Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/31

 


 

 

2025              4                    17                                                    2025/ДШМ/31   

 

Самуэл Жамес Боулесд /Bowles samuuel jemes/

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч       Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Түмэндэмбэрэл,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүү,

Цагаатгагдсан этгээд С Ж, Б

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ц.Монгол,

Орчуулагч Б.Гантөмөр,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/22 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн цагаатгагдсан этгээд С Ж, Б-д холбогдох эрүүгийн 1834009370184 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Австрали улсын иргэн, .......... оны ......... дүгээр сарын .......-ний өдөр А............улс М.................. хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн инженер мэргэжилтэй, “...................... ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал ажилтай, У.............. хот Х ............. дүүрэг, ............ дүгээр хороо ............... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, С Ж, Б /РД:...................../.

2.С Ж, Бнь 2018 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутагт Улаанбаатараас Өмнөговь явах чиглэлийн асфальтан замын 201/71 дүгээр шонгийн ойролцоо "Тоёота ланд круйзер-200" маркийн 04-38 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.12-т “өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 18 дугаар зүйлийн 18.3-т “Хэрэв жолоочийн нүд гялбах зорчих баримжаа алдвал дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасаж буюу зогсоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас М.Фусо маркийн 75-37 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, зорчигч А.Ж................... амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3. Төв аймгийн прокурорын газраас С. Ж. Б. /...................../ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх: Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С Ж, Бхолбогдох эрүүгийн 1834009370184 дугаартай хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэгсэхгүй болгосон эрүүгийн 1834009370184 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, 

Цагаатгагдсан этгээд С Ж, Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн хүчингүй болгож,

Эрүүгийн 1834009370184 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, цагаатгагдсан этгээд С Ж, Бнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг,

Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг машины гэрчилгээ, 2 ширхэг жолоочийн үнэмлэхийг хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан цагаатгагдсан этгээд С Ж, Б/Bowles samuuel james/-с эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 850,000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөс чөлөөлж, Төр хариуцахыг мэдэгдэж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын сэтгэл санааны хохиролтой холбоотойгоор 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            5. Дээд шатны прокурор Б.Баярхүүгийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бичсэн 08 тоот эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Түмэндэмбэрэлийн гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй" байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүгдэгч С Ж, Бнь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-ний өдөр шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутагт Улаанбаатараас Өмнөговь явах чиглэлийн асфальтан замын 201/71 дүгээр шонгийн ойролцоо "Тоёото ланд круйзер-200" маркийн 04-38 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.", мөн дүрмийн 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.", мөн дүрмийн 18.3-т заасан "...хэрэв жолоочийн нүд гялбах зорчих баримжаа алдвал дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасаж буюу зогсоно." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам дээр зогсож байсан "М.Фусо" маркийн 75-37 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн ар талын буланг мөргөж, улмаар эсрэг урсгалд өөдөөс ирж явсан "Тоёота Ипсум" маркийн 33-76 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч А.Жаргалангийн амь нас хохирсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хэргийн газрын үзлэг хийсэн, нөхөн үзлэг тэмдэглэлүүд, туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бүжингийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч М.Мөнхцэцэгийн мэдүүлэг, гэрч Ш.Ууганбаяр, Н.Дамжин, Д.Амарбаясгалан нарын мэдүүлэг болон зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 155 дугаартай, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 335 дугаартай, 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 299 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Тодруулбал, шүүгдэгч С Ж, Б нь "Тоёота Ланд Круйзер-200 маркийн 04-38 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа ойрын гэрлээ шилжүүлсэн гэж мэдүүлсэн, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлээр ойрын гэрэл дээр тавиулан хэмжихэд 54 метр хэмжээнд тусгалын хязгаар байсан болох нь тогтоогдсон ба Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна." гэснийг, 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэснийг, 18.3-т заасан "Хэрэв жолоочийн нүд гялбах зорчих баримжаа алдвал дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасаж буюу зогсоно." гэснийг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан нөхцөл болсон байна.

Прокуророос шүүгдэгч С Ж, БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон хэрэгт зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөлийг тогтоосон 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 155 дугаартай, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 335 дугаартай, 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 299 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын акт, осол, хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж, харилцаа хамаарал, эх сурвалжийг нь магадлан, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, гэм буруугийн дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэлтэй байна.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ" гэж зааснаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, Тээврийн сургуулийн "Тээврийн салбар"-ын мэргэжлийн байгууллагын 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14/19 дугаартай "...Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд 04-38 УБЕ улсын дугаартай Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Самуэл Жэймс нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна..." гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн, дээрх бусад дүгнэлтүүдийг үндэслэлгүй талаар дурдаж хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

2.Шүүхийн цагаатгах тогтоолд, улсын яллагчаас гаргасан "...шүүгдэгч С Ж, Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас 2 тээврийн хэрэгсэл хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон А цэг дээр мөргөлдөж, зам тээврийн осол гарч, улмаар зорчигч Жаргалангийн амь нас хохирсон, С Ж, Б, Л.Даваахүү нарын дээрх үйлдэл, эс үйлдэхүйн улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон" гэх дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй няцааж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой ойлгомжтой дүгнээгүй хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн. Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/22 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.М..ийн давж заалдах гомдлын агуулга болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Австрали улсын иргэн С Ж, Бнь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ланд круйзер-200 маркийн 04-38 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.26, 10.12, 12.2, 12.3, 18.3 дахь заалтуудыг ноцтой зөрчиж явсныг 1, 3, 5-н шинжээчийн бүрэлдэхүүнтэй гарсан шинжээчдийн дүгнэлтэд тодорхой заасан байдаг. Үүнд:

1.Төв аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бат-Очир 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 00000155 дугаартай “Шинжээчийн дүгнэлт”-д Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд 1.2.26-т “Саадыг тойрон гарах” гэж тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйл /зам тээврийн ослын улмаас зогссон буюу түр ба удаан эсвэл зайлшгүй зогсолт хэсэг дээр тавьсан, унасан эд зүйл гэх мэт/-ийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдлийг хэлнэ гэж дүрэмд заасныг дурджээ. Харин тухайн эгнээнд хөдөлгөөний нягтрал ихэссэнээс шалтгаалж зогссон буюу дүрмийн шаардлагыг биелүүлэхийн тулд зогсож байгаа тээврийн хэрэгслийг саадад тооцохгүй” гэж дүрэмд зааж тусгасан байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалт зөрчсөн гэж дүгнэсэн байна.

            2.Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч цагдаагийн хошууч М.Гарьд, Х.Амартүвшин, Д.Ганбат нар 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 89 дугаартай Шинжээчийн дүгнэлтдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12, 12.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэхээс гадна Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн байна.

            3.Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээч, цагдаагийн хошууч Д.Цэндсайхан, О.Эрхэмболор, П.Мөнхсодном, Б.Ганбат, Б.Анхбаяр нар 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 299 дугаартай шинжээчийн дүгнэлтэд  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12, 12.13, 1.8.3 “хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн байдаг. Монгол Улсын Тээврийн цагдаагийн байгууллагын мэргэжлийн алба хаагч шинжээчид Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээчийн бүрэлдэхүүн шинжээчийн дүгнэлтүүддээ Австрали улсын иргэн С Ж, Б2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ланд Круйзер-200 маркийн 04-38 дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчиж монгол хүний алтан амь насыг үрэгдүүлсэн, эрүүгийн гэмт хэргийг цагаатгаж байгаад гомдолтой байна.

Шүүгч Ш.Гандансүрэн нь шүүгдэгч С Ж, Бцагаатгахдаа Төв аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бат-Очир, Тээврийн цагдаагийн албаны, Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч  М.Гарьд, Х.Амартүвшин, Д.Ганбат, Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээч цагдаагийн хошууч Д.Цэдэнсайхан, О.Эрхэмболор, П.Мөнхсодном, Б.Ганбат, Б.Анхбаяр нарын мэргэшсэн, шинжээч алба хаагчдын дүгнэлтийг хэргийн бодит байдал, үйл баримттай нийцээгүй дүгнэлт гэж үзэн үнэлэх үндэслэлгүй гэсэнтэй санал нийлэхгүй байна.

Шүүхийн цагаатгах тогтоолын хохирол хор уршиг хэсэгт: Шүүхээс шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн учир сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн аргачлалыг баталсан байдаг. С Ж, Бнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчиж Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шинжээчдийн дүгнэлт болон хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад Жамес Боулесыг Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй гэж үзэн, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /шүүгч Ш.Гандансүрэн/ цагаатгах тогтоол гарган хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, гэмт хэрэгтэнд ял завших боломж олгосон, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг үгүй хийсэн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Самуэл жамес боулест Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохих шийтгэлийг оногдуулж өгнө үү.” гэв.

7. Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ц.Монгол тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь агуулгын хувьд адилхан. Өмнөх шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэлтэй байна гэж тайлбарлаж байна. Миний зүгээс өмнөх дүгнэлтүүд нь замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтыг зөрчсөн гэж бичсэн боловч яг хэрхэн, яаж зөрчсөн гэдгийг ерөөсөө бичээгүй гэж харж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, прокурор болон бусад оролцогчид хүлээн зөвшөөрөөд бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулсан. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр С Ж, Бүйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна гэсэн ерөнхий гол дүгнэлт гарсан. Үүнийг улсын яллагч яллах дүгнэлтдээ дурдаж, яллах, цагаатгах талын нотлох баримтыг адил тэгш үнэлэх ёстой байсан боловч оролцуулаагүй. Бараг 2-3 удаа яллах дүгнэлт буцсан байдаг. Тээврийн салбарын доктор, профессор, 23 жил ажилласан н.Базаррагчаа, доктор профессор, 40 жил ажилласан н.Баярсүрэн, доктор, профессор, 42 жил ажилласан н.Цэвэгжав, доктор профессор 44 жил ажилласан н.Мягмаржав, шинжээч н.Удвал, Замын цагдаа, Дотоодын их сургуулийн замын цагдаагийн тэнхимийн эрхлэгч хурандаа н.Мөнхбаяр, Замын цагдаагийн тэнхимийн багш шинжээч н.Анхбаяр гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээч нар дүгнэлт гарсан. Эдгээр шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шүүх шийдвэрлэсэн. М.Мөнгөнхүү өмгөөлөгч Өмнөговь аймгаас гараад 500 километр газрыг 3 цагийн хугацаанд туулсан гэж яриад байна. Тийм зүйл байхгүй. 1-т хугацааг шалгаж, тогтоогоогүй. 2-т 19 цаг 50 минутад аймгийн төвөөс гарсан, шөнийн 00:00 цагийн орчимд осол болсон гэхээр 5 цаг 50 минут орчим явсан байх гээд байна. С Ж, Бнь 70 километр цагийн хурдтай явсан уу, 80 километр цагийн хурдтай явсан уу гэдэг нь тогтоогдоогүй. Хэрэг гарах үед хэдэн километр цагийн хурдтай явсан бэ гэдэг асуудлыг талууд зөндөө ярьсан. Таамгаар цаг хугацаа тогтоож яримааргүй байна. Мөн 75-37 ӨМӨ улсын дугаартай “Митисубуши Фусо” маркийн тээврийн хэрэгслийн жолооч н.Даваахүүгийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл тухайн жолооч замаа чөлөөлж машинаа тавиагүй, ямар ч ослын гурвалжин тавиагүй, аваарын асаагаагүй зогсож байсан. Монголд ийм нөхцөл байдлын улмаас маш олон хүн хохирдог практик байгаа. Бүх шинжээчид ингэж дүгнэлт гаргадаг. Иймд прокурорын эсэргүүцэл, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8. Цагаатгагдсан этгээд С Ж, Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сая хохирогчийн өмгөөлөгчийн ярьсан нийт туулсан замыг ямар хугацаанд туулсан бэ гэдэг дээр санал нийлэхгүй байна. Энэ үнэн биш гэж хэлмээр байна. Энэ хэрэгтэй холбоотой цуглуулсан баримтуудтай ч нийцэхгүй байна. Анхан шатны шүүх хуралдааны үеэр үүнийг тогтоосон зүйл байхгүй. Хэргийн гол шалтгаан нь н.Даваахүү замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, замын голд өөрийнхөө автомашиныг ямар ч дохио, гэрэлгүйгээр, стандарт зөрчиж байрлуулснаас үүдэн гарсан. Энэ нөхцөл байдлаас улбаалаад хэрэг гарсан. Өөрөөр хэлбэл н.Даваахүүгийн буруутай үйлдлээс болж асуудал гарсан нь тогтоогдсон байдаг. Мөрдөн байцаалтын явцад 4 удаа шинжээчийн дүгнэлт гарсан. Өөр өөрсдийн онцлогоор тухайн нөхцөл байдлыг өөр, өөр талаас нь мэдлэг, туршлага дээрээ тулгуурлан гаргасан. Эхний дүгнэлт нь хангалттай санагдаагүй учраас 2 дахь багийг томилсон, дараа нь 3 дахь болсон. Эдгээр дүгнэлтүүд ч гэсэн бүрэн илэрхийлэхгүй санагдаж байсан учраас 4 дэх шинжээч нарын багийн дүгнэлт гарсан. Үүнийг л хэлмээр байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүүгийн гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай эсэх, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцээтэй байдал хангагдсан эсэхийг бүхэлд нь үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх учиртай.

            Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүгч хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор тухайн шүүгдэгч буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн дүгнэлт хийх бөгөөд шүүхээс гарч буй шийдвэр эргэлзээгүй, ойлгомжтой бичигдсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий гэж үзнэ.

            2.Төв аймгийн Прокурорын газраас С Ж, Б-ыг 2018 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутагт Улаанбаатараас Өмнөговь явах чиглэлийн асфальтан замын 201/71 дүгээр шонгийн ойролцоо "Тоёота ланд круйзер-200" маркийн 04-38 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.12-т “өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 18 дугаар зүйлийн 18.3-т “Хэрэв жолоочийн нүд гялбах зорчих баримжаа алдвал дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасаж буюу зогсоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас М.Фусо маркийн 75-37 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, зорчигч А.Жаргалангийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

3.Анхан шатны шүүх  шүүгдэгч С Ж, Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, түүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэхдээ “...шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 155, шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 89, шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 299 дугаартай дүгнэлтүүд тухайн зам тээврийн ослын талаарх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдтэй нийцээгүй ба "М.Фусо" маркийн 75-37 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Даваахүү, "Ланд-Круйзер-200" маркийн 04-38 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч шүүгдэгч С Ж, Б нарыг Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөлийг бий болгосон гэж дүгнэлт гаргахдаа шинжлэх ухааны үндэслэл бүхий арга аргачлал, шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг баримтлан шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийгээгүй, ойлгомжгүй, эргэлзээтэй, нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

Дээрх нөхцөл байдлаас үүдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ" гэж зааснаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, Тээврийн сургуулийн "Тээврийн салбарын мэргэжлийн байгууллагын 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14/19 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар үнэллээ” гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

            3.1.Тодруулбал, давж заалдах шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтаас үзэхэд мөрдөгч, прокурор нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, 27.1 дүгээр зүйлийн 1, 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шинжээч томилж, шинжилгээ хийх тухай тогтоолуудыг үйлдэж, холбогдох шинжээч нарт дүгнэлт гаргахыг даалгасан байх бөгөөд Төв аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 155 дугаар /1хх-ийн 136-137/,

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 89 дугаар 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй, /1хх-ийн 147-149/

Тээврийн цагдаагийн албаны, техникийн шинжээч нарын 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 229 дугаар, 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй, /1хх-ийн 193-195/

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, Тээврийн сургуулийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14/19 дугаартай 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтүүдийг /2хх-ийн 182-188/ гаргахдаа Х.Даваахүү, С Ж, Б нар нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаар дүгнэсэн байна.

3.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ дээрх 4 дүгнэлтийн  алийг ч үндэслэл бүхий гэж үзэж нотлох баримтаар үнэлэх эрхтэй. Ингэхдээ шүүх цагаатгах талын нотлох баримтууд нь тухайн шинжээчийн дүгнэлттэй хэрхэн нийцэж, ямар үйл баримтыг нотолж байгааг, энэ нь хэрэгт хамааралтай, эсхүл хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой болох, улсын яллагчийн яллах талын үндэслэл болгосон нотлох баримт болон хохирогчийн өмгөөлөгчийн саналыг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа талаар нэг бүрчлэн дүгнэлт хийх үүрэгтэй юм.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаас

“-зам тээврийн ослын талаарх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

-зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч,

-гэрэл зургийн үзүүлэлтүүд,

-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,

-гэрэл зургийн үзүүлэлтүүд, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

-хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд” зэрэг баримтыг цагаатгах талын үндэслэл болгож үнэлэхдээ 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14/19 дугаартай дүгнэлттэй /2хх-ийн 182-188/ нийцсэн гэж дүгнэжээ.

Дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд хэрхэн нэг нь нөгөөгөө нотолж байгаа, бусад 3 дүгнэлттэй ямар байдлаар нийцэхгүй болохыг няцаан үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтыг ерөнхий байдлаар нэрлэн бичиж, шүүхийн шийдвэрт нөлөөлөх нөхцөл байдал байгаа эсэхийг анхаарахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана”, “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана” гэж тус тус заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасантай нийцээгүй байна.

 4.Төв аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 155 дугаар дүгнэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай нийцээгүй, шинжлэх ухааны үндэслэл бүхий арга аргачлал, шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг баримтлан шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийгээгүй, ойлгомжгүй, эргэлзээтэй, нөхцөл байдлыг үүсгэсэн байна” гэж дүгнэсэн атлаа “...шүүгдэгч С Ж, Б-ийн жолоодож явсан"Ланд-Круйзер-200" маркийн 04-38 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй нь шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 155 дугаар дүгнэлтээр тогтоогдож байх тул Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчимд нийцүүлэн “шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, ашигтай байдлаар” Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдны хязгаараас хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм” гэх эсрэг дүгнэлт хийсэн, мөн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг ямар үндэслэлээр Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.8-т заасан зарчимд нийцүүлээгүй гэж үзсэн зэрэг нь ойлгомжгүй болжээ.

5. Давж заалдах шатны шүүх Төв аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын “...шүүгдэгч С Ж, Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 18.3-т заасныг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 155 дугаартай, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 89 дугаартай, 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 299 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтаар тогтоогдсон байхад цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэх агуулга бүхий эсэргүүцэл, 

   хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүүгийн “...мэргэжлийн шинжээчдийн дүгнэлтээр С Ж, Б нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн болох нь тогтоогдсон байхад хэргийн бодит байдал, үйл баримттай нийцээгүй гэж дүгнэн цагаатгаж шийдвэрлэсэн,...мөн шүүхээс шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн учир сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлүүлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн зэргийг зөвшөөрөхгүй...” гэх агуулга бүхий гомдол гаргасныг дээр дурдсан үндэслэлээр хангаж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

6.Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч С Ж, Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/22 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, дээд шатны прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг тус, тус хангасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол С Ж, Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

    ШҮҮГЧИД                                 З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                     А.ЦЭРЭНХАНД