| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0556/э |
| Дугаар | 576 |
| Огноо | 2018-07-30 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 576
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оч,
улсын яллагч Т.Эрдэнэбат,
шүүгдэгч С.Б/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан С.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811014400605 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Д баян овогт С.Б, 1975 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх дэнж гудамж 30 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/.............. /,
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумаас гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би өвөл галын түлээ хийх гэж бэлтгэсэн мод байсан. Би үлдэгдэл модоо айлд өгөх гэж явж орж ирсэн” гэв.
Хохирогч Э.Тамираас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Сэлэнгэ аймгийн Мандал сумаас мод бэлтгэх тохиолдолд харъяа нутаг дэвсгэрийн буюу Мандал сумын ойн ангиас зөвшөөрөл авч байгаа. С.Бгэдэг хүн зохих зөвшөөрлийн дагуу модоо бэлтгэсэн тул манай суманд ямар нэг хохирол учраагүй. Харин С.Бтэрхүү модоо өөр аймаг, сум руу тээвэрлэх тохиолдолд заавал гарал үүслийн гэрчилгээ ойн ангиас авах ёстой байсныг мэдэлгүй авч явсан байна...” гэх мэдүүлэг. /хх-24-26х/,
Яллагдагч С.Б мэдүүлэхдээ: “...Тэгээд 2018 оны 2 сард би Байгаль орчны газраасаа 3м3 мод бэлтгэхээр зөвшөөрөл аваад тэрийгээ гэртээ байсан 17-66 СЭҮ улсын дугаартай портер маркийн автомашинаараа ачиж гэртээ буулгасан юм. Тэрийгээ хэрэглэхгүй байж байгаад 2018 оны 5 сарын 7-ны өдөр ногоо тарих гээд мөнгө олох санаатай Улаанбаатар хот руу явсан юм. Харин явахдаа ямар ч мод бэлтгэх зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ирчихсэн юм. Учир нь урьд н ерөөсөө тэгэж явж үзээгүй болохоор мэдэлгүй ирсэн юм. Тэгээд хотод 2018 оны 5 сарын 8-ны өглөө үүрээр орж ирж байгаад цагдаа нар зогсоогоод гарал үүслийн гэрчилгээ байхгүй гэдэг шалтгаанаар энд ирсэн юм …” гэсэн мэдүүлэг. /хх35-37х/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-6х/,
Модны экологи, эдийн засгийн үнэлгээ /хх-7-9х/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-13х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумаас гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Б-ыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Тамир нь гэм буруутай этгээдээс нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д овогт С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Б-ыг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Б-т оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд буюу 2018 оны 9 дугаар сарын 28-ны дотор төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт С.Б-ын гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэхдээ унаж явсан Ж.Отгондаваагийн эзэмшлийн 17-66 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилснийг хүчингүй болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН