| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0012/э |
| Дугаар | 139 |
| Огноо | 2018-07-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 139
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгч Ж.Аын өмгөөлөгч Г.Эрдэнэбат
Шүүгдэгч Ц.Оийн өмгөөлөгч Г.Амарсайхан
Хохирогчийн өмгөөлөгч Т.Хүдэр
Хохирогч Д.Х
Шүүгдэгч Ж.А, Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.А, Ц.О нарт холбогдох эрүүгийн 1830001460106 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ж.А
Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Өнөр хорооллын ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ц.О
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ж.А нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Бг” зоогийн газрын гадна талд өөрийн машин дотор эхнэр Д.Хийг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясны шинэ хугарал, нүүрний зөөлөн эдийн няцралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Тагнуулын хэлтсийн гадна талд иргэн Д.Хийг зодож эрүүл мэндэд нь “биеийн гадаргуугийн олон тооны зөөлөн эдийн няцралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.А шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: 2018 оны 05 дугаар сарын 03-ны орой Х, Оюунчимэг хоёр манайд согтуу ирсэн. Би энэ хоёрыг хүргэж өгөх гэж явах замд Оюунчимэг Б дэлгүүрээс архи авсан. Тэгээд архиа Б зоогийн газрын ард машинд уусан. Хтэй муудалцахад би архи уугаагүй, эрүүл байсан. Х машин дотор намайг хэл амаар доромжилж, малгай авч шидээд, цохиж зодоод байсан. Тэгэхээр нь би уурандаа Хийг нэг удаа хөмсөгнийх нь үзүүр хавьд цохисон, хамар руу хугарахаар хүчтэй цохиогүй. Тэгээд Хийг машинаас чирч буулгаад явсан. Хийн хөмсөгнөөс цус гарч байсан гэв.
Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: 2018 оны 05 дугаар сарын 03-ны орой 19 цаг өнгөрөөгөөд ажлаа тараад харих гэж байхад Х машин дотроосоо намайг дуудсан. Намайг очиход хоёулаа нэг нэг пиво ууя гэж хэлсэн. Би тэгье гэсэн. Ө бид 2 сайндсан 3-лаа хамт ууя гэсэн. Бид хоёрыг машинд сууж байхад Ө гэдэг хүүхэн машинтай хажууд ирээд зогсоход Х сигналдаад дуудсан боловч Ө орж ирээгүй. Х өөрөө очиж уулзаад Өөдсийг дагуулж орж ирсэн. Тэгээд бид гурав Хийморь зоогийн газарт орж гурав гурван пиво уусан. Би манайх ойрхон юм чинь гэр рүүгээ алхаад орлоо гэхэд Х би чамайг хүргэж өгнө гээд байсан. А хоолоо ид гээд дуудаад байна би Аод чамтай уусан гэдгээ харуулна гээд намайг гэр рүүгээ аваад явсан. Гэртээ очоод Х Аыг чи архи уугаагүй юм чинь Оюунчимэгийг хүргээд өгчих гэсэн. Тэгээд намайг хүргэж өгөх замдаа Х Б дэлгүүрийн гадаа зогс гээд архи авч манай гэрийн ойролцоо зогсоод бид 3 уусан. Машинд архи ууж байхдаа энэ 2 маргалдаад Х нөхрийгөө Өтэй хардаад хэлэх хэлэхгүйгээр хэлээд байхаар нь би гэррүүгээ гүйгээд орсон. Би гэртээ ороод унтах гэж байхад машин хүчтэй хаазлаад хөдөлсөн, Х аллаа, амь авраарай гээд хашгирсан. Би хойт цонхоороо хартал Х доошоо хараад хэвтэж байсан. Би буух гэж байтал Х манай хаалгыг балбаж орж ирээд А намайг зодчихлоо гээд миний зүүн нүд рүү цохиод авсан. Тэгсэнээ миний охиныг хараад мэдрэл муутай охиноо эмчлүүлж чадахгүй байж гэж хэлээд хаалга саваад гарсан. Би араас нь гарч очоод Хийг чи яагаад намайг цохиж байгаа юм гээд зууралдаж байхад дугуйтай залуу ирээд салгасан. Тагнуулын гадна байхад А ирээд намайг татаад машинд суулгасан. Би чи Хийг авалдаа гэхэд одоо наадах чинь галзуурчихсан чи бид 2-ыг зодно, машин тэрэг эвдчихнэ гэж хэлээд эхлээд чамайг хүргэж өгье гэсэн.
Хохирогч Д.Х шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би ноолуураа аваад машиндаа сууж байхад Оюунчимэг машинд орж ирээд манай хүн 23 саяас доош үнэтэй машин аваарай гэсэн. Хамт пиво уух уу гэж хэлсэн. Хажууд Ө машинтай зогсож байхаар нь олон сар муудлаа одоо больё гэж хэлээд Өийг дуудаж бид гурав пиво ууж байхад нөхөр утасдаад хоолоо ид гэсэн. Нөхөр хоолоо хийсэн байна 2-лаа манайд очиж хоол идчихээд чи Аоор хүргүүлчих гэсэн. Оюунчимэгийг хүргэж өгөхөөр явах замдаа 3-лаа ярилцаад 1 шил архи аваад Оюунчимэгийн гадаа очиж уусан. Тэгээд би нөхөртэйгөө маргасан. А бид 2 машин оволзтол муудаагүй А намайг хөмсөгний орчимд 1 цохисон. Би Оюунчимэгийнх рүү цусаа гоожуулаад орсон. Оюунчимэг бид 2 цуг гараад Тагнуулын албаны урд очиход намайг чи ёстой зэвүүн хүүхэн гээд миний дээр гараад намайг хумслаад, миний хамрыг цохиж, намайг зодсон. Оюунчимэгээ чи миний найз ш дээ гэж хэлэхэд намайг үснээс зулгаагаад хамар руу цохисон. Миний хамар байхгүй боллоо ш дээ гэхэд хамар руу цохиод байсан. Надад тусалсан залуу гэрэл тусгаж харахад нүүр авах юмгүй болсон байсан. Би гомдолтой байна гинжний үнэ, эмчилгээний зардалд нийт 560 000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Эрүүгийн 1830001460106 дугаартай хэргээс:
Хохирогч Д.Х мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би Автовогзалын хойд талд машин дотроо сууж байтал Ц.О гэнэт миний машин дотор орж ирсэн. Тэгээд бид хоёр юм ярьж байгаад Хийморь зоогийн газарт орж тус бүрдээ 3 шил пиво уугаад би гэр рүүгээ Ц.Оийг дагуулж явсан. Гэр рүү дагуулж явсан шалтгаан нь манай нөхөр гэртээ хоол хийчихсэн байна гэхээр нь цуг манай гэр рүү явж хоол идье гээд явсан. Тэгээд манай гэрт очиж хоол цай идэж уучихаад Ж.Аыг архи уугаагүй юм чинь машинаа бариад Ц.Оийг гэр рүү нь хүргээд өгье гээд цуг гарсан. Ц.Оийн гэр рүү нь явж байхдаа дэлгүүрээс нэг шил архи авъя гээд өөрөөсөө мөнгө гаргаж Ж.Аыг дэлгүүр оруулж нэг шил архи авсан. Тэгээд Ц.Оийн гэрийн гадаа очиж авсан архиа ууж байгаад би нөхөр Ж.Атой маргалдсан юм. Бид хоёрыг маргалдаж байхад арын суудал дээр байсан Ц.О нь гэр рүүгээ орсон. Би Ж.Аыг Ө гэдэг хүүхэнд нууцаар 2.500.000 төгрөг өгөөд буцааж авч чадахгүй гэж маргалдаж муудаж байтал Ж.А нь миний зүүн нүдний хөмсөг орчим цохиж урсан. Тухайн үед миний хөмсөгнөөс их цус гарч байсан. Тэгээд би машинаас буутал Ж.А нь машинтайгаа хөдлөөд явчихсан. Би Ц.Оийн гэр рүү ортол хаалга нь түгжээтэй байхаар нь балбаж байгаад нээлгээд Ж.А намайг цохиж ийм болгочихлоо гэсэн. Тэгээд бид хоёр цугтаа гэрээс нь гараад явсан. Тэгээд юунаас болж Ц.Отэй маргалдаж муудсан талаараа санахгүй байна. Ямар ч байсан миний дээр Ц.О гарчихсан намайг цохиж зодоод байсан. Тухайн үед замаар явж байсан унадаг дугуйтай хүн ирж бид хоёрыг салгасан. Манай нөхөр Ж.А машинтайгаа ирээд Ц.Оийг аваад явсан. Ц.Оийн гэрийн гадаа машин дотор Ж.А, Ц.О нартай архи уугаад сууж байхдаа нөхөр Ж.Аыг Ө гэдэг хүүхэдтэй хардаж хоорондоо маргалдсан юм. Бид хоёр машинаас бууж хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Би юунаас болж маргалдаж муудсан талаар санахгүй байна. Ц.О нь Тагнуулын хэлтсийн урд талын засмал зам дээр намайг доороо хийчихээд миний хамар руу цохиж байсан. Мөн бүх биеэр цохиж хумсалж байсан. Ж.А нь миний зүүн нүдний хөмсөг орчим цохисон. Үүнээс болж хөмсөг урагдаж цус гарсан. Миний зүүн нүдний дээд тал буюу хөмсгөн дээр учирсан гэмтлийг манай нөхөр Ж.А нь учруулсан. Харин миний биед учирсан гэмтлүүдийг Ц.О нь учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/
-Гэрч Д.Н мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 03-ны орой 23 цагийн орчим 60 айлд байдаг найзынхаа гэрээс унадаг дугуйгаа унаад хойд зүгт гэр рүүгээ явж байх замд буюу тагнуулын хэлтсийн баруун талын засмал зам дээр 2 согтуу эмэгтэй хоорондоо хэрэлдэж байсан. Тэгээд өнгөрөөд 15-20 метр газар явж байтал тэр хоёр эмэгтэйн нэг нь “авраарай, туслаарай” гэж орилохоор нь би буцаж очиж салгасан. Яг тухайн үед цагаан өнгийн машинтай эрэгтэй хүн ирээд нэг эмэгтэйг нь машиндаа суулгаад газраас нэг цүнх аваад яваад өгсөн. Би Х гэх эмэгтэйг эмнэлэгт хүргэж өгсөн. Намайг очих үед тэр хоёр бие биеэ үсдээд Х нь газар сөгдчихсөн байсан. Салгахаас өмнө Оюунчимэг гэх хүүхэн нэг удаа Хийг өвдөглөж байсан. Яг хаана нь өвдөглөж байсныг нь би сайн хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
- Гэрч Я.М мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Баруун-Урт сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Бг” гэх зоогийн газрыг гэр бүлийн хамтаар ажиллуулдаг юм. 2018 оны 05 дугаар сарын 03-ны орой 22 цагийн орчимд манай зоогийн газрын зүүн талын цонхон доор цагаан өнгийн суудлын автомашин ирж зогсож байсан. Би тухайн үед цонхон дээр мах хэрчээд зогсож байтал эрэгтэй, эмэгтэй хоёр хүн муудаад байх шиг байсан. Тэгээд би цонхоороо доош хартал манай байрны Ц.О уг машинаас буугаад гэр рүүгээ орж байх шиг байсан. Удалгүй машин дотор эрэгтэй, эмэгтэй хоёр хүн муудаж эмэгтэй хүний муухай орилох дуу чимээ гарч байсан. Би цааш орж хоол гаргачихаад буцаж ирээд цонхон доор байсан машин руу хартал тэр машинаас нэг залуу нэг эмэгтэй хүнийг татаж буулгаад машин руугаа орох гэтэл нөгөө эмэгтэй нь тэр эрэгтэйн араас нь хараагаад байсан. Гэтэл тэр эрэгтэй хүн тэр эмэгтэй хүнийг түлхэх юм уу цохих шиг болсон. Тухайн үед эмэгтэй нь намайг аллаа гээд муухай орилж бархираад байсан. Гадаа харанхуй байсан болохоор би сайн харж чадаагүй. Тэгээд нөгөө цагаан машин хөдлөөд яваад өгсөн. Эхнэр бид хоёр зоогийн газраа хаагаад гэр рүүгээ орох гэж байтал машинаас чирүүлж буулгасан эмэгтэйн зүүн нүднээс нь их цус гарсан байдалтай эхнэр бид хоёртой тааралдсан. Тухайн үед тэр эмэгтэй “миний нүд юм харахгүй байна, нүд яачихваа” гээд орилж бархираад байсан. ...Ц.Оийг буугаад явсны дараа машинаас муухай дуу гарч машин нь хоёр тал руугаа дайвалзаад байсан. Би машин дотор хүмүүс зодолдоод байна даа л гэж бодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 13/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 267 дугаартай дүгнэлтэнд: Д.Хийн биед тархи доргилт, хамар ясны шинэ хугарал, нүүрний болон биеийн гадаргуугийн олон тооны зөөлөн эдийн няцралт, цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх /хх-ийн 18/
Шинжээч эмч А.Б-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д.Хийн биеийн зүүн нүдэнд учирсан гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Д.Хийн биеийн гадаргуугийн олон тооны зөөлөн эдийн няцралт, цус хуралт бүхий гэмтэл нь мөн адил гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөмсөг хэсэгт хүчтэй цохих үед нүд хавдаж хөхрөх боломжтой. Мөн адил тархи доргилт авах боломжтой. Харин хөмсөг хэсэгт ямар байдлаар цохисоноос шалтгаалж хамар яс хугарах боломжтой...” гэх мэдүүлэг
Баруун-Урт сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 27/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 06-р сарын 07-ны өдрийн 1/1007 дугаартай тодорхойлолт /хх-ийн 44-р хуудас/
-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 06-р сарын 08-ны өдрийн 4/570 дугаартай тодорхойлолт /хх-ийн 48-р хуудас/
-Шүүгдэгч Ж.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-р хуудас
-Шүүгдэгч Ц.Оийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.А нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Бг” зоогийн газрын гадна талд өөрийн машин дотор хохирогч Д.Хийг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, хөмсөгний язралт, нүүрний зөөлөн эдийн няцралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Аын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Х, гэрч Ц.О, Д.Н, Я.М нарын мэдүүлгүүд Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 267 дугаартай дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Тагнуулын хэлтсийн гадна талд хохирогч Д.Хийг зодож эрүүл мэндэд нь “хамрын ясны шинэ хугарал биеийн гадаргуугийн олон тооны зөөлөн эдийн няцралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Хийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ж.А, Д.Н, Я.М нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 267 дугаартай дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Хт хөнгөн хохирол учруулаагүй гэх мэдүүлэг нь дээр дурдсан нотлох баримтуудаар няцаагдаж байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ж.А, Ц.О нар нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа хохирогч Д.Хийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол зориуд учруулсан байна.
Шүүгдэгч Ж.А, Ц.О нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.А, Ц.О нарын үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгч Ж.А, Ц.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.А, Ц.О нарт ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.А, Ц.О нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан Ж.А, Ц.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээнд торгох ял шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.А, Ц.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Хийн эмчилгээний зардал 157000 төгрөгийг шүүгдэгч Ж.А, Ц.О нараас гаргуулж, монетон гинжний үнэ 400 000 төгрөгийг хохирогч Д.Х нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ц.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А, Ц.О нарыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.А, Ц.О нарт оногдуулсан торгох ялыг 7 /долоон/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.А, Ц.О нар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Д.Хийн эмчилгээний зардал 157 800 төгрөгийг ялтан Ц.О, А нараас гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 1 дүгээр баг 60 айлын орон сууцны 2-28 тоотод оршин суух хохирогч Д.Хт олгосугай.
6. Ялтан Ж.А, Ц.О нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Х нь монетон гинжний үнэ 400000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А, Ц.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА
Шүүгдэгч Ж.А, Ц.О нар нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны шөнийн 00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Онгон сумын төвд согтууруулах ундааны зүйл уусан үедээ Н.Энхболдтой маргалдан улмаар түүний нүүр, цээжин хэсэгт хутгаар зүсч, эрүүл мэндэд нь “зүүн хацар, дээд уруулын зүүн дээд хэсгийг хамарсан зүсэгдсэн шарх, баруун эгэмний доод хэсэгт өнгөц зүсэгдсэн шарх, баруун мөрний урд хэсэгт цус хуралт, цээжний баруун хэсэгт 2,3 дугаар хавирга орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэлтэй” хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.А, Ц.О нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Н.Энхболд, гэрч Н.Баяржаргал, Г.Бадамсүрэн, А.Алтансүх нарын нарын мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны 201 дугаартай дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.А, Ц.О нарад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Ж.А, Ц.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.А, Ц.О нарын үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул Ж.А, Ц.О нарад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ж.А, Ц.О нарад ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Б.Балжинням хохиролд нийт 5 000 000 төгрөг нэхэмжилсэн хэрэгт баримтаар тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Ж.А, Ц.О нар нь хохирогч Н.Энхболдод эмчилгээний зардалд 200 000 төгрөг төлсөн. Хохирогч Н.Энхболд нь 5 000 000 төгрөгийн баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.А, Ц.О нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Энхболдод 200 000 төгрөг төлсөн зэргийг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овгийн Батсүхийн Эрдэнэбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.А, Ц.О нарыг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.А, Ц.О нарад оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ж.А, Ц.О нарад мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Энхболд нэхэмжлэлийн шаардлага 5 000 000 төгрөгийг баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
5. Ялтан Ж.А, Ц.О нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Энхболдод 200 000 төгрөгийн хохирол төлсөн зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А, Ц.О нарад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА