Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/23

 

 Е.Х- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,    

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Е.Х-, С.Н- нарт холбогдох эрүүгийн 2413002330286 дугаартай, 5 хавтастай хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд прокурор М.Парида, шүүгдэгч Е.Х-, С.Н-,  шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайып, С.Алтай, орчуулагч М.Нурасыл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ******* төрсөн, **** настай, эрэгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл ** хүнтэй, ************* хамт *************** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б овогт С.Н-, /РД: ***********/;

 

2. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ********* төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ********* мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл **, ************* хамт **************************** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, И овогт Е.Х-, /РД: ************/;

 

3. Холбогдсон хэргийн талаар:

3.1. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн **** БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.С-ын өвөлжөөний байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, казак үндэсний эсгий ширдэг 2 ширхэг, махны машин 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, 20 литрийн хэмжээтэй хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, 40 литрийн хэмжээтэй битон, хуучин аккумлятор 1 ширхэгийг, улмаар уг байшингийн хойно байрлах амбаарын хаалгыг дарсан төмрийг мушгин дотогшоо нэвтэрч мотоциклийн мотор, урд болон хойд дугуйг тайлж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Ж.С-ад 1,810,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг,

3.2. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн **** БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ө.Ж-ийн намаржааны байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, 25 килограмм ааруул, Оросын Холбооны Улсад үйлдвэрлэгдсэн 5 литрийн битон, хөнгөн цагаан 15 литрийн багтаамжтай таваг, БНХятад Улсад үйлдвэрлэгдсэн мотоциклийн обудтай дугуй 2 ширхэг, мөн амбаараас нь Nissan tida загварын тээврийн хэрэгслийн эвдэрсэн моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Ө.Ж-д 1,190,000 /нэг сая нэг зуун ерөн мянган/ төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг,

3.3. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн **** БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч У.Р-гийн өвөлжөөний байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо 3 ширхэг, тогооны жигнүүрээс 3 хос, 30 литрийн багтаамжтай хөнгөн цагаан битон 1 ширхэг, 1 литрийн багтаамжтай хөнгөн цагаан битон 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч У.Р-д 635,000 /зургаан зуун гучин таван мянган/ төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг,

3.4. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн **** БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч М.Л-гийн өвөлжөөний байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, казак үндэсний эсгий ширдэг 2 ширхэг, 10 литрийн багтаамжтай хөнгөн цагаан таваг /түмпэн/ 1 ширхэг, 30 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, 4, 5, 10 литрийн багтаамжтай битон тус бүр 1 ширхэг, микрофонтой хөгжим тоглуулагч /жижиг/ 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч М.Л-д 780,000 /долоон зуун наян мянган/ төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг,

3.5. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн **** БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч А.С-ы өвөлжөөний байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, казак үндэсний аравч 1 ширхэг, 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан битон 1 ширхэг, 100 амперийн аккумлятор 1 ширхэг, 60 амперийн аккумлятор 3 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч А.С-д 670,000 /зургаан зуун далан мянган/ төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг,

3.6. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн **** БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэр Цагаан гол гэх газарт байрлах хохирогч С.Б-ийн өвөлжөөний байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, 10, 15 литрийн багтаамжтай хөнгөн цагаан битон тус бүр 1 ширхэг, 100 амперийн аккумлятор 1 ширхэг, 10 литрийн багтаамжтай хөнгөн цагаан сав 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч С.Б-т 410,000 /дөрвөн зуун арван мянган/ төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг,

3.7. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн **** БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Баян-Өлгий аймгийн Толбо сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Б.Д-ын өвөлжөөний байшинд хууль бусаар нэвтэрч, хохирогч Б.Д-ын өмчлөлийн хос нүдтэй дуран /1 ширхэг/, 2, 3, 6 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо /3 ширхэг/, Монгол Улсад үйлдвэрлэсэн 1.20 метр өргөнтэй хивс /1 ширхэг/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.Д-ад 200,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг,

3.8. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн **** БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Баян-Өлгий аймгийн Толбо сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч С.Н-ийн өвөлжөөний байшинд хууль бусаар нэвтэрч, хохирогч С.Н-ийн өмчлөлийн төмөр сейф /1 ширхэг/-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч С.Н-т 100,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг,

3.9. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн **** БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Баян-Өлгий аймгийн Толбо сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Ө-ы өвөлжөөний байшинд хууль бусаар нэвтэрч, хохирогч Х.Ө-ы өмчлөлийн 15 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо /1 ширхэг/, хар өнгийн богино загварын эрэгтэй савхин хүрэм /1 ширхэг/, хар өнгийн урт загварын эмэгтэй савхин хүрэм /1 ширхэг/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Х.Ө-д 490,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг,

3.10. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар нь бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор иргэн С.Е-ын эзэмшлийн **** БӨҮ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Баян-Өлгий аймгийн Толбо сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.К-гийн өвөлжөөний байшинд хууль бусаар нэвтэрч, хохирогч Х.К-гийн өмчлөлийн 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан битон /2 ширхэг/, Оросын Холбооны Улсад үйлдвэрлэсэн Мосин Карабин буу /1 ширхэг/, хадуур /3 ширхэг/, мотоциклийн обуд /3 ширхэг/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Х.К-д 1,170,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

4. Прокурорын 2024 оны  11 дүгээр сарын 18-ны  өдрийн 279 дүгээр яллах дүгнэлтээр С.Н-, Е.Х- нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.    

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн  2025/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолоор: 

5.1.Шүүгдэгч Б овогт С.Н-, И овогт Е.Х- нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцож,

5.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Н-ад 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Е.Х-д 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

5.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-, Е.Х- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

5.4. Шүүгдэгч С.Н- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

5.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Х-ы баривчлагдсан, цагдан хоригдсон 17 /арван долоо/ хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцож,

5.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Н-, Е.Х- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн С.Е-ын эзэмшлийн “Тоёота королла” загварын **** БӨҮ улсын дугаартай тээрийн хэрэгслийн үнэ болох 3,500,000 /гурван сая таван зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нарын өөрт ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

6. Дээд шатны прокурорын эсэргүүцэлд:

6.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.”, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтыг нэгтгэн дүгнэвэл шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн төрөл, хэмжээ дотор багтсан ялыг оногдуулахын сацуу тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

6.2. Гэтэл шүүхээс шүүгдэгч С.Н-, Е.Х- нарт оногдуулсан ялын хэмжээ нь эрүүгийн хариуцлагын зорилго, хуульд заасан зарчим, тодорхой нөхцөл байдал зэрэгт тохирохгүй байна.  Учир нь: Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан нэр бүхий 10 хохирогчийн орон байрны халдашгүй байдалд халдаж, хууль бусаар нэвтрэн, 7,455,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, уг гэмт хэргүүдийг бүлэглэж, машин механизм ашиглан үйлдсэн байхад тэдгээрт хуульд заасан ялын интервал хэмжээний хамгийн бага гэж ойлгож болохуйц хэмжээг оногдуулсан нь үндэслэлгүй болсон гэж үзлээ.

6.3. Шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг бүрэн бодитойгоор шинжлэн судалсны зцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дзх хэсэгт заасан зорилгыг хангахуйц ял оногдуулах үүрэгтэй бөгөөд ийнхүү ял оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан мөн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын хэмжээний зохист харьцааг оновчтой сонгож, шийдвэр гаргах ёстой.

Гэвч шүүхээс шүүгдэгч С.Н-, Е.Х- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шийтгэх тогтоолын “тодорхойлох нь” хэсгийн 97-д дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

6.4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа, ...бүлэглэж үйлдсэн” нөхцөл байдал тогтоогдсон байхад уг нөхцөл байдлыг ял оногдуулахдаа орхигдуулсан буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь шийтгэл тогтоолыг үндэслэлтэй гэж үзэхэд эргэлзээтэй байна.

6.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.

 

7. Шүүгдэгч Е.Х-ы өмгөөлөгч С.Алтайн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. Шүүгдэгч Е.Х-ы хувьд гомдол, санал байхгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцэлтэй холбогдуулан тайлбар гаргаагүй. Учир нь: Анхан шатны шүүхийн шийдвэр нь  шүүгдэгч нарын хийсэн гэм бурууд тохирсон гэж үзээд гомдол, тайлбар гаргаагүй. 

 

8. Шүүгдэгч С.Н-ын өмгөөлөгч С.Нургайыпын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

8.1. Дээд шатны прокурорын эсэргүүцэлтэй танилцлаа. Шүүгдэгч нар нэг шөнийн нэг цагийн хугацаанд 10 объектод хулгай хийсэн үйлдлээ зөвшөөрч байна. Хэд хэдэн этгээдийн объектуудад  халдаагүй, эзэнгүй айлуудад нэг  өдрийн шөнө машин механизм ашиглаж, нийт учруулсан хохирлын хэмжээ 7,400,000 төгрөг байна.  Энэ нь их хэмжээний хохирол биш, шүүгдэгч нар гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирлыг арилгасан, хохирогч нарын зүгээс гомдол, санал байхгүй гэдгийг илэрхийлсэн.

8.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон. Ялын хувьд 2 жилээс 8 жилийн хооронд хорих ялтай байхад доод хэмжээний ял оногдуулсан, ял  хөнгөдсөн гэсэн асуудал ярьж байна. Анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд үндэслэл журмын дагуу шүүгдэгч нарын хэрэгт хандаж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хохирогч нарын энэ хэрэгтэй холбоотой гомдол, саналгүй зэрэг нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, С.Н-ын хувьд хөгшин аав, ээжтэй, төрсөн ах нь нас барсан. С.Н- нь эцэг эхийгээ харж хандаж байгаа ганц хүү.  Анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, гэмшсэн нөхцөл байдлаа шүүхэд илэрхийлж, хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх талаас нь өмгөөлөгчтэй хамт саналаа гаргасныг шүүхээс харгалзан үзсэн. Анхан шатны шүүхийн зүгээс дотоод итгэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хэрэглэж, ялыг хөнгөрүүлж байгаа асуудал хууль зөрчөөгүй. 

8.3. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх  тогтоолыг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна. Мөн хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг биш, эдийн засгийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн хувьд эдийн хохирлыг арилгасан, хохирогч нарын хувьд ялтай холбоотой асуудал дээр хөнгөн ял оногдуулж өгөхийг шүүхээс хүссэн. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж үзэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулсан ялын хувьд шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг, шүүгдэгч нарын хувийн байдал,  учирсан хохирол, хор  уршиг зэрэгт тохирсон гэж үзэж байна. Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

 

9. Шүүгдэгч нарын давж заалах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлэг:

9.1. Шүүгдэгч Е.Х-ы давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Анхан шатны шүүхээс онгодуулсан ял тохирч байна гэж үзэж байна. Бид нарыг энэ гэмт хэрэг үйлдэхэд ятгасан өөр нэг хүн байгаа. Тэр талаар прокурор болон анхан шатны шүүхийн шүүгч нарт хэлж байсан. Хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анх гэмт хэрэг үйлдэхэд Е- гэдэг залуу бид нарыг уруу татсан.  Толбо сумын цагдаа мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байх үед Е- гэдэг залуу “та хоёр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанд оролцоход л болно, хохирлыг би барагдуулж өгнө” гэсэн. Миний ар гэрийн байдал хэцүү, эхнэр маань жирэмсэн, 2 хүүхдийг маань харах хүн байхгүй. Би 2025 оны 02 дугаар сараас хойш хоригдсон, түүнээс хойш ар гэрийн хүмүүстэй уулзаж чадаагүй. Ялыг хөнгөрүүлж өгнө үү.

9.2. Шүүгдэгч  С.Н-ын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  Хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би анх Е.Х- болон бас нэг хүнтэй хамт очиж байсан.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            10. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийтгэх тогтоолыг дараах үндэслэлүүдээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаахаар шийдвэрлэв.

 

11. Шүүгдэгч С.Н-, Е.Х- нар бүлэглэж:

(1) 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.С-ын өвөлжөөний байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогчnay 1,810,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

   (2) мөн шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ө.Ж-ийн намаржааны байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогчийн 1,190,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

   (3) мөн хугацаанд учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч У.Р-гийн өвөлжөөний байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогчийн 635,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

   (4) мөн хугацаанд учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч М.Л-гийн өвөлжөөний байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогчийн 780,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

   (5) мөн хугацаанд учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч А.С-ы өвөлжөөний байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, нууцаар, хууль бусаар хохирогчийн 670,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг,

   (6) мөн хугацаанд учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан, Баян- Өлгий аймгийн Толбо сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэр Цагаан гол гэх газарт байрлах хохирогч С.Б-ийн өвөлжөөний байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогчийн 410,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

   (7) мөн хугацаанд учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан Баян-Өлгий аймгийн Толбо сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Б.Д-ын өвөлжөөний байшинд хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогчийн 200,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

   (8) мөн хугацаанд учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан Баян-Өлгий аймгийн Толбо сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч С.Н-ийн өвөлжөөний байшинд хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогч 100,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

   (9) мөн хугацаанд учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан Баян-Өлгий аймгийн Толбо сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Ө-ы өвөлжөөний байшинд хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогчийн 490,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

   (10) мөн хугацаанд учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан Баян-Өлгий аймгийн Толбо сумын 4 дүгээр /Дөрөө нуур/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.К-гийн өвөлжөөний байшинд хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогчийн 1,170,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг тус тус 10 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг холбогдсон бөгөөд тэдгээрийн дээрх үйлдэл холбогдлыг Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 279 дүгээр яллах дүгнэлтээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

12. Анхан шатны шүүх тус хэргийг 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэж, 2025/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овогт С.Н-, И овогт Е.Х- нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Н-ад 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Е.Х-д 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-, Е.Х- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн энэ шийтгэх тогтоолын талаар шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчид, хохирогчоос давж заалдах журмаар гомдол гаргаагүй, харин дээд шатны прокуророос “шүүгдэгч нарт оногдуулсан ялын хэмжээ нь эрүүгийн хариуцлагын зорилго, хуульд заасан зарчим, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохироогүй, шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” тухай эсэргүүцэл бичсэн байна.

 

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ял оногдуулах нь шүүхийн үүрэг бөгөөд ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэж, харин эрх олгосон шинжтэй хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шийдвэрлэх үүрэгтэй.

 

14. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч С.Н-, Е.Х- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсгийн 97 дахь заалтад “шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч нарын үйлдэл холбогдлын шинж чанарт үндэслэл бүхий эрх зүйн үнэлэлт өгөөгүй байна.

Хэрэгт цугларсан нотолгооны хэрэгслүүдэд тусгагдсан баримтат мэдээллүүдээс үзвэл шүүгдэгч С.Н-, Е.Х- нар 10 удаагийн үйлдлээр хамтран оролцож, учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж, бусдын орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр 10 иргэний өвөлжөөний байшингаас тэдгээрийн эд хөрөнгийг хулгайлах үйлдэл холбогдлыг бүлэглэж гүйцэтгэсэн нөхцөл байдал тогтоогдсон, шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн зохих заалтаар тэдгээрийг гэм буруутайд тооцохдоо уг заалтад тухайлан тусгаагүй “бүлэглэсэн” гэх шинжийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн эхний заалтад тусгасан боловч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүйгээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцээгүй байна. Энэ талаар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй тул хүлээж авах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй бөгөөд С.Н-, Е.Х- нарт холбогдох хэргийн хувьд хуулийн уг зүйл, хэсэгт заасанчлан нөхцөл байдал тогтоогдоогүй буюу бүлэглэсэн гэх шинжийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болгон заагаагүй байна.

 

15. Түүнчлэн шүүх гэм буруутай нь тогтоогдсон хүнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг баримтлах үүрэгтэй ба энэхүү зарчим нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх” зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, тухайн зүйл, хэсэгт заасан ялын хэмжээний зохист харьцааг оновчтой сонгож, оногдуулснаар бүрэн хангагдах учиртай.

Шүүхийн дээрх эрх хэмжээ, чиг үүрэг нь анхан шатны шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохих заалтыг хэрэглэхэд саад болохгүй боловч шүүх мөн зүйл, хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго, 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журам, 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хийгээд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь хуульд зааснаар харгалзаж үзвэл зохино. Хэрвээ хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үед хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоор байтал түүнийг ял оногдуулахдаа анхан шатны шүүхээс харгалзаж үзээгүй бол шүүхийн уг үйл ажиллагааг “гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулах” тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагдаагүй гэж үзнэ.

 

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах” хуулийн зорилтыг хангаагүй буюу анхан шатны шүүх бүрэн эрх, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцох ба энэ нь хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцно” гэж тус тус хуульчилснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол бүхэлдээ хүчингүй болох хууль зүйн үндэслэлд хамаарна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бол шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь давж заалдах шатны шүүхэд эрх олгосон бус, харин үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд, эсхүл анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед дээр дурдсан алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд үүнийг зөвтгүүлэх, эсхүл арилгуулах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах болон хүчингүй болгохыг хуулиар давж заалдах шатны шүүхэд үүрэг болгожээ.

 

18. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг удирдлага болгож, анхан шатны шүүхийн хууль бус шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд бүрэн нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлүүдээр бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэв.

 

19. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үед, С.Н-ын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлтэд “тус гэмт хэрэгт хамтран оролцсон Хуаны Е- гэдэг залуу тухайн үйлдэгдсэн хулгайн хэргүүдийг гардан үйлдсэн байсан. Гэтэл мөрдөн байцаалтын хугацаанд Х.Е- нь Х- бид хоёрт хэргийг өөрсдөө үйлдсэн гэж хэлээрэй, намайг байхгүй гэж мэдүүлээрэй, би та нарт тусална гэсэн учраас бид түүний талаар мэдүүлэг өгөөгүй байсан. Х.Е-ийг гэмт хэрэг үйлдсэнийг мэдсээр байж нуусан бидний буруу болсон. Иймд хэргийг нэмэлт ажиллагаанд буцааж өгнө үү” гэсэн байх бөгөөд шүүх хүсэлтийг хангаж, урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан ба 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр яллагдагч С.Н- болон түүний өмгөөлөгч С.Нургайып нар тус тус дээрх агуулга бүхий хүсэлтээ тайлбарлаж, С.Н- нь тус гэмт хэрэгт хамтран оролцсон гэх Хуаны Е- гэгчийн оршин суугаа газрын талаар тодорхой мэдүүлжээ. Гэтэл анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЗ/104 дүгээр “Урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжийн үндэслэлд яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтаар “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт”-ийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх шаардлагад нийцээгүй бөгөөд энэ талаар шүүгдэгч С.Н- давж заалдах шатны шүүх хуралдаанд нэмж тайлбарлаж, шүүгдэгч Е.Х- нь түүний тайлбар, мэдүүлгийг дэмжсэн байр сууР-ас оролцсон байна.

 

            20. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүх оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан тохиолдолд, яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар мөн зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17 дахь заалтад заасан асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргах ба энэ нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчим болон мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” хуулийн зорилтыг хангахад чиглэгдэх учиртай.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ба мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. Гэтэл анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд яллагдагч С.Н- болон түүний өмгөөлөгч С.Нургайып нарын гаргасан, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт оршин суудаг гэх Х.Е- гэгч нь шүүгдэгч С.Н-, Е.Х- нарын үйлдэл холбогдолд оролцсон эсэхийг нягтлан шалгах тухай хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс үзвэл, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдсан гэж үзэхэд учир дутагдалтай болжээ.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дээр дурдсан үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч нарын хүсэлт, мэдүүлгийг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

21. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах зорилтод нийцүүлэн, хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулах хүртэл хугацаанд шүүгдэгч С.Н-, Е.Х- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож” гэж заасныг тус тус удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсгийг баримтлан хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүртэл хугацаанд шүүгдэгч С.Н-, Е.Х- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК