Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/00021

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00021

 

 

Д.Бямбаа нэхэмжлэлтэй
Д.Бямбаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/03438 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Бямбаа нэхэмжлэлтэй

Хариуцагч Мануул трэйвел ХХК-д холбогдох

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 468 580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Бямбаа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Номиндалай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Бямбаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Бямбаа миний бие 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Мануул трэйвел ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Да хүрээ хотхон 65Б байрны 51 тоот хаягт байршилтай, 1 өрөө, 22 м.кв талбай бүхий байрыг иргэн Н.Өлзийхишигээс 28 000 000 төгрөгөөр худалдан авч, 25 300 000 төгрөгийг түүнд банкиар шилжүүлж, үлдэх хэсгийг бэлнээр өгсөн. Н.Өлзийхишиг нь Мануул трэйвел ХХК-тай 2010-2011 онуудад байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээ-ний 2.1-д заасан хугацаанд төлбөрөө бүрэн гүйцэд төлсөн байсан. Гэтэл Мануул трэйвел ХХК тус орон сууцыг улсын комисс хүлээж авснаас хойш гэнэт Н.Өлзийхишигтэй байгуулсан гэрээнд огт тусгагдаагүй байрны нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмж төлөх төлөхгүй бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй гэсэн шаардлага тавьж, мэдэгдэх хуудсыг 2014 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр өгсөн. Мануул Трэйвел ХХК нь өөрийн ажилтан С.Оюунчимэгтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээнд гарын үсэг зурахыг шаардсан. Миний бие зээлийн гэрээгээр С.Оюунчимэгээс 1 270 080 төгрөгийг хүлээж аваагүй бөгөөд байр зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан болохыг бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтуудтай танилцаж байж мэдсэн. Уг зээлийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэхийг С.Оюунчимэг надаас шаардаж байгаагүй. Дээрх зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсны дараа Мануул Трэйвел ХХК-ийн Голомт банкны 1601003481 тоот дансанд 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 300 000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 700 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 270 080 төгрөг, нийт 1 270 080 төгрөг төлсөн. Миний нэр дээр өмчлөх эрх нь 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгдсэн үл хөдлөхийн гэрчилгээг 2014 оны 11 сард Мануул Трейвэл ХХК-ийн ажилтан С.Оюунчимэгээс хүлээн авсан. Мануул трейвэл ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээг би байгуулаагүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлсэн гэрээнд гарын үсэг зураагүй, түүнээс гадна төлбөр бүрэн төлөгдсөн гэдгийг тус компаниас тодорхойлон өгсөн байдаг. Тухайн үед Улсын бүртгэлийн 2587203 регистрийн дугаартай Мануул трэйвел ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу 2010 оны 4 дүгээр сарын 27-нд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн байсан. Уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасны дагуу тус компани нь нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр бараа худалдан борлуулах, ажил үйлчилгээ үзүүлэх ёстой бөгөөд захиалагч иргэдтэй Мануул трэйвел ХХК-ийн 2010-2011 онуудад байгуулсан орон сууц захиалах гэрээ-нд заагдсан үнийн дүнд нь нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн байсан гэдгийг мэдээгүй байсныг минь далимдуулан илүү төлбөр төлүүлсэн байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9, 4.1.10, 5 дугаар зүйлийн 5.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн Нэмэгдсэн өртгийн албан татварын хураамжид үндэслэлгүйгээр төлсөн 1 270 080 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргаж байна. Мөн Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэгт Ашиглалтанд хүлээлгэж өгөөгүй барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтанд хүлээж аваагүй барилга байгууламжийг цахилгаан, холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангахыг хориглоно гэж, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт Барьж дуусаагүй, дууссан боловч ашиглалтанд хүлээж аваагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно гэж тус тус заасан байдаг. Гэтэл Мануул трэйвел ХХК нь улсын комисс барилгыг хүлээж авахаас өмнө Удахгүй улсын комисс хүлээж авна гэж байрны захиалагчдыг байранд оруулж тэднээс ашиглалтын зардал төлөхийг шаардаж, төлөхгүй тохиолдолд хэрэглээний ус, цахилгаанаар хязгаарлах, бас төлөөгүй ашиглалтын зардал дээр алданги тооцох, улмаар гэрээг цуцлан байрнаас албадан гаргахаар дарамталж байсны улмаас байрны ашиглалтын зардлыг бүрэн төлсөөр ирсэн. 2012-2014 оны халаалтын бус улиралд хэрэглээний халуун усаар огт хангаагүй, 2013-2014 оны халаалтын улиралд улсын комисс хүлээж авах хүртэлх хугацаанд халаалт муугаас байр хүйтэн, даарч өвөлжсөн. Халаалтаа сайжруулахыг удаа дараа шаардахад зарим айлууд ашиглалтын зардлаа төлөөгүйгээс халаалтыг олигтой өгөх боломжгүй гэсэн хариу өгч биднийг хохироосон. Мануул трэйвел ХХК-ийн барилгыг улсын комисс хүлээж авсан 2014 оны 2 дугаар сарын 27-ны хүртэл хугацаанд аж ахуйн нэгжийн тарифаар тооцож ашиглалтын зардалд 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 109 938 68 төгрөг, 2014 оны 3 дугаарс сарын 14-ний өдөр 88 561 43 төгрөг, нийт 198 500 төгрөг төлүүлснийг нэхэмжилж байна. Иймд Мануул трэйвел ХХК-иас үндэслэлгүй нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 1 270 080 төгрөг, ашиглалтын зардалд төлсөн 198 500 төгрөг, нийт 1 468 580 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Мануул Трэйвел ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Мануул Трэйвел ХХК нь иргэн Д.Бямбаатай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулаагүй бөгөөд өөрийн хөрөнгөөр барилгаа бариад төрийн албан хаагчдад зээлээр олгосон. Мануул Трэйвел ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орон сууц захиалан бариулах 65б/51 тоот гэрээ-гээр Н.Өлзийхишиг нь орон сууцыг худалдаж авахаар гэрээ байгуулж орон сууцны санхүүжилтийн корпорациас зээл авсан байдаг. Түүнтэй байгуулсан гэрээний 2.5-д захиалагч НӨАТ-ын баримт авсан тохиолдолд холбогдох татварыг нэмж тушаана гэж, 2.7-д захиалагч нь Мануул Трэйвел ХХК-ийн Голомт банк-1601003481 данс руу төлбөрөө төлсөн тохиолдолд улсад төлөх НӨАТ-ын 10 хувийг гэрээний үнийн дүн дээр нэмж төлөх үүрэгтэй гэж тус тус заасны тохиролцсон. Дээрх барилгаа 90 хувийн гүйцэтгэлтэй байхад нь ОССК-тай гэрээ байгуулан, 2011 оны 11 дүгээр сард орон сууц захилан бариулах гэрээгээ дүгнэсэн, хэлцэл байгуулагдсан. Захиалагч нар орон сууцанд орсны дараа ашиглалтын зардал, харуул хамгаалалтын зардлыг төлөхөөр тохиролцсон. Н.Өлзийхишигтэй байгуулсан гэрээгээр 1 м.кв-ийг 810 000 төгрөг, 22.4 м.кв-ийг 18 144 000 төгрөг байхаар тохиролцсон байсан. Мануул Трэйвел ХХК нь энэ гэрээний дагуу төлбөр аваад улсад тушаасан бөгөөд энэ баримтаа шүүхэд өгсөн. Нэгэнт НӨАТ-аа аваад улсад тайлагнаад татварт төлсөн мөнгийг Д.Бямбаа биднээс нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Д.Бямбаагийн тайлбарлаад байгаа Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэгт ашиглалтанд өгөөгүй барилгыг хүлээж авахыг хориглоно гэсэн заалт байхгүй байна. Нэхэмжлэгчийн Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Да хүрээ хотхон 65б байр 2012 оны 1 сард баригдаж, ашиглахад бэлэн болсон. Тухайн үед улсын хэмжээнд барилгын комисс ажиллахгүй байсан. Бид Н.Өлзийхишигтэй байгуулсан гэрээний дагуу инженерийн дэд бүтцэд холбогдсон ямар ч асуудалгүй байрыг түүнд 2012 оны 2 дугаар сарын 13-нд хүлээлгэн өгснөөр тэр орон сууцандаа орсон. Ашиглахад бэлэн орон сууцыг захиалагч нарт хүлээлгэж өгсөн, гэрээний дагуу Н.Өлзийхишиг чанарын доголдолгүй байрыг хүлээн авсан, гэрээний талууд хэлцлээр тохирсон зүйлээ харилцан авсан учир Барилгын тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Байрыг 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 2014/127 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар улсын комисс хүлээн авсан. Ашиглалтын зардал нь гэрээ байгуулснаас хойших хугацааны 3 сарын зардлаа төлсөн. Ингээд 2012 оны 1 сард ашиглалтанд өгсөн байрыг Д.Бямбаа нь худалдаж авсан байна. Д.Бямбаа нь өөрийн амьдран суусан хугацааныхаа ашиглалтын зардлыг төлсөн болохоос бид түүнээс ашиглаагүй хугацааны зардлыг илүү төлүүлсэн зүйл байхгүй. Түүний нэр дээр 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Мануул Трэйвел ХХК-ийг төлөөлж С.Оюунчимэг, иргэн Д.Бямбаатай 1 270 080 төгрөгийг тушаасных нь төлөө энэхүү гэрээнд гарын үсэг зурсан гэж бодож байна. Н.Өлзийхишиг нь орон сууц захиалан бариулах гэрээний дагуу хичнээн төгрөгийг Мануул Трэйвел ХХК-д төлсөн талаарх баримт байхгүй. Байрыг түүнд 2012 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэн өгсөн. НӨАТ-ын падааныг худалдан авагч манай компаниас авах учраас Н.Өлзийхишиг нь гэрээний дагуу үнийг бүрэн төлсөн учраас түүнтэй байгуулсан 2/51 тоот гэрээг хүчингүйд тооцсон байх гэж бодож байна. Иймд Д.Бямбаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Мануул Трэйвел ХХК-иас 1 270 080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бямбаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 198 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Мануул Трэйвел ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 35 032 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бямбаад олгож,нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 447 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших давж заалдах гомдолдоо:

... Н.Өлзийхишиг нь 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр " Мануул трэйвел " ХХК-тай орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулжээ. Энэ гэрээний 2.5-д "захиалагч нь НӨАТ-ын баримт авсан тохиолдолд холбогдох татварыг нэмж тушаана" гэж тохиролцсон. Д.Бямбаа нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, "Да хүрээ" хотхон 656 байрны 51 тоот байрыг Н.Өлзийхишигээс шилжүүлэн авахдаа 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр "Мануул трэйвел ХХК- тай № 2\51 "Орон сууц захиалан бариулах" гэрээ байгуулсан. "Мануул трэйвел " ХХК нь гэрээний дагуу НӨАТ-ыг Д.Бямбаагаас авч төсөвт тушаасан. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу компани тайлангаа шинэчлэн бүрдүүлээд татварын тайлангаа ил болгож татвараа төлсөн болно. Иймд хариуцагч Мануул трэйвел" ХХК-иас 1 270 080 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/03438 шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

Нэхэмжлэгч Д.Бямбаа нь хариуцагч Мануул трэйвел ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 468 580 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Иргэн Н.Өлзийхишиг нь Мануул Трэйвел ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 65Б/51 тоот орон сууц захиалан бариулах гэрээний байгуулж, уг гэрээний дагуу Н.Өлзийхишиг Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Да хүрээ хотхон орон сууцны барилгын 22,4 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууцыг 1 м.кв-ийг 810 000 төгрөгөөр, нийт 18 144 000 төгрөг төлөх, хариуцагч Мануул Трэйвел ХХК нь барилгыг батлагдсан зураг төсөл, стандарт, техникийн нөхцөл, нормын дагуу чанартай барьж хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ. /хх-ийн 70-71 тал/ 

Талууд уг гэрээг 2012 оны 2 дугаар сарын 13-ны өдөр дүгнэж, хариуцагч Мануул Трэйвел ХХК нь гэрээний зүйл болох Да хүрээ хотхоны 65Б байрны 51 тоот орон сууцыг захиалагч Н.Өлзийхишигт хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан гэрээ дүгнэсэн протоколоор тогтоогдож байх бөгөөд энэ үеэс орон сууцыг өмчлөх эрх Н.Өлзийхишигт үүссэн гэж үзэхээр байна. /хх-ийн 115 тал/

Хариуцагч Мануул Трэйвел ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө анхны өмчлөгч болох Н.Өлзийхишигтэй байгуулсан орон сууц захилан бариулах гэрээний 2.7-д захиалагч нь Мануул Трэйвел ХХК-ийн Голомт банкны 1601003481 данс руу төлбөрөө төлсөн нөхцөлд улсад төлөх НӨАТ-ын 10 хувийг гэрээний үнийн дүн дээр нэмж төлөх үүрэгтэй гэж заасныг үндэслэжээ.

Хэргийн 98-100 дугаар талд хариуцагч Мануул Трэйвел ХХК-ийн нэхэмжлэгч Д.Бямбаатай байгуулсан гэрээ авагдсан байх боловч уг гэрээнд Д.Бямбаа гарын үсэг зураагүй байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Д.Бямбаагаас хариуцагч байгууллагын Голомт банкны 1601003481 тоот дансанд 2014 оны 7 дугаар сарын 5-нд 300 000 төгрөг, 8 дугаар сарын 23-нд 700 000 төгрөг, 10 дугаар сарын 31-нд 270 080 төгрөг, нийт 1 270 080 төгрөгийг НӨАТ-ын төлбөр гэсэн утгаар шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 6 тал/

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон болон үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна, Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт татвар төлөгч нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд хариуцагч байгууллага өөрөө татвар төлөх үүргээ биелүүлэх ёстой. Иймд нэхэмжлэгч Д.Бямбаа нь хариуцагчид татварын мөнгө хэмээн шилжүүлсэн хөрөнгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаан шаардах эрхтэй юм.

Нэхэмжлэгч Д.Бямбаа нь барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2014/127 тоот акт гарахаас өмнө иргэн Н.Буянхишигтэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсан тул өөрт хамааралтай ашиглалтын зардал төлөх үүрэг хүлээнэ гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/03438 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Мануул Трэйвел ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.ИЧИНХОРЛОО