Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ20176/00276

 

Т.Баярмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/05261 дүгээр шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 1938 дугаар магадлалтай,

Т.Баярмаагийн нэхэмжлэлтэй,

“Хаан Боржгон” ХХК-д холбогдох,

1.990.887 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуулын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баярдалай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань, нарийн  бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Саруул хороололын В2 блокийн 2, 3 дугаар давхрын заслын ажлыг бригадаараа авч нь гүйцэтгэсэн. Ажлын хөлс 5.950.888 төгрөг авах ёстойгоос баталгаат хугацааны 297.544 төгрөгийг 6 сарын дараа буцааж өгнө гээд ажлын хөлснөөс суутгасан. Үлдэгдэл 5.653.343 төгрөгөөс 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Б.Мөнхтуул 1.200.000 төгрөгийг урьдчилгаа гэж өгсөн. 410.000 төгрөгийг ажилчдын хоол унааны урьдчилгаа мөнгө гэж зээлж авч, 4.043.343 төгрөгийг “Хаан боржгон” ХХК-иас аваагүй үлдсэн. Энэ компани  дээр авсан ажлаа 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хийж дуусгаад Б.Мөнхтуул, Томо нарт хүлээлгэж өгсөн. Ингээд Б.Мөнхтуулын бодож өгсөн 4.043.343-2.000.000-150.000=1.893.343 төгрөгийг миний бие авах ёстойгоос 460.000 төгрөгийг надаас үндэслэлгүй хасч 1.433.343 төгрөгийг бэлэн мөнгөний орлогын баримт дээрээ бичиж өгсөн. 1.433.343 төгрөгийг бэлэн мөнгөний орлогын баримтаа Пүрэвсүрэн даргад 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажлын багаж шатчихлаа гээд авч очоод энэ төгрөгөөс 200.000 төгрөгийг бэлэн мөнгөний орлогын баримт дээр бичиж авсан. 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Алтай констракшн” ХХК-ийн ня-бо Солонготуяа миний авах ёстой 1.433.343 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримтыг надаас авсан. Үлдэгдэл 1.230.000 төгрөгийг Пүрэвсүрэн дарга надад 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгч дуусгасан боловч 2016 оны 2 дугаар сарын 07-ны өдөр “Алтай констракшн” ХХК дээр яаралтай хийсэн В1, В2-ын дундын гараашийн ажлын хөлс 20.304.519 төгрөгөөс 1.230.000 төгрөгийг үндэслэлгүй хассаныг асуухад “Алтай констракшн” ХХК-ийн Томо нар нь үгсэн хуйвалдаж, “Алтай констракшн” ХХК-ийн санхүүгийн хэлтэст намайг худал хэлж, залилан мэхэлж, ажлын хөлс 1.230.000 төгрөг авсан. Томотой ярихад “Алтай констракшн” ХХК усны насосууд алдсан гээд манай компани дээр 1-13 давхар тус бүрт 350.000 төгрөгийн акт тавьсан. Та 2, 3 дугаар давхрын хийсэн учраас таниас 700.000 төгрөг суутгаж авна гэсэн тул Пүрэвсүрэн даргаас асуухад манай ня-бо-гоос асуу гэж хэлсэн. Ня-бо Солонго шалгаад манайх тийм акт тавиагүй гэсэн болно. Иймд энэ компанид залилуулсан миний ажилчдын ажлын хөлс учир битүүлгээр луйвардуулсан 1.230.000 төгрөг үлдэгдэл 3.343 төгрөг, нуун дарагдуулсан 460.000 төгрөг, буцааж олгож өгнө гэсэн 297.544 төгрөг нийт 1.990.887 төгрөгийг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Хаан Боржгон” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуул шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани Т.Баярмаатай 0015/03/37 тоот хөлсөөр ажиллах гэрээ хийж “Алтай констракшн” ХХК-ийн Саруул хороололын  үйлчилгээ орон сууцны барилга дээр В-2 блокны 2, 3 давхрын ажлыг хийлгэхээр гэрээ хийж ажил олгосон. Т.Баярмаагийн ажлын хөлс нь “Алтай констракшн” ХХК-ийн барилгын зургийн үндсэн хэмжээний дагуу 5.693.288 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн үүнээс гэрээний дагуу баталгаат хугацааны төлбөрт гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувийг улсын комисс хүлээж авснаас хойш 6 сарын хугацаанд захиалагч талын дансанд байршуулан авч үлддэг. Үүний дагуу 284.664 төгрөгийг “Алтай констракш” ХХК-ийн дансанд хадгалагдаж байгаа бөгөөд үлдэгдэл 5.408.624 төгрөгөөс нийт өөрийнх нь гар дээр авсан санхүүжилт 4.330.000 төгрөгийг олгосон байгаа бөгөөд 2 айлын 4 ширхэг тоолуур алдсан 160.000 төгрөг суутгасан, 2, 3 дугаар давхрын нийтийн эзэмшлийн дутуу гүйцэтгэсэн ажлыг манай ерөнхий инженер Д.Энхжаргал болон Т.Баярмаа нар тохиролцсоны дагуу 1 давхарт 150.000 төгрөг буюу нийт 2, 3 давхарт 300.000 төгрөг суутгуулж нийт үлдэгдэл 618.624 төгрөг үлдсэн. Гэтэл Т.Баярмаагийн нэхэмжлэлд “Алтай констракшн” ХХК-тай гэрээ хийж  гараашийн  ажлыг гүйцэтгэж дууссан байхад нь манай компани үндэслэлгүйгээр 1.230.000 төгрөгийн дураараа суутгаж авсан гэж бичсэн байна. 1.230.000 төгрөгийн асуудлаар “Алтай констракшн” ХХК-ийн нягтлантай Т.Баярмаа өөрөө очиж тооцоо нийлэх нь зөв бөгөөд манай компанид огт хамааралгүй асуудал юм. Т.Баярмаад үлдэгдэл санхүүжилтийг олгож амжаагүй байгаа бөгөөд үлдэгдэл санхүүжилт болох 618.624 төгрөгийг нөхөн олгох болно гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/05261 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан, хариуцагч “Хаан боржгон” ХХК-иас 457.544 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Баярмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.533.343 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хаан боржгон” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 14.376 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Баярмаад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 1938 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/05261 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Хаан боржгон” ХХК-иас 1.990.887 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Баярмаад олгосугай”, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “14.376 төгрөг” гэснийг “46.810 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Баярмаагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.810 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1938 тоот магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь 1.230.000Т төгрөгийг манай байгууллагаас гаргуулах болсноо тайлбарлахдаа “Алтай Консракшн” ХХК-наас ажлын хөлсөнд авах байсан 1.230.000 төгрөгийг биднийг авсан мэтээр бичсэн атлаа үлдэгдэл 1.230.000 төгрөгийг Пүрэвсүрэн дарга надад 12 сарны 19-ны өдөр өгч дуусгасан гэж нэг зүйлийн талаар 2 өөр агуулга бүхий зүйлийг нэхэмжлэлд дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл “Алтай Консракшн” ХХК-наас Т.Баярмаагийн авах ёстой 1.230.000 төгрөгийг манай байгууллагыг авсан мэтээр бичсэн атлаа дээрх мөнгөө “Алтай Констракшн”ХХК-наас авсан талаараа мөн бичсэн байна.

