлын талаар ямар нэгэн байдлаар гаргаж өгөөгүй боловч 3,000,000 төгрөгийг нэхэмжилснийг төлж барагдуулсан. Үүнээс харахад хэдийгээр энэ хэрэгт гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байхад хохирлыг барагдуулсан нь Б.М нь өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь бодитой харагдаж байна гэж үзэж байна.

Б.Мын эрүүл мэндийн хувьд гомдолд дурдагдсанаар цагдан хорих байранд хоригдсоноос хойш 3 удаа яаралтай түргэн тусламжид үзүүлсэн. Мөн өнөөдөр шүүхийн хэлэлцүүлгээс өмнө аймгийн нэгдсэн эмнэлгийн 103-т дуудлага өгч үзүүлсэн тухай тэмдэглэлд артерийн даралт 190 хүрсэн, цаашид зүрх судасны эрсдэлтэй байна гэсэн эмчийн бичиг зэрэг энэ хүний эрүүл мэндийн байдал болон хохирол, төлбөр төлсөн, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 12 дугаар сарын 28-ны өдрийн үйлдэлд нь тохируулан ял оногдуулж буюу 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.

Энэ хүний хувьд ам бүл 5 буюу эхнэр, 3 хүүхдийн хамт Zeta-Од нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг ба хувиараа хөдөлмөр эрхэлдэг учраас торгуулийн ялыг төлөх үндэслэлтэй тул торгох ял оногдуулж өмнөх тэссэн харгалзах ялаас тусад нь эдлүүлэхээр торгуулийн ял оногдуулж өгнө үү. Өмнөх хорих ял оногдуулахгүйгээр тэссэн харгалзах ялыг тус тусад нь эдлүүлж өгнө үү.” гэжээ.

6.Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж байна. Өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэв.

7.Прокурор Ц.Цэрэндулам шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоол бол хууль ёсны үндэслэлтэй учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай шүүх хуралдаанд оролцоно.

Гэхдээ Б.Мын хувьд цагдан хорих байранд байх хугацаандаа 103-т дуудлага өгч удаа дараа үзүүлж байгаа талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас прокурорт танилцуулсан. Биеийн байдлын талаар тодруулахаар очиж уулзахад даралт ихсээд түргэн тусламжаар хүргэгдэж байна гэдэг асуудлыг тавьсан.

Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ялын прокурорт тухайн нөхцөл байдлыг ярьж хэлж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд ял хөнгөрүүлж оногдуулах талаар тусгасан байдаг тул прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр нь өөрөө үндэслэлтэй.

Гэхдээ өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдлыг хангах эсэх нь шүүхийн эрх мэдлийн хэмжээтэй холбоотой асуудал учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж оролцож байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг, шүүгдэгч Б.М нарын давж заалдсан гомдлуудад үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүгдэгчийн урьд шүүхээр шийтгүүлж, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн албадлагын арга хэмжээг хүчингүй болгож хорих ял оногдуулахдаа холбогдох Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй, тогтоох хэсгийн зарим заалтад шүүгдэгчийн нэрийг буруу бичсэн, шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан журмыг баримтлаагүй зэрэг нөхцөл байдлууд нь шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл болсон.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар “...2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн * баг, спорт заалны орчимд байх замд зам тээврийн осол гарсны улмаас ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор очсон   цагдаагийн алба хаагч Б.Бгийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон, ослын нөхцөлд өөрөө хамааралгүй байж цагдаагийн албан хаагчид “... пязда минь ... энэ осол чинь надад ямар хамаатай юм”  гэж тамхины утаагаа нүүр лүү нь үлээж “... нэг цагдаа намайг барахгүй, нэлээд хэдэн цагдаа намайг барна шүү” гэж хэлж салаавч гаргасан,  нүүрэн тус газар нь цохиж биед нь “баруун дээд 1,2 дугаар шүдний паалангийн эмтрэл, зөөлөн эдийн няцрал бүхий хохирлын зэрэг тогтоогдоогүй гэмтэл учруулсан”  үйл баримт болсон.

Шүүгдэгчийн энэ үйлдэлд Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

3.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.  

Тодруулбал: Зам тээврийн осол гарсны дагуу хэргийн газарт ажиллаж байгаа цагдаагийн эрх бүхий албан тушаалтан Б.Бг “...чөлөөтэй зорчуулсангүй” гэх үндэслэлээр эсэргүүцэж, биед нь халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэсэн...” гэх гэмт хэргийн шинжид нийцсэн байна.

Хууль сахиулагч нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах талаар хуулиар  хүлээлгэсэн чиг үүрэг хэрэгжүүлдэг төрийн тусгай албан хаагч ба энэ үүргийнхээ дагуу үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж түүнээс тавьсан хууль ёсны шаардлагыг иргэнээс биелүүлэх үүрэгтэй байтал шүүгдэгч Б.М эсэргүүцэж, биед нь халдсан нь түүний буруу юм.

Шүүгдэгч Б.Мын гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан хохирогч Б.Бгийн мэдүүлэг, хохирогчийн биед шүүх эмнэлгийн үзлэг хийж гаргасан шинжээчийн 82 дугаартай дүгнэлт, хохирогч Б.Б нь 2024 оны 12 дугаар сарын 28-нд албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын баталсан ажил, үүргийн хуваарь, гэрч Б.Э, М.Н нарын мэдүүлгүүд зэргээр тус тус тогтоогдсон ба шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр давхар батлагдан тогтоогдсон.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт олж авагдсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байна.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ялаас анхан шатны шүүх 6 сарын хугацаагаар хорих ялыг сонгож хэрэглэсэн нь ялын доод хэмжээ тул хүнд биш, шүүгдэгч урьд нь шүүхээр шийтгүүлж, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд санаатайгаар дахин гэмт хэрэг үйлдсэн байна.

5.Харин шүүгдэгч Б.М энэ гэмт хэргийг үйлдэхийн өмнө Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ны 2024/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахдаа түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах байтал Эрүүгийн хууль баримтлалгүйгээр 1 жилийн хорих ял оногдуулж хэрэглэвэл зохих Эрүүгийн хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ялаас анхан шатны шүүхээс тогтоосон  нэг жилийн хорих ялаар шийтгэх нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хэр хэмжээнд нь тохирно гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

6.Шүүх шүүгдэгч Б.Мад энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял оногдуулж байгаа тул Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг хэрэглэх байтал мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэсэн нь мөн буруу болсон.

Иймд Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мад Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг  1 жил 6 сарын хугацаагаар тогтоох гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Шүүх хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулахдаа тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн 6.8-д заасан журмыг хуульд зааснаар нь баримтлаагүй байсан.

Эдгээр үндэслэл, нөхцөл байдлууд нь шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл олно.

7.Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтад шүүгдэгчийн нэрийг “Мөнхбар” гэж алдаатай бичсэн, 5 дугаар заалтад оногдуулсан ялыг орхигдуулж бичсэн зэрэг техникийн шинжтэй алдаанууд гаргасныг мөн засч зөвтгөн өөрчлөлт оруулах үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасан хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулах үндэслэлд хамаарч байна.

8.Эдгээр үндэслэл нөхцөл байдлуудаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан торгох ялаар шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан ялуудыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэх агуулга бүхий үндэслэлээр гаргасан давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзсэн.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолын 3 дугаар заалтад “...Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ны 2024/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх, мөн хууль, зүйлийн 3.1-т зааснаар насанд хүрээгүй хохирогч М.Цхарилцахыг хориглох албадлагын арга хэмжээ авсныг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж шийтгэсүгэй” гэж,

              4 дүгээр заалтад: “ ...Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мад Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг  1 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай” гэж,

              5 дугаар заалтад “...1 жил 6 сарын хорих ял” гэдгийг нэмж, тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

              2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь давж заалдах шатны шүүхийн магадлал уншиж сонсгох хүртэл нийт 49 хоног цагдан хоригдсоныг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

              3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ

ШҮҮГЧ А.САЙНТӨГС

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БОЛОРМАА

ШҮҮГЧ                                   Б.НАРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС