Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 122

 

   Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,

   Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

  Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн Б.Тт холбогдох 1830001520107 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

   Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн харьяат, 1989 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, ах, дүү нарын хамт  Эрдэнэцагаан сумын 6 дугаар баг Хгэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Т

 

Холбогдсон хэргийн талаар/Прокурорын яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч Б.Т Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Б” бааранд 2018 оны 04 дүгээр сарын 27-ны орой 24 цагийн орчимд Б.Нтэй маргалдаж нүүр рүү нь цохиж, доошоо суухад нь газар унасан гар утсыг авч бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би “Б” бааранд найзтайгаа ороод гарахдаа Б.Н маргасан. Тэгээд Б.Нг нэг цохиод харсан чинь гар утас нь газар унасан байхаар нь би утсыг нь авсан. Би хүний газар унагасан гар утсыг авах нь хууль зөрчсөн ажиллагаа гэдгийг тухайн үедээ мэдээгүй. Би гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж буруу зуршлаа хаяна... гэв.

  

  -  Б.Тын яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 27-ны орой 22 цагийн орчим найз Ды хамт “Б” бааранд орж нэг, нэг 0.5 литрийн пиво ууцгаасан. Бааранд тоосгоны үйлдвэрт хамт ажиллаж байсан Б.Н 00-н өрөөнд тааралдаж Б.Н халамцуу намайг мөрлөж, бид хоорондоо бага зэрэг маргалдсан юм. Баар тарсны дараа намайг гадаа Дтай зогсож байхад Б.Н нь утсаар яриад ганцаараа гарч ирсэн. Б.Н гадаа гарч ирээд миний араас “хөөе” гээд татахаар нь би шууд Б.Нгийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Намайг цохих үед Б.Н нь утсаа газар алдаад тонгойх үеэр нь би гар утсыг нь аваад шууд явсан. Утсыг газар унахаар нь би авсан юм. Б.Нгийн утас нь Эс-6 маркийн гар утас байсан ба утсыг нь форматлаад өөрийн дугаарыг хийсэн байгаа. Би нэгэнт авчихсан болохоор санаа зовоод буцааж өгөөгүй юм. Миний хувьд анх Б.Нг араас татахаар нь л цохисон, харин намайг цохисоны дараа нүүрээ дарахдаа утсаа газар унагаасан юм. Тэгэхээр нь утсыг нь авах санаа төрсөн юм. Би гар утсыг нь Б.Нд өгсөн. Миний хувьд хийсэн хэрэгтээ гэмшиж байна”...гэх мэдүүлэг /хх-23-24/,

 

  -  Хохирогч Б.Нгийн: “...2018 оны 04 дүгээр сарын 27-ны орой 21 цаг 30 минутын үед Б бааранд найз Бамбуулай /бүтэн нэрийг нь мэдэхгүй/, Эрдэнэбаатар нарын хамт орсон. Тэгээд нэг шил 0.5 литрийн хараа архи нэг, нэг шил боргио пиво авч ууж байгаад бие засах өрөө рүү орж бие засчихаад гарахдаа Т мөрлөчихсөн, тэгэхээр нь чи яагаад мөрлөөд байгаа юм гээд бид 2 хооронд маргалдаад салсан. Тэгээд буцаж ширээндээ сууж байгаад 2 найздаа би явлаа гэж хэлээд 23 цаг 30 минутын үед баарнаас гараад зүүн хойд талын жижиг хаалгаар хойшоо утсаараа яриад явж байгаад Т урд явж байхаар нь араас татаад “чи яагаад намайг мөрлөсөн юм” гэсэн чинь Т нь эргэж хараад нүүр рүү нэг удаа цохиод дахиад цохих гэсэн чинь Ттай хамт явж байсан Д нь боль гээд хорьсон. Тэгээд би нүүрээ дараад доошоо суусан чинь Т нь наадах чинь эвгүй болчих шиг боллоо, зугтаарай гэж хэлээд хойшоо гүйчихсэн, тэгээд би босож ирээд утсаа хайсан чинь байхгүй байсан. Тухайн үед Тт цохиулахдаа утсаа унагаачихлаа гэж бодоод тэр хавиар хайсан боловч олдоогүй, утас унтарчихсан. Тэгэхээр нь Тыг миний утсыг авчихсан юм шиг байна гэж бодоод шууд гэртээ харьсан. Тэрнээс хойш Ттай таарсан чинь юм ярихгүй болохоор нь хүнийг авсан үгүйг нь мэдэхгүй байж асуугаад яахав гэж бодоод Тт миний утсыг авсан уу гэж асуугаагүй. Тэгээд Б гэдэг цагдаатай таараад Т миний утсыг авсан юм шиг байна хэлээд өгөөч гэсэн чинь 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Б нь над руу залгаад чиний утас чинь Тт байна, цагдаа дээр ирээд мэдүүлгээ өгөөд аваарай гэж хэлсэн. Тэгээд надаас мэдүүлэг аваад надад миний гар утсыг хүлээлгэн өгсөн. Бид 2 маргалдаад намайг Т цохих үед утас унасан юм шиг байгаа юм тэгээд тэр утсыг Т нь аваад явсан гэж байсан. Миний биед учирсан гэмтэл, шарх байхгүй. Тт цохиулснаас хойш эмнэлэгт үзүүлээгүй. Би утсаа бүрэн бүтэн авсан болохоор надад гомдол санал байхгүй”...гэх мэдүүлэг /хх-07-08/,

 

  -  Гэрч Э.Дгийн: “...2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр найз Тын хамт Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулдаг Б бааранд ороод тус бүр 1шил нийслэл пиво уугаад баар хаах үед гарсан юм. Тэгээд баарнаас ертөнцийн зүгээр хойд зүгт хашааны хаалгаар гарч байхад нэг залуу Төгсөөг дуудаж хараал хэлээд мөрнөөс нь татахад Т эргэж хараад гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиход нөгөө залуу газар унасан юм. Тэр үед би Тыг салгаад аваад явсан. Бид хоёрын хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч согтоогүй, үнэртэх төдий л байсан. Би Тыг ямар нэгэн гар утас авсныг мэдээгүй. Надад ямар нэгэн гар утас авсан талаараа юм яриагүй”... гэх мэдүүлэг /хх-14/,

 

  - Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 277 дугаартай дүгнэлтэнд: 1.Н.Сийн биед зүүн 10-р хавирганы зөрөөтэй хохирол хугарал, зүүн нүдний дээд зовхинд баруун бугалганы гадна дунд хэсэгт, баруун тохойд, баруун гуяны гадна дунд хэсэгт, зүүн гуяны гадна дунд хэсэгт, баруун шилбэний урд дунд хэсэгт, зүүн шилбэний эргэн тойронд, зүүн гарын алганы ар хэсэгт цус хуралт зүүн нүдний дээд зовхи, баруун бугалга баруун зүүн хөлийн шилбэнд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний урд дунд хэсэгт зүүн гарын алганы ар хэсэгт 4-р хурууны харалдаа зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3 Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4 Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй ...гэжээ /хх-10/,

 

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6-р багийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 06/234 дугаартай тодорхойлолт /хх- 32/,

 

- Б.Тын иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-30/,

 

- Б.Тын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/,

 

- Баруун-Урт сумын эд зүйлийн үнэлгээ /хх-26/,

 

  • Хохирогч Б.Нгийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй тухай хүсэлт /хх-42/,

 

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 06 сарын 12-ны өдрийн 61 дугаартай эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал /хх-43/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

           Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 04 дугаар сарын 27-ны шөнийн 24 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Б” баарны гадна Б.Нтэй маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа цохиж, доошоо суухад нь газар унасан Самсунг Галакси Эс 6 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тын өгсөн үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Н, гэрч Э.Д, Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын Эд зүйлийн үнэлгээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

 

  Б.Тын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэг буюу дээрэмдэх / бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан / гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байх тул тул Б.Тыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

  Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “Б.Нг нэг цохиод харсан чинь гар утас нь газар унасан байхаар нь би утсыг нь авсан. Би хүний газар унагасан гар утсыг авах нь хууль зөрчсөн ажиллагаа гэдгийг тухайн үедээ мэдээгүй. Би гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж буруу зуршлаа хаяна “ гэж мэдүүлж хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

            Б.Т нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч авч болохгүй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчийн газар унасан утсыг авч бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна. 

 

  Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нд учирсан 250.000 төгрөгийн  хохирол нөхөн төлөгдсөн буюу Самсунг Галакси Эс 6 маркийн гар утас биетээр хохирогчид буцаан олгогдсон, хохирогч хохиролтой холбоотой нэхэмжлэл, гомдол гаргаагүй ба уг гар утсыг Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын Эд зүйлийн үнэлгээний комиссоос 250.000 төгрөгөөр үнэлжээ.

           

  Прокуророос холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж дүгнэв.

  Тухайлбал, энэ хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Тын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Нд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хэрэгт мэдүүлсэн, шүүгдэгч нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон ялын талаар маргаагүй байна.

          

  Шүүгдэгч Б.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

  Шүүгдэгч Б.Тын үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэн, прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, оршин сугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэхээр шийдвэрлэлээ.

                                                                        

 Б.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Тыг дээрэмдэх / бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах / буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 “ зан үйлээ засах ” , 2.5 “ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг мөн хугацаагаар тус тус хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Т шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Ялтан Б.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Ялтан Б.Тт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН