Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 042

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ногооннуур сумын 6 дугаар багийн оршин суугч Х.Жанарбекийн нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох;

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ногооннуур сумын Улаанчулуут багийг хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилохыг тус газрын даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч: Х.Жанарбек, хариуцагч Ш.Марат, гуравдагч этгээд Ж.Молдаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Айдынгүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2015 онд ХААИС-ийг агроэкологи байгаль хамгаалагч мэргэжлээр төгсөж ирээд, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрийн албаны шалгалт өгч, 1 дүгээр байранд шалгарснаар Ногооннуур сумын Улаан чулуут багийн байгаль хамгаалагчийн сул орон тоонд нэр дэвшиж, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 30 тоот тогтоолоор баталгаажсан юм. Мөн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 35 дугаар тогтоолоор байгуулагдсан маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.Марат нь биелүүлэхгүй, цалин хүрэлцэхгүй гэсэн нэрийдлээр намайг томилохгүй 3 гаруй сар болж, томилгоо хийхгүй байна. Иймд аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэрүүдийг хангуулан маргаан бүхий сул орон тоонд томилохыг газрын даргад даалгаж өгөхийг хүсье гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Молдаш нь 2006 оноос төрийн захиргааны албанд ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн бус, төрийн албаны шалгалт өгөлгүй өдий хүртэл ажиллаж байна. Ж.Молдашын төрийн албаны шалгалт өгөөгүй гэдэг нь Төрийн албаны салбар зөвлөлийн шалгалтын дүгнэлтээр тогтоогдож, түүний оронд сонгон шалгаруулалтад орсон Х.Жанарбекийг томилох тухай тогтоол надад ирсэн. Уг тогтоолын дагуу би томилох учиртай байсан ч гэсэн Ж.Молдаш нь удаан жил байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа,59 настай, өндөр насны тэтгэвэрт  гарахад ганцхан жил үлдсэн ба түүний тэтгэмжийн асуудал шийдвэрлэгдээгүй байсан. Одоогоор түүний тэтгэмжийг дараа оны төсөвт суулгаж өгөх тухай захиалга явуулсан байгаа. Энэ асуудлыг шийдвэрлүүлж чадаагүй учраас би Х.Жанарбекийг ажилд томилоогүй. Түүнээс биш хууль, журмынхаа дагуу томилох учиртай юм гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1957 онд төрсөн, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Ногооннуур сумын Засаг даргын 1992 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 08 тоот захирамжаар ой хамгаалагчаар 18 жил тасралтгүй ажиллаж байгаад 2010 оны 06 дугаар сарын 17-ноос эхлэн аймгийн байгаль хамгаалагчаар одоо хүртэл ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газрын 2001 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан дүрмийн дагуу төрийн захиргааны албан хаагч болж, түүнээс хойш 15 жил албан үүргээ гүйцэтгэж байна. Засгийн газрын 2001 оны 102 дугаар тогтоолоор байгаль хамгаалагчийн албан тушаалын зэрэглэлийг ТЗ-2-оор тогтоосон билээ. Уг шийдвэрийн дагуу 2001 оны 05 дугаар сарын 02-ноос өмнө байгаль хамгаалагчаар ажиллаж байсан албан тушаалтнуудтай нэг бүрчлэн уулзаж ярилцлага зохион байгуулан, ажлын байрны шаардлагыг бүрэн хангаж байгаа байгаль хамгаалагчдыг сонгон шалгаруулж, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргүүлэн төрийн захиргааны албан хаагч болгох шийдвэр гаргуулахыг аймгийн Байгаль орчны газрын дарга нарт даалгасан 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1/200 албан бичиг ирсэн билээ. Харин 2001 оны 05 дугаар сарын 02-оос хойш түр ажиллаж байгаа болон шинээр ажилд орох иргэдэд төрийн албаны мэргэшлийн шалгалтад хамааруулахаар заасан билээ.

Дээрх шийдвэрийн дагуу миний бие төрийн захиргааны албаны ангилалд шилжин ажилласнаас хойш 15 жил болж байна. Миний бие албан үүргээ эрхэлж байгаа хугацаанд зөрчил дутагдал гаргаж, Төрийн албаны тухай хуулийн дагуу ямар нэгэн арга хэмжээ авахуулж байгаагүй болно. Харин албан үүргээ нэр төртэй гүйцэтгэсний төлөө 2012 онд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын өргөмжлөл, 2013 онд сумын аварга байцаагчаар, 2015 онд аймгийн ЗДТГ-ын даргын өргөмжлөл, мөн 2002 онд Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдсан юм. Би албан үүргээ эрхэлж байхад миний албан тушаалыг сул орон тоо мэт зарлаж, улмаар шалгалт авч ,миний эрхэлж байгаа ажилд гаднаас ирж маргаан үүсгэж байгааг огт мэдээгүй бөгөөд үүнийг шүүхээс сонсож үзлээ.

Би хуулийн дагуу томилогдон албан үүргээ эрхэлж байхад сул орон тоо гэж зарласан, захиалга өгсөн , хууль бус шалгалт авсан асуудлыг аймаг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс шалган үзэж, хуулийн дагуу шалгалт өгсөн эсэхийг тогтоож өгөхийг хүсье. Аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хууль бус шийдвэрээс болж төрийн захиргааны тангараг өргөсөн албан тушаалтан миний эрх зөрчигдөж байна. Ингэж албан ажлаа хийж байгаа төрийн захиргааны албан хаагчийн гадна талаас захиалга явуулж, шалгалт авч, улмаар албан тушаалд уламжилж байгаа нь нэг талаас улс төржсөн, нөгөө талаас урьд нь аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга байсан албан тушаалтан нь эрх мэдлээ хэтрүүлэн ажилласан явдал гэж үзэж байгаа ба үүнээс болж миний бие хохироход хүрч байна. Урьд нь ажиллаж байсан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл энэ тухай надад нэг ч удаа мэдэгдэж байгаагүй ба маргаан шийдвэрлэж асуудлыг авч хэлэлцэхэд ч намайг оролцуулж байгаагүй юм. Би он удаан жил ажилласан,одоо тэтгэвэрт гарахад ганцхан жил үлдсэн. Холбогдох хуулийн дагуу томилогдон ажиллаж байгаа намайг албан тушаалтнуудын хууль бус шийдвэрээс болж хохироохгүйгээр одоо эрхэлж байгаа албан тушаалд буюу Улаан чулуут багийн байгаль хамгаалагчаар цаашид үргэлжлүүлэн ажиллахад гүн туслалцаа үзүүлэхийг хүсье гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ногооннуур сумын Улаанчулуут багийг хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилохыг тус газрын даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Томилох эрх бүхий этгээд болох аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаас Ногооннуур сумын Улаанчулуут багийг хариуцсан байгаль хамгаалагчийн орон тоог сул орон тоо гэж үзэж, уг орон тоог нөхөх тухай захиалгыг аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ирүүлснээр салбар зөвлөлөөс 2016 оны 05 дугаар сард уг орон тоог төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэдээс сонгон шалгаруулж нөхөх талаар нийтэд мэдээлсэн байна. Үүний дагуу төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн нэхэмжлэгч Х.Жанарбек бүртгүүлж, улмаар салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаар тогтоолоор түүнийг уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[1]тогтоогджээ.

Дээрх байдлаар нэхэмжлэгч Х.Жанарбекийг маргаан бүхий Ногооннуур сумын Улаанчулуут багийг хариуцсан байгаль хамгаалагчийн орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн байх боловч томилох эрх бүхий этгээдээс уг орон тоог нөхөх тухай захиалга өгсөн нь хуульд нийцээгүй бөгөөд үндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 17.5 дахь хэсэгт тус тус зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн орон тоог нөхөх захиалга өгөх, сул орон тооны талаар нийтэд мэдээлэх, сонгон шалгаруулан нэр дэвшүүлэх үйл ажиллагааг явуулахаар зохицуулсан.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д заасны дагуу төрийн албаны төв байгууллагаас баталсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам-ын Тав-ын 5.2 дахь хэсэгт сул орон тоог нөхөх тухай захиалга ирүүлэх нөхцөл байдлуудыг заасан бөгөөд 5.2.1-т зааснаар холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн албан тушаалд ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлсөн, халсан тохиолдолд сул орон тоо гарсан гэж үзэж, уг орон тоог нөхөх тухай захиалга ирүүлэхээр зохицуулжээ.

Гэтэл гуравдагч этгээд Ж.Молдаш нь Ногооннуур сумын Улаанчулуут багийг хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд 2010 онд томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа, энэхүү албан тушаалаас түүнийг чөлөөлсөн, халсан шийдвэр гараагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[2] тогтоогдсон болно.

Хариуцагч талаас тухайн орон тоог сул орон тоо гэж үзсэн үндэслэлээ Ж.Молдаш нь төрийн албаны шалгалт өгөөгүйбөгөөд аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Ногооннуур сумын байгаль хамгаалагчийн /Ж.Молдаш/ орон тоог сул орон тоо гэж үзэж, уг орон тоог нөхөх тухай захиалга ирүүлэхийг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 91 дүгээр албан бичгээр[3] үүрэг болгосны дагуу захиалга өгсөн гэж тайлбарласан.

Засгийн газрын 2001 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 102 дугаар тогтоолоор төрийн үйлчилгээний албан тушаалынангилал, зэрэглэлд хамаарах албан тушаалын жагсаалтаас байгаль хамгаалагчийн албан тушаалыг хасаж, төрийн захиргааны албан хаагчийн ангилал, зэрэглэлд хамааруулсантай холбогдуулан Төрийн захиргааны албаны зөвлөлөөс 2002 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 57 дугаар албан бичгээр байгаль хамгаалагчдыг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу төрийн захиргааны албаны мэргэшлийн шалгалтад оруулах, ингэхдээ дээрх Засгийн газрын шийдвэр гарснаас хойш шинээр бий болсон байгаль хамгаалагчийн сул орон тоог нийтэд зарлаж, мэргэшлийн шалгалт авахаар шийдвэрлэсэн байна. Мөн дээрх шийдвэрүүдийг үндэслэн аймгийн Засаг дарга 2002 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 224 дүгээр захирамжаар байгаль хамгаалагч нарын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж,тэднийг төрийн албаны мэргэжлийн шалгалтад оруулах, тангараг өргүүлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчны албанд үүрэг болгосны дагуу зарим байгаль хамгаалагчдыг дээрх шийдвэрүүдийг үндэслэн төрийн захиргааны албан тушаалд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[4]тогтоогдсон.

Гуравдагч этгээд Ж.Молдаш нь 1992 онд Ногооннуур сумын төвийн газрыг хариуцсан ой, ан хамгаалагчаар[5], 2008 онд хяналт хэрэгжүүлэх үүрэг бүхий байгаль хамгаалагчаар[6], 2010 онд тус сумын Улаанчулуут багийг хариуцсан байгаль хамгаалагчаар тус тус томилогдсон буюу 1992 оноос одоог хүртэл байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа[7], өөрөөр хэлбэл байгаль хамгаалагчийн албан тушаалыг төрийн захиргааны ангилалд хамааруулах тухай Засгийн газрын 2001 оны тогтоол гарахаас өмнө байгаль хамгаалагчаар ажиллаж байжээ.

Мөн гуравдагч этгээд Ж.Молдашт аймгийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 153 дугаар захирамжаар аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн саналыг үндэслэн төрийн жинхэнэ албан тушаалын дөтгөөр зэрэг дэв олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар[8] тогтоогдсон болно.

Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд зөвхөн 2001 оны 05 дугаар сарын 02-ноос хойш бий шинээр болсон байгаль хамгаалагчийн сул орон тоог нийтэд зарлан мэргэшлийн шалгалт авахаар шийдвэрлэж, үүнээс өмнө ажиллаж байсан байгаль хамгаалагчдыг төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргүүлэх ажлыг зохион байгуулахыг аймгийн Байгаль орчны албанд үүрэг болгосон байх тул 2001 оноос өмнө байгаль хамгаалагчаар томилогдон холбогдох хууль тогтоомж, эрх бүхий этгээдүүдийн шийдвэрийн дагуу одоог хүртэл төрийн захиргааны албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлж, үүргийг хүлээн ажиллаж байгаа гуравдагч этгээд Ж.Молдашыг төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй гэж буруутгах,төрийн жинхэнэ албан хаагч биш гэж үзэх, мөн маргаан бүхий орон тоог сул орон тоо гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нь төрийн жинхэнэ албан хаагч Ж.Молдашыг Ногооннуур сумын Улаанчулуут багийг хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалаас чөлөөлсөн, халсан шийдвэр гаргаагүй, түүнчлэн Ж.Молдаш нь төрийн жинхэнэ албан тушаал болох байгаль хамгаалагчийн албан тушаалд хуульд заасан журмын дагуу томилогдон ажиллаж байгаа эсэхийг тодруулахгүйгээр уг орон тоог сул орон тоо гэж үзэж захиалга өгсөн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдал , хууль дээдлэх зарчим, 4.2.5-д заасан төрийн алба, мэргэшсэн тогтвортой байх зарчим, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 17.5 дахь хэсэгтэй нийцэхгүй байна гэж дүгнэлээ.

Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий Ногооннуур сумын Улаанчулуут багийг хариуцсан байгаль хамгаалагчийн орон тоонд томилохыг даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5,17 дугаар зүйлийн 17.1,17.4, 17.5 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Жанарбекийн Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ногооннуур сумын Улаанчулуут багийг хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилохыг тус газрын даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ

 

 


[1] Хэргийн 7,38-42,43-47-р хуудас

[2] Хэргийн 19,38-42,79-80,138-р хуудас

[3] Хэргийн 48-49-р хуудас

[4] Хэргийн 53,74,75-р хуудас

[5] Хэргийн 99-р хуудас

[6] Хэргийн 100-р хуудас

[7] Хэргийн дугаар 62-65,77,79-80,102-115,157-164,168-р хуудас

[8] Хэргийн 121-122-р хуудас