| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 105/2019/1465/Э |
| Дугаар | 144 |
| Огноо | 2020-03-25 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 144
Б.От холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн, Ш.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1570 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1235 дугаар магадлалтай, Б.От холбогдох 1906002780059 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн, Г.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1971 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Тайжууд овогт Б.О нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Б.Оыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Улаанбаатар хотын банкны 2617002303 дугаартай дансанд байршуулсан 10.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.От олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.От холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
3.Амь хохирогч Ц.Гын нас барсан шалтгааныг тогтоож, анхны 233 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч эмч М.Золжаргалын мэдүүлэгт: “Талийгаачид тархины 2 тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтэл учирсан, уг гэмтлийг авсан даруйдаа үхэлд хүргэнэ, ямар нэгэн үйл хөдлөл хийх боломжгүй” /хх-ийн 99/ гэжээ. Тэгвэл Б.Оын үйлдэлтэй амь хохирогч Ц.Гын үхэл хамааралгүй болохыг дээрхи гэрчүүдийн мэдүүлэг, шинжээч эмчийн мэдүүлэг нотолж байна.2.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүдэд гавал тархины битүү гэмтэл нь уруулд шарх, баруун дээд 3 дугаар шүдний сулрал, оочний зулгаралт гэмтэлтэй шалтгаант холбоотой. Учир нь уруулд болон оочинд хүч үйлчилсний улмаас дээрх тархины битүү гэмтэл үүсэх боломжтой гэсэн боловч уруулын гэмтэл, баруун дээд 3 дугаар шүдний сулрал, оочинд зулгаралт нь хэний, ямар үйлчлэлийн улмаас үүссэнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох ёстой билээ. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Б.О 2019 оны 1 дүгээр сарын 4-ний орой 22 цагийн үед гэртээ ирсэн байдаг. /хх-53, Гэрч Н/. Цагийг тооцоолбол Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цайз орчмоос Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол хүртэл дор хаяж 1 цаг зарцуулна гэж үзэхэд Б.О Гынхаас 21 цагийн үед гарсан байх боломжтой. Гэтэл амь хохирогч Г нь урд талынхаа хашаанд амьдардаг, өөрийн ах дүүгийн айл болох Лд 2019 оны 1 дүгээр сарын 4-ний орой 22 цагийн үед гадаа нь хүнтэй ярилцаж байгаад ганцаараа орж ирээд гарсан байдаг. Баруун гарын дунд үенд жаахан шалбаралттайгаас өөр гэмтэл байхгүй байсан. Үүнээс хойш 15-20 минутын дараа мөн хашааных нь баруун талаар явж хүнтэй ярилцаад байсан./хх-46, мөн хх-43 хуудсанд буй гэрч Өы мэдүүлэг/. Үүнээс үзэхэд Б.Оыг яваад 1 цагийн хугацаа өнгөрч байхад нүүр амандаа шарх гэмтэлгүйгээр айлд орж, гарч явсан байна. Мөн хэрэгт буй амь хохирогчийн цогцосны дээшээ харсан байдалтай, уруулын гэмтлийг харуулсан зурагнаас харахад уруулын баруун талд байгаа шарх, түүнээс гарсан цус нь яг хэвээрээ ил тод харагдаж байна. Хэрэв тэр өдрөө 21 цагийн үед Б.От цохиулж гэмтсэн бол 1 цагийн дараа айлд ороход хүнд анзаарагдахгүй байхааргүй ил тод шархтай, цусаа ч арилгаагүй явсан байх ямар ч үндэсгүй байна. Ороод гарсан айлын эзэн Л, түүний эхнэр Өы мэдүүлэгт ч ийм шархтай байгаагүйг нотолдог.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... 1.Анхан шатны шүүх “шүүгдэгч Б.О нь Ц.Гынд унтаж байгаад сэрээд явахдаа Ц.Гтай харилцан маргалдаж, улмаар Ц.Гын нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас Ц.Г нь унаж тархины битүү гэмтэл авч нас барсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-д заасанчлан шүүхийн дээрх дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр нотлогдоогүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Шүүх дээрх бичгийн нотлох баримтуудыг дэс дараалан дурдаж тогтоол, магадлалдаа иш татан бичихдээ уг нотлох баримтуудын агуулгад дүн шинжилгээ хийж, хэргийн үйл баримттай хэрхэн холбогдож байгаа болон хууль ёсны шаардлагыг хангасан эсэх талаас нь дүгнээгүй юм. Шүүхийн тогтоолд дурдсан нотлох баримтууд нь тухайн газарт амь хохирогч Ц.Г гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсныг нотолсон болохоос хэний, ямар үйлдлийн улмаас нас барсныг нотлоогүй юм. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2009 оны 14 дүгээр тогтоолын 1-д: “Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл /үйлдэхүй/ хийсний улмаас хүн нас барсан бөгөөд, гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулна” гэж тайлбарласан байдаг. Гэтэл энэ хэрэгт Б.Оыг сэжиглэн цагдан хориод байхдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 3, 5.3 дугаар зүйлийн 2-т заасныг зөрчин, өмгөөлөгчөө сонгож аваагүй, сэтгэл санааны хямралаас гарч чадаагүй байх үед нь мэдүүлэг авч амь хохирогчтой маргалдсан, нүүрэн тус газарт нь гараараа цохисон гэсэн агуулгаар тэмдэглэлд тусган, шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна гэж үзэж, прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх яллах дүгнэлтийг хуулбарлан шийтгэх тогтоолдоо тусгаснаар Б.О нь унтаж сэрээд явахдаа Ц.Гтай харилцан маргалдаж, улмаар Ц.Гын нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас Ц.Г нь унаж, тархины битүү гэмтэл авч нас барсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэн Б.Оыг гэм буруутайд тооцсоныг хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Амь хохирогч Ц.Г гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байсан нь шинжээчийн дүгнэлтүүд болон, гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдсон. Харин хэний, ямар үйлдлийн улмаас энэ гэмтлийг авсан нь нотлогдоогүй. Б.Оын яллагдагчаар анх өгсөн мэдүүлгээс үзэхэд амь хохирогч Ц.Г зайл гэсэн, куртикээ өмсөх гэж байхад миний уруул хэсэг рүү гараараа цохисон, шууд гэрээс гарахаар үүд рүү явахад араас куртикнээс зуурахаар нь нэг цохисон ч гэдэг, түлхчихээд гарсан ч гэдэг, энэ явдал нэг минут орчмын хугацаанд л болсон гэдэг. /хх-132/ Гэтэл энэ мэдүүлгийг гол нотлох баримт болгож маргалдсан, уруул хэсэгт нь цохисноор унаж, гавал тархины битүү гэмтэл авч нас барсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т зааснаар яллагдагчийн мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.
4.Амь хохирогч Ц.Г архи их уудаг, 2-3 хоног дараалан ууж ядарсан үедээ татаж унадаг байсан бөгөөд, царай нь цайвар болж өөрийн ухаангүй байдалтай болдог, мөн архи уухаараа уур нь хөдөлж, сэтгэл санаа нь давчидсан үедээ ойр хавьд байгаа зүйлээ цохиж нүдэх зэрэг авир гаргадаг байсан нь хамтран амьдарч байсан гэрч Д.Нийн мэдүүлэг, гэрч Пгийн мэдүүлэг зэргээр нотлогддог. Хэрэг болох үед амь хохирогч Г 2019 оны 1 дүгээр сарын 2-ноос эхлэн архи ууж байсан нь гэрч Тын мэдүүлгээс харагдаж байна. Хэрэгт авагдсан, амь хохирогч Ц.Гын хувийн болон эрүүл мэндийн байдалд, мөн тухайн үед хүнд зэргийн согтолттой байсан зэрэгт дүгнэлт хийхэд архи хайж орж гарч явахдаа өөрийгээ гэмтээх, эсвэл согтолтын ачааллаа даахгүйгээр тархинд нь цус харвасан байх магадлалтай гэж дүгнэж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд, тэдгээрээр нотлогдож байгаа нөхцөл байдлуудад дүгнэлт хийхэд Б.О нь Ц.Гыг үхэлд хүргэх гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь нотлогдож тогтоогдоогүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Б.От холбогдох хэргийг хянан үзэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1570 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1235 дугаар магадлалуудыг тус тус хүчингүй болгож, Б.От холбогдох Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Оыг цагаатгаж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр гаргасан гомдолдоо: “...1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1.3.2 дахь хэсгийг баримтлан гомдол гаргасан тухайд: Анхан болон давж заалдах шатны шүүх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.О нь уг үйлдэлд ямар ч хамааралгүй болох нь тогтоогдож байхад түүнд ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15.2, 36.1.5.2, 36.1.5.3, 39.1.3 дахь хэсэгт заагдсан үүргээ биелүүлээгүй буюу нотлох баримтыг зөв үнэлж чадаагүй тул тогтоогдсон нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, гэмт хэргийг хэн үйлдсэн гэдгийг сайтар тогтоох үүргээ хэрэгжүүлж чадаагүй болохыг харуулж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.О нь хохирогч Ц.Гыг хөнөөх гэмт хэрэг үйлдээгүй болох нь шинжээч эмчийн 233 тоот дүгнэлт, гэрч О.Н, гэрч Д.Ө, Д.О, Г.Л нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байхад нотлох баримтыг шүүх үнэлж дүгнэж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1.3.2 дахь хэсэг зөрчигдөх үндэслэл болсон байна. Хэрвээ хохирогч заавал хэн нэгэн этгээдийн шууд буруутай үйлдлээс болж амь хохирсон гэж үзвэл уг гэмт үйлдлийг гэрч Д.М үйлдсэн байж болох ноцтой баримт байхад шүүх анхаарч үзээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1.3.2 дахь хэсгийг баримтлан гомдол гаргах үндэслэлийг бий болгоно. Өөрөөр хэлбэл Б.О нь хэрэг учрал болсон орой 21 цагт гэртээ очсоноос хойш хохирогч 3-4 цагийн турш эрүүл мэнд нь хохироогүй, олон газраар орж гарч явсан баримт хэрэгт авагдсан байгаа нь гэмт хэргийг өөр хүн үйлдсэн, эсхүл өөрөө унаж гэмтсэн байгааг харуулж байна. Мөн үйл баримтыг прокурор болон шүүх тайлбарлахдаа “...талийгаач бусдад цохиулан унах явцдаа дагзаараа юм мөргөн цус харваж үхсэн...” гэх агуулгаар шинжээчийн дүгнэлтээс өөр байдлаар дүгнэсэн нь шүүх нотлох баримтуудыг үнэлж чадаагүй байгааг нотлоно.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1.3.1 дэх хэсгийг баримтлан гомдол гаргах тухайд: Шүүхүүд Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг Б.От хэрэглэлгүйгээр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 2.1.3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9, 39.9.1.2 дахь хэсгийг баримтлан хэрэгсэхгүй болгон цагаатгах нь зүйтэй байсан бөгөөд энэхүү хэрэгсэхгүй болгох хуулийн заалтуудыг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1.3.1 дэх хэсэгт заагдсан гомдлыг гаргах шаардлагыг хангасан. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1570 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1235 тоот магадлалыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8.1.2 дахь хэсгийг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Ямар нэгэн маргаан болоогүй, Ц.Г унаагүй гэдгийг шүүгдэгч хэлсэн. Шинжээч “уруулд цохисны улмаас гэмтэл үүснэ” гэсэн дүгнэлт гаргасан хэдий ч Б.Оын үйлдэлтэй шалгаант холбоотой болохыг тогтоосон зүйл байхгүй. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох ёстой. Мөн гэрчүүдийн “22 цагийн үед гадаа нь хүнтэй ярилцаж байгаад ганцаараа орж ирээд гарсан, үүнээс хойш 15-20 минутын дараа мөн хашааных нь баруун талаар явж хүнтэй ярилцаад байсан” гэх мэдүүлгүүд байдаг. Тиймээс хэнтэй явсан болохыг тогтоогоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Үүнийг мөрдөн байцаалтаар шалган тогтоох ёстой байсан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах байр суурьтай байгаа хэдий ч боломжгүй бол нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шинжээч “амь хохирогчийг үхэлд хүргэсэн тархины хоёр тал бөмбөлгийн орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтэл нь уруулын шарх, баруун дээд гуравдугаар шүдний сулрал, оочны зулгаралт гэмтэлтэй шалтгаант холбоотой. Хүний хүчин зүйлээр буюу уруул, эрүү орчимд цохих үед үүсэх боломжтой” гэж дүгнэсэн. Дүгнэлттэй холбогдуулаад шинжээч Б.Золжаргалыг байцаахад “талийгаачид тархины 2 тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтэл учирсан, уг гэмтлийг авсан даруйдаа үхэлд хүргэнэ, ямар нэгэн үйл хөдлөл хийх боломжгүй, газар дээрээ идэвхтэй хөдөлгөөн хийхгүйгээр нас барна” гэсэн. Шүүгдэгч, амь хохирогч нарын хамт байсан хугацаа нь 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 19 цагаас 23 цаг болох нь хэргээс уншигдаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хэлсэн цаг хугацааны тухайд Ц.Г нь дүүгийнхээсээ гарсны дараа Б.От цохиулсан байна. Б.О 2019 оны 1 дүгээр сарын 5-ны шөнө Улаан-Үүд явж 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр ирэхэд нь түүний биед гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжээч томилоход хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Ганц шүүгдэгчийн мэдүүлгээс гадна хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар Б.Оын үйлдэл тогтоогдсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн. Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн, Г.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.От холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос шүүгдэгч Б.Оыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 1 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дезель хүрээ” автомашины худалдааны захын засварын хашаанд манаач ажилтай Ц.Гтай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас Ц.Г нь тархиндаа гэмтэл авч нас барсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.От холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Б.Оыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “шүүгдэгч Б.Оын үйлдсэн гэмт хэргийн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4-т заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасныг ноцтой зөрчсөн, түүнчлэн шүүх хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөхдөө Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасныг үндэслэлтэй гэж үзэв.
Баянзүрх дүүргийн хяналтын прокурор Ц.Гантулгабатын бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 496а дугаартай яллах дүгнэлтэд /2хх-61/ шүүгдэгч Б.Оын хохирогч Ц.Гын нүүрэнд цохисон үйл баримтыг шууд нотолсон баримтыг тусгаагүй, тухайлбал мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Оын гэрчээр /хх-127/ болон сэжигтэн, яллагдагчаар /хх-130,131/ өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцох эсэхийг дүгнээгүй, түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Б.О амь хохирогч Ц.Гыг цохисон үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа Б.Оыг болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Б.Оыг цагаатгуулах талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн, Г.Батбаяр нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1235 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн, Г.Батбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН