| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржын Мөнхбат |
| Хэргийн индекс | 2422001530199 |
| Дугаар | 2025/ДШМ/18 |
| Огноо | 2025-06-12 |
| Зүйл хэсэг | 17.7.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/18
*******д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга О.Билгүүн нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2422001530199 тоот хэргийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, 2003 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дундговь аймгийн ******* сумын баг ******* гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД: );
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг тоот хашаанаас иргэн гийн эзэмшлийн 94-00 ДУЭ улсын дугаартай "Toyota Harrier" /Тоёота Харриер/ маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан ба уг тээврийн хэрэгслээр 2024 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Нитро" төвийн гадна талбайд хохирогч г дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
1.Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2.Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүйгээр авч явах”, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн зорчих эрхийг хязгаарласан 1 жил 1 сарын хугацаанд Дундговь аймгийн ******* сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоож, шүүгдэгч *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 4,148,320 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд нөхөн төлүүлж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD /компакт диск/ 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй ба хохирогч нь өөрт учирсан хохирлоо шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
3. Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч ******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Уг шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүйгээр авч явах”, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар ангийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 27.10 дугаар ангийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар буюу нийт 1 жил 1 сарын хугацаагаар ******* сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоон зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн юм.
Хохирол төлбөрийн хувьд би д 6,500,000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч өөр хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн ба иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 4,148,320 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн.
Анхан шатны шүүх хуралд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлж өгөөч гэсэн өмгөөлөгч бид хоёрын саналыг хүлээж аваагүй ба яагаад хүлээж аваагүй талаарх үндэслэлээ шийдвэртээ огт тусгаагүй байна.
Мөн би одоо Сайнцагаан сумын 9-р багт оршин сууж, Политехникийн коллежийн Малын бага эмчийн 3-р курст суралцаж хэвтрийн өвчтэй асаргааны хоёр эмэгтэй дүүгээ ээжийн хамт асардаг. Энэ талаараа хэлж мэдүүлж, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Иймд дээрх нөхцөл байдлыг болон миний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025.03.17-ны өдрийн 2025/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өмгөөлөгч болоод шүүгдэгчийн хувьд гаргасан гомдлоо бүрэн дэмжиж байгаа. Гомдол гаргасан гол үндэслэл бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөлд анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн хохирол төлбөрийг төлсөн. Мөн хохирогчийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Эдгээр хөнгөрүүлэн үзэх нөхцөлүүд тогтоогддог. Дээрээс нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасан ялаас чөлөөлөх үндэслэл байхад хэрэглэх ёстой хуулийг анхан шатны шүүх хэрэглэсэнгүй гэж үзсэн. Ялаас чөлөөлж анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж өгөөч гэсэн гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх дээр *******гийн хувьд нэмж нэг зүйлийг хэлж байна. Тэр нь төрсөн ахынхаа машиныг унаж гараад найзуудынхаа гуйлтаар нитро руу хүргэж өгөөд хөдлөхдөө энэ хэрэгт холбогдсон. Төрсөн ахынхаа машиныг унаж гарсан болохоос өөр энд тэнд байгаа эзэнгүй машиныг унаж яваагүй байхад яагаад надад ял шийтгээд байгаа юм бол энэ дээр эргэлзээд байна гэдэг зүйлийг хэлдэг. Тэгэхээр давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж өгөөч гэсэн хүсэлттэй байна. Гомдлыг хангаж өгнө үү гэв.
5. Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би төрсөн ахынхаа машиныг хулгайлах сэдэлгүй унаж явсан. Энэ дээр 1 сарын зорчих эрх хязгаарласан дээр гомдол гаргасан байна. Гомдлоо дэмжиж байна гэв.
6. Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан байдаг. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч гийн өгсөн “хөдөө явахдаа Хариэр маркийн тээврийн хэрэгслээ аавынхаа хашаанд үлдээгээд түлхүүрийг нь үлдээсэн байсан. Би ямар нэгэн унах зөвшөөрөл өгөөгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон байдаг. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн гомдол гаргасан. 6.7 дугаар заасан нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдсэн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал зэрэг харгалзан үзэх хэд хэдэн нөхцөл байдал байгаа. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна гэж харгалзан үзсэн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал бол тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Мөн хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Долгорсүрэнгээс хохирогч Энх-Амгалан нь эмнэлгийн тусламж үйлчилгээ, хагалгаанд орсон, мөн амбулаториор үзүүлсэн бусад эмнэлгийн үйлчилгээний төлбөр 4,448,320 төгрөгийн зардлыг гаргасан тул энэ зардлыг нэхэмжилж байна гэсэн. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос шүүгдэгч *******г 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, тоот хашаанаас иргэн гийн эзэмшлийн 94-00 ДУЭ улсын дугаартай "Toyota Harrier" маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явахдаа уг тээврийн хэрэгслээр 2024 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Нитро" төвийн гадна талбайд хохирогч г дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах”, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн зорчих эрхийг хязгаарласан 1 жил 1 сарын хугацаанд Дундговь аймгийн ******* сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 4,148,320 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд нөхөн төлүүлж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч ******* нарын зүгээс хохирогч д 6,500,000 төгрөгийг төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 4,148,320 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлж өгөөч гэсэн өмгөөлөгч бид хоёрын саналыг хүлээж аваагүй ба яагаад хүлээж аваагүй талаарх үндэслэлээ шийдвэртээ огт тусгаагүй тул миний хувийн байдлыг харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, тоот хашаанаас бусдын эзэмшлийн 94-00 ДУЭ улсын дугаартай "Toyota Harier" маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй, завших зорилгогүй авч явсан болох нь гийн мэдүүлгээр /1-р хх-ийн 66/ тогтоогдож байна.
Уг тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гаргаж иргэн гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хохирол учруулсан болох нь:
Гэрч гийн “...******* 00 цаг 40 минутад залгаад “Нитро бааран дээр хүрээд ир” гэхээр нь чатаар “яасан” гэж асуусан чинь "нөгөө согтуу пиздагийн чинь гэдэс дээгүүр нь гарчихлаа" гэж бичихээр нь би шууд "Нитро" баарны гадаа очсон. Дараа нь ******* надад хэлэхдээ “нөгөө дайрсан залууг машины доороос татаж гаргасан" гэж хэлэхээр нь би "чи дээгүүр нь гарчхаад татаж гаргасан юм уу" гэж асуухад "тэгсэн" гэж хариулсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 32-33-р хуудас/
Гэрч Б.Энх-Амгалангийн "... Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал жижүүрийн утаснаас “Нитро баарны гадна машинд хүн дайруулсан байна” гэсэн дуудлага ирсэн...Тухайн үед 94-00 ДУЭ улсын дугаартай "Toyota Harier" маркийн машины хажууд байсан эрэгтэй “би дуудлага өгсөн юм, 94-00 ДУЭ улсын дугаартай машины жолооч байна, хөдлөхдөө газарт хүн хэвтэж байгааг харалгүй дээгүүр нь гарсан” гэж хэлсэн. Тухайн үед жолооч гэх хүнээс архи, согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан, жолоочийг цагдаагийн газарт авч ирээд драгерь үлээлгэчхээд буцаж хэргийн газарт очоод “Нитро” баар руу орж хяналтын камер үзэхэд 94-00 ДУЭ улсын дугаартай "Toyota Harier” маркийн тээврийн хэрэгсэл нь "Нитро" баарны хойд талд байх төмөр хашаа руу урд хэсгээрээ тулж зогссон байж байгаад ухарч байгаад зүүн гар тийш рулиэ дарж урагшлаад мөн хашаа руу тулж зогссон байсан цагаан өнгийн Приус-41 маркийн тээврийн хэрэгслийн араар гарахдаа ямар нэг зүйлд тулж зогсоод дахин хөдөлж тухайн зүйлийн дээгүүр гараад зогсож буй бичлэг байсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 36-37-р хуудас/
Гэрч гийн “... 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 00 цаг 20 минутын үед ...******* машинтайгаа арагшаа ухарч байгаа харагдсан. Тухайн үед би тэй урагшаа хараад юм яриад зогсож байхад чимээ гарахаар нь хартал ******* нэг хүний /хэвлий хэсгээр л байх/ дээгүүр нь машиныхаа жолоочийн талын урд дугуйгаар гарч байгаа харагдахаар нь би “Мягаа” гэж хашхирахад зогссон. Машинаас ******* буугаад тэр дайруулаад газар хэвтэж байсан залууг дуудсан чинь тэр залуу согтуу байсан болохоор сэрэхгүй байсан ... “ гэх мэдүүлэг, /1 хх-ийн 39-40-р хуудас/
Гэрч н “...******* машинаа ухраагаад явж байхдаа машиныхаа жолоочийн талын урд дугуйгаар газарт хэвтэж байсан хүний цээж хэсэг дээгүүр гарч байх шиг байсан. Тэгэхээр нь бид хоёр "зогсоорой, хүн байна" гэж хашхирсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 42-43-р хуудас/
Гэрч гийн “...******* Харриер маркийн тээврийн хэрэгсэлтэй 00 цагийн үед бид 3 дээр ирсэн...Нитро баар ороод би 6 ширхэг лаазтай пиво авчихаад гарч ирэхэд гийн машины ар талд дайруулсан гэх хүн хэвтэж байсан. сэрээх гээд дуудсан сэрэхгүй байсан. ... ******* нь руу залгаж “газар унтаж байсан хүнийг дайрчихлаа, хүрээд ир” гээд дуудсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 49-51-р хуудас/
Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 281 дугаартай “гийн биед баруун уушгины эдийн няцрал, элэгний эдийн урагдал, баруун 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, 2 талын эгэм ясны хугарал, баруун нүдний алим, баруун шуунд цус хуралт, баруун бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үзлэг хийсэн өдрөөс 1-3 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Баруун уушгины эдийн няцрал, элэгний эдийн урагдал гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг, баруун 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, 2 талын эгэм ясны хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, бусад гэмтлүүд нь эрүүл мэндэд түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1 хх-ийн 71-76-р хуудас/ зэрэг баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч ******* нь давж заалдах гомдолдоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа дурдсан боловч шүүх хуралдаанд “ахынхаа машиныг унаж яваад осол гаргасан байхад Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсныг ойлгохгүй байна” гэх агуулга бүхий тайлбар мэдүүлгийг гаргаж байна. Энэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, маргаж байна гэж үзэх үндэслэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндсэн нэг шинж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхыг шаарддаг.
Шүүгдэгчийн гэм буруутайд тооцогдсон гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт хамаарч байгаа хэдий боловч уг зүйл хэсэгт “хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх”-р, “хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаар хоёр өөр агуулга бүхий зохицуулалтыг хуульчилсан байна.
Шүүгдэгч ******* нь шүүгдэгч д 6,500,000 төгрөгийг төлж барагдуулсан талаараа гомдолдоо дурдсан боловч хохирогчийн эмчилгээтэй холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал болох 4,148,320 төгрөгийг төлж барагдуулаагүй, нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
Энэ тохиолдолд шүүгдэгч *******г гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл бүрдээгүй гэж үзнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ял сонгон оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлын “ялаас чөлөөлүүлэх агуулга бүхий” хэсгийг хангахгүй орхихоор шийдвэрлэлээ.
Зорчих эрх хязгаарлах ял нь нийгмээс хүнийг бүрэн тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх зэрэг боломжийг олгодог тул шүүгдэгчийн давж заалдах гомдолдоо дурдсан хувийн байдал нь зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн ******* сумын баг, ******* гэх газар оршин суух албан ёсны хаягтай боловч одоо Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд оршин сууж байгаа болох нь шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байна.
Иймээс шүүгдэгч *******гийн “би одоо Сайнцагаан сумын 9-р багт оршин сууж, Политехникийн коллежийн Малын бага эмчийн 3-р курст суралцаж, хэвтрийн өвчтэй асаргааны хоёр эмэгтэй дүүгээ ээжийн хамт асардаг” гэх гомдлын хэсгийг харгалзан үзэж Дундговь аймгийн ******* сумын төвийн нутаг дэвсгэрээр оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвөөс гадагш зорчихыг хязгаарласан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолын
4 дэх заалтын “******* сумын” гэснийг “Сайнцагаан сумын” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 зүйлийн 1, 40. зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.БАЯРДАВАА
Г.МӨНХБАТ