Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/25

 

 Д.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.А-д холбогдох эрүүгийн 2413002640368 дугаартай, 1 хавтастай хэргийг хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэж 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, шүүгдэгч Д.А-, түүний өмгөөлөгч С.Нургайып, хохирогч Н.М-, орчуулагч, хэлмэрч Т.Хуаныш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ************* төрсөн, ** настай, эрэгтэй, ********** боловсролтой, *************** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ** хүнтэй, ************ хамт ****************** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Д.А-, /РД:***************/.

 

2. Холбогдсон хэргийн талаар:

2.1. Шүүгдэгч Д.А- 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт;

2.2. Мөн 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр нэг удаа, 2024 оны 8 дугаар сарын үед нэг удаа, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрүүдийн хооронд нэг удаа, 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нэг удаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

3. Прокурорын 2024 оны  11 дүгээр сарын 28-ны  өдрийн 290 дүгээр яллах дүгнэлтээр Д.А-ий дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.    

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн  2025/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолоор:          

4.1. Шүүгдэгч Т овогт Д.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

4.2. Шүүгдэгч Д.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж шийдвэрлэжээ.

 

5. Хохирогч Н.М-гийн давж заалдах гомдолд:

5.1. Баян-Өлгий аймгийн Шинжилгээний 741 дугаартай дүгнэлтэд байгаа тархи доргисон, духны баруун тал хавантай зэрэг биед хөнгөн гэмтэл учраагүй  болно. Яагаад гэвэл 9 дүгээр сарын 19-нд би нөхөртэйгөө муудалцах үед 1,2 цаг уйлсан болохоор нүд, нүүр ам хавдсан, бас жирэмсэн байснаа огт мэдээгүй. Шүүхийн шинжилгээний шинжээчид дотор муухайрч байгаагаа хэлсэн болохоор тархи доргилт гэж бичсэн байна. Хэсэг өдрийн дараа жирэмсний тест авч үзээд жирэмсэн гэдгээ мэдэж, эмч дээр очиход жирэмсний хордлого өгч, дотор муухайрч, бөөлжис хүрч байсныг мэдэж, тархи доргилт биш гэдгийг мэдсэн.

5.2. Нөхөр бид  2 зарим нэг зүйлд таарч тохирохгүй үе үе муудалцаж байсан нь үнэн боловч намайг байнга удаа дараа зодоогүй. Миний төрсөн өдөр болж тэр өдөр 9.19-нд цагдаад мэдүүлэг өгөхдөө хэтрүүлж ярьсан. Миний бие дараа нь цагдаад өргөдөл, гомдлоо буцааж авах талаар хэлсэн боловч тухайн үеп шүүхээр шийдвэгдвэл өөрт чинь сайн гэсэн хариу авч, гомдлоо буцааж чадаагүй.

5.3. Одоо А- бид хоёр нэг нэгнээ уучилсан, нэг гэрт хамт амьдарч байгаа. Иймд миний гомдлыг хүлээн авч, Д.А-д холбогдох эрүүгийн 2413002640368 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд:

6.1. Шүүгдэгч Д.А-ий өмгөөлөгч С.Нургайып би Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолыг дараах үндзслэлүүдззр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдлоо гаргаж байна.

6.2. Шүүгдэгч Д.А-ий зүгээс хохирогчид байнгын хүч хэрэглэж зодсон гэх байдлаар шүүхээс дүгнэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй. Жич: тогтоолын 15-д 4 удаа хохирогчийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх боловч 1.1.гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг баримжаалж тодорхой бус байдлаар тогтоосон нь хуульд нийцээгүй.

6.3. Яллагдагчийн эрхийг зөрчиж цагаатгах талын нотлох баримт цуглуулах, нотлох баримтыг шалгуулах, дахин шинжээч томилуулах зэрэг үндэслэл бүхий хүсэлтүүдийг хүлээн авахаас татгалзаж, зөвхөн яллах талыг баримтлан шийдвэрлэсэн.

6.4. ЭХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.”-гэж заасан. Д.А-ийг байнгын эхнэрээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй байхад шүүхээс тухайн зүйл ангиар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

 

7. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. Энэ хэрэгт нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдон тогтоогдсон. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн бодит байдлыг тогтоосон гэж үзэж байна. Гэмт хэргийг удаа дараа үйлдэж байгаа талаар прокурорын зүгээс яллах дүгнэлт дээр товч, дэлгэрэнгүй байдлаар бичсэн. Үүний хүрээнд шүүх шийдвэр гаргасан,  шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл журмын хүрээнд бичигдсэн.

7.2. Энэ хэрэг 2 дугаар сараас хойш урьдчилсан хэлэлцүүлэг, гэм буруугийн асуудал гээд өнөөдөр хүртэл явж байгаа. Энэхүү ажиллагаанд шүүгдэгчийн зүгээс хоёр хүний нэрийг хэлдэг, нэг нь тус аймаг дахь Цагдаагийн газрын дарга Танат, хоёр дахь хүн дүгнэлт гаргасан шинжээч. Гэвч энэ хүмүүс албан тушаалын байдлаа ашиглаж ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэж үзэж байвал өнөөдрийг хүртэл гомдол гаргаагүй. Гомдол гаргах эрх нь нээлттэй байна. Хэн нэгнийг ямар нэгэн байдлаар үндэслэлгүй буруутгах нь үндэслэлгүй.

