Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 312/ШШ2025/01775

 

 

2025         09         25                                           312/ШШ2025/01775

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж,  тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-гийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 10,967,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдааны оролцогчид:

         Нэхэмжлэгч А.*******

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд хариуцагч Ч.*******д холбогдуулан “Эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 10,967,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон болно.   

3. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ “... Ч.******* нь намайг 2024 оны 9 сарын 6-нд түлхэж унагаан баруун хөлийн тавхайн шивнүүр яс хугарч уг өдрөөс хойш 2 сар хөлөө гипсдүүлж 2024 оны 10 сарын 23 хүртэл 3 сар таягтай байсны улмаас ажил эрхлэх боломжгүй болсон. Би - сургуульд англи хэлний үндсэн багшаар ажиллаж байсан бөгөөд листний хугацаа дууссан өдөр ажилдаа очтол оронд минь хүн авчихсан хөдөлмөрийн гэрээг цуцлахыг мэдэгдсэн. Би ажлаас гадна англи хэлний сургалт явуулдаг болон оёдлын цехтэй, дээд сургуульд суралцдаг байсан. Иймд Ч.*******гээс уг хэргээс үүдэн надад учирсан хохирол болох 4 сартай тэнцэх цалин 6,000,000 төгрөг, сургалтын 1-р семистрийн төлбөр 23 кредитийн төлбөр 2,967,000 төгрөг, англи хэл сургалт, оёдлын цехийн орлого 1,000,000 төгрөг, эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг, нийт 10,960,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэж тайлбарладаг.

4. Хариуцагч Ч.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...би А.*******гийн биед хохирол учруулж 700,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авахуулсан. Түүний нэхэмжилж байгаа 10,976,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шинжээчийн дүгнэлтээр тахилзуур ясны цуурал гэсэн оноштой гарсан байхад нэхэмжлэлд шивнүүр яс хугарсан гэж бичсэн байсан, - сургуульд англи хэлний үндсэн багшаар ажилладаг байсан эсэх тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ байхгүй, сургуульд суралцдаг байсан тухай, суралцаж чадаагүй байдал нь тахилзуур ясны цууралтай холбоотой эсэх нь тодорхойгүй, англи хэлний сургалт явуулдаг байсан юм бол хаана ямар газар явуулж байсан тухай нотлох баримт, мөн оёдлын цех ажиллуулж байсан юм бол түрээсийн гэрээ, англи хэлний сургалт, оёдлын цех 2-ын орлого нотлох баримт бичиг байхгүй, эмчилгээний зардалд нэхэмжилсэн мөнгөн дүн баримттай танилцахад хоолойны хүлхдэг эм, ханиадны эм, элэг хамгаалах цэнэг, хүүхдийн дархлаа дэмжих витамин, витамин-с зэрэг эм тарианууд уг бэртэлд хамааралтай эсэх нь тодорхойгүй. Иймд А.*******гийн нэхэмжилсэн мөнгөн дүн үндэслэлтэй эсэхийг дахин шалгаж хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргасан.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

         I. Хариуцагч Ч.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн орой 23:00 цагт аймаг Баян-Өндөр сум Зэст багт байрлах “” баарны гадаа бусадтай маргалдаж байх үед салгахаар очсон хохирогч А.*******г түлхэн газар унагасны улмаас хохирогчийн биед “баруун тахилзуур ясны хугарал, зүүн өвдөгт зулгаралт” бүхий  хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн болох нь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоол, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 813 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байх ба уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ. (хх 6-12 тал)

         II. Дээрх шийтгэх тогтоолоор хохирогч А.*******г гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар Ч.*******гээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.  

6. Дээрх үйл баримтуудаас үзэхэд талууд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, үүний улмаас нэхэмжлэгч А.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан зэрэг үйл баримтуудын талаар маргадаггүй, харин нэхэмжлэгч нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ, оношилгоо хийлгэсэн эсэх, хөлний гэмтэл авах үедээ - сургуульд англи хэлний үндсэн багшаар ажилладаг байсан эсэх, мөн сургуульд суралцаж байсан эсэх, англи хэлний сургалт болон оёдлын цех ажиллуулж, орлого олдог байсан эсэх, ажлаас чөлөөлөгдсөн нь болон дээд сургуульд суралцаж чадаагүй нь, мөн олох байсан орлогоо олж чадаагүй зэрэг нь эрүүл мэндэд нь хохирол учруулсантай нь холбоотой эсэх нь тус тус талуудын маргааны зүйл болжээ.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

8. Хуульд ийнхүү зааснаас үзвэл гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл байх, уг үйлдлийн улмаас гэм хор учирсан байх, хууль бус үйлдэл гэм буруу хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа тохиолдолд гэм хорыг хариуцан арилгах үүрэг бий болдог бөгөөд хариуцагч буруутай үйлдлээс нэхэмжлэгч А.*******гийн эрүүл мэндэд гэм хор учруулсан байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул нэхэмжлэгч А.******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол болон олох байсан орлогоо нөхөн төлүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.

           9. Ийнхүү учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар талууд хэргийн үйл баримтыг нотлох замаар мэтгэлцэх учиртай.

11. Цалин 6,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

1/. Нэхэмжлэгч нь Ерөнхий боловсролын “ ” сургуульд англи хэлний үндсэн багшаар ажиллаж байгаад авч чадаагүй цалин, улмаар ажлаас чөлөөлөгдсөн гэж 2024 оны 09 дүгээр сараас 12 дугаар сарын цалинг 1 сарын 1,500,000 төгрөгөөр тооцон нийт 6,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.  

2/. Хэргийн 20 талд авагдсан Ерөнхий боловсролын “ ” сургуулийн захирлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/73 дугаартай тушаал, 112-113 талд авагдсан тус сургуулийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 343 дугаартай албан бичиг, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа зэрэг баримтуудаар нэхэмжлэгч А.******* нь Ерөнхий боловсролын “ ” сургууль ХХК-д 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл англи хэлний багшаар ажиллаж байсан болох нь, тэрээр сард 1,100,000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байгаад 2024 оны 08 дугаар сараас сарын 1,428,898.72 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох нь тус тус нотлогдож байна.

3/. Нэхэмжлэгч А.Ариунсайхан нь хөлний гэмтлийн улмаас ажлаа хийж чадаагүйгээс 2024 оны 9 дүгээр сард дутуу цалин авч, 10 дугаар сард огт цалин аваагүй, улмаар 2024 оны 11 дүгээр сарын 01-нд ажлаас чөлөөлөгдөж, мөн оны 11, 12 дугаар саруудад ажил хийх боломжгүй болсон нь тогтоогдож байх тул хариуцагчаас 2024 оны 09-12 саруудын цалинг шаардах эрхтэй гэж дүгнэв.

4/. Иймд нэхэмжлэгчийн 1 сарын цалинг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд үндэслэн 1,428,898.72 төгрөгөөр тооцож, 2024 оны 9 сард аваагүй цалин 695,565.39 /1,428,898.72 ₮-с авсан цалин 733,333.33 ₮-г хассан/ төгрөг, 2024 оны 10, 11, 12 дугаар саруудын цалинд 4,286,696.16 /1,428,898.72х3/ төгрөг, нийт 4,982,261.55 төгрөгийг хариуцагч Ч.*******гээс гаргуулж шийдвэрлэв.

12. Сургалтын буюу 23 кредитийн төлбөрт 2,967,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

1/. Нэхэмжлэгч нь дээд сургуулийн сургалтын 1 дүгээр семистрийн төлбөр 23 кредитийн төлбөр гэж 1 кредитийг 129,000 төгрөгөөр тооцож нийт 2,967,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд үндэслэлээ “...төлбөрөө төлсөн боловч сургууль руугаа явж чадахгүй, сурч чадаагүй, авах ёстой мэдлэгээ аваагүй. семистрээсээ шалтгаалаад судлах кредит нь өөр өөр байдаг. Би 2 хичээл дээр унаад нэмэлт кредитийн мөнгө төлсөн...” гэж тайлбарладаг.

2/. Хэргийн 106-110, 114 дүгээр талд авагдсан “ ” сургуулийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн тухай “Төлбөрийн баримт”-ууд, тус сургуулийн захирлын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 31/655 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар нэхэмжлэгч А.Ариунсайхан нь “ ” сургуульд 2024-2025 оны хичээлийн жилд гадаад хэлний орчуулгын хөтөлбөрөөр 2 дугаар дамжаанд суралцсан болох нь, ийнхүү тус хичээлийн жилийн намрын улирал хичээл сонголт хийсэн боловч танхимын сургалтад хамрагдаагүй, улирлын шалгалт өгөөгүй болох нь, мөн тус хичээлийн жилийн сургалтын төлбөрт 4 удаагийн төлөлтөөр нийт 4,597,500 төгрөгийг төлсөн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

3/. Гэвч нэхэмжлэгч нь 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улиралд хэдэн кредитийн хичээл судлах ёстойгоос хэдийг нь судалж чадаагүйгээс дахин хэдэн кредитийн мөнгө төлж суралцсан болох нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг 23 кредит /нэхэмжлэгчийн тодорхойлсноор/-ийн хичээлийг судалж чадаагүйгээс дахин уг кредитийн мөнгийг төлж дахин судалсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд 23 кредитийн төлбөр 2,967,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

13. Англи хэлний сургалтаа явуулж чадаагүй болон оёдлын цехээ ажиллуулж чадаагүй гэж олох байсан орлогод 1,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

1/. Нэхэмжлэгч нь дээрх шаардлагын хүрээнд гэрэл зургууд /хх 44-47 тал/ болон Хаан банк дахь харилцах дансны хуулга /хх 16-17 тал/ зэргийг нотлох баримтаар хэрэгт өгсөн бөгөөд уг шаардлагын үндэслэлээ “...би ажлынхаа хажуугаар оёдлын цех ажиллуулж жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж хүүхдэд чиглэсэн хувцас үйлдвэрлэдэг байсан. *******гээс болж би машин тэргээ зарж оёдлын цехээ хаасан, дампуурсан. Яагаад гэхээр би баруун хөл минь нугаларах боломжгүй болсон учраас оёдлын цехээ ажиллуулах боломжгүй болсон. Мөн ажлынхаа хажуугаар хүүхдүүдэд гэртээ хувь давтлага өгдөг, сардаа 5,000,000 төгрөгийг олдог байсан. Оёдлын цех болон хүүхдүүдэд давтлага өгдөг байсан дундажлаад 1,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэж тайлбарладаг.

2/. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Хаан банк дахь харилцах дансны хуулгаар нэхэмжлэгч А.Ариунсайхан нь англи хэлний сургалт явуулж байсан нь, үүнийхээ хүрээнд тодорхой хэмжээний орлого олж байсан болох нь нотлогдож байна. Харин нэхэмжлэгчийг оёдлын цех ажиллуулж орлого олж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч үүнтэй холбоотой баримтаа гаргаж нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.

3/. Түүнээс гадна нэхэмжлэгч нь аль хугацаанд олох байсан орлогыг ямар баримтыг үндэслэн 1,000,000 төгрөг гэж тодорхойлж байгаа нь, өөрөөр хэлбэл сургалт явуулж чадаагүйгээс олох байсан орлогод хэдэн төгрөг, оёдлын цех ажиллуулж чадаагүйгээс олох байсан орлогод хэдэн төгрөг гэж тооцож нэхэмжилж байгаа нь тус тус тодорхойгүй байх тул хариуцагчаас олох байсан орлогод 1,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

14. Эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг гаргууоах шаардлагын тухайд:

1/. Нэхэмжлэгч нь уг шаардлагын хүрээнд эмчийн үзлэгийн хуудас, энгийн эмийн жор, тавхайн 2 байрлалын рентгэн зураг, уг зургийн дүгнэлт, мөн нийт 318,325 төгрөгийн үнийн дүн бүхий 8 ширхэг е-баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 14-15,18-19, 23-30 тал)

2/. Дээрх 8 ширхэг е-баримтаас септолете гэх эм худалдан авсан 6,800 төгрөгийн MEIC-ийн е-баримт, ацикловар гэх эм болон цэнэг-элэг хамгаалах бэлдмэл зэргийг худалдан авсан 24,000 төгрөгийн Монос фарм ХХК-ийн е-баримт зэрэг нийт 30,800 төгрөгийн е-баримтууд /хх 29-30 тал/ нэхэмжлэгчийн хөлний бэртэлтэй холбоотой худалдан авсан эм бэлдмэл гэж үзэх үндэслэлгүй байна.

3/. Харин хэргийн 23-28 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байгаа нэхэмжлэгчийн хөлний бэртэлтэй холбоотой эмнэлгээс эмчилгээ үйлчилгээ авсан болон эмийн сангаас худалдан авч хэрэглэсэн эм, хэрэгсэл, уг үйлчилгээг авахад зарцуулсан шатахуун зэрэгт 287,525 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 712,475 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

15. Иймд дээрх бүгд үндэслэлүүдээр хариуцагч Ч.*******гээс бусдын эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 5,269,786.55 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,697,213.45 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Уг нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ч.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 99,266.58 /5,269,786.55 төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

           17. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.6-т зааснаар шүүх хуралдааны товыг хариуцагч Ч.*******д мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т зааснаар хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

18. Иймд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан “...Өөрөө бүх хариуцлагаа хүлээнэ гэж хэлсэн учраас надад хариуцагчийг заавал оролцуулна гэх санал алга...” гэсэн тайлбар, шүүх хуралдаанд хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй зэргийг тус тус үндэслэн, хариуцагч Ч.*******гийн шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-д тус тус заасны дагуу шүүх хуралдааныг хариуцагч Ч.*******гийн эзгүйд явуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ч.*******гээс бусдын эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 5,269,786.55 /таван сая хоёр зуун жаран есөн мянга долоон зуун наян зургаан төгрөг тавин таван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,697,213.45 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч А.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Ч.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 99,266.58 /ерэн есөн мянга хоёр зуун жаран зургаан төгрөг тавин найман мөнгө/ төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 10 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ЖАРГАЛТУЯА