Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2019/0691/з |
Дугаар | 108 |
Огноо | 2020-04-01 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 108
“Т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Улаанбаатар хотын Ерөнхий менежер
бөгөөд Захирагчийн ажлын албаны
даргад холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Мөнхтуяа
Шүүгчид: Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээг цуцалж, зөвшөөрлийг хүчингүй болгосон Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01/661 дүгээр болон 11-ний өдрийн 01/725 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, учирсан хохиролд 59.950.000 төгрөгийг гаргуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0810 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 45 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Г.Б нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0810 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 56 дугаар зүйлийн 56.4, 58 дугаар зүйлийн 58.1, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасныг тус тус үндэслэн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргад холбогдуулан гаргасан “Т т” ХХК-ийн “Зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээг цуцалж, зөвшөөрлийг хүчингүй болгосон Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01/661 дүгээр болон 11-ний өдрийн 01/725 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, учирсан хохиролд 59.950.000 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 45 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 810 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0810 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 45 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу хяналтын гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул дараах байдлаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.
4. Нотлох баримтыг буруу үнэлсэн талаар: “Т т” ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын А/188 дугаар тушаалын дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний зүүн доор болон баруун доор байрлалтай 2 ширхэг тулгуурт байгууламжийг байрлуулах зөвшөөрлийг авсан билээ. Ийнхүү тус албатай 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдийн гадна зар сурталчилгааны самбар ашиглалтын гэрээ”-г байгуулан 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд самбар байрлуулахаар тохиролцсон. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болон 11 дүгээр сарын 27-ны өдрүүдэд дээрх хоёр байгууламжийн түрээсийн төлбөрийг төлөхөөр Захирагчийн ажлын албаны Г.Б-тэй ярилцан тохирч нягтлан бодогч Б.Х-аар нэхэмжлэх бичүүлэн өгсний дагуу төлсөн байдаг. Төлбөрийн баримтад “ЭТ гүүрний баруун, зүүн тал дунд гол зам, самбар түрээс” гэсэн гүйлгээний утга бичигдсэн байдаг. Төлбөрийн баримт дээр ийнхүү бичсэн нь Захирагчийн ажлын албанаас өгсөн нэхэмжлэлд аль самбарын нэхэмжлэл болох нь байдаггүй бөгөөд бүх самбарын түрээсийг ийнхүү төлдөг талаар гэрч Б.Х, хариуцагчийн төлөөлөгч Г.Б, “Т т” ХХК-ийн захирал Н.Б нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, хурлын тэмдэглэлээс харагддаг.
5. Манай компани дээрх байршилд болон бусад байршилд нийт долоон самбарыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд нийслэлээс зохион байгуулж байгаа үйл ажиллагааг ямар ч үед дэмжин оролцдог. Тодруулбал, олон нийтэд хандсан эерэг хандлагыг түгээсэн зүйлд самбараа үнэ төлбөргүй нийслэлд ашиглуулдаг. Гэтэл 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр болон 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрүүдэд Захирагчийн албанаас Энхтайваны гүүрний хоёр талын самбарын түрээсийн төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлээр гэрээг цуцалж, зөвшөөрлийг хүчингүй болгож, самбарыг буулгах талаар мэдэгдэл хүргүүлсэн байдаг. “Т т” ХХК нь самбарын төлбөрийг зохих ёсоор төлсөн, хариуцагчийн зүгээс итгэл хамгаалах зарчмыг зөрчиж процессын алдаа гаргасан гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нягтлан бодогчоос төлбөрийн нэхэмжлэх бичиж өгсөн нь нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүйг зөвтгөх үндэслэл болохгүй” гэж үзсэн. Шүүх ийнхүү дүгнэхдээ дан ганц хариуцагчийн төлөөлөгч Г.Б болон гэрч Б.Х-ы эргэлзээтэй мэдүүлгийг үндэслэн тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй. Тодруулбал, шүүх хариуцагчийн төлөөлөгчийн “үүрэг гүйцэтгэгчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох хүсэл зориг байгаагүй”, гэрч Б.Х-ны мэдүүлгээр төлбөрийн нэхэмжлэхийг компанид хүргүүлээгүй, нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэхийг бичүүлж авсан гэж дүгнэсэн.
6. Нэхэмжлэхийг нэг талын санаачлагаар бичүүлээгүй, боломжгүй талаар: Гэрч Б.Х нь “Захирагчийн албаны Г.Б нэхэмжлэхийг бичихэд хамт байлцаж, гэрээний үнийн дагуу нэхэмжлэхийг нь бичээд өг гэсэн үүрэг, чиглэл өгснийг” баталдаг. Мөн хариуцагч Г.Б “Үүний дагуу бүх төлбөрийн нэхэмжлэхийг бичиж өгье гэсэн боловч одоогоор надад тийм боломж байхгүй байна. Надад 5 сая, 2 сая төгрөгөөр бичиж өгөөч гэж удаа дараа нэхэмжлэх авч байсан” гэж мэдүүлдэг бөгөөд Г.Б-ний санаачлага, заавраар нэхэмжлэхийг нягтлан бодогч бичсэн нь тогтоогддог. Үүнээс үзэхэд хариуцагчийн төлөөлөгч Г.Б бүх төлбөрийн нэхэмжлэхийг бичиж өгье гэж хэлж байснаа тайлбарласан нь хариуцагч нэхэмжлэгчид дахин нэмэлт хугацаа олгох хүсэл зориг байсан гэдгийг харж болно. Тиймээс нэхэмжлэгч өөрөө бичүүлсэн, Захирагчийн албанаас нэхэмжлэх гарган өгөөгүй, хариуцагчийн зүгээс төлбөрийн нэхэмжлэх гаргаж өгөх хүсэл зориг байгаагүй гэсэн дүгнэлт бодит байдалд нийцдэггүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн төлөөлөгч нь уг нэхэмжлэхийг нягтлан бодогчоороо бичүүлж, улмаар “Т т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б-д хүлээлгэн өгсөн байдаг. Иймд түүний мэдүүлгээр нэхэмжлэгч нь өөрөө төлбөрийн нэхэмжлэх бичүүлж авсан гэж үзсэн нь бодитой бус болсон.
7. Мөн гэрч Б.Х-ны мэдүүлэг илт зөрүүтэй бөгөөд эргэлзээтэй, тодорхойгүй болох нь харагддаг. Тухайлбал, түүний хувьд тухайн үед нэхэмжлэгч сурталчилгааны 5-н самбарын төлбөрөөс нэгийг нь ч төлөөгүй байсан гэж мэдүүлдэг хэдий ч тэрээр төлбөрийн нэхэмжлэхийг бичихдээ гэрээг хараагүй, Г.Б болон Н.Б нарын хэлснээр бичсэн гэж мэдүүлсэн. Гэрч Б.Х-ны хувьд “Т т” ХХК-ийн гэрээг хараагүй байж дээрх сурталчилгааны 5-н самбарын төлбөр төлөгдөөгүй гэдгийг тухайн нөхцөлд харж, мэдэх боломжгүй юм. Үүнээс гадна хэрэв нягтлан бодогч Б.Х нь 5 самбарын төлбөр төлөгдөөгүй гэдгийг мэдэж байсан бол аль самбарын нэхэмжлэх вэ? гэдгийг тодорхой бичих ёстой байсан. Гэвч хариуцагч нар болон гэрч Б.Х нь бүхий л самбарын нэхэмжлэхийг “самбар түрээс” гэж бичдэг гэж хэлж байсан юм. Ийнхүү төрийн албан хаагчдын тодорхойгүй, хариуцлагагүй байдлаас болж компани төлбөрөө төлсөн хэдий ч бидний эрх ашиг сонирхол ноцтой зөрчигдөх үр дагавар үүсгэж байна. Түүнчлэн гэрч Б.Х-ны хувьд “...Энхтайваны гүүрний 2 тал гэж хэлээгүй, нэхэмжлэх дээр ч тэгж бичээгүй” гэсэн бөгөөд үргэлжлүүлэн “яг аль самбарын төлбөрийн нэхэмжлэх гэдгийг мэдээгүй” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, түүний хувьд Энхтайваны гүүрний 2 талын самбарын нэхэмжлэх байсан эсэхийг мэдээгүй гэж үзэж болохоор байгаа юм.
8. Иймд нэг талын мэдүүлгээр эргэлзээтэй, тодорхойгүй байсан нөхцөл байдлыг тодорхой болгож, болсон бодит байдлыг тайлбарлан хэлүүлэхээр шүүхээс нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Н.Б-ийг гэрчээр дуудан оролцуулсан. Улмаар Н.Б уг 2 нэхэмжлэх нь Энхтайваны гүүрний 2 талын самбарын нэхэмжлэх гэдгийг хэлдэг бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Г.Б тус 2 самбарын төлбөр дээр нэхэмжлэх авч өгөхөөр нягтлан бодогч дээрээ очсон гэдгийг мэдүүлсэн. Гэтэл шүүх гэрч Н.Б-ний мэдүүлэгт үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн нэг талын тайлбар, мэдүүлгийг авч үзэж нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн бодитой үнэлж чадаагүй. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байвал тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болно” гэж заасны дагуу гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүтэй байдлыг арилгах арга хэмжээ аваагүй. Үүнээс гадна шүүх актад тусгагдсан зөрчил болон акт хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянах ёстой байхад актад заагаагүй самбар угсралтын гэрээг хянасан нь үндэслэлгүй болсон билээ.
9. Хуулийг буруу хэрэглэсэн талаар: Шүүх магадлалын Хянавал хэсэгт ...”Т т” ХХК-ийн захирал Н.Б-ийг ...тухайн хэрэгт гэрчээр дуудаж, мэдүүлэг авах нь нотолгооны ач холбогдолгүй.., хэргийн оролцогч учир өөрийн тайлбар мэдүүлгээ шүүх хуралдааны явцад гаргаж мэтгэлцэх эрх нь нээлттэй ...” гэж дурджээ. Н.Б-ний хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасанчлан хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байсан 2 хүний нэг юм. Өөрөөр хэлбэл, Захирагчийн алба аль гэрээний аль самбарын төлбөрийг төлүүлэхээр болж, нэхэмжлэх бичүүлснийг хариуцагчийн төлөөлөгч болон гэрч Н.Б нар л мэдэж байсан. Тиймээс гэрч Н.Б-ний мэдүүлэг нь хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй, үнэн зөвөөр тогтооход зайлшгүй ач холбогдолтой болно. Харин шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10.1-д зааснаар “үүргээ гүйцэтгэх замаар хэргийн нөхцөл байдлыг мэдэх болсон хэргийн оролцогч” гэж үзэж, улмаар Н.Б-ний мэдүүлгийг хуульд заасан журам зөрчсөн гэж үзэж үнэлээгүй. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг “хэргийн оролцогч” гэж тодорхойлсон бөгөөд 17.3-д нэхэмжлэлийг гаргасан этгээдийг “нэхэмжлэгч” байна гэж заасан.
10. Өөрөөр хэлбэл, Захирагчийн албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь иргэн Н.Б-ний гаргасан нэхэмжлэл биш бөгөөд харин “Т т” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл юм. Тиймээс Н.Б-ийг нэхэмжлэгч гэж үзэхгүй бөгөөд хэргийн талаарх үнэн, бодитой нөхцөл байдлыг тодруулан авсан түүний мэдүүлгийг шүүх үнэлэх нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтооход нэн ач холбогдолтой. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн бөгөөд хариуцагчийн төлөөлөгч “Т т” ХХК-иар Энхтайваны гүүрний 2 талын самбарын мөнгийг төлүүлэхээр нэхэмжлэх бичиж өгсөн үйл баримтыг шүүх үнэн зөвөөр тогтоож чадаагүй. Үүнээс үүдэн итгэл хамгаалах зарчим зөрчигдөж, нэхэмжлэгч компанийн эрх хууль ёсны ашиг сонирхол хохирч үлдэх болоод байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь “Т т” ХХК-д нэмэлт хугацаа олгосон бөгөөд уг хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангасан боловч зөвшөөрлийг хүчингүй болгож, гэрээг цуцалсан нь итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн явдал болсон. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу “шүүх хэрэглэх ёсгүй хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах” үндэслэл болно.
11. Маргаан бүхий акт нь процессын алдаатай байсан талаар: Давж заалдах шатны шүүхээс тухайн хоёр самбарын зөвшөөрлийг цуцлах процессын талаар үндэслэл бүхий тайлбар гаргасаар байтал энэ тухай дүгнэлт өгөөгүй байна. Анх 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр болон 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрүүдэд Захирагчийн албанаас дээрх зөвшөөрлийг хүчингүй болгож, гэрээг цуцалж байгаа талаар албан бичиг ирүүлсэн. Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын 4.8-д “зар сурталчилгааны байгууламжийн зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг Захирагчийн албанаас гаргана” гэж зааснаас үзэхэд хэрэв зөвшөөрлийг цуцлахаар бол заавал цуцлах шийдвэр гарахаар байна. Гэтэл хариуцагч нь шүүх хуралдаанд зөвшөөрөл, гэрээг цуцлахад ямар нэгэн шийдвэр гардаггүй бөгөөд тус албан бичгийг шийдвэр биш гэж үндэслэлгүй маргасан. Гэвч хавтаст хэргийн 91 дүгээр хуудас дахь Захирагчийн албаны зөвшөөрөл олгосон албан бичгийн 1 дүгээр хэсэгт бичигдсэнээс үзэхэд шийдвэрийг бичгээр гаргадаг гэдэг нь тодорхой харагддаг.
12. Мөн 2 дугаар хэсэгт самбар ашиглах зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг баталсан байна. Өөрөөр хэлбэл, зөвшөөрлийг цуцалж, хүчингүй болгох тохиолдолд шийдвэр гаргадаг гэдэг нь тодорхой байна. Гэвч “Т т” ХХК-ийн эзэмшдэг байсан Энхтайваны гүүрний баруун болон зүүн талын хоёр самбарын зөвшөөрлийг цуцлахдаа шийдвэр гаргаагүй юм. Тиймээс хариуцагчаас гаргасан 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр болон 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн маргаан бүхий актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар сонсох ажиллагааг хийх, хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас бүрдүүлэх процессын ажиллагааг хийх ёстой. Гэтэл хариуцагч эдгээр баримтуудыг бүрдүүлээгүй гэдгийг хавтаст хэргийн 152 дугаар хуудаст авагдсан хариу тайлбар, 143 дугаар хуудаст авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар баталсан. Тиймээс тус актын хувьд хуульд заасан процессын ажиллагааг явуулаагүй тул хүчингүй болгох нь зүйтэй юм.
13. Үүнээс гадна “Т т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01/661, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 01/725 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгуулж, учирсан хохиролд 59.950.000 төгрөгийг гаргуулах” шаардлага гаргасан. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүхүүд учирсан хохирлын талаар ямар ч дүгнэлт хийгээгүй. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах” үндэслэлтэй байна.
14. Иймд дээр дурдсан үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0810 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 45 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
15. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт буюу нэхэмжлэлийн шаардлагыг дутуу дүгнэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
16. Нэхэмжлэгч “Т т” ХХК-иас тус компанийн байгуулсан зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээг цуцалж, зөвшөөрлийг хүчингүй болгосон Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01/661, мөн оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 01/725 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, учирсан хохиролд 59.950.000 төгрөгийг гаргуулах” гэсэн захиргааны актыг “хүчингүй болгуулах” болон захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан “хохирол гаргуулах” гэсэн хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
17. Хүчингүй болгохыг шаардаж буй маргаан бүхий шийдвэрүүдээр “Т т” ХХК-иас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын 18/06-233 дугаар бүхий гэрээг цуцалж, зөвшөөрлийг хүчингүй болгож, улмаар зар сурталчилгааны байгууламжуудыг заасан хугацаанд буулган авахыг үүрэг болгож, хэрэв зөрчвөл холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахыг сануулсан зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн байна.
18. Гэтэл шүүхүүд эдгээр шийдвэр тус бүрт нь дүгнэлт өгөөгүйгээс гадна тухайн мэдэгдлээр зохицуулсан хэд хэдэн асуудлын эрх зүйн үр дагаврыг ялгалгүйгээр зөвхөн “гэрээг цуцалсан” үйл баримтын үндэслэлээр /гэрээнд заасан хугацаанд хураамжийг төлөөгүй, мөн зар сурталчилгааны байгууламжийг гэрээнд заасан хугацаанд байгуулаагүй гэж/ маргаан бүхий актыг бүхэлд нь дүгнэсэн нь буруу байна.
19. Зүй нь, маргаан бүхий шийдвэрүүдээр зохицуулсан “захиргааны гэрээг цуцалсан”, “зөвшөөрлийг хүчингүй болгосон”, “зар сурталчилгааны самбарыг буулгахыг үүрэг болгосон” эрх зүйн үр дагавар бүр нь захиргааны актын үндсэн шинжийг агуулж буй эсэх, тухайлбал, гэрээний нэг тал болох захиргааны байгууллагаас гэрээний нөгөө талд гэрээг цуцлах талаар мэдэгдэх нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын үндсэн шинжүүдийг бүрэн агуулж буй эсэхэд дүгнэлт өгч, улмаар тухайн шийдвэрлэсэн асуудал бүрийн хууль зүйн үндэслэлийг буюу хууль ёсны эсэхийг дүгнэх шаардлагатай.
20. Мөн нэхэмжлэлийн шаардлага буюу нэхэмжлэгчийн хүсэл зоригийг бүрэн тодруулах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хүсэл зориг юунд оршиж байгаа, тодруулбал маргаан бүхий мэдэгдлүүдийг хүчингүй болгуулахад уу, эсхүл зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээг хүчин төгөлдөрт тооцуулахад буюу нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгоход чиглэгдэж байна уу, маргаан бүхий мэдэгдлүүдийг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх, шаардаж буй хохирол нь захиргааны байгууллагын ямар хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан /гэрээг цуцалснаас уу, эсхүл маргаан бүхий шийдвэрүүдээс үү/-ыг тодруулах, хэрэв нэхэмжлэгч гэрээний харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол хохирол шаардахын учир, эсхүл хохирлоо гаргуулснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хангагдах бол мэдэгдлийг хүчингүй болгуулахын /гэрээг үргэлжлүүлэхийн /зорилго юу болох, мөн гэрээгээ үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол хариуцагчаас зар сурталчилгааны самбарыг буцаан байрлуулахыг бус харин самбарын үнийг нэхэмжлэхийн учир зэргийг тодруулах нь зүйтэй.
21. Түүнчлэн, энэхүү хэргийн агуулгаас буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн тайлбар болон хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн дүгнэлтүүд зэргээс үзвэл үндсэндээ “гэрээний үүргийн гүйцэтгэлтэй” холбоотой маргаан байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь “гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн” гэж, харин хариуцагч “биелүүлээгүй” гэж, шүүхүүд нэхэмжлэгчийг “гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэж буруутгажээ.
Иймээс, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулсны үндсэн дээр хэрэв уг маргаан нь дан ганц гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой /гэрээг цуцлах үндэслэлтэй эсэх, түүний улмаас учирсан хохирлын асуудал/ байхаар бол энэ нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт өгөх хэрэгтэй.
22. Дээр дурдсан асуудлуудыг тодруулалгүйгээр хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0810 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 45 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