7.3. Шүүгдэгч Д.А-ий хувьд өөрийн үйлдлийг шашин шүтлэгтэй холбоотой тайлбарлаж байна.  Бид нар өнөөдөр Ардчилсан чөлөөт нийгэмд амьдарч байгаа, хүний эрх, ашиг сонирхол нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан, хэн нэгэн давуу эрхтэй гэж зохицуулсан хуулийн зохицуулалт байхгүй. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд шашин шүтлэгтэй холбоотой нөхөр давуу эрхтэй гэж зөвшөөрсөн зохицуулалт байхгүй. Манай нийгэмд хүчирхийллийг зөвшөөрсөн ямар ч зохицуулалт байхгүй. 

7.4. Шүүгдэгчийн хувьд хохирогч Н.М-г дураараа гэж буруутгаж байна. Хохирогч дураараа байлаа гээд хүний дураараа үйлдлийг хүчирхийлээд таслан зогсоож болохгүй. Хэрэв хохирогч буюу эхнэрийг дураараа гэж үзвэл хоорондоо ярилцаж болох байсан. Энэ асуудлыг заавал хүчирхийлээд таслан зогсоох зүйл биш гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд  гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй, хохирогчийн биед учирсан гэмтэл болон шүүгдэгчийн үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

8. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчийн гомдлуудыг  үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

            9. Шүүгдэгч Д.А- нь 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр нэг удаа, 2024 оны 8 дугаар сарын үед нэг удаа, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрүүдийн хооронд нэг удаа, 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нэг удаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад хамаарах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн, хөтөлбөргүй тогтоогджээ. 

            10. Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч Д.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон байна.

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарын тайлбар, мэдүүлэг, дүгнэлтүүд, бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч Д.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

12. Шүүгдэгч Д.А-ийн хууль бус үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 10 сарын хугацаагаар тогтоож шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон буюу  шударга ёсны зарчмыг хангасан гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

13. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайып нь “...шүүгдэгч Д.А-ий зүгээс хохирогчид байнга хүч хэрэглэж зодсон гэх байдлаар шүүхээс дүгнэхдээ ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй... Яллагдагчийн эрхийг зөрчиж цагаатгах талын нотлох баримт цуглуулах, нотлох баримтыг шалгуулах, дахин шинжээч томилуулах зэрэг үндэслэл бүхий хүсэлтүүдийг хүлээн авахаас татгалзаж, зөвхөн яллах талыг баримтлан шийдвэрлэсэн. Д.А-ийг байнгын эхнэрээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй байхад шүүхээс тухайн зүйл ангиар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн гэж үзэж байна... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг,  

Хохирогч Н.М- нь “...Баян-Өлий аймгийн шинжилгээний 741 дугаартай дүгнэлтэд байгаа тархи доргисон духны баруун тал хавантай зэрэг биед хөнгөн гэмтэл учраагүй болно. Яагаад гэвэл 9 дүгээр 19-ний өдөр  би нөхөртэйгөө муудалцах үед 1, 2 цаг уйлсан болохоор нүд, нүүр ам хавдсан бас жирэмсэн байснаа огт мэдээгүй. Шүүх шинжилгээний шинжээчид дотор муухайрч байгаагаа хэлсэн болохоор тархины доргилт гэж бичсэн байна. Хэсэг өдрийн дараа жирэмсний тест авч үзэхэд жирэмсэн гэдгээ мэдэж эмч дээр очиход жирэмсний хордлого өгч, дотор муухайрч, бөөлжис хүрч байсныг мэдэж, тархи доргилт биш гэдгийг мэдсэн.  Нөхөр бид хоёр зарим нэг зүйлд таарч тохирохгүй, үе үе муудалцаж байсан нь үнэн боловч намайг байнга удаа дараа зодоогүй. Миний төрсөн өдөр болох тэр өдөр 9.19-нд цагдаад өргөдөл гомдлоо буцааж авах талаар хэлсэн боловч тухайн үед шүүхээр шийдэгдвэл өөрт чинь сайн гэсэн хариу авч гомдлоо буцааж чадаагүй. Одоо А- бид хоёр нэг нэгнээ уучилсан нэг гэрт хамт амьдарч байгаа. Иймд миний гомдлыг хүлээн авч А-д холбогдох эрүүгийн 2413002640368 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

Хохирогч Н.М- нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдлын үндэслэлээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг шүүгдэгчийн эцэг хүчээр бичүүлж, хүчээр гарын үсэг зуруулсан. Анхан шатны шүүхийн оногдуулсан ялыг дэмжиж байна. Давж заалдах гомдлыг дэмжихгүй байна...“ гэж тайлбарлаж давж заалдах гомдлоо дэмжээгүй тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж үзэх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.А-ийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн гэм буруутайд тооцож, хууль ёсны, шударга ёсны болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар,  хохирогчийн тайлбар, гомдол зэргийг харгалзан үзэж, 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн буюу шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь Д.А-ий үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон байх тул өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайып болон хохирогч Н.М- нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                            Ж.Отгонхишиг

 

                                   ШҮҮГЧ                                                             Д.КӨБЕШ