Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 00000

 

Г.*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 131/ШШ2017/00720 дугаар шийдвэртэй

 Нэхэмжлэгч Гантуяагийн *******ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч Баянхонгор сумын 6 дугаар цэцэрлэгт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 525.280 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах тухай А/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдолтой иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуулын давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 21-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Гантуяагийн *******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Г.******* нь 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар цэцэрлэгт нягтлан бодогчоор байнгын орон тоон дээр орж ажиллаж эхэлсэн. Ингэж ажиллаж байхдаа ямар нэг сахилгын шийтгэл авч, алдаа дутагдал гаргаж байгаагүй. Намайг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/23 дугаар тушаалаар 3 сарын хугацаатай цалин 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Үүний дараа мөн тогтоолын дагуу 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар ажлаас халсан. Надад нэг үндэслэлээр 2 удаа сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн дотоод аудитын хорооны тогтоол ч өөрийнх нь буюу эрхлэгчийн гаргасан алдаатай холбоотой байсан юм. Иймд тус сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/23 дугаар сахилгын шийтгэлийг хүчингүйд тооцож, 2017 оны 5 дугар сарын 03-ны өдрийн Б/26 тоот тушаалаар ажлаас халагдсан намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 525.280 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.*******ээс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баянхонгор аймгийн 6 дугаар цэцэрлэгт 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нягтлан бодогчийн солилцоогоор нягтлан бодогчоор ажилд орсон. Баянхонгор аймгийн Аудитын хорооноос хийсэн 2015 баримтын шалгалтын дүнгээс харахад эрхлэгч С.Шүрэнцэцэгийн шахалтаар гүйлгээ хийcэн алдаа ихэвчлэн гарсан байгаа. Миний алдаа 2-3 удаа гарсан нь эрхлэгч С.Шүрэнцэцэгийн шахалтаар гүйлгээ хийсэн. Энэ хяналт шалгалтын баримтыг үндэслэж 4 дүгээр сарын 23-ны өдрийн 23 тоот тушаалаар цалингийн 20 хувь хасаж, 2017 оны 4 дүгээр сарын 31-ний өдөр амаар ажлаа хүлээлгэж өгөөрэй гэсэн мэдэгдэл хурал дээр өгсөн. 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Аудитын хорооны дүгнэлтээс харахад эрхлэгч С.Шүрэнцэцэг дээр асуудал үүссэн. Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлөгдөөгүй саруудыг төлүүлж, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 23 тоот тушаалыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Баянхонгор сумын 6 дугаар цэцэрлэгийг төлөөлж, тус цэцэрлэгийн эрхлэгч С.Шүрэнцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:

Цэцэрлэгийн 2016 оны санхүүгийн баримтыг төрийн Аудит шалгахад хязгаарлалттай санал дүгнэлт гарсан. Г.******* нь бараа материалын дансны үлдэгдэлд тооллого хийгээгүйгээс баталгаажуулаагүй, гэрэл цахилгааны зардалд 139.2 төгрөг илүү төлсөн зөрчилтэй шалгагдсан. Аудитын газрын хугацаатай албан шаардлагын дагуу Г.*******т цалингийн хэмжээг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан болно. Г.******* нь Төрийн аудитын зөвлөмжийн дагуу өөрийн гаргасан зөрчлөө арилгаагүй. Байгууллагын 2017 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайлан блансад 1 дүгээр гарын үсэг зурж баталгаажуулаагүй. 2017 оны 1 дүгээр улиралд эрхлэгчийн шийдвэргүй өөртөө ур чадварын нэмэгдэл 250.377 төгрөг авсан. Жил бүрийн 2 дугаар сард аймгийн боловсрол соёлын газарт явуулдаг яамны мэдээ явуулаагүй, хувийн хөрөнгө орлогын мэдүүлгээ санаатай буруу гаргасан. Нярав Г.Бадамтуяагийн гарын үсгийг санхүүгийн баримтанд хуурамчаар зурсан нь илэрсэн. Үйлчлэгч Т.Дамдин, сав угаагч О.Оюун-Эрдэнэ 2-ын үндсэн цалингийн шатлалыг ахиулсан эрхлэгчийн тушаалаас зөрүүлж нэмж олгож байсан.

Эдгээр алдаа зөрчлүүдийг гаргаж байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэж хөдөлмөрийн сахилгын зөрчлүүдийг давтан гаргаж, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасаар байсан учир үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуул анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 Баянхонгор аймгийн засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооны 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 13 тоот тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын 7.3 дугаар зүйлийн 7.3.4 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээний 10 дахь заалтуудыг тус тус үндэслэн халах тушаалыг гаргасан. Баянхонгор аймгийн санхүүгийн хяналт аудитын газар 2017 оны 4 дүгээр сарын 24-ний №51 гэсэн албан тоотууд дотор хяналт шалгалтын дүнгийн тухай гэсэн хорооны тогтоол байгаа. Энэ тогтоолд урьд өмнө нь Г.*******т авч байсан сахилгын давтагдсан зөрчил энэ тогтоолд байхгүй. Тийм учраас энэ сахилгын шийтгэлийг Г.*******т өгсөн.

Мөн 2015, 2016 онуудын зөрчил дээр яагаад хариуцлага тооцож байгаа вэ гэхээр 2015, 2016 онуудад гарсан зөрчлүүд нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн шалгалтаар илэрсэн. Тийм учраас хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулна гэсэн заалтыг баримталж энэ сахилгын шийтгэлийг оногдуулсан энэ тушаалыг гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар сахилгын шийтгэлийг оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. С.Шүрэнцэцэг, Г.******* хоёрт хэн хэн дээр нь акт тавигдсан. С.Шүрэнцэцэг актаар тавигдсан мөнгөө төлсөн. Г.******* актаар тавигдсан мөнгөө төлөөгүй байгаа. Сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан оногдуулсан асуудал байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Баянхонгор сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 04 сарын 19-ний өдрийн А/23 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Г.*******ийг Баянхонгор сумын 6 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Баянхонгор сумын 6 дугаар цэцэрлэгийн захиргаанаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,216,658 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөдөлмөрийн хөлсөнд төлөгдвөл зохих эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл хураамжийг тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянхонгор сумын 6 дугаар цэцэрлэгийн захиргаанд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянхонгор сумын 6 дугаар цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуул давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Г.*******тэй холбоотой зөрчил дутагдлыг холбогдох газарт нь хандаж шалган шийдвэрлүүлэхийг дурьдаж байгаа нь мөн ажилгүй байсан хугацааны цалинг гаргахдаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс илүү гаргаж шийдсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчөөд зогсохгүй нэхэмжлэлийн хүрээнээс хальж шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.*******ийг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар ажлаас халсан бөгөөд тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримтлан мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, хөдөлмөрийн дотоод журмын 7.3 дугаар зүйлийн 7.3.4 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээний 10 дахь заалтуудыг үндэслэн гаргасан бөгөөд энэхүү тушаал нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

Тиймээс Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 131/ШШ2017/00720 дугаар шийдвэрийг ИХШХШ тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Г.*******ээс ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах тухай А/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.           

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/23 тоот тушаалаар / хх-ийн 4 дүгээр тал/ тус цэцэрлэгийн нягтлан бодогч Г.*******т цалингийн хэмжээг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Мөн тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 5 дугаар сарын 3-ний өдрийн Б/26 тоот тушаалаар /хх-ийн 5 дугаар тал/ нягтлан бодогч Г.*******ийг ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэдэг үндэслэлээр ажлаас нь халжээ.  

Баянхонгор аймгийн санхүүгийн хяналт Аудитын албанаас тус аймгийн 6 дугаар цэцэрлэгийн 2015, 2016 онуудын санхүүгийн баримтанд хяналт шалгалт хийсэн бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 21-нд Засаг даргын дэргэдэх дотоод Аудитын хорооны 13 дугаар тогтоол /хх-145-150 дугаар тал/ гарсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар сахилгын зөрчил гаргасанаас хойш зургаан сарын дотор, илрүүлсэнээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах байтал тус цэцэрлэгийн нягтлан бодогч Г.*******ийн гаргасан зөрчил нь 2015 онд гарсан зөрчил байхад хоёр жилийн дараа түүнд сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Баянхонгор аймгийн Аудитын албанаас тус аймгийн 6 дугаар цэцэрлэгийн 2015, 2016 онуудын санхүүгийн баримтанд хяналт шалгалт хийснээр Г.*******т зөрчил гарсан. Гэтэл энэ нэг удаагийн шалгалтаар илэрсэн зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулж ногдуулжээ. Баянхонгор сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь Г.*******ийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5- д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас халсан боловч энэ хуульд заасан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Мөн ажлаас халсан гол үндэслэл нь Баянхонгор аймгийн Аудитын албанаас 6 дугаар цэцэрлэгийн 2015, 2016 онуудын санхүүгийн баримтанд хийсэн хяналт шалгалтын дүнг үндэслэсэн боловч энэ санхүүгийн хяналт шалгалтаар Г.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5- д зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл хангалттай тогтоогдоогүй байх тул Баянхонгор сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн Б/26 тоот тушаалаар /хх-ийн 5 дугаар тал/ нягтлан бодогч Г.*******ийг ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэдэг үндэслэлээр ажлаас нь халсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор сумын 6 дугаар цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуулын давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Баянхонгор сумын 6 дугаар цэцэрлэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 131/ШШ2017/00720 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор сумын 6 дугаар цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуулын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.         

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Баянхонгор сумын 6 дугаар цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

  ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

 Г.УЛАМБАЯР