Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/26

 

 

 

С.Х- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Х-, ХЖ/HJ/, Д.А- /DA/, МШ /MSH/, ВА/WCH/ нарт холбогдох эрүүгийн 2413000000258 дугаартай, 5 хавтастай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэж 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл, шүүгдэгч С.Х-, ХЖ/HJ/, Д.А- /DA/, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бакен, Х.Зулхаш, Б.Адалбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Манар, орчуулагч, хэлмэрч М.Нурасыл, Д.Цэцэгжаргал  /цахим сүлжээгээр/ нар оролцов.  

 

1. Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ***********мэргэжилтэй, ************************ ажиллаж байсан, ******************** оршин суух хаягтай,  урьд ял шийтгүүлж байгаагүй У ургийн овогтой С.Х-, /РД: ************/,

 

2. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **, ************ хамт ******************** тоотод оршин суух хаягтай ХЖ/HJ/, /баримт бичгийн дугаар: ***************/,

 

3.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, ********* боловсролтой, мэргэжилгүй, ********* хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **, ********* хамт ******************* тоотод оршин суух хаягтай МШ /MSH/, /баримт бичгийн дугаар:***********/,

 

4. Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ********* мэргэжилтэй, ******* хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **, *********** хамт *********** тоотод оршин суух хаягтай  Д6А- /DA/, /баримт бичгийн дугаар:**********/,

 

5. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, ********* хамт **************** оршин суух, ВА/WCH/, /баримт бичгийн дугаар:**************/,

 

6. Холбогдсон хэргийн талаар:

6.1. Яллагдагч С.Х-, ХЖ/HJ/, Д.А- /DA/, МШ /MSH/, ВА/WCH/  нар нь хамтран оролцож, 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хилийн цэргийн 0115 дугаар салбар /Даян/ хариуцсан хэсэг болох хилийн 14 дүгээр тэмдгийн чиглэлд Монгол Улсын хилээс 800 метр зайтай хилийн зурвас бүхий Баян-Өлгий аймаг, Сагсай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Хавцал булгийн гол” гэх нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, олборлолт явуулж, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт,

6.2. Мөн яллагдагч С.Х- нь хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэргийг үйлдэх үедээ ашигласан буюу хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох банз модон дээр тавьсан ногоон өнгөтэй хиймэл зүлэг бүхий эд зүйл, 50x30 см хэмжээтэй алт угаах зориулалттай хавтгай модон таваг 1 ширхэг, цагаан шуудай зэрэг эд зүйлсийг 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн Сагсай сумаас тус аймгийн Өлгий суманд ирэхдээ устгаж, нотлох баримтыг устгах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

7. Прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 199/б дүгээр яллах дүгнэлтээр С.Х-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгчид С.Х-ын, ХЖ/HJ/, Д.А- /DA/, МШ /MSH/, ВА/WCH/ нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

 

8. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн  2025/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолоор:  

8.1. Шүүгдэгч У овогтой С.Х-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч ХЖ, К овогт ДА-, МШ, В нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

8.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-т 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-т 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ХЖ, Д.А- нарын тус бүрт 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч МШ,  ВА нарын тус бүрт 19000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 19.000.000 /арван есөн сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

8.3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх торгох ялыг 23000 /хорин гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 /хорин гурван сая/ төгрөгөөр тогтоож,

8.4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 2 /хоёр/ хоног, шүүгдэгч Д.А-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 37 /гучин долоо/ хоног, шүүгдэгч ХЖ-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг тус тус тэдгээрийн эдлэх торгох ялаас хасаж тооцож, шүүгдэгч МШ, ВА нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж,

8.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-, Д.А-, ХЖ, МШ, ВА нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж,

8.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-, Д.А-, ХЖ, МШ, ВА нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

8.7. Энэ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.А-, ХЖ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ,

Шүүгдэгч С.Х-, МШ, ВА нарт урьд авсан хувийн баталгаа гаргах,  Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж,

8.8. Шүүгдэгч С.Х-, Д.А-, ХЖ, МШ, ВА нар нь гэмт хэргийн хор уршиг 828.702 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 165.740 /нэг зуун жаран таван мянга долоон зуун дөч/ төгрөгийг Байгаль, орчин уур амьсгалын санд төлж барагдуулсныг дурдаж, тэдгээрээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршиггүйг мэдэгдэж,

8.9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шинжээчийн зардал 1.000.000 /нэг сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч шүүгдэгч С.Х-, Д.А-, ХЖ, МШ, ВА нарын тус бүрээс 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч, Нуман-Алтай ХХК-ийн шинжээч А.Ц-ийн ХААН банк дахь ********* дугаартай дансанд,

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газраас орчуулагч, хэлмэрчийн зардалд нэхэмжилсэн 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч С.Х-, Д.А-, ХЖ, МШ, ВА нарын тус бүрээс 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулан, тус шүүхийн Тамгын газрын 100020005001 тоот дансанд тус тус төлүүлж,

8.10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-, Д.А-, ХЖ, МШ, ВА нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1996 онд үйлдвэрлэгдсэн, 2007 онд Монголд орж ирсэн, ****БӨТ улсын дугаартай, Тоёота ланд круйзер 80 маркийн, 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг түүний хууль ёсны эзэмшигч иргэн Ж.Н-т буцаан олгож, түүний үнэ 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч С.Х-, Д.А-, ХЖ, МШ, ВА нарын тус бүрээс 3000.000 /гурван сая/ төгрөг,

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, 1995 онд үйлдвэрлэгдсэн, 2010 онд Монгол Улсад орж ирсэн, ****БӨА улсын дугаартай, Тоёота ланд круйзер 80 маркийн, 12.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг түүний хууль ёсны эзэмшигч С.Х-т буцаан олгож, түүний үнэ 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч С.Х-, Д.А-, ХЖ, МШ, ВА нарын тус бүрээс 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг тус тус албадан гаргуулж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулахаар тогтоосон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нийт 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлөхөд зарцуулж, илүү гарсан хэсгийг улсын төсөвт шилжүүлж, иргэн С.Х-ын эзэмшлийн ****БӨА Тоёота ланд крузер 80 маркийн тээврийн хэрэгсэл, иргэн Ж.Н-ийн эзэмшлийн ****БӨТ Тоёота ланд крузер 80 маркийн тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

6. Шүүгдэгч МШ /MSH/, ВА/WCH/ нарын  өмгөөлөгч С.Нургайыпын гаргасан давж заалдах гомдолд:

6.1. 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 51 дугаартай гомдолд: Анхан шатны шүүхийн “шүүгдэгч Монгол Улсын иргэн С.Х-, БНХАУ-ын иргэн ХЖ, МШ, ВА, БНКУ-ын иргэн Д.А- нар нь урьдчилан үгсэн тохиролцож, үйлдлээрээ нэгдэн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1 дүгээр багт байх, "Хавцал булгийн гол" гэх байгалийн цогцолборт улсын тусгай хамгаалалттай газарт идэвхтэй үйлдлээр жижиг хэмжээтэй 2 ширхэг нүх ухаж, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан үйл баримт тогтоогдсон” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдал нийцээгүй байна.

6.2. Шүүгдэгч МШгийн Монгол Улсад ирсэн зорилго нь уул уурхай болон ресторан үйлчилгээний бизнесийн үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулалт хийхээр ирсэн. Тэрээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Хятад ресторанд ХЖтой танилцсан. ХЖнь Баян-Өлгий аймагт алтны уурхай байгаа, түүнийг ирж үзэж танилцаад худалдан авч болно гэсэн тул Баян-Өлгий аймагт байгаа уурхайг сонирхсон. ХЖнь МШд Баян-Өлгий аймагт байгаа уурхай нь тусгай зөвшөөрөлтэй, эзэн нь сумын Засаг дарга ажилтай хүн гэж танилцуулсан учраас түүний үгэнд итгэж Улаанбаатараас Баян-Өлгийд ирээд ХЖ-ийг дагаад "Хавцал булгийн гол" гэх газарт очдог. ХЖ-ийн худалдахаар санал болгосон уг газар нь албан ёсны тусгай зөвшөөрөлгүй газар гэдгийг МШ мэдээгүй бөгөөд уг асуудлыг цагдаагаас шалгаж эхэлсэн үед л мэддэг. Тэрээр хууль бусаар ашигт малтмалын хайгуул хийхээр очоогүй гэдэг нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, түүний гаргаж өгсөн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог.

6.3. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “шүүгдэгч “С.Х, ХЖ-, МШ, ВА, Д.А- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор үүргээ хуваарилах замаар хэрхэн яаж урьдчилан үгсэн тохиролцсон нь тогтоогдоогүй боловч тэдгээр нь идэвхтэй үйлдлээр ашигт малтмал олборлох, газар ухах зориулалтаар хүрз, жоотуу, бээлий, банз, хиймэл ногоон зүлэг, алт угаах таваг гэх зэргийг бэлдэн явж, ашигт малтмалын эрэл хайгуул хийх тусгай зөвшөөрөлгүй гэдгээ мэдэж байсан атлаа тухайн газарт очиж, нүх ухах зэргээр гэмт хэргийн объектив талыг хамтран хэрэгжүүлсэн...” гэж дүгнэжээ. Хиймэл ногоон зүлгийг суух зориулалтаар авч явсан болох нь тогтоогдсон. Харин алт угаах таваг гэдэг огт байгаагүй зүйлийн талаар тогтоолдоо бичсэн гэж ойлгож байна. МШ нь ашигт малтмалын эрэл хайгуул хийх тусгай зөвшөөрөлгүй гэдгийг мэдээгүй, нүх ухаагүй байсан. МШ нь өөрөө ХЖ-т хууртагдаж Улаанбаатараас Баян-Өлгийд ирсэн. ХЖнь МШд тухайн газрыг алттай гэдгийг үзүүлээд, улмаар түүнд тусгай зөвшөөрөлтэй гэж худалдаж түүний мөнгө хөрөнгийг залилан мэхэлж авах сонирхолтой байсан гэдгийг сүүлд нь мэдсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын МШг гэм буруутайд тооцсон хэсгийг өөрчилж түүнийг цагаатгаж өгнө үү.

 

6.4. Шүүгдэгч ВАгийн өмгөөлөгч С.Нургайып бид Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/ЗЗ дугаар шийтгэх тогтоолын МШд холбогдох хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

6.5. 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 51 дугаартай гомдолд: Анхан шатны шүүхийн “шүүгдэгч Монгол Улсын иргэн С.Х-, БНХАУ-ын иргэн ХЖ-, МШ, ВА, БНКУ-ын иргэн Д.А- нар нь урьдчилан үгсэн тохиролцож, үйлдлээрээ нэгдэн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1 дүгээр багт байх, "Хавцал булгийн гол" гэх байгалийн цогцолборт улсын тусгай хамгаалалттай газарт идэвхтэй үйлдлээр жижиг хэмжээтэй 2 ширхэг нүх ухаж, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан үйл баримт тогтоогдсон” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдал нийцээгүй байна.

6.6. Шүүгдэгч ВА нь өөрийнх нь удирдлага болох МШгийн туслах учраас түүнтэй хамт Монгол Улсад ирсэн. Тэдний Монгол Улсад ирсэн зорилго нь уул уурхай болон ресторан үйлчилгээний бизнесийн үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулалт хийх зорилготой ирсэн. Түүний дарга МШ нь ХЖ-той танилцаж, түүний санал болгосон уурхайг МШ худалдан авах болсон тул Баян-Өлгий аймагт ирсэн. ВА нь өөрийнх нь дарга МШг дагаж түүний үйл ажиллагаанд туслах зорилгоор хамт явж байсан.

6.7. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “шүүгдэгч С.Х-, ХЖ-, МШ, ВА, Д.А- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор үүргээ хуваарилах замаар хэрхэн яаж урьдчилан үгсэн тохиролцсон нь тогтоогдоогүй боловч тэдгээр нь идэвхтэй үйлдлээр ашигт малтмал олборлох, газар ухах зориулалтаар хүрз, жоотуу, бээлий, банз, хиймэл ногоон зүлэг, алт зөвшөөрөлгүй гэдгээ мэдэж байсан атлаа тухайн газарт очиж, нүх ухах зэргээр гэмт хэргийн объектив талыг хамтран хэрэгжүүлсэн...” гэж дүгнэжээ. Хиймэл ногоон зүлгийг суух зориулалтаар авч явсан болох нь тогтоогдсон. Харин алт угаах таваг гэдэг огт байгаагүй зүйлийн талаар тогтоолдоо бичсэн гэж ойлгож байна. ВА нь ашигт малтмалын эрэл хайгуул хийх тусгай зөвшөөрөлгүй гэдгийг мэдээгүй, нүх ухаагүй байсан. МШ болон ВА нар ХЖ-т хууртагдаж Улаанбаатараас Баян-Өлгийд ирсэн. ХЖнь тухайн газрыг алттай гэдгийг үзүүлээд, улмаар тэдэнд тусгай зөвшөөрөлтэй гэж хууран мэхлэж худалдаж түүний мөнгө хөрөнгийг залилан мэхэлж авах сонирхолтой байсан гэдгийг сүүлд нь мэдсэн.

6.8. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ВАийг гэм буруутайд тооцсон хэсгийг өөрчилж түүнийг цагаатгаж өгнө үү.

 

7. Шүүгдэгч ХЖ/HJ/, Д.А- /DA/, тэдний өмгөөлөгч Х.Бакен нарын давж заалдах гомдолд:

7.1. Хэрэгт хяналт тавьж байгаа прокуророос бид нарыг бусадтай хамтран оролцож, 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хилийн цэргийн 0115 дугаар салбар /Даян/ хариуцсан хэсэг болох хилийн 14 дүгээр тэмдгийн чиглэлд Монгол Улсын хилээс 800 метр зайтай хилийн зурвас бүхий Баян-Өлгий аймаг, Сагсай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Хавцал булгийн гол” гэх нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, олборлолт явуулж, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж яллах дүгнэлт үйлдэж, хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр дээрх байр сууриа хамгаалан оролцож мэтгэлцсэн.

7.2. Харин анхан шатны шүүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тодруулж хэлбэл “олборлолт явуулсан” гэх шинжээр буруутайд тооцоогүй. Бидний хувьд 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хэрэг учрал болсон гэх газарт хүрэлцэн очсон нь үнэн. Гэхдээ тэнд очихдоо ашигт малтмал хууль бусаар хайх, ашиглах, олборлох санаа зорилгоор очсон уу гэдгийг, тодруулж хэлбэл шүүгдэгч нарын гэмт санаа зорилгыг шалгаж тогтоох ёстой. Хэрэгт цугларсан холбогдох нотлох баримтуудаар энэ нь тогтоогдоогүй.

7.3.Тухайн газарт ашигт малтмал байгаа гэдгийг урьдчилж тогтоосон үйл баримт байхгүй. Хэрэгт ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 10/3231 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 110 дахь тал/ авагдсан. Тухайн албан бичигт “...2024 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар шүүлт хийж үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн дүгнэлт гараагүй байна...” гэж дурдсан. Үүнээс дүгнэж үзэхээр тухайн газарт ямар нэгэн ашигт малтмалын орд, илэрц байгаа гэж үзэх үндэслэлгүй. Ийм байхад шүүгдэгч нарыг ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн гэж буруутгах үндэслэлгүй.

7.4. Хэрэгт хэргийн газарт нөхөж үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 22-29 дэх тал/ авагдсан. Тухайн тэмдэглэлд “...хэрэгт ач холбогдол бүхий байдал нь 2 өөр газарт болсон. Эхний хэсэг нь “Хавцалын гол”-оос ертөнцийн зүгээр зүүн урд зүгт голын эргээс 35 метр зайд, хуучин булш /хирэгсүүр/ бүхий зүйлийн хажууд газрын хөрсийг ухсан байдалтай, уг хэсэг нь урт нь 80 см, өргөн 38 см, гүн нь 30 см байх ба уг хэсэг нь шинээр ухагдсан байдалтай байв. ...Дараагийн хэсэг нь ертөнцийн зүгээр зүүн зүг руу 35 метр зайд “Хавцал булгийн” голын эрэг орчим байх бөгөөд...Уг газар нь голын хуучин гол урсаж байсан чулуу, хайрга бүхий газар байх бөгөөд тухайн голын хайрга, шороог ухаж, шороог нь хажууд нь овоолсон байдалтай байх ба ухагдсан хөрс нь доор ус тогтсон байдалтай байв.Ухагдсан нүхний хэмжээг үзэхэд нүхний урт нь 2 метр, өргөн нь 90 см, гүн нь 20 см хэмжээтэй байв...” гэж тусгасан. Шүүгдэгч нар нь эдгээр хоёр нүхний зөвхөн нэгийг ухсан талаар мэдүүлдэг. Гэтэл мөрдөгчийн зүгээс үүнийг нарийвчилж шалгаж тогтоогоогүй. Хэрэг учралын газарт хэд хоногийн дараа нөхөж үзлэг хийсэн байдаг. Анх хэрэг учрал болох үед их хэмжээний бороо орж байсныг гэрч нар мэдүүлдэг. Нөхцөл байдал ийм байхад үзлэгийн тэмдэглэлд шинээр ухсан байдалтай гэж тусгасан нь үндэслэл муутай байгаа юм. Хэрэгт нотлох баримтаар авагдсан “Нуман Алтай” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №1/59 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 52-81 дэх тал/-ээр тухайн талбайн байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг 277,861 төгрөгөөр тогтоосон. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 4-д “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно: 4.1."их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг; 4.2."үлэмж хэмжээний хохирол" гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг; 4.3."бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж тус тус хуульчилсан. Үүнээс үзэхээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ нь бага хэмжээний хохиролд хамаарч байгаа. Бид анхан шатны шүүх хуралдаан дээр дурдсан үндэслэлүүдийг дурдаад шүүгдэгч нарын үйлдсэн гэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэл байх боломжтой талаар мэтгэлцсэн боловч анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилсан. Хуулийн дээрх зохицуулалтыг хангахын тулд шүүгдэгч нарын үйлдэл нь: Нэгдүгээрт: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл, эс үйлдэхүй нь гадна байдлаараа Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг хэлбэрийн төдий агуулсан байх, Хоёрдугаарт: тухайн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учраагүй учраас нийгэмд аюулгүй байх, Гуравдугаарт: ямар нэгэн хүч хэрэглэсэн шинжгүй байх, Дөрөвдүгээрт: гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн байх, энэ тохиолдолд нийгэмд аюултай байх, гэмт хэргийн гол материаллаг шинж үгүйсгэгдэж байгаа болохоор тухайн үйлдэл, эс үйлдэхүй хийсний төлөө бусад төрлийн хариуцлагаас /иргэний, сахилгын, захиргааны, зөрчлийн г.м/ аль тохирохыг хүлээлгэх боломжтой байдаг. Дээрх үндэслэлээр шүүгдэгч нарын үйлдсэн гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 7.10-д заасан “Газрын хэвлийн тухай хууль зөрчих” зөрчлийн учир зөрчлийн арга хэмжээ авхуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх боломжтой.

7.5. Мөн шүүгдэгч нарт Хилийн цэргийн 0165 дугаар ангийн эрх бүхий албан тушаалтнаас 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн зөрчилд 100 нэгжтэй тэнцэх хэмжээний 100,000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсан болохыг дурдаж байна.

7.6. Шүүгдэгч нарыг хэрэг болсон гэх газарт газар ухаж байх явцад Хилийн цэргийн 0115 дугаар тусгай салбарын албан хаагчид саатуулсан. Өөрөөр хэлбэл эдгээр албан тушаалтнууд тэдний үйлдлийг таслан зогсоосон. Шүүгдэгч нарыг хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэж буруутгаж байгаа тохиолдолд гэмт санаа зорилгоо бүрэн гүйцэлдүүлж чадсан уу гэдэг асуудал гарч ирнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж завдалтыг тодорхойлсон. Шүүгдэгч нарын үйлдлийг завдалт гэж үзсэн тохиолдолд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хэмжээг тодорхой хэмжээгээр багасгах боломжтой байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлийн 2-д “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж хуульчилсан. Шүүхээс энэ талаар зохих дүгнэлт хийж завдалт гэж үзсэн тохиолдолд хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд торгох ялын дээд хэмжээ болох 27,000,000 төгрөгийн гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр хамгийн ихдээ 18,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах боломжтой байсан. Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдэл нь гэмт хэргийн хэлбэрийн төдий агуулсан, завдалт мөн эсэх талаар зохих дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэж өгөхийг хүсье.

7.7. Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч ХЖ/HJ/, Д.А- /DA/ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний хорин сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд хуульчилсан. Анхан шатны шүүх хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн” боловч мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх” зохицуулалтыг буруу хэрэглэж өндөр хэмжээний торгууль оногдуулсан гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж торгуулийн хэмжээг багасгаж өгөхийг хүсье.

7.8. Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаар: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 1996 онд үйлдвэрлэгдсэн, 2007 онд Монгол Улсад орж ирсэн, ****БӨТ улсын дугаартай, Тоёота ландкруйзер 80 маркийн, 15,000,000 /арван таван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг түүний хууль ёсны эзэмшигч иргэн Ж.Н-т буцаан олгож, түүний үнэ 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нарын тус бүрээс 3,000,000 /гурван сая/ төгрөг, 1995 онд үйлдвэрлэгдсэн, 2010 онд Монгол Улсад орж ирсэн, ****БӨА улсын дугаартай, Тоёота ландкруйзер 80 маркийн, 12,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийг хэрэгслийг түүний хууль ёсны эзэмшигч С.Ха-т буцаан олгож, түүний үнэ 12,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нарын тус бүрээс 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг албадан гаргуулахаар шийдвэрлэсэн.Үүнийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгдэгч нар дээрх хоёр тээврийн хэрэгслээр хэрэг болсон гэх газарт хүрэлцэн очсон нь үнэн. Үүнийг тээврийн хэрэгслүүдийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэх үндэслэлгүй. Учир нь тээврийн хэрэгсэл ашиглах гэдэг нь шүүгдэгч нар тухайн гэмт хэргийг үйлдэхдээ үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй зүйлд хүрэх, учруулж болох хор аюулын хэмжээг ихэсгэх, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх, гэмт хэргийн газраас зугтах зорилгоор ашиглах зэрэг үйлдлүүд байдаг бөгөөд шүүгдэгч нар дээрх гэмт хэргийг үйлдэхэд дээр дурдсан хоёр тээврийн хэрэгслийг огт ашиглаагүй, хэрэгт энэ талаарх ямар нэгэн нотлох баримт авагдаагүй. Ийм байхад шүүхээс дээрх хоёр тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэж үнийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

7.9. Таслан сэргийлэх арга хэмжээний асуудлаар: Мөн шүүхийн шийтгэх тогтоолоор ХЖ/HJ/, Д6А- /DA/ бид нарт урьд авсан Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Бид нарт Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн захирамжаар Монгол Улсаас болон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Бид тэрнээс хойш хуульд хүндэтгэлтэй хандаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гараагүй. Анхан шатны шүүхээс өндөр хэмжээний торгууль оногдуулсан, бусад төлбөрт их хэмжээний мөнгө гарсан учир бид эндээс дээрх мөнгийг олж шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хүндрэлтэй байгаа, бид Улаанбаатар хотод оршин суудаг ажил төрлийн холбоотой хүмүүсээс авах авлагатай боловч өөрсдөө энд байгаагаас тухайн авлагыг авч чадахгүй байгаа учраас Баян-Өлгий аймгийн нутаг дэвгэрээс гарч Улаанбаатар хотод очиж авлагаа хөөцөлдөх зайлшгүй шаардлагатай болж байгаа тул бидэнд авсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвгэрээс гарч явахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулахаар 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүсэлт гаргасан. Гэвч тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаартай албан бичгээр хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй байх тул таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн. Үүнтэй холбоотойгоор давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ бидний хүсэлтийг харгалзан үзэж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвгэрээс гарч явахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож өгөхийг хүсэлт болгож байна. Иймд бидний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/ЗЗ дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч ХЖ/HJ/, Д6А- /DA/ нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгах, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэлгүй тохиолдолд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялын хэмжээг багасгах, тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн албадан гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгох шийдвэр гаргаж өгнө үү.

 

            8.Шүүгдэгч С.Х-, түүний өмгөөлөгч Х.Зулхаш нарын давж заалдах гомдолд:

            8.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр буюу түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж хуульчилсан байна. Шүүгдэгч С.Х- нь ХЖ-, МШ, Д6А-, ВА нартай гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэн нийлсэн, хамт газар ухсан, малтлага хийсэн үйлдэл холбогдол тогтоогдоогүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэгт хамтран оролцсон гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон, эсвэл үйлдлээрээ санаатай нэгдсэн” гэж огт таньж мэдэхгүй, хэл мэдэхгүй гадаадын иргэдтэй гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн гэж ямар нэгэн нотлох баримт, нотолгооны хэрэгсэлгүй байж гэм буруутайд тооцож байгаад туйлын гомдолтой байна. Тухайлбал: Шүүгдэгч С.Х-ыг тухайн хэрэгт “хамтран оролцсон, үйлдлээр нэгдэн нийлсэн” гэж үзэхээр бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-д заасан “Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэргийг мөрдөн шалгах, шүүх хуралдааны явцад заавал тогтоосон байх шаардлагатай юм. Гэтэл С.Х- нь тухайн үед гэр бүлийн хүмүүстэйгээ хамт Сагсай сумын Даян гэх газарт дүү нь С овогтой Ха-ын гэрт амарч байсан ба 2024 оны 7 дугаар сарын 21-нд хүүгийн найр хийх тул Даянд байдаг хамаатан садан, айл өрхөд урилга тараахаар болж, аймагт байдаг хүүхдүүддээ урилга хийлгээд явах хүмүүсээс /зорчигчдоос/ өгч явуулахыг захисан байсан. Аймагт байдаг хүргэн хүү Ж.Н- 7 дугаар сарын 18-ны өдөр “Жуулчинаар явна” гэж зар тавиад өөрийнхөө Ланд-80 маркийн машинаар аймгийн төвөөр явж байхад Д.А- тааралдаж, улмаар Сагсай сумын Даянгийн Боомт хүртэл явж, зам үзэж, зугаалаад ирнэ гэж тохироод хөлслөн авсан байна. Тэгээд хүргэн Ж.Н- нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр тэднийг авч Сагсай сумын Даян явахаар болсон тул Х-ын захисан “Найрын урилга”-ыг замдаа хүргэж өгөхөөр түүний аавынд очсон байсан. Ингээд тэд тохиолдлын нөхцөл байдлаар, санамсаргүй үйл явдлаар тааралдаж анх танилцсан. Тэгээд Х- нь Даянгийн Заставын хажууд суудаг хамаатан, садан, айл өрхөд урилга тараахаар, мөн тэр өдөр бороотой байсан ба Боомт хүртэлх зам нэлээн шавартай бартаатай байдаг тул хүргэний машин шаварт суучих вий гэж болгоомжлоод тэдэнтэй цуг цаашаа явсан. Хүргэнд зам зааж өгөөд тэр хавьд байдаг найзындаа урилгаа өгөөд араас нь очиход шүүгдэгч ХЖ-, МШ, Д.А-, ВА нарын 4 хүн голын эргээс жижигхэн газар ухсан байсан учир тэдэнд энэ хавиас газар ухаж болохгүй талаар анхааруулахад тэд “ус уухаар ухсан, ухаж болохгүйг мэдээгүй, одоо булаад явъя” гэсэн. Тэгээд машины хажууд ирээд тэднийг хүлээгээд байж байхад Заставынхан ирсэн. Болсон бодит үйл явдал энэ байсан. Ашигт малтмал хайх, олборлох зорилго, зорилт тавиагүй юм.

8.2. Шүүгдэгч ХЖ-, МШ, Д.А-, ВА нар нь шүүгдэгч Х-ын талаар гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгт хамтран оролцсон талаар огт мэдүүлээгүй, харин шүүгдэгч Д.А- нь Х- ирж “Газар ухаж болохгүй гэж хэлсэн” гэж мэдүүлсэн байхад мөн Х- нь газар ухсан, малтсан эсвэл бусад шүүгдэгч нарт газар ухуулах талаар хэлэх, ятгах, зохион байгуулах үйлдэл хийгээгүй, энэ нь гэрч О.Ч, Н-, Б нарын мэдүүлэг, тэдний үйлдсэн хэргийн газрын тэмдэглэл хэргийн газрыг бэхжүүлэн авсан дүрс бичлэг, бусад нотлох баримтаар шүүгдэгч Х- нь газар ухаж, малтах, газрын хэвлийд халдах үйлдэлд оролцоогүй болохыг нотолсон байхад анхан шатны шүүх нотлох баримтад илт буруу ташаа дүгнэлт гаргасанд гомдолтой байна.

8.3. Мөн шүүгдэгч С.Х- нь ХЖ-, МШ, Д.А-, ВА нарын хамт газар ухсан, газрын хэвлийд зөвшөөрөлгүй халдсан гэх үйлдэлд огт оролцоогүй болохыг хэргийн газарт үзлэг хийж, фото зургаар болон дүрс бичлэгээр бэхжүүлж авсан эрх бүхий албан албан тушаалтан Б.Чинбатын үйлдсэн СД дискний бүрэн хэмжээний дүрс бичлэг, гэрэл зураг зэрэг хууль ёсны нотлох баримтаар батлагдаж байна.

8.4. Анхан шатны шүүхийн тогтоолын “хууль зүйн дүгнэлт” хэсэгт шүүгдэгч С.Х- нь ХЖ-, МШ, Д.А-, ВА нар үйлдлээрээ нэгдэн ашигт малтмал хайх, ашиглах, олборлох журмыг санаатай зөрчиж, тусгай зөвшөөрөлгүй алт олборлох зорилгоор байгалийн цогцолбор газарт халдаж, идэвхтэй үйлдлээр жижигхэн 2 нүх ухсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан” гэмт хэргийн шинжийг агуулж байна гэжээ. Шүүхийн энэхүү дүгнэлт нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ХЖ-, МШ, Д.А-, ВА нарын хууль бус үйлдлээр жижигхэн хэмжээний нэг нүх ухагдсан ба хоёр дахь нүхийг хэдийд хэн ухсан эсэх нь нотлон тогтоогдсон зүйлгүй байна. Харин шүүгдэгч Х- тухайн хэрэгт идэвхтэй үйлдлээр оролцсон, бүлэглэсэн гэх үйлдэл холбогдлыг шүүгч ямар үндэслэлээр, ямар нотлох баримт, нотолгооны хэрэгсэлд тулгуурлан дүгнэлт гаргасныг “шийтгэх тогтоол”-д заагаагүй атлаа өөрийн дотоод итгэл үнэмшлээр үндэсгүй дүгнэлт гаргаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

8.5. Шүүгдэгч Х-тай урьдын эчнээ танил, ажил үүргийн хувьд албаны журмаар олон жилийн өмнө Сагсай сумын Засаг даргаар ажиллаж байхад ганц хоёр уулзаж байсан БНХАУ-ын иргэн ХЖ гэх иргэний энгийн яриа, вечат цахим хуудасны хэрэгт хамааралгүй бичлэг, түүний цахим хуудаст тавьсан зургийг нотлох баримт болгон гэм буруутайд тооцох нь “Нотлох баримт үнэлэх” хуульд заасан журамд нийцээгүй байна.

8.6. Шүүгдэгч Х-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн I дэх хэсэгт заасан “Нотлох баримтыг устгах”гэх гэмт хэргийн тухайд: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт оруулах тухай 23 дугаар тогтоол нь үндэслэлгүй бөгөөд хууль ёсны биш байна.

8.7. Хэрэг учрал болсон 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч С.Х-, ХЖ-, МШ, Д.А-, ВА нарын тээврийн хэрэгсэл, ачиж явсан эд зүйл, эд мөрийн баримтад Сагсай сумын Даяннуурын Заставын хилийн цэргийн албан хаагчид болон эрх бүхий албан тушаалтан Даулет, Чинбат нар үзлэг шалгалт явуулж, удаа дараа дүрс бичлэг, зураг авалт хийж байсан. С.Х-ын унаж явсан Ланд-80 маркийн ****БӨТ дугаар бүхий машинд гадаадын нэр бүхий иргэдийн ачаа бусад эд зүйл огт байгаагүй. Тэд нөгөө машинаас газарт буулгасан ачаа, эд зүйлст нь үзлэг хийсний дараа үүнийг 2 машинд хуваагаад ачиж, Х-ын машиныг хилийн цэргийн ажилтан Сайранбек жолоодон 2024 оны 7 дугар сарын 20-ны өглөө 6 цагт аймаг дахь Хилийн цэргийн 0165 дугаар ангийн Тавиулангийн хашаанд машинаа оруулан машиныг түлхүүрийг өөрсдөө хураан авсан. Х- нь машиндаа ямар ачаа ачсаныг ч үзэж хараагүй. Түүнд нотлох баримт хүлээлгэн өгч, хадгалуулах, хамгаалах үүрэг хүлээлгэж өгсөн зүйлгүй болно.

8.8. 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед Х-ыг Хилийн цэргийн 0165 дугаар ангийн тавиулангийн хашаанаас гаргахад Хилийн цэргийн албаны эрх бүхий албан хаагчид /Х.Хуаныш, Айбат, бас хэд хэдэн хүн байсан/ таны машинд ачсан байгаа энэ хүмүүсийн хүнсний зүйл, хувцас хунарыг нь тэдний байранд /ХЖ-, МШ, Д.А-, ВА нарын байрлаж байгаа/ аваачиж буулгаж өгөөд явж бай” гэж машины түлхүүрийг өгсөн болохоор Х- шууд тэдний байрлаж байсан байшинд нь аваачиж бүх ачаагаа буулгаж өгсөн. Түүнд “шууд цагдаагийн газарт яваад очоорой” гэж хэн ч хэлээгүй. Тэгээд машинаа Цагдаагийн орон сууцны хашаанд авч ирж тавьсан. Тэдний ачааг буулгаж өгөхөд 2-3 шуудайтай юм тэнд байсан ба дотор нь юу байгааг хараагүй гэдгээ шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ хэлсэн. Х- нь бусдын ачаа тээшинд үзлэг хийх, битүүмжлэх, хурааж авах эрх бүхий этгээд биш юм.

8.9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “мөрдөгч нь нотлох баримтыг цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэжээ. Иймд нотлох баримтыг тухайн үед эрх бүхий албан тушаалтан Б.Чинбат, хэрэг бүртгэгч Даулет нар үзлэг шалгалт явуулж, бүртгэн баталгаажуулан хураан авч өөрснөө хамгаалалтад авсан юм. Энэ нь 1 дүгээр ХХ-ийн 237-241 дүгээр талд авагдсан Ж.Даулетын "....бид хэд тухайн нүх ухсан газарт 1 цаг гаруй самналт хийхэд ямар нэгэн төхөөрөмж олдоогүй, тэгээд боомтын байранд очиж, дээрх илэрсэн жоотуу 1 ширхэг, хүрз 2 ширхэг, ажлын бээлий 10 хос, сүх 1 ширхэг, усны гутал 2 хос, цагаан усны хувин 1 ширхэг зэргийг албаны 11-88 ХЦА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, үлдсэн хүнсний эд зүйлийг Х-, Н- нарын машинд хувааж ачиж, хилийн албаны тасгийн дарга, хошууч Х.Хуанышаас “ ... хоёр машиныг аймгийн төвд хуяглан хүргэх тухай” өгсөн үүргийн дагуу хилийн 0115 дугаар салбарын байранд /заставын төвд/ ирж албаны машинаа застав дээр үлдээж, албаны машинд ачиж ирсэн жоотуу 1 ширхэг, хүрз 2 ширхэг, ажлын бээлий 10 хос, сүх 1 ширхэг, усны гутал 2 хос, цагаан усны хувин 1 ширхэг зэрэг эд зүйлсийг иргэн Ж.Н-ийн ****БӨ1 улсын дугаартай тээврийн хэрэгсэл ачиж би өөрөө Ж.Н-ийн машины урд сууж, харин жолооч Сайранбек иргэн Х-ын машины урд сууж шууд аймгийн төв рүү хөдлөөд 2024.07.20-ны өглөө 5:20 цагт аймгийн төвд орсон” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

8.10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "мөрдөгч нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, тэдгээрийг устгах, гэмтээх, үрэгдэхээс хамгаалах үүрэгтэй” гэжээ. Иймд нотлох баримтыг эрх бүхий албан тушаалтан хариуцах болно.

8.11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан харьяаллын дагуу хил хамгаалах байгууллагын эрх бүхий албан тушаалтан Б.Чинбат, Даулет нар хэрэг бүртгэл явуулж, хуулийн 30.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтыг хураан авч, Хилийн цэргийн 0165 дугаар ангийн захирагч, хурандаа Р.Эрдэнэтогтохын 2024.07.20-ны өдрийн 1/121 тоот албан бичгээр Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байх тул үүнийг С.Х- хариуцах учиргүй юм. Эрх бүхий албан тушаалтан хэрэг бүртгэгч, мөрдөгч нарын өмнөөс С.Х-ыг Эрүүгийн хариуцлагад татаж байгаа нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцэхгүй байна. С.Х- нь эд мөрийн баримтыг алга болгосон, устгасан зүйл байхгүй.

8.12. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/ЗЗ дугаартай “шийтгэх тогтоол” гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд мөрийн баримт”, 16.14 дүгээр зүйлд заасан “нотлох баримт цуглуулж бэхжүүлэх” журам, 16.15 дугаар зүйлд заасан "нотлох баримт шалгаж үнэлэх журам”, мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан “Прокурорын зөвшөөрлөөр хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа”, 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох эсвэл хүчингүй болгох журам” зэргийг ноцтой зөрчсөн байгааг анхан шатны шүүх хуулийн хүрээнд үнэлж дүгнээгүй, Монгол Улсын дээд шүүхийн 2023.07.03-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар” гаргасан байхад шүүхийн албан ёсны тайлбараас хуулийг зөрүүтэй хэрэглэж шийдвэрлэсэн, хуулийг буруу шийдвэрлэсэн гэж гомдол гаргаж байна.          

8.13. Улсын дээд шүүхийн 2023.07.03-ны өдрийн 31 дүгээр тогтоолын 5.3, 5.3.1 дэх хэсэгт зааснаар ЭХХШТХ-ийн 23.1 дүгээр зүйлийн 1, 24.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хураан авах ажиллагаа Прокурорын зөвшөөрлөөр, хойшлуулшгүй тохиолдолд зөвшөөрөлгүй хийх боловч 24 цагт Прокурорт мэдэгдэж, зөвшөөрөл авах нотлох баримтыг хүчинтэйд тооцуулах шийдвэр гаргуулах журамтай. Энэ журмыг зөрчиж явуулсан мөрдөн шалгах ажиллагаа хүчингүй болох ба нотлох баримтаар тооцоогүй бол нотлох баримт биш юм. Тэгвэл алдагдсан гэх модон таваг, хиймэл зүлгийг нотлох баримтаар тооцох тогтоол үгүй учир нотлох баримт устгасан гэж үзэх нөхцөл байхгүй.

8.14. УДШ-ийн 2023.07.03-ны өдрийн 31 дүгээр тогтоолын “Тайлбарлах нь” хэсгийн

5 дугаар зүйл, 6 дугаар зүйл, 7 дугаар зүйл, 9 дүгээр зүйлүүдийг анхан шатны шүүх тус тус зөрчсөн байна.

8.15. Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх   тухай  хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх

хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч С.Х-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Х-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

            9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын тайлбар, дүгнэлт:

            9.1. Уг хэрэгт хамтран оролцсон эсэх нь тодорхой байгаа бөгөөд оролцогч нар хоорондоо танил байсан эсэх нь бус, харин урьдчилан тохиролцсон үйлдэл болон хэрэг гарах үед хамтран ажилласан нөхцөл байдлууд чухал ач холбогдолтой...газар ухах, урьдчилан тохиролцох зэрэг үйлдлүүдийг үндэслэн тухайн этгээдүүд нь гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэж байна.

9.2. Энэ хэрэгт сэдэл, санаа, зорилго нь бүрэн гүйцэд тогтоогдоогүй гэж зарим шүүгдэгч мэдүүлж байгаа боловч, мөрдөн шалгах ажиллагаа болон прокурор, шүүхийн шатанд сэдэлт, зорилго нь тогтоогдох боломжтой, улмаар урьдчилсан байдлаар тодорхойлогдсон гэж үзэж байна. Тухайлбал, зарим шүүгдэгч “ус уумаар байсан, ам цангаж байсан, зүгээр л газар ухсан” гэх мэт мэдүүлэг өгсөн ч, хэргийн газар болон хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудтай зөрчилдөж байна. ... Иймд шүүгдэгч нарын мэдүүлэг бодит нөхцөл байдалтай нийцэхгүй бөгөөд хэргийн сэдэлт, санаа, зорилго нь ашигт малтмал хууль бусаар олборлох зорилготой байсныг нотлох баримтууд хангалттай илэрхийлж байна. Тухайн газар ашигт малтмалын нөөц байсан эсэх нь өөрөө бүрэн тодорхойгүй байгаа. Өөрөөр хэлбэл, энэ шатанд тогтоогдсон, баталгаажсан нөөц бүхий ашигт малтмал олборлосон зүйл алга. Хэрэв нөөц байсан ч гэсэн, тэр нь төрийн нөөцөд хамаарах бөгөөд ашиглахын тулд зайлшгүй төрийн зөвшөөрөл шаардлагатай. Тиймээс тухайн этгээдүүд ямар ч нөхцөлд зөвшөөрөлгүйгээр олборлолт хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл юм.

9.3. Мөн зарим этгээд “гэмт хэрэг төгсөөгүй байж магадгүй” гэх байр суурь илэрхийлдэг. Гэвч тухайн хэрэг төгссөн, үр дагавар нь бий болсон гэж үзэх үндэслэлтэй. Үүнд хоёр ширхэг тээврийн хэрэгсэл улсын орлого болгон хураагдсан бөгөөд гэмт хэргийг үйлдэхэд эдгээр тээврийн хэрэгсэл ашиглагдаагүй гэх тайлбар үнэмшилгүй. Учир нь тухайн этгээдүүд хэрэг гарсан газар руу явганаар очих боломжгүй, холын зайг туулж очсон нь нотлогдсон. Хэрэв тээврийн хэрэгсэл ашиглаагүй байсан бол тэдгээр хүмүүс тухайн газарт очих боломжгүй байх байв. Тиймээс хэрэг төгссөн бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан нөхцөл байдлууд, тээврийн хэрэгслүүд бодит үйл ажиллагаанд оролцсон нь тодорхой байна.

9.4. Мөн сэдэлт, зорилго нь нөөц бүхий газарт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилготой байсан бөгөөд энэ нь зөвхөн тухайн газар нутгийн байгалийн баялгийг бус, улсын өмчийг хууль бусаар ашиглахыг зорьсон гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй юм. Бусад шүүгдэгч нарын зүгээс “энэ хэрэг эрүүгийн хуулийн тусгай ангийн шаардлага хангасан, гэмт хэргийн шинж агуулаагүй” гэх тайлбар өгч байгаа боловч хэргийн газарт хийсэн үзлэг, түүнээс гарсан нотлох баримтуудын үндсэн дээр уг мэдүүлэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайлбал, үзлэгээр ач холбогдол бүхий эд зүйлс, тухайлбал ашигт малтмал олборлоход хэрэглэгддэг техник хэрэгсэл, төхөөрөмжүүд, мөн гэрэл зургаар нотлогдсон бусад эд зүйлс илэрсэн нь энэ үйлдэл нь зөвхөн хайгуул бус, олборлох шинжтэй байсан болохыг илтгэж байна.

9.5. Мөн нотлох баримтыг хэрхэн авч үзэх талаар зарим ташаа ойлголт байгааг тэмдэглэх нь зүйтэй. Ерөнхий утгаараа “нотлох баримт” гэдэг ойлголт дотор “эд мөрийн баримт” багтаж байгаа бөгөөд энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маш чухал ач холбогдолтой. Тухайн нэг байгууллагаас нөгөөд шилжүүлэх явцад нотлох баримт устгасан асуудал яригдаж байгаа бөгөөд хуулийн дагуу шалгаж, хариуцлага тооцох нөхцөл байдал үүссэн байгааг нэмж хэлэх нь зүйтэй.

9.6. Мөн шүүгдэгчдийн өмгөөлөгч Адалбекийн зүгээс “ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хайгуул, олборлолт явуулах хууль зүйн шаардлага хангаагүй” гэж тайлбарласан. Гэхдээ энэ хуулийн зохицуулалтаар бол ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахын тулд эдийн засгийн үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, нөөцийн тооцоо зэрэг шаардлагыг хангаж, тусгай зөвшөөрөл авсан байх ёстой. Ийм зөвшөөрөлгүйгээр ямар ч хэлбэрийн хайгуул, олборлолт явуулах нь хууль зөрчсөн үйлдэл болохыг онцлох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, тухайн газар ашигт малтмалын хайгуул хийх боломжтой гэж үзэж, төрөөс тусгай зөвшөөрөл олгосон тохиолдолд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тодорхой шат дараалалтай, тодорхой шаардлагуудыг хангаж, хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах ёстой. Тухайлбал, байгаль орчны болон эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ хийх, нөөц тогтоох, зөвшөөрөл олгох зохих шат дамжлагыг давах гэх мэт шаардлагууд бий. Прокурор миний бие эдгээр этгээдүүд нь дээрх хуулийн шаардлагыг огт хангаагүй гэж үзэж байгаа, өөрөөр хэлбэл ямар ч зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн, эрүүгийн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Тиймээс энэ бол зөвхөн зөрчил биш, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэлтэй.

9.7. Хууль бол нийтлэг үйлчлэх хэм хэмжээ. Хэн нэгэн хуульч, өмгөөлөгч өөрийнхөөрөө тайлбарлаж болох ч, прокурорын хувьд миний тайлбар, байр суурь нь хуулийн зүйл, заалтад тулгуурласан, бодит баримтад үндэслэсэн байх ёстой. Нөгөө талаас өмгөөлөгч Нургайыпын зүгээс “энэ хүмүүс огт таньдаггүй, холбоогүй” гэх мэдүүлэг өгч байгаа. Гэвч тухайн хэрэгт холбогдсон хүн нь Сагсай сумын Засаг даргаар олон жил ажилласан, хил орчимд нэвтрэх дэг журам, тухайн газар нутгийн онцлогийг хэнээс ч илүү мэдэх учиртай этгээд юм. Энэ бүс нутаг нь байгалийн цогцолбор газар, хамгаалалттай, үзэсгэлэнт бүс нутаг бөгөөд нэг ширхэг мод ч зөвшөөрөлгүйгээр авах боломжгүй гэдгийг тухайн хүн мэдэхийн дээдээр мэдэж байх ёстой. Гэсэн атлаа тэдгээр хүмүүс ийм бүс нутагт зөвшөөрөлгүйгээр олборлолтын шинжтэй үйл ажиллагаа явуулсан нь санаатай, зохион байгуулалттай, хууль зөрчсөн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж дүгнэхэд хүргэж байна. Нөгөө талаас,  анхан шатны шүүх хуралдааны үеэр шүүгдэгч өөрөө “шүүгч ээ, хэрэв намайг торгоод шийтгэчихвэл би энэ шийдвэрийг хүндэтгэнэ, ямар нэгэн гомдол гаргахгүй” гэж ил тод мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдөр тухайн шийдвэрт гомдол гаргаж буй нь эрхийнхээ хүрээнд байгаа боловч тухайн хүний хэлж буй үг, байр суурь хэр үнэнч, бодитой вэ гэдэгт тодорхой эргэлзээ үүсгэж байна. Өнөөдөр нэг байр суурь илэрхийлж, маргааш өөр байр сууринд шилжиж байгаа нь тухайн этгээдийн хэлсэн мэдүүлгийг үнэн зөв, үндэслэлтэй гэж үзэх боломжийг хязгаарлаж байна. Энэ тухай шүүх анхаарч үзэх нь зүйтэй.

9.8. Мөн орчуулгын асуудлыг дурдахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Хятад Улсад суралцаж байсан хоёр дахь хэлний мэдлэгтэй, орчуулагчийг авсан бөгөөд тэр орчуулагч нь тухайн хэрэгт холбогдох google translate ашиглаж орчуулга хийсэн. Орчуулгын үед яллагдагч нар мэдүүлэг өгч, өмгөөлөгч нар ч оролцож байсан тул орчуулгатай холбоотой алдаа гарсан бол тухайн үед нь засаж залруулах боломж бүрэн байсныг хэлэх нь зүйтэй. Иймд орчуулгатай холбоотой маргаан үүсгэх үндэслэлгүй гэж үзэж байна. Нийтдээ дүгнэж хэлэхэд, тухайн шүүгдэгчийн мэдүүлэг өөр хоорондоо зөрчилтэй, тогтворгүй байгаа нь түүний мэдүүлгийн үнэн зөв байдлын талаар эргэлзээ төрүүлж байна. Орчуулгын үйл ажиллагаа хуульд нийцсэн, хамгаалагдсан нөхцөлд явагдсан бөгөөд тухайн үеийн оролцогч талууд үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байна.

9.9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бодит байдалтай нийцэж байгаа боловч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг буруу тайлбарласан гэж үзэж байна. Хэдийгээр миний бие тухайн шийдвэрт эсэргүүцэл гаргаагүй боловч, өнөөдөр улсын яллагчийн зүгээс өөр байр суурьтай байна. Анхан шатны шүүх хуралдааны үеэр улсын яллагч миний бие хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд энэхүү дүгнэлтийн үндэслэлийг тайлбарлаж хэлсэн. Нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, зохих хэмжээний хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргасан. Гэвч анхан шатны шүүхээс тухайн ялыг тухайн зүйл заалтад заасан ялын дээд хэмжээгээр оногдуулж, шийдвэрт эрүүгийн хуулийн зохицуулалтыг буруу тайлбарласан гэж үзэж байна.

9.10. Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ гэмт хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирол, тухайн гэмт хэргийг үйлдсэн газрын онцлог, нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг олон хүчин зүйлийг цогцоор нь авч үзэх ёстой. Хэргийн тухайд гэмт хэрэг нь тусгай хамгаалалттай газар, нийгмийн хувьд хязгаарлагдмал нэвтрэх боломжтой бүс нутагт явагдсан бөгөөд тухайн газар нутгийн ашигт малтмалыг хууль бусаар олборлох, хайгуул хийх зэрэг үйлдэл нь өөрөө нийгмийн аюулын шинж чанарын хэм хэмжээ өндөр гэж үзэж байгаа. Учир нь ашиг малтмалтай холбоотой манай Монгол Улсын хэм хэмжээнд хууль бусаар ашигт малтмал олборлосонтой холбоотой газрын тогтоц, газрын хэвлийн үндсэн асуудал их байдаг. Монгол Улсад сүүлийн жилүүдэд газар авч, олон тохиолдолд хүний амь нас эрсдэж байсан ноцтой үр дагавартай гэдгийг бид мэдэж байгаа. Ийм нөхцөлд, нийгмийн хор аюулын шинж чанарын хэмжээ нь эрүүгийн хариуцлагын оногдуулах ялд тохироогүй байна.

9.11. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь эрүүгийн хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна гэж үзэж, уг шийдвэрийг хүчингүй болгож, гэм буруугийн шүүх хуралдааныг дахин хэлэлцүүлэх саналыг гаргаж байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

10. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч БНХАУ-ын иргэн МШ /MSH/, ВА/WCH/ нарын  өмгөөлөгч С.Нургайып, шүүгдэгч БНКазахстан Улсын иргэн Д.А- /DA/, БНХАУ-ын иргэн ХЖ/HJ/, түүний өмгөөлөгч Х.Бакен, шүүгдэгч С.Х-, түүний өмгөөлөгч Х.Зулхаш нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан боловч шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн холбогдох хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зарим үйлдэл холбогдол нотлогдоогүй байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан тул шийтгэх тогтоолд зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулж, зарим заалтыг хүчингүй болгож, давж заалдах гомдлуудыг тус тус дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.  

 

12. Монгол Улсын иргэн С.Х-, БНХАУ-ын иргэн ХЖ/HJ/, МШ /MSH/, ВА/WCH/, БНКазахстан Улсын иргэн Д.А- /DA/ нар хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэж 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хилийн цэргийн 0115 дугаар салбар, Даянгийн боомт хариуцсан хэсэг болох хилийн 14 дүгээр тэмдэгтийн чиглэлд, Монгол Улсын хилээс 800 метр зайтай хилийн зурвас бүхий Баян-Өлгий аймаг, Сагсай сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг, Улсын тусгай хамгаалалттай Алтай таван богдын байгалийн цогцолборт газарт хамаарах “Хавцал булгийн гол” гэх нэртэй газарт тээврийн хэрэгслээр хүрз, сүх, жоотуу болон бусад эд зүйлсийг зориудаар, урьдчилан бэлтгэн очиж, хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулах зорилгоор газрын гадаргуу, хөрсийг 2 цэгт ухаж сэндийлсэн үйл баримт нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар:

- Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1/121 дугаартай албан бичиг, түүний хавсралт гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 04-11 дэх тал/,

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн мөрдөгчийн “...хэрэг учрал болсон гэх газар нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1-р багийн нутаг дэвсгэр болох “Ямаат” гэх газарт “Даян”-гийн боомтоос 800 метрийн зайд ертөнцийн зүгээр баруун хойд зүгт байрлах бөгөөд “Хавцал голын эх” хэмээх газарт болсон байв. Уг газар нь уул болон модоор хүрээлэгдсэн, газрын хөрс өвсөрхөг газар байх ба хэрэгт ач холбогдол бүхий байдал нь 2 өөр газарт болсон. Эхний хэсэг нь “Хавцал гол”-оос ертөнцийн зүгээр зүүн урд зүгт голын эргээс 35 метр зайд, хуучин булш /хиргисүүр/ бүхий зүйлийн хажууд газрыг хөрсийг ухсан байдалтай, уг хэсэг нь урт нь 80 см, өргөн 38 см, гүн 30 см байх ба уг хэсэг нь шинээр ухагдсан байдалтай байв.

Эхний хэсгийг “СР8” байршил тогтоох багажаар хэмжихэд М48°06'59.6" Е088°55'05.2" байв. Дараагийн хэсэг нь ертөнцийн зүгээр зүүн зүг рүү 35 метр зайд “Хавцал булгийн” голын эрэг орчим байх бөгөөд уг газрыг “СР5” байршил тогтооход /албаны Гармин маркийн/ М48°07'00.4" Е088°55'06.2"-т зааж байв. Уг газар нь голын хуучин гол урсаж байсан чулуу, хайрга бүхий газар байх бөгөөд тухайн голын хайрга, шороог ухаж, шороог нь хажууд нь овоолсон байдалтай байх ба ухагдсан хөрс нь доор ус тогтсон байдалтай байв. Ухагдсан нүхний хэмжээг үзэхэд нүхний урт нь 2 метр, өргөн 90 сантиметр, гүн нь 60 сантиметр хэмжээтэй байв...” гэх тэмдэглэл болон түүний зургийн үзүүлэлтүүд, дуу, дүрсний бичлэг /1 дүгээр хавтаст хэргийн 22-29 дэх тал/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн “...Цагдаагийн газрын журмын хашаан дотор битүүмжлэн байрлуулсан ****БӨТ улсын дугаартай “Тоёота Ланд круйзер-80” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг явуулахад уг тээврийн хэрэгсэл нь 1996 онд үйлдвэрлэгдсэн, 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр импортлогдсон, сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байх бөгөөд уг тээврийн хэрэгслийн жолооч талын хаалгыг нээж үзэхэд урд талын хоёр суудал дээр байрласан эд зүйл байхгүй, арын хаалгыг онгойлгон үзэхэд арын суудал дээр мөнгөлөг өнгийн дөрвөлжин хайрцаг байв. Түүний хажууд ууттай хуурай идэх зүйл хүнс байв. Тээврийн хэрэгслийн арын багаж хэсгийг нээж үзэхэд ногоон өнгийн суулга, хүрз, жоотуу зэрэг эд зүйлс байсныг тээврийн хэрэгслээс буулгаж, тоогоор тусад нь дугаарлав. 30x30 см хэмжээтэй хайрцгийг нээж үзэхэд машины хийлдэг насос байсныг 2 тоогоор дугаарлав. Дараагийн хэсэгт модон бариултай төмөр гурвалжин хүрз 2 ширхэг, модон бариултай төмөр толгойтой 1 ширхэг сүх байсныг 1 тоогоор дугаарлав. Дараагийн хэсэгт модон бариултай улаан будагтай төмөр толгойтой жоотуу 1 ширхэг, улаан, хар алаг хоосон иш байсныг 3 тоогоор дугаарлав. Дараагийн хэсэгт ногоон өнгийн 20 литрийн усны хоосон сав байсныг “4” тоогоор дугаарлав. Дараагийн хэсэгт ууттай 5 ширхэг хос бээлий, задгай 5 ширхэг хос бээлий, нийт 10 хос бээлий байсныг “5” тоогоор дугаарлав. Дараагийн хэсэгт хар өнгийн 2 хос усны гутал байсныг “6” тоогоор дугаарлав. Дараагийн хэсэгт 2 метр, 5 см урттай 2 ширхэг 3 мм-ийн банзыг холбож хадсан, 13 см өргөн, 2 метр уртай, 3 мм-ийн хэмжээтэй 1 ширхэг банз, 2 метр урттай 7 см өргөнтэй, 3 мм-ийн 1ширхэг банзнууд байсныг “7” тоогоор дугаарлав, 8 тоогоор шар өнгийн хутга 1 ширхэг тэмдэглэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 59-64 дэх тал,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн “...****БӨА улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-80” загварын 1995 онд үйлдвэрлэгдсэн, 2010.02.23-нд импортлогдсон, сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байв. ...Уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 66-69 дэх тал/,

- Ашигт малтмал, газрын тосны газрын 10/3302 дугаартай “...Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар шүүлт хийхэд “Х” ХХК /РД:********/, “К” ХХК /РД:*********/ нэр дээр ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүртгэлгүй байна...” гэх албан бичиг, хавсралтын хамт /1 дүгээр хавтаст хэргийн 103 дахь тал/,

- Ашигт малтмал, газрын тосны газрын 10/3231 дугаартай “...Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.18, 11.1.22 дахь заалтыг үндэслэн албан бичигт дурдагдсан М48о06'59.6" Е088о55'05.2" болон М48о07'00.4" Е088о55'06.2" солбицол бүхий цэгүүдийг уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн дүгнэлт гараагүй байна. Харин Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолуудаар батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг, Улсын хилийн 15 км-ийн зурвас газар, Улсын Их хурлын 1996 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан Алтай таван богд байгалийн цогцолборт газартай тус тус давхцалтай байна...” гэх албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 110 дахь тал/,

- Яллагдагч ХЖ-ийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн “...Үргэлжлүүлэн Д.А-ийн “Вичат” хаяг руу илгээсэн болон А-аас ирүүлсэн зурвас мессеж, дуу хураагуур “Vоicе гесоrdег” хэсгийг нэг бүрчлэн үзэхэд тэрээр 2024 оны 7 сарын 15-ны өдөр харьцсан 12 секундын дууны бичлэг /Voice/ байсныг тоглуулж, яригдсан яриаг албаны “Роlice” загварын дуу дүрсний төхөөрөмжөөр бэхжүүлэн, яригдсан яриаг үзлэгийн явцад орчуулагч Т.Махсатаар орчуулуулахад БНХАУ-ын иргэн ХЖнь БНКазахстан Улсын иргэн Д.А--д хандаж “...Чи Баян-Өлгийд ирсэн үү? Ирсэн бол Ковштой холбоо барьсан уу? Холбоо бариад хурдан заавал холбогдоорой...” гэж Хятад хэлээр ярьсан байв..., ... үргэлжлүүлэн БНХАУ-ын иргэн ХЖ-ийн Д.А- рүү “Вичат” хаяг руу илгээсэн мессежүүдийг дээшлүүлж үзэхэд ХЖ-оос 2024 оны 7 сарын 7-ны өдөр 17 цаг 57 минутад Казахстан улсын иргэн Д.А- рүү “...Сайн байна уу, утсаа аваарай, хаана байна, над руу холбоорой, ярих ажил байна...” гэж зурвас илгээж, улмаар тухайн цаг хугацаанд иргэн С.Х-ын “KH” гэх латин хаягтай “Вичат” хаягийг илгээсэн байх бөгөөд уг "KH” гэх латин хаягтай “Вичат” хаягны мэдээлэл хэсгийг нээж үзэхэд утасны дугаар нь “********” гэж хадгалагдсан байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Үргэлжлүүлэн уг “KH” гэх латин хаягтай “Вичат” руу илгээж байсан зурвасын түүх хэсэг буюу “Меssagе” хэсгийг нээж үзэхэд 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 48 минутаас 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 50 минут хүртэл 6 удаа “Вичат” программаар залгасан жагсаалтууд байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. ХЖ-оос иргэн С.Х-ын “Вичат” хаягийг Хятад үсгээр нэр өгч хадгалсан байх ба орчуулагчаар орчуулахад “...Сагсай сумын дарга...” гэж Хятад хэлээр товчилж, хадгалсан байсныг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 124-132 дахь тал/,

- Яллагдагч МШ /MSH/-ийн гар утсанд үзлэг хийсэн “...Иргэн МШ /MSH/-ийн эзэмшлийн гар утас нь “iphone7” загварын гар утас байх бөгөөд гар утасны дэлгэцийн түгжээг иргэн МШ /MSH/-ийн өөрөөр нь онгойлгуулахад гар утасны цаг нь Улаанбаатар хотын цагаар буюу Орон нутгийн цагаас нэг цагаар урагш байв. Үргэлжлүүлэн гар утасны “Galerry” цэсэнд орж үзэхэд иргэн МШ /MSH/- ийн хэлснээр “...бид 2024.07.19-ний өдрийн өглөө иргэн С.Х- гэх хүний эсгий гэрт очиж, хооллохдоо өөрийнхөө гар утсаараа эсгий гэрийн доторх байдлыг гэрэл зураг болон дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлсэн байсан...” гэж хэлснийг тэмдэглэлд тусган үзэхэд 2024.07.19-ний өдөр уг гар утсаар авсан бэхжүүлсэн 19 секунтын дуу, дүрсний бичлэг болон Казах эсгий гэрийн доторх хэсгийн 1 ширхэг гэрэл зураг байв. Дээрх эсгий гэрийн доторх хэсгийг бэхжүүлсэн 1 ширхэг гэрэл зургийн мэдээлэл буюу “Details” хэсгийг үзэхэд 2024.07.19-ний өдөр орон нутгийн цагаар 10 цаг 07 минутад бэхжүүлсэн 1.3 мв хэмжээтэй гэрэл зураг байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа. Үргэлжлүүлэн дээрх 19 секунтын Казах эсгий гэрийн доторх байдлыг бэхжүүлсэн дуу, дүрсний бичлэгийн бэхжүүлсэн цаг хугацааны мэдээллийг үзэхэд 2024.07.19-ний өдөр орон нутгийн цагаар 10:07 минутад бэхжүүлсэн байв.Уг бичлэгийг явуулж үзэхэд бичлэг хийж буй хүн Казах эсгий гэрийн доторх хэсгийг бичиж эхлэх бөгөөд бичлэгийн 2 дахь секунтад эсгийг гэрийн баруун талыг харуулах ба уг хугацаанд бичлэгт яллагдагч Ж.Н- цай ууж сууж буй дүрс харагдаж, бичлэгийн 4 дэх секунтад яллагдагч ВА мөн А- цай ууж суух ба, түүний дараа эсгий гэрийн зүүн жигүүрийг харуулах үед бичлэг хийж буй хүний зүүн талд яллагдагч С.Х- нь ногоон өнгийн аяга барьсан цай уугаад сууж буй дүрс харагдаж бичлэгийн сүүлээр бичлэг хийж буй хүний урд ширээн дээр байрлах идээ, ундаа харагдав. Бичлэгийн төгсгөлд бичлэг хийж буй хүний хажууд сууж буй хүнээс Казах хэлээр “Тамак иш” /хоол ид/ гэж ярьж буй дуу, дүрсний бичлэгийг өөрийн гар утсаар бичлэг болгон бэхжүүлэн авлаа. Үргэлжлүүлэн үзлэг хийхэд тэрээр яллагдагч МШ /MSH/ нь “...над руу Хятад улсын иргэн ХЖВичат программаар энэ оны 07 дугаар сарын 10-ны өдөр иргэн С.Х-, Казахстаны иргэн Д.А-, мөн иргэн ХЖ нарын групп чат бүхий хоорондоо дуу хураагаар “Voicе гесоrdег” хэлбэрээр авсан зураг бүхий файлыг явуулж байсан, танд үзүүлье...” гэж хэлээд гар утасныхаа “We Chat” программ руу орж, ХЖ/HJ/-той харьцсан чатыг гаргаж ирээд үзүүлэхэд: 2024.07.10-ны өдөр 11 цаг 53 минутад иргэн ХЖ/HJ/-оос “Screenshot” буюу дэлгэцийн хэсгийг зураг болгон бэхжүүлсэн зураг файлыг явуулсан байх ба уг зурган файлыг нээж үзэхэд “Групп чат” гэх гарчигтай 4 хүний бүрэлдэхүүнтэй гэх бүлгэм чат доторх зурвасууд байв. Уг зурган файл бүхий групп чат дотор яллагдагч С.Х- нь өөрийнхөө “Вичат” программаар Казах хэлээр “Жарайды Казыр” /за одоохон/ гэж зурвас илгээж, улмаар 5 секунтын дууны бичлэг явуулсан зэрэг мэдээлэл харагдаж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 162-164 дэх тал/,

- Гэрч О.Чинбатын гар утсанд үзлэг хийх явцад хуулбарлан авсан бичлэгт үзлэг хийсэн “...эхний 01 минут 51 секунтын бичлэгийг нээн тоглуулж үзэхэд тэрээр уг бичлэгийг Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Даян” боомтын нутаг дэвсгэрийн хашааны гадна талд байрлах эсгий гэрийн урд хэсэгт бэхжүүлсэн байх бөгөөд бичлэгээр Хилийн цэргийн 0115 дугаар салбарын “Ланд-76” загварын тээврийн хэрэгсэл, түүний баруун талд мөнгөлөг саарал өнгийн “Ланд-80” загварын хоёр тээврийн хэрэгсэл хойшоо харсан байдалтай, уг тээврийн хэрэгслүүдийн хойд хаалга, тээшний хаалгыг тус тус онгойлгон доторх ачаа, эд зүйлсийг газарт буулгаж байв. Бичлэгийн 9 дэх секунтэд бичлэг хийж алба хаагч “тэр дээд талын банзнуудаа бас буулгаарай” гэж хэлснийг тэмдэглэлд тусгав. Бичлэгийн 13 дахь секунтаас эхлэн бичлэг хийж буй хүн хамгийн эхнээс нь буюу Хилийн цэргийн 0115 дугаар салбарын “Ланд-76” загварын тээврийн хэрэгслийн харалдаа хойд хэсэгт газарт буулгасан эд зүйлсийг бичлэгт харуулж бэхжүүлэх бөгөөд бичлэгээр хэрэгт ач холбогдолтой алт угаах /ашигт малтмал/ зориулалт бүхий тэгш өнцөгт хэлбэртэй, дотогшоо таваг мэт зайтай бор өнгийн эд зүйл харагдах ба түүний хажууд ногоон өнгийн хиймэл зүлэг байж болзошгүй эд зүйлийг дэвссэн байв. Уг хиймэл зүлэг бүхий эд зүйлсийн хажууд цагаан өнгийн шуудай бүхий зүйлсийн дээр хүнсний байж болзошгүй эд зүйлсийг гаргаж байрлуулсан байв. Түүний цаад талд цагаан өнгийн усны хувин байж болзошгүй зүйлсийг босгож байрлуулсан харагдав. Дээрх ногоон зүлэг бүхий зүйлсийн хажууд Хилийн цэргийн хувцастай нэг алба хаагч цэнхэр цүнх доторх эд зүйлсийг үзэж, нэг нэгээр гаргаж буй дүрс харагдав. Бичлэгийн 25 дахь секунтад дээрх ногоон зүлэг бүхий эд зүйлсийн хажуу талд гадаадын иргэдийн хувцас хунар, хөнжил гудас /мишок/, цүнх зэрэг эд зүйлс болон машины дугуй хайрцагтай хийлэгч, тогоо зэрэг мөн Хилийн цэргийн хувцастай алба хаагч нар гаргаж байв. Бичлэгийн 01 минут 10 дахь секунтад яллагдагч С.Х- нь дээгүүрээ цэнхэр өнгийн хувцастай, толгойндоо цайвар өнгийн малгайтай, үзлэг, шалгалт хийж буй Хилийн цэргийн алба хаагч нарын дунд явж буй дүрс харагдав. Бичлэгийн 01 минут 15 дахь секунтэд яллагдагч Ж.Н- нь машиныхаа хойноос эд зүйлс буулгаж буй дүрс харагдах ба түүний машины хойд хэсэгт 2 ширхэг бор цаасан хайрцаг болон цагаан усны хувин, бусад хүнсний байж болзошгүй эд зүйлүүдийг гаргасан байв. Бичлэгийн 01 минут 25 секундын үед Ж.Н-ийн хажууд Хилийн цэргийн хувцастай алба хаагч загасны уурга хийсэн цүнхийг шалгаж байх ба түүний хажууд газарт улбар шар өнгийн жоотуу багажийн иш харагдаж байв. Дараагийн бичлэг болох 10 секунтын хугацаатай бичлэгийг үзэхэд тэрээр уг бичлэгийг мөн А- гар утсаар бэхжүүлсэн байх бөгөөд бичлэгийг хэргийн газарт хийсэн байв.

Тус бичлэгийг эхнээс нь үзэхэд Казахстан улсын иргэн Д.А- гартаа дотроо эд зүйлтэй цагаан өнгийн усны хувин барьсан, уг усны хувин дотор усны гутал хийж буй харагдах ба түүний хажууд дээгүүрээ цайвар футболктой, доороо хар өмдтэй, толгойдоо хар саравчтай малгайтай иргэн цаашаагаа харсан байдалтай алхаж явах бөгөөд тэдний хажууд Хилийн цэргийн хувцастай алба хаагч, ойр орчимд үзлэг самналт хийж буй дүрс харагдав. Мөн дээрх бичлэгээр иргэн Д.А-ийн цаагуур газарт дээгүүр нь ногоон өнгийн зүлэг бүхий эд зүйлсийг байрлуулсан 2 ширхэг банз мод, уг ногоон зүлэг бүхий эд зүйлсийн дээгүүр дээд талаасаа тэгш өнцөгт хэлбэртэй, хажуу талаасаа гурвалжин /таваг мэт/ цайвар шаргал өнгийн зүйлс /алт угаах хэрэгсэл байж болзошгүй/, түүний наад талд мөн 2 ширхэг банз мод, 1 ширхэг модон иштэй жоотуу зэрэг эд зүйлс харагдаж буй дүрс бичлэг байв.

Дараагийн бичлэг болох 4 секунтын дуу, дүрсний бичлэг нээж үзэхэд мөн А- хэргийн газарт гар утсаар бэхжүүлсэн бичлэг байв. Уг бичлэгийг тоглуулахад бичлэгээр ухагдсан газрын урд хэсэгт газар дээр заазуур хутга байх ба ухсан нүхний дотор усны гутал өмссөн, гартаа ажлын бээлий өмссөн Бүгд Найрамдах Казахстан улсын иргэн Д.А- зогсох ба түүний урдуур ухсан нүхэнд нэг ширхэг жоотуу багаж ухсан нүхэн дотор шар усны зах хэсэгт байгаа дүрс харагдав. Харин ухсан нүхний ертөнцийн зүгээр баруун хажуу талд БНХАУ-ын иргэн ВА хөлөндөө усны гутал өмссөн, дээгүүрээ эрээн цоохор өнгийн хувцастай гар нүцгэн сууж байх ба түүний доод хэсэгт ажлын бээлий байсныг тэмдэглэлд тусгав. Мөн бичлэгээр ухсан газрын хойд хэсэгт чулуу бүхий хэсэг дээр БНХАУ-ын иргэн МШ, ХЖ нар сууж байх ба иргэн ХЖ/HJ/- ын урдуур 2 ширхэг банз модны дээгүүр байрлуулсан ногоон өнгийн зүлэг бүхий эд зүйлс, түүний наад талд мөн А- 2 ширхэг банз мод газар дээр байсныг тэмдэглэлд тусгав. Мөн ХЖ/HJ/-ийн хойно хажуу талд цагаан өнгийн шуудай байх ба уг шуудайнд хажууд дээрх дээд талаасаа тэгш өнцөгт хэлбэртэй, хажуу талаасаа гурвалжин /таваг мэт/ цайвар шаргал өнгийн зүйлс /алт угаах хэрэгсэл байж болзошгүй/ байсныг тэмдэглэлд тусгав. Уг бичлэгээр Бүгд Найрамдах Казахстан улсын иргэн Д.А- Казах хэлээр ярих ба түүний ярьсан яриа тод сонсогдохгүйгээр бичлэг өндөрлөв. Дээрх бичлэгүүдийг хуулбарласан Сй дискийг эд мөрийн баримтаар тооцохоор тогтож, үзлэгийг өндөрлөв...” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 165-166 дахь тал/,

- Хууль ёсны төлөөлөгч Х.Оралсыны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хэрэгт ухагдсан газарт буюу байгаль орчинд учруулсан экологийн эдийн засгийн хохирол болон нөхөн сэргээлттэй холбоотой мөнгөн төлбөрийг шинжээчийн дүгнэлтээр гаргасан байна. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан хохирлын хэмжээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсгийн 49.5.1-т “газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу нэхэмжлэх болно. Улсын Их Хурлаас тогтоол гаргаж улсын тусгай хамгаалалтад авч байгаа газар болгон зөвхөн газрын хөрсөн дээрх биш газрын хэвлийд тодорхой хэмжээний ашигт малтмалын баялагтай учир гадаадын иргэн, хуулийн этгээдээс газар орныг хамгаалж улсын тусгай хамгаалалтад авч байгаа юм. Тус аймгийн Сагсай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Ямаат нэртэй газрын улсын тусгай хамгаалалттай газар нь тодорхой хэмжээний алт нөөцтэй болохыг нэлээн эрт үеэс тогтоочихсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 222 дахь тал/,

- Гэрч Х.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хилийн “Даян” боомтод үүрэг гүйцэтгэж байсан, ахлах шалгагч, ахмад О.Чинбат, дэд ахлагч Л.Баяраа, дэд ахлагч Т.Айбат нар 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 18 цаг40 минутад Хилийн 14 дүгээр тэмдгийн чиглэлд Монгол Улсын хилээс дотогш 800-аад метр зайтай газар, тус аймгийн Сагсай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Хавцал булгийн гол” нэртэй газраас Бүгд Найрамдах Хятад Ард улсын 3 иргэн, Казахстан улсын 1 иргэн, Монгол Улсын 2 иргэн, нийт 6 иргэн хууль бусаар ашигт малтмал олборлож байж болзошгүй үйлдлийг илрүүлсэн талаар харилцаа холбооны хэрэгслээр мэдээ ирүүлсэн. Миний бие Хилийн албаны тасгийн дарга албан тушаалтны хувьд анхны мэдээллийг ийнхүү аваад удирдлагуудад танилцуулсан. Өөрөөр хэлбэл би 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн орой 18 цаг 40 минутад дээрх мэдээг авах үед аймгийн төвд Хилийн цэргийн 0165 дугаар ангийн төв байранд үүрэг гүйцэтгэж байсан. Улмаар Хилийн цэргийн 0115 дугаар салбарт үүрэг гүйцэтгэж байсан, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болох, ахмад Ж.Даулетыг хэргийн газар луу явуулсан. Мөн тухайн өдөр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Гүлбаримд дээрх асуудлыг утсаар танилцуулахад тэр хүн “...наад асуудал чинь илт гэмт хэргийн шинжтэй байна, танайх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлага байхгүй, шууд байгаа байдлаар нь Цагдаагийн байгууллагад шилжүүлэх арга хэмжээ аваарай...” гэж хэлсэн. Улмаар миний бие Цагдаагийн газрын холбогдох албан тушаалтнуудтай холбогдож, Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн ахмад Т.Сумъяад утсаар мэдэгдэж, “...манай алба хаагч нар гэмт хэргийн шинжтэй үйлдэл илрүүлсэн, одоо наашаа гарах гэж байгаа, маргааш танай байгууллагад шилжүүлж өгөх болно...” гэж хэлсэн. Тэгээд тухайн хэргийн газарт байсан “Ланд-80” загварын хоёр тээврийн хэрэгсэл болон дээр дурдсан 6 иргэнийг ахмад Ж.Даулетаар ахлуулсан бүлэг өчигдөр үүрээр 06 цагийн үед аймгийн төвд авч ирээд ахмад Ж.Даулет нар буцаад Хилийн застав руу явчихсан. Дээрх иргэдийн хууль бусаар ашигт малтмал олборлосон байж болзошгүй цэг нь Хилийн 0115 дугаар заставаас цаашаагаа “Даян” боомт чиглэлд 28 км зайтай газар байсан...” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 227-228 дахь тал/,

- Гэрч Х.Х-ийн дахин мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай байгууллагын албаны офицер Айбат бид хоёр тээврийн хэрэгсэлд байгаа зүйлсийг үзсэн бөгөөд иргэн Ж.Н-ийн эзэмшлийн “Ланд-80” загварын тээврийн хэрэгсэл дотор байгаа эд зүйлсийг гаргаж бүртгэж байтал хяналтын прокуророос гэмт хэргийн шинжтэй асуудалд танай ажиллагаа явуулах шаардлага байхгүй гэхээр нь иргэн С.Х-ын унаж явсан “Ланд-80" загварын тээврийн хэрэгсэл дотор байгаа эд зүйлсийг үзээгүй юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 230 дахь тал/,

- Гэрч Ж.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр салбарын хариуцсан хэсгийн зүүн чиглэл буюу “Сонгинот”-ын чиглэлд хяналт шалгалт хийгээд орой нь салбар дээр ирээд байж байтал 18 цаг 40 минутын үед Хилийн албаны тасгийн дарга, хошууч Х.Хуаныш холбогдож, “Даян” боомтын чиглэлд гадаадын 4 иргэн, Монгол Улсын 2 иргэн, нийт 6 иргэн газар ухаж байгаад боомтын алба хаагч нарт үйлдэл дээрээ саатуулагдсан байна, очиж шалгаарай гэж үүрэг өгсний дагуу миний бие харуулын дарга, ахлах ахлагч Б.Нурлан, жолооч, ахлах ахлагч С.Сайранбек нарын хамт салбар байрлал буюу заставаас гараад “Даян” боомтод очсон. Бид нар боомтод очих үед тухайн иргэдийг боомтын ахлах шалгагч, ахмад О.Чинбат, ахлагч Баяраа, дэд ахлагч М.Айбат нар саатуулан боомтод 2 автомашинтай нь авчирсан байсан. Тухайн саатуулагдсан иргэдийн 3 иргэн нь Бүгд Найрамдах Хятад Ард улсынх, 1 иргэн нь Казахстан улсынх байсан, харин Монгол Улсын хоёр иргэн нь Ж.Н-, С.Х- гэх нэртэй иргэд байсан. Тэгээд миний бие тухайн иргэдийн биеийн байцаалтыг шалгаж, улмаар хоёр тээврийн хэрэгслийн бичиг баримтыг олж, хурааж авсан, харин гадаадын иргэд нь ямар нэгэн бичиг баримтгүй байсан, дараа нь хоёр тээврийн хэрэгслийг боомтын гадна хашаа дотор оруулж, доторх эд зүйлүүдийг нь нэг нэгээр буулгаж, шалгасан. Тэгэхэд ямар нэгэн ашигт малтмал хайх тоног төхөөрөмж илрээгүй, харин бусад эд зүйл буюу газар ухахад ашигласан гэх жоотуу 1 ширхэг, жоотууны иш 1 ширхэг, хүрз 2 ширхэг, ажлын бээлий 10 хос, сүх 1 ширхэг, усны гутал 2 хос, цагаан усны хувин 1 ширхэг, банз мод 4 ширхэг, хиймэл ногоон зүлэг болон бусад хүнсний эд зүйлүүд байсан. Дээрх эд зүйлүүдийг анх иргэн Ж.Н-, С.Х- нарын тээврийн хэрэгсэлд хуваагаад хийчихсэн байсан. Дээрх эд зүйлүүдийг нэг бүрчлэн үзэж дууссаны дараагаар нь ухсан гэх газрыг нь үзэхээр жолооч Сайранбек, боомтын жолооч Баяраа, харуулын дарга Нурлан нарын хамт хилийн 14 дүгээр тэмдгээс 800 метр зайтай, улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Хавцал булгийн гол” нэртэй газарт очсон. Тухайн газарт очиход эхэндээ нэг газрыг ухсан байдалтай, уг ухсан газрын ёроол ус тунасан байдалтай байсан, тэгэхлээр нь ойр орчмын 500 метр радиуст метал, алт хайгч байгаа эсэхийг шалгаж, самналт хийхэд ямар нэгэн зүйл илрээгүй. Тэгж байтал дээрх ухагдсан газраас урагшаа 10 гаруй метр зайтай газарт бас нэг жижиг хэмжээний өнгөцхөн ухсан байдалтай нүх байхаар нь зургийг нь бэхжүүлж авсан. Бид хэд тухайн ухагдсан газарт 1 цаг гаруй самналт хийхэд ямар нэгэн төхөөрөмж олдоогүй. Тэгээд боомтын байрлалд очиж, дээрх илэрсэн жоотуу 1 ширхэг, жоотууны иш 1 ширхэг, хүрз 2 ширхэг, ажлын бээлий 10 хос, сүх 1 ширхэг, усны гутал 2 хос, цагаан усны хувин 1 ширхэг зэргийг албаны 11-88 ХЦА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, үлдсэн хүнсний эд зүйлүүдийг Х-, Нурлан нарын машинд хувааж ачиж, Хилийн албаны тасгийн дарга, хошууч Х.Хуанышаас өгсөн “...хоёр машиныг аймгийн төвд хуяглан хүргэх тухай...” үүргийн дагуу хилийн 0115 дугаар салбарын байрлалд /заставын төвд/ ирж, албаны машинаа застав дээр үлдээж, албаны машинд ачиж ирсэн жоотуу 1 ширхэг, жоотууны иш 1 ширхэг, хүрз 2 ширхэг, ажлын бээлий 10 хос, сүх 1 ширхэг, усны гутал 2 хос, цагаан усны хувин 1 ширхэг эд зүйлсийг иргэн Ж.Н-ийн ****БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, би өөрөө Н-ийн машины урд сууж, харин жолооч Сайранбек болохоор иргэн С.Х-ын машины урд сууж, шууд аймгийн төв рүү хөдлөөд 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 05 цаг 20 минутад аймгийн төвд орсон. Аймгийн төвд оронгуутаа дээрх гадаадын иргэдийн байрлаж байгаа байр гэх “Номин худалдааны төв”-ийн урд талын хашаанд байрлах байшингаас Хятад улсын иргэдийн нэг, мөн Казахстан улсын иргэн, нийт 2 иргэний гадаад паспортыг гаргуулж авсан. Харин Хятад улсын үлдсэн 2 иргэн нь болохоор гадаад паспорт Улаанбаатар хотод байгаа талаар тайлбар хэлж, гаргаж өгөөгүй. Улмаар Хилийн цэргийн 0165 дугаар анги руу очиж, иргэн Н-, Х- нарын машинд ачиж очсон эд зүйлүүдийг дахин гарган буулгасан, тухайн эд зүйлсийг албаны бэлэн байдлын офицер Айбат нэг бүрчлэн бүртгэж, бичиж авч байсан. Тухайн үед манай байгууллагын хилийн тагнуулын ажилтан Ө.Ганаа нь гадаадын иргэдийн баримт бичгийг үзэж, өөрийнхөө чиглэлээр холбогдох зүйлийг асууж байсан. Миний бие аймгийн төвд 0165 дугаар ангид очсоны дараа гадаадын иргэдийг авч явсан гэх иргэн Н-ээс тайлбар мэдүүлэг аваад эхэлж байтал Хилийн тасгийн дарга Х.Хуаныш хяналтын прокурор Р.Гүлбаримтай холбогдоход энэ асуудалд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлага байхгүй гэх чиглэл өгсний дагуу манай байгууллагаас энэ асуудалд ямар нэгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй юм. Харин дээрх прокуророос ажиллагаа явуулахгүйгээр холбогдох иргэдийг баримтуудын хамт албан бичгээр цагдаагийн байгууллагад шилжүүлэх өгөх нь зүйтэй гэсний дагуу танай байгууллагад албан тоотоор холбогдох материалын хамт шилжүүлж өгсөн. Дээрх гадаадын иргэд болон хоёр тээврийн хэрэгсэл, албан бичгийг Хилийн албаны тасгийн дарга Х.Хуаныш танай байгууллагад хүргэж өгсөн,

...Тухайн өдөр буюу 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 10 цагийн үед манай заставын постоор иргэн Х-, Н- нарын “Ланд круйзер-80” загварын хоёр тээврийн хэрэгслээр боомт руу явж байгаа гэх тайлбарыг харуулын цэрэгт хэлээд гараад явсан байна лээ. Ямар ч байсан миний мэдсэнээр Х- гэх хүн нь боомтын чиглэлд явж байгаа гэж хэлээд гараад явсан байсан..., ... Эхний ухсан газар нь доошоогоо 40-50 орчим см, урт нь 80-90 орчим см, өргөн нь 40-50 орчим см хэмжээтэй байсан, дараагийн жижиг хэмжээтэй ухагдсан газар нь гүн нь 15-20 орчим см, урт, өргөн нь 30x20 орчим см хэмжээтэй байх шиг байсан. Гэхдээ нарийвчлан хэмжилт хийгээгүй..., ... Бид 2024 оны 07 сарын 20-ны өглөө Хилийн цэргийн 0165 дугаар ангийн төв байранд очих хүртэл иргэн Ж.Н-, С.Х- нарын хоёр тээврийн хэрэгслээс ямар нэгэн эд зүйл буугаагүй, буюу буулгаагүй. Харин ангийн төв байранд очсоны дараа Хилийн албаны тасгийн дарга хошууч Х.Хуаныш, ахмад М.Айбат нар хоёр тээврийн хэрэгслээс бүх эд зүйлсийг буулгаж, үзлэг хийж, бүртгэл хөтөлж байсан...” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 237-241 дэх тал/,

- Гэрч О.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Даян” боомтын үйл ажиллагаа 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 10-11 цагийн хооронд эхэлсэн бөгөөд өдөр 13-14 цагийн хооронд үдийн цайны цаг болсон. Улмаар 14-17 цагийн хооронд боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж, зорчигч нэвтрүүлэх үйл ажиллагаа явагдаж, 17 цаг 00 минутад боомтын үйл ажиллагаа зогссон. Боомтын үйл ажиллагаа дууссаны дараагаар боомтын нутаг дэвсгэрээс ертөнцийн зүгээр баруун хойшоогоо 800 орчим метр зайтай газар, “Хавцал булгийн гол”-ын гарамын ойролцоо 2 тээврийн хэрэгслийн хөдөлгөөн илэрсэн. “Даян” боомтын нутаг дэвсгэрийн ойролцоо, дээрх хоёр тээврийн хэрэгслийн байгаа газар, хилийн зурвас бүхий газар нь байгалийн баялагтай, өөрөөр хэлбэл алт, мөнгөний нөөцтэй, дээрээс нь ховор, улаан номонд орсон ховор ургамал болох Зэрлэг сармис, сонгино ургадаг, мөн ховор ан, амьтад ихтэй газар нутаг болохоор хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээр тухайн хоёр тээврийн хэрэгслийг шалгахаар боомтын Гаалийн ажилтан Н-ийн энгийн хувийн машинтай тухайн газарт очсон. Тухайн үед миний бие хэрэв албаны машинаар очвол холбогдох этгээд зугтах, аливаа эд зүйлээ нууж, устгах болов уу гэсэн бодолтой иргэний хувийн машинаар очсон. Гаалийн ажилтан Н-ийн хувийн машинаар миний бие болон манай жолооч Баяраа, Н- бид гурав боомтын хашаанаас гараад “Хавцал булгийн гол”-ын гармаар гараад очиж байтал хоёр тээврийн хэрэгсэл нь нэг газар зогсож байсан ба хоёр машинаас зүүн хойшоогоо 10 гаруй метр зайд иргэд байсан. Тэгж байтал тэндээс нэг иргэн нь машин руугаа гүйсэн, тэр иргэн нь Х- гэх хүний хүргэн нь байсан. Харин Х- нь хоёр машиныхаа хажууд байсан. Бид тэдний байгаа газар яваад очтол Казахстан улсын Хятад хэл, Казах хэлээр ярьдаг залуу нүх ухаж зогсоод байсан, хажууд нь нэг Хятад иргэн сууж байсан, мөн хоёр Хятад иргэд хоёр банз модон дээр ногоон өнгийн хиймэл зүлэг бүхий эд зүйлсийг хадаад сууж байсан. Тэгэхлээр нийтдээ Бүгд Найрамдах Хятад ард улсын 3, Казахстан улсын 1, Монгол Улсын 2 иргэн, нийт 6 иргэн байсан. Миний бие машинаас бууж нүх ухаж буй иргэнд хэд хэдэн удаа үйлдлээ зогсоохыг шаардсан боловч тухайн иргэн үйлдлээ зогсоохгүйгээр газар ухаад байсан. Тэгэхээр нь би хажууд нь дөхөж очоод газар ухах үйлдлээ зогсоо гэж чанга дуугаар шаардлага тавьж арай гэж зогсоосон. Тухайн үед би өөрийнхөө гар утсаараа бичлэг хийж, тухайн үйл явдлыг бэхжүүлэн авсан. Би тухайн газарт байгаа иргэдээс эхний ээлжид хилийн зурвас бүхий газар нэвтрэх зөвшөөрөл болон тухайн гадаадын иргэдийн бичиг баримтаа үзүүлж, харуулахыг шаардсан боловч надад ямар ч баримт бичиг гаргаж үзүүлээгүй, бүр хоёр тээврийн хэрэгслийн жолооч болох Монгол Улсын иргэд Х-, Н- нар ч хүртэл миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, ерөөсөө хөдөлж ядаад, нэр усаа ч хэлэхгүй дүр үзүүлсэн. Улмаар тухайн иргэдийн газар ухахад ашигласан бүх эд зүйлсийг тэдний явж байсан хоёр тээврийн хэрэгсэлд хувааж ачиж, боомтын хашааны гадна аваад ирсэн. Хэсэг хугацааны дараагаар заставаас Ж.Даулетаар ахлуулсан бүрэлдэхүүн ирж, тухайн иргэдийн машинд байгаа бүх зүйлсийг буулгаж үзлэг шалгалт хийгээд застав руу аваад явсан. Миний гар утсаар хийсэн бичлэгээс тодорхой харагдаж байгаа, тодруулж хэлэхэд хүрз 2ш, жоотуу 1 ш, жоотууны иш 1ш, банз мод 4 ширхэг, банз модны дээгүүр тавьсан ногоон өнгөтэй хиймэл зүлэг бүхий эд зүйл, мөн 50x30 см хэмжээтэй алт угаах зориулалттай хавтгай маягийн мод байсан, мөн бүгд усны гутал өмссөн байсан, дээрээс нь 10 хос ажлын бээлий байсан, усны цагаан сав, цагаан шуудай зэрэг эд зүйлс нь байсан. ...Бид нар газар ухаж байсан үйлдэл дээр нь очсон бөгөөд газраас гаргасан шороо нь нүхний хажуу талд л байсан. Харин ямар шуудай, уутанд хийсэн шороо, чулуу байгаагүй...,

... Бид дээр хэлсэнчлэн 18 цаг 40 минутын үед Н-, Х- нарын хоёр тээврийн хэрэгслийг “Даян” боомтын хашааны гадаа авч ирээд, улмаар Заставаас Ж.Даулетаар ахлуулсан бүлэг ирсний дараа хоёр машинд ачсан эд зүйлсийг нэг бүрчлэн буулгаж, үзээд улмаар Заставын 11-88 ХЦА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд жоотуу 1ш, хүрз- 2ш, жоотууны иш 1ш зэргийг ачаад харин бусад эд зүйлсийг Н-, Х- нарын машинд хувааж ачсан. Дээрх асууж буй ногоон зүлэг бүхий эд зүйл болон дээр дурдсан алт угаах зориулалттай модон таваг зэргийг цагаан шуудайнд хийж, Х-ын машинд ачаад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 243-246 дахь тал/,

- Гэрч К.Н-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...13 цаг 50 минутын үед Монгол талаас буюу Даянгийн чиглэлээс саарал өнгийн Ланд-80 загварын хоёр тээврийн хэрэгсэл ирсэн юм. Тухайн үед би эхэнд ирж зогссон тээврийн хэрэгслийн жолоочоос нэвтрэх зөвшөөрлийн бичиг болон хаашаа явж байгаа талаар асуухад уг тээврийн хэрэгслийн жолооч нь надад хариулахдаа “би Сагсай сумын Засаг дарга Х- гэх хүн байна, Даянгийн боомт хүртэл зам харчхаад хурдан буцна гэж хэлхээр нь би станцаар бусад манаа руу хэлэх гэхэд Станцын цэнэг дууссан байсан болохоор тухайн хоёр тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн юм...” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 247-248 дахь тал/,

- Гэрч С.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид хэд гадаадын иргэдийн ухсан гэх голын эрэг дагуу ухсан нүхнээс гадна, тухайн газраас баруун тийшээгээ 40 гаруй метр зайд өнгөцхөн ухсан