| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/00120/э |
| Дугаар | 141 |
| Огноо | 2018-07-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 141
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1830000890105 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” хөгжимт жүжгийн театрын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, ...тоотод оршин суух, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2-т зааснаар 5.508.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан Б.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жаахан шарга” хөгжимт жүжгийн театрын кассын өрөөнд хохирогч Г.Ттай бичиг баримт булаацалдаж байхдаа түүний баруун нүдний доод хэсэгт буюу хацарт нь тохойгоороо цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун хацар, цээжний хэсгийн болон ар нуруу, баруун бугалганы хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үд өнгөрөөгөөд манай байгууллагад Аудитын шалгалт ирсэн. Аудитын шалгалт баримтаа шалгуул гэхэд бүтэн жилийн өмнөх баримтыг нярав өгөхгүй үдэж цэгцлээгүй байсан. Би Аудитад шалгуулах ёстой учраас Таас баримт аваад ир гээд нягтлан бодогч, туслах нараа явуулахад өгөхгүй байсан. Тийм учраас би өөрөө очиж аудитаас шаардаад байна ямарч байсан үзүүлэх ёстой гээд сейфэнд нь байсан задгай баримтыг аваад гарах гэтэл Т надтай булаацалдсан. Би баримтыг 2 гараараа барьсан байсан. Цохисон зүйл байхгүй, эргэхдээ тохойгоороо нүүрэнд нь хүрсэн. Би гараа зангидаж байгаад цохисон зүйл байхгүй. Тухайн үед энэ хүний биед хөхөрсөн зүйл байгаагүй. Би Тийг цонх мөргүүлж цохиогүй гэв.
Хохирогч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Бямба гарагт манай байгууллага тоглолт, кинотой байсан. Нягтлан орж ирээд баримт авъя гэхэд нь тайланд оруулаагүй учир үдэж цэгцлээгүй байгаа гэж хэлсэн. Нягтлан за за гээд гарсан. Энэ баримтууд аудитаар үзүүлвэл нилээн асуудал үүсгэх байх гэж бодоод үддэг ч юм уу гэж бодож байтал дарга орж ирээд 2 хавтастай баримтыг үзсэн. Нэг харахад баримтууд алга болсон байсан. Миний баримтууд алга байна гэхэд О дарга аваад явсан гэж хэлсэн. Би 3 цаг өнгөрөөгөөд даргын өрөө рүү ороод та яахаараа хүний баримтыг хэлэхгүй авч явдаг юм бэ гээд баримтаа аваад шууд гарсан. Тэгээд өрөөндөө ороод Очтэй мөнгө төгрөгөө цэгцлээд сууж байхад дарга орж ирээд шууд сэйф рүү дайрсан. Бид хоёр маргалдаж баримтаа булаацалдаж байгаад наашаа цаашаа түлхэлцсэн. Тэгэхэд дарга намайг тохойгоороо маш хүчтэй цохисон. Нүдэнд гал манараад л явчихсан. 03 сарын 11-ний өдөр миний толгой, бие өвдөж байсан боловч би 3 кино гаргах ёстой байсан учраас ажлаа хийгээд 03 сарын 12-ны өдөр эмчид үзүүлсэн. Эмч толгойд чинь маш их доргилт үүссэн байна гээд томографт харуулахад маш их доргилттой байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт хэвтсэн. Дараа нь шинжээч эмчид үзүүлсэн. Аудит надаас тэр баримтыг нэхээгүй.
Биед минь гэмтэл учирсан болохоор гомдолтой байна. Миний эмчилгээний зардлыг төлөөгүй, надаас уучлалт гуйгаагүй. Ээж шигээ хүнийг зодчихоод уучлалт гуйх байх гэж бодоод эмнэлэгт байхдаа хүлээж байсан ч ирээгүй. Ажил дээр маргах зүйл байдаг л байх. Миний ч буруу байгаа л байх, эвлэрчихье гэж бодож байсан. Надтай энэ талаар нэг ч уулзаагүй. Миний хувьд гомдолтой байна гэв.
Эрүүгийн 1830000890105 дугаартай хэргээс:
Хохирогч Г.Т мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 10 цагийн орчимд манай дарга Б.Б нь манай өрөөнд орж ирээд “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Улиастай хотод тоглосон орлого зарлагын баримтыг надад өг” гэхээр нь би мөн адил үдэж дуусаагүй байгаа үдээд цэгцлээд өгье гэж хэлтэл манай өрөөнөөс гараад явсан. Тэгээд үдээс хойш 15 цаг өнгөрөөд Б.Б дахиад манай өрөөнд орж ирээд гарахдаа миний ширээн дээр байсан аж ахуйн хөрөнгийн баримтыг надад хэлэхгүйгээр аваад гарчихсан юм. Би Б.Б даргын өрөө рүү араас нь ортол миний өрөөнд байсан хавтастай баримт ширээн дээр нь байсан. Тухайн үед би “та хүний баримт бичиг хэлэхгүйгээр аваад гарлаа” гэж хэлчихээд буцаад аваад гарсан. Тэр үед Б.Б дарга өрөөндөө утсаар ярьж байсан. Тэгээд өрөөндөө орж ирээд хяналт шалгалтын менежер Б.Очтэй задгай мөнгө цэгцлээд сууж байтал Б.Б нь дахиад манай өрөөнд орж ирээд “чи яахаараа баримт өгдөггүй юм” гэхээр нь “би танд хэлсэн, задгай, үдээгүй баримт өгөхгүй. Өгөхөөр болвол үдэж дугаарлаад өгнө” гэтэл шууд миний сейф рүү дайрч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Улиастай хотод тоглосон орлого зарлагын баримтыг булааж авахаар нь би өгөхгүй гэж Б.Бтай булаацалдахад миний баруун нүдний доод хэсэг рүү тохой хэсгээрээ цохисон. Тухайн үед би булаацалдаж байсан баримтаа тавьсан. Тэгээд би баримтаа дахиад авах гэтэл надад баримт өгөхгүй гэж намайг цохиод байсан. Би тухайн үед их уурласан байсан болохоор яг хаана, хаана цохиод байгааг мэдрээгүй. Тэгтэл манай өрөөнд сууж байсан Б.Оч нь “та болилдоо, хэтэрч байгаа юм биш үү” гэж Б.Б даргаас баримт авч сейфэнд хийсэн. Тухайн үед миний толгой өвдөж байсан. Зүүн эгэмэнд хөхөрсөн, баруун нүдний доод хэсэгт хөхөрсөн, баруун гарын бугалга хэсэг, баруун талын дал хэсэг хөхөрсөн байсан. Ямар ч байсан Б.Б нь намайг цохиод байсан. Би тухайн үед Б.Бтай баримтаа булаацалдаж байхад надад цохилт мэдрэгдэж байсан. Хамгийн эхэнд миний баруун нүдний доод хэсэг рүү цохисон. Дараа нь намайг түлхэх үед би өрөөнийхөө цонхыг мөргөсөн. Би Б.Бд зодуулснаасаа болж аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хэвтсэн. Намайг эмнэлэгт хэвтэхэд ор хоногийн мөнгө гэж 312.420 төгрөг, томографикт харуулсан 97.200 төгрөг авсан. Энэ мөнгийг би Б.Баас нэхэмжилж байна”... гэх /хх-ийн 17-18/,
Гэрч Б.Оч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр би кассын өрөө буюу Г.Т эгчийн өрөө рүү билет тоолох ажилтай ороод Г.Т эгчтэй хамт өрөөнд нь билет тоолоод сууж байтал гаднаас манай дарга Б.Б нь орж ирээд онгорхой байсан сейфнээс баримт авсан юм шиг байсан. Гэтэл Г.Т эгч баримт авлаа, өгөхгүй гэж Б.Б даргатай маргалдаж байсан. Би тухайн үед эргэж хараагүй урагш хараад билетээ тоолоод сууж байсан. Тухайн үед Г.Т нь өгөхгүй гээд маргалдаад байхаар нь би эргэж харж очоод дарга Б.Быг “дарга нь ч дарга гэхгүй, цэрэг нь ч цэрэг гэхгүй ямар сонин юм” гээд Б.Б даргыг таттал Батсайхан дарга Г.Т эгчийн гарнаас нь баримтаа авах гэж байгаад хацарт нь цохиж байсан. Ямар ч байсан нэг хацарт нь цохиж байсан” гэх /хх-ийн 25/,
Гэрч Б.У мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Жаахан шарга” театр руу хүүхдүүдийн хамт тоглолтын билет авахаар кассын өрөө рүү ортол Б.Б, Г.Т хоёр бие биенээ заамдаад зогсож байсан. Голоор нь Б.Оч нь ороод салгах үйлдэл хийж байх шиг байсан. Тэгээд тэр хоёр салаад больтол Г.Т нь бархирч чанга дуугараад байсан. Би одоо юу юу гэж хэлж байсан талаар санахгүй байна. Би Б.Б даргаас юу болоод байгаа талаар асуутал “аудитын шалгалтанд үзүүлэх ёстой баримтаа өгөхгүй, тэгээд бид хоёр муудсан” гэж надад хэлээд гараад явсан. Би өрөө рүү орж текний араас харахад Г.Тийн үс нь бага зэрэг сэгсийсэн байсан” гэх /хх-ийн 21/,
Гэрч М.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Г.Т гэх эмэгтэй дарга Б.Бд зодууллаа гэсэн дуудлага мэдээлэл манайд өгсөн. Тэгээд Г.Т нь өөрөө ирж гомдол гаргасан. Би уулзаж юу болсон талаар асууж байхад Б.Бтай баримт бичиг булаацалдаж байгаад тохойгоороо нүд рүү доод хэсэг рүү цохисон гэж байсан” гэх /хх-ийн 24/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 146 дугаартай дүгнэлтэнд: Г.Тийн биед тархи доргилт, баруун хацар, цээжний хэсгийн болон ар нуруу, баруун бугалганы хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 28-29/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 146 дугаартай /нэмэлт-3/ дүгнэлтэнд: Г.Тийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун хацар, цээжний хэсгийн ар нуруу, баруун гарын бугалганы хэсгийн зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл нь тус бүртёч ээ 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг гэмтлүүд нь хэд хэдэн цохилтоос үүсэх боломжтой. Хацар руу нэг удаа цохиход цохилтын хүч, далайц зэргээс хамаарч хацарт няцрал болон тархи доргилт үүсэх боломжтой. Тархи доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, хацрын зөөлөн эдийн няцралт гэмтэл нь 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хх-ийн 34
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-7/
Хохирогч Г.Тийн эмчилгээний зардлын баримт /хх-ийн 10-11/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 12-14/
Г.Тийн эмчлүүлэгчийн карт /хх-ийн 38-46/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Засаг даргын 7/220 дугаар тодорхойлолт /хх-ийн 57/
Шүүгдэгч Б.Бы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/
зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жаахан шарга” хөгжимт жүжгийн театрын кассын өрөөнд хохирогч Г.Ттай бичиг баримт булаацалдаж байхдаа түүний баруун нүдний доод хэсэгт буюу хацарт нь тохойгоороо цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун хацар, цээжний хэсгийн болон ар нуруу, баруун бугалганы хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь, хохирогч Г.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Оч, Б.У, М.Б нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 146 дугаар дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Бы шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Тт хөнгөн хохирол учруулаагүй гэх мэдүүлэг нь дээр дурдсан нотлох баримтуудаар няцаагдаж байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа хохирогч Г.Тийн толгой руу санаатай цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Б.Бы үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул Б.Быг хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Г.Т нь шүүгдэгч Б.Баас эмчилгээний зардал 409620 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Баас гаргуулж хохирогч Г.Тт олгохоор шийдвэрлэв
Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээнд торгох ял шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 450 /дөрвөн зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Б мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар эмчилгээний зардал 409620 төгрөгийг ялтан Б.Баас гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 7 дугаар баг 27в байрны 27 тоотод оршин суух хохирогч Г.Тт олгосугай.
6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА
Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханд хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Батболд, Х.Бадамсэрээжиднар нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орлой овогт Дамдинсүрэнгийн Дэлгэрсайханыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханыг хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Дэлгэрсайханд мэдэгдсүгэй.
4. Ялтан М.Батболд, Х.Бадамсэрээжиднар цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулууд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дэлгэрсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА