Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2018/0175

 

2018 оны 03 сарын 15 өдөр   

  Дугаар 221/МА2018/0175

Улаанбаатар хот

 

 

Б.Н-ийн нэхэмжлэлтэй

                           захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0945 дугаар шийдвэртэй, Б.Н-ийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0945 дугаар шийдвэрээр: “...Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг тус тус баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Б.Н-ийг төрийн албанаас халах тухай” б/748 дугаар тушаалыг шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн байх тул маргаан бүхий захиргааны актыг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаас шинэ акт гарах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шинжлэн судлах боломжийн цар хүрээ хэтэрсэн үндэслэлээр хариуцагчид 1 сарын хугацаанд дахин шинээр акт гаргах, акт гаргахдаа ашиг сонирхлын зөрчилгүй, улсын байцаагчийн эрхтэй этгээдээр дамжуулан Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсох зарчмыг хэрэгжүүлэн, нэхэмжлэгчийн тайлбар гаргах боломжийг олгохыг даалгасан нь боломжгүй байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт улсын байцаагчийн эрхтэй 2 орон тоо байдаг ба үүнээс ахлах аудитор нь тус хэрэгт гэрчээр асуугдсан, дээрх шалгалтын бүрэлдэхүүнд томилогдсон, аудитор нь албан тушаалаас чөлөөлөгдсөн, уг албан тушаалд хүн томилогдоогүй байдалтай байна. Мөн мэдэгдэх, сонсох зарчмыг хэрэгжүүлэн нэхэмжлэгчид тайлбар гаргах боломжийг олгон Хорих 421 дүгээр ангийн 2014, 2015 оны санхүүгийн бүхий л баримтыг шалгахад дээрх хугацааны хувьд шинээр акт гаргах боломжгүй, хэт богино хугацаа юм.

Шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид шинжлэн судлах шаардлагатай, нотлох баримтаар бусад зөрчлийг тогтоох боломжгүй бол бусад зөрчилд холбогдох баримт материалд дахин шинжээч томилох боломжтой байлаа.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0945 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцож, иргэн Б.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1198 дугаар тушаалаар Б.Н-ийг Хорих 431 дүгээр ангийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлж, Хорих 421 дүгээр ангийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд шилжүүлсэн бөгөөд улмаар мөн даргын 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/186 дугаар тушаалаар уг албан тушаалаас чөлөөлөн Хорих 401 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчоор шилжүүлэн томилжээ.

Хариуцагчийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн б/748 дугаар тушаалаар Б.Н-ийг Хорих 421 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа санхүүгийн албан хаагчдад хяналт тавих, мэргэжлийн удирдлагаар хангах албан үүргээ гүйцэтгээгүй, дотоод орлогын 54.2 сая төгрөгийг шууд зарцуулсан, хувь хүнээс 2.1 сая төгрөгийн татвар суутгаагүй, кассын нярваар эд хөрөнгийн хариуцлага хүлээх баталгаа гаргуулаагүй, 40.5 сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ авсан гэж хуурамч баримт бүрдүүлэн бэлнээр мөнгө гарган авсан, үндэслэлгүй 17.2 сая төгрөгийн хүнсний материал зарлагадсан, албан хаагчдын цалингаас 16.9 сая төгрөгийг дур мэдэн суутгал хийсэн, Тоёота Ландкрузер 100 маркийн суудлын автомашиныг бүртгэлд тусгаагүй, 5.3 сая төгрөгийн шатахууны тооцооны хуудсыг хуурамчаар үйлдсэн, аж ахуй, нэгж байгууллагад ялтан ажиллуулахдаа 21.7 сая төгрөгийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан, 57 сая төгрөгийн ялтан ажиллуулах гэрээг ангийн даргаар батлуулан ажиллуулсан боловч санхүүгийн бүртгэл тайланд тусгаагүй, холбогдох анхан шатны баримтыг нуун дарагдуулсан, хувийн харилцах дансаар цалингийн суутгал, шагнал урамшууллын мөнгө дамжуулан гаргасан гэх нийт 13 зөрчлийг гаргаж, байгууллагад 25.188.031 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан байна.  

Нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б.Н-ийг төрийн албанаас халах тухай б/748 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн гэж үзэн маргаан бүхий захиргааны актыг 1 сарын хугацаагаар дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “...давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 1 сарын хугацаа гэж бичсэнийг өөрчилж 2-3 сар болгож өгнө үү гэж тодруулж байна” хэмээн тайлбарласан тул уг гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан шийдвэрийг гаргах бөгөөд уг хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны б/748  дугаар тушаалыг анхан шатны шүүх хариуцагчаас шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт улсын байцаагчийн эрхтэй 2 орон тоо байдаг ба үүнээс ахлах аудитор нь тус хэрэгт гэрчээр асуугдсан, дээрх шалгалтын бүрэлдэхүүнд томилогдсон, аудитор нь албан тушаалаас чөлөөлөгдсөн, ...мэдэгдэх, сонсох зарчмыг хэрэгжүүлэн нэхэмжлэгчид тайлбар гаргах боломжийг олгон Хорих 421 дүгээр ангийн 2014, 2015 оны санхүүгийн бүхий л баримтыг шалгахад дээрх хугацааны хувьд шинээр акт гаргах боломжгүй, хэт богино хугацаа юм” гэж дурдсан нөхцөл, байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлээ.  

Учир нь хариуцагч дээрх ажиллагааг 1 сарын хугацаанд хийж, шинэ акт гаргаж чадахгүйд хүрвэл шүүхийн шийдвэрийн 2 дахь заалт, Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу маргаан бүхий акт хүчингүй болохоор байх тул хариуцагчид боломжит хугацаа олгох нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 128/ШШ2017/0945 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт “1 сар” гэснийг “3 сар” гэж өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0945 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...1сарын” гэснийг “...3 сарын” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

          ШҮҮГЧ                                                               О.НОМУУЛИН

          ШҮҮГЧ                                                               Ц.САЙХАНТУЯА