Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 136

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

        Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

        Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

     Шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Я.Динагаас Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тугчин овогт Т.Б-т холбогдох  11835002370156 дугаартай  эрүүгийн хэргийг 2018  оны 8  дугаар сарын  14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 05-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, аав, ээж нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг Цэдэнбалын гудамж 05 тоотод оршин суух Тугчин овогт Т.Б. /РД:ОЭ82120511/.

     Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 12-15 тоот хашаанд байх хохирогч У.Б-ы гэрээс samsung j7 загварын гар утас хулгайлж,  520.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   1. Шүүгдэгч Т.Б бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

      2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн 12-15 тоот хашаанд байх хохирогч У.Б-ы гэрээс samsung j7 загварын гар утас алдагдсан байна.

      хохирогч У.Б-ы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өглөө нь ажлаасаа буугаад гэртээ ирээд 15-16 цагийн орчим гэртээ унтахдаа утсаа хажуудаа тавиад унтсан. Урьд орой нь ээлжинд гарч ядарсан болохоор юу ч мэдэхгүй унтсан байсан. Тэгээд 17 цагийн орчим босоод ирэхэд миний утас байгаагүй. Намайг унтаж байхад манай хүүхдүүд гэрт байсан. Тэгээд гаднаас ямар нэгэн хүн орж ирсэн эсэхийг асуухад манай охин Номин “таныг унтаж байхад манай гэрт гаднаас нэг хүн орж ирээд гарсан” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн ээж Бгаас асуухад уранхай “ноорхой цоохор цамцтай, ундааны саванд хар цай хийчихсэн нэг залуу ирээд гадна байгаа машины жолооч байна уу гэж асуугаад танайх руу орсон” гэж надад хэлсэн. Тэгээд 20 айл дэлгүүрийн худалдагчаас асуухад “Төвсанаа овогтой Б гэгч нь согтуу тэр хавиар байгаад байхаар нь явуулсан” гэж надад хэлсэн. 2017 онд samsung j7 загварын гар утсаа 780.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм” гэх мэдүүлэг /хх-13-17-р талд/,

       иргэний нэхэмжлэгч П.П.ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 11-р баг Хөдөлмөрийн дээд сургуулийн дэргэд явж байтал Т.Б гэдэг хүн согтуу явж  байгаад надтай тааралдаж би нэг утас зарах гэсэн юм, чи авчих гэхээр нь та хэдээр өгөх юм бэ гэхэд 50.000 төгрөг гэж хэлсэн. Тэр утасыг харахад цэвэрхэн гоё утас шиг байхаар нь би эхнэртээ очиж үзүүлж байгаад больё гэж хэлээд би гэрлүүгээ дагуулж яваад эхнэртээ тэр утсыг үзүүлэхэд samsung j7 загварын утас байна, сүүлд гарсан сайн утас гэхээр нь би 25.000 /хорин таван мянга/ төгрөгөөр авсан. Тухайн үед би Т.Б-иас энэ утас ямар учиртай утас бэ гэхэд манай буудалд өрөө авч хоноод тавьчихаад буцааж аваагүй хүний утас байгаа юм тэр хүн мөнгөгүй гээд надад өгчихсөн юм гэж хэлэхээр нь би авчихсан. Тэгээд маргааш нь манай гэрт ирээд нөгөө утас чинь хаана байгаа юм бэ гэхэд гэрт цэнэглэж байна гэхэд буцаад яваад өгсөн. Тэгээд түүнээс хойш хэд хоногийн дараа цагдаа намайг утас аваад ир гэж байна гэхээр нь би та юу яриад байгаа юм хоёулаа наймаа хийсэн шүү дээ ямар учиртай юм бэ гэхэд би хулгайлсан юм гэсэн. Тэгтэл би Б-т хандаж би танд итгэхгүй байна надаас аваад цааш нь барьцаанд тавих гэж байна гэж бодоод өгөөгүй. Тэгтэл 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр намайг цагдаагаас дуудаж тэр утсыг хурааж авсан. Тэгээд би Б-тай уулзаад та яагаад надад хулгайн юм өгч байгаа юм бэ? миний хохирлыг барагдуулж өг гэхэд Т.Б надад 25.000 төгрөг өгөөд Өмнөговь сумаас орж ирэх явах зардал гэж 30.000 төгрөг нийт 55.000 төгрөг өгсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-19-20-р талд/,

      гэрч С.Отгонтуяагийн хэрэг бүртэлтийн шатанд өгсөн:“ Манай нөхөр Б 6 дугаар сарын дундуур өөрийн samsung j7 маркийн гар утсаа өөрийн гэртээ унтаж байгаад гэрээсээ алдсан. Тухайн үед манай нөхөр Б ажил дээрээ хоноод гэртээ ирээд унтаж байхад нь гаднаас хүн орж ирээд утсыг нь аваад явчихсан байсан. Нөхөр Б samsung j7 загварын алтлаг шаргал өнгийн утастай байсан. Утасныхан шилэн наалт зүүн дээд өнцөгтэй бага зэргийн цуурчихсан байсан. Мөн шилэн наалт нь голоороо бага зэргийг цуурчихсан байсан. Өөр ямар нэгэн содон гэхээр зүйл байхгүй байсан. 2017 оны хавар 780.000 төгрөгөөр худалдаж авч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,

         гэрч Э.А-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би 2018 оны 6 сарын дундуур ажлаа тараад 16-17 цагийн орчим гэртээ ирээд байж байхад манай нөхөр П хажуудаа Б гэх хүнийг дагуулаад ирсэн. Тэгээд нөхөр П “Б ахад нэг утас байна, чи нэг хараадахаач” гэж хэлэхээр нь утас нь авч харахад samsung j7 загварын гар утас байсан. Тэгээд асааж үзэхэд тухайн утас хэвийн асаж байсан бөгөөд цоожтой байсан. Тухайн үед Б гэх хүн нөгөө утсыг нь аваад цоож нь ингэж тайлагддаг юм гэж хэлээд цоожийг нь нээж өгсөн. Б гэх хүн наад утсаа шууд порматлачих зураг энэ тэр байна лээ гэж хэлэхээр нь манай нөхөр П нөгөө утсыг проматласан. Тухайн утсанд байсан 2 ширхэг сим картыг Б гэх хүн аваад хаячихсан. Би ямар учиртай утас болохыг асуухад Б гэх хүн “манайд буудалд барьцаанд барьцаанд байсан утас юм. Хугацаа нь хэтрээд 2-3 хонож байна. Тэгэхээр нь би буудлаасаа аваад гараад ирлээ гэж хэлж байсан. Манай нөхөр П “ надад 25.000 төгрөг л байна. 25.000 төгрөгөөр зарвал авна, тиймгүй бол манайх авахгүй гэж хэлсэн. Тэгтэл Б гэх хүн сууж байгаад за наад 25.000 төгрөгөө өгчих дээр нь таксины мөнгө өгөөрэй гээд 3000 төгрөг нэмж аваад явсан. Манай нөхөр П хэлэхдээ “Б бид нар ирж байхад утасны кейсийг нь машины цонхоор гаргаад шидчихлээ гэж хэлж байсан. Тухайн утасны шил нь наалт хөндлөн чиглэлд цуурсан босоо чиглэлд зурагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-23-24-р тал/,

     гэрч Л.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Манайх хүү У.Б-ы хашаанд байдаг. 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр У.Б ажлаасаа ирээд гэртээ унтаж байсан бөгөөд би тэдний байшингийн сүүдэрт сууж байтал нэг ноорхой хувцастай согтуу залуу У.Б-ы байшин руу орчихоод буцаж гарч ирчихээд над руу ирж та архи уух уу гэхэд би тийм юм хэрэглэдэггүй гэхэд тэр залуу хашаанаас гараад явсан. Тэр залуу их архи уудаг бололтой муухай үнэртэй байсан. У.Бы гэр лүү ганцаараа ороод гарахдаа утас авч гарсныг би мэдээгүй. Хэрэв утас авсныг мэдсэн бол зогсоох байсан. Тэгээд сууж байтал Б гарч ирээд манайд ямар хүн орж ирсэн юм бэ? гэхэд 1 саванд цай хийгээд барьчихсан махлагдуу хар залуу согтуу орж ирээд гарсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-27-28-р тал/,

     гэрч Д.Э-ий мөрдөн байцаалтанд өгсөн: “...Т.Б бид хоёр  байнга нийлж архи уудаг. 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Т.Б 25.000 /хорин таван мянга/ төгрөг өөртөө авчихсан над дээр ирж архи авч ууя гэсэн. Тэгээд бид хоёр 1 ширхэг 0.75 л “Их монгол” нэртэй архи авч уусан. Тэр архийг 7000 төгрөгөөр авч үлдсэн мөнгөө өөрөө аваад халаасандаа хийсэн. Тэгээд тэд архийг ууж дуусчихаад дахин нэг шил архи аваад ирье гээд дэлгүүр лүү яваад тэр чигээрээ алга болчихсон. Тэр мөнгийг хаанаас авсан болохыг мэдэхгүй өөрт нь байсан мөнгө л гэж бодсон.” гэх мэдүүлэг /хх-31 тал/,

     шүүгдэгч Т.Б-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 6 дгуаар сарын 13-ны өдөр би архи уучихсан явж байгаад Улаангом сумын 11-р багт байрлах 20 айлын дэлгүүрийн дэргэд явж байсан. Надтай хамт архи уудаг У гэдэг айлын гэр лүү орж байна гэж бодоод танихгүй айл руу орчихсон байсан. Орон дээр нэг хүн унтаж байхаар нь би тэр хүнийг Уламбаяр юм байна гэж бодоод дэргэд нь очоод сууж байгаад орныхон дэргэд байсан мэдэрдэг дэлгэцтэй гар утсыг аваад гараад явчихсан. Тэр утсыг зарах гээд явж байгаад П гэдэг хүүхэдтэй тааралдаж тэр хүүхдэд чи ахаасаа утас авах уу, надад нэг утас байна хямд өгнө гэхэд тэр хүүхэд сонирхоё гээд үзчихээд би эхнэртэй үзүүлж байгаад болон 2-уулаа манай гэр лүү явья гээд бид хоёр П-гийн гэр лүү явж түүний эхнэрт үзүүлэхэд 25.000 төгрөгөөр авна гэхэд би болж байна гээд 25.000 төгрөг аваад тэр утсыг зарчихсан. Тэгээд сүүлд цагдаа намайг дуудаж уулзахад би Пд утас өгсөн гэж хэлсэн. Чимэд-Очир төлөөлөгч тэр утсыг очиж Пгоос хурааж авахад П надаас мөнгөө нэхэхэд би түүнд 70.000 төгрөг өгч П-гийн хохирол барагдуулсан. Пгоос авсан утсыг Бд өгч Бы хохиролгүй болгосон. Би Б гэдэг айлын гэр лүү урьд өмнө орж байгаагүй. Би тэр өглөө Бадрахын талбай дээр саяхан нас барсан Ц гэдэг залуутай цуг 0,5 л 2 шил архи хувааж уучихаад 11-р багт байрлах 20 айлын дэлгүүрийн ард байдаг У гэдэг найзынхаа гэрт очиж амрахаар явж байгаад тэр айл руу орсон. Би уг нь тэр айлыг У-ын гэр байна гэж андуурч орсон. Тэгээд гэрт нь ороход орон дээр хүн унтаж байхаар нь би тэр хүнийг У байна гэж бодож орны дэргэд гар утс байхаар авсан. Би У-ын гэр биш юм байна гэдгийг тэр айлын гэрээс гарахдаа мэдсэн. Тэгээд утсыг нь авчихсан болохоор буцааж оруулж өгөөгүй авчихая гэж бодоод авчихсан. Би согтуу байхдаа гар утас хулгайлж авсанаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Т.Б нь  2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн 12-15 тоот хашаанд байх хохирогч У.Б-ы гэрээс samsung j7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан болох нь нотлогдож байна.

     Шүүгдэгч Т.Б нь хохирогч У.Б-ы гэрээс авсан самсунг J7 загварын гар утас нь 520.000 төгрөгийн үнэтэй болох “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ий 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн УВ/01/451 дугаартай “гар утас үнэлсэн тухай” дүгнэлт /хх-ийн 33-р тал/-ээр тогтоогдсон байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан  “бага бус хэмжээний хохирол”-д хамаарч байна.

      Хулгайлах гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч Т.Б нь Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн 12-15 тоот хашаанд байх хохирогч У.Байтсайхны гэрээс samsung j7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

   Шүүгдэгч Т.Б  нь хохирогч У.Б-ы байнга амьдардаг хувийн орон сууцанд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

     Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн бол гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр хуульчилсан байх тул шүүгдэгч Т.Бийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

     Иймд шүүгдэгч Т.Б-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

     Шүүгдэгч Т.Б “Би согтуу байхдаа гар утас хулгайлж авсанаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Т.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

     Шүүгдэгч Т.Б нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

      Хохирогч У.Б болон иргэний нэхэмжлэгч П.П гарт учирсан хохирол төлөгдсөн болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч У.Бы хүсэлт гаргасан /хх-68-р тал/, иргэний нэхэмжлэгч П.Пгийн гаргасан хүсэлт /хх-21-р тал/-үүдээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

    Шүүхээс шүүгдэгч Т.Бт ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон,  шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хүсэлтээрээ хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж байгаа,  түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг баримтлан прокурортой тохирлцсон ялыг нь оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

        Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсангүй эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.   

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

      1. Шүүгдэгч Тугчин овогт Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дахь  хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т 1 /нэг/ жил 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 4-д заасныг баримтлан шүүгдэгч Т.Б-т  оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

      4. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Б-т  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ГАНСҮХ