Үлдэгдэл 1.230.000 төгрөгийг 12 дугаар сарын 19-нд Пүрэвсүрэн дарга надад өгч дуусгасан гэх боловч 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Алтай констракшн” ХХК дээр яаралтай хийсэн дундын гражны ажлын хөлснөөс 1.230.000 төгрөгийг өр үндэслэлгүй хассан гэдэг нь дараах баримтаар үгүйсгэгдэнэ. Бидний байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний дагуу хийгдэх ажил нь Б-2 блокийн 2, 3 дугаар давхрын заслын ажлыг хийх ёстой байсан. ”Алтай констракшн” ХХК-тай Т.Баярмаа нь Б1, Б2 блокийн дундын гражийн заслын ажлыг 2.304.519 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан хөлсийг биднийг авсан мэтээр нэхэмжлэлдээ бичсэн. Бусдын ажлын хөлсийг манай байгууллага хүлээн авах эрх зүйн үндэслэл байхгүй Алтай Констракшин ХХК-нь бидэнд өгөхгүй бөгөөд дээрх мөнгөө Алтай Констракшн ХХК-с нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Дээрх 1.230.000 төгрөг нь бидний хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний үнэд ороогүйг Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ойлголгүй манай байгууллагад төлбөр гаргуулсанд гомдолтой байна. Мөн магадлалд "Алтай Констракшн” ХХК-ы өмнөөс манай байгууллагыг 1.230.000 төгрөг төл гэсэнд туйлын гомдолтой байгаа бөгөөд бидний зүгээс баталгааны үлдэгдэл төлбөрөө өнөөдрийг хүртэл "Алтай констракшн” ХХК-с аваагүй байгаа болно.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1938 тоот магадлалын хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахдаа давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Ажлын хөлсний үлдэгдэл 1.990.887 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч Т.Баярмаагийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хариуцагч “Хаан Боржгон” ХХК эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь Саруул хорооллын барилгын 2, 3 дугаар давхарт барилгын заслын ажлыг хийх, хариуцагч 5.950.888 төгрөгийн хөлс төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан шаардлагад нийцжээ.

Зохигчид хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, төлөх хөлсний хэмжээн дээр маргаагүй, харин ажлын хөлсний тооцооны талаар маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч хариуцагчаас ажлын хөлсөнд 3.810.000 төгрөг хүлээн авсан ба доголдолтой холбогдуулан 150.000 төгрөгийг ажлын хөлснөөс суутгахыг зөвшөөрчээ.

Ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнг хүлээн авсан захиалагч гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч ажлын хөлсөнд 1.990.887 төгрөг төлөөгүй болох нь тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т нийцжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...үлдэгдэл 1.230.000 төгрөгийг н.Пүрэвсүрэн дарга өгсөн боловч 2016 оны 02 дугаар сарын 07-нд “Алтай констракшн” ХХК-иас авах ажлын хөлснөөс хассан” гэжээ. Иймд уг мөнгийг хариуцагч “Хаан Боржгон” ХХК төлсөн гэж үзэхгүй тул хариуцагчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 1938 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуулын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 39.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

                          ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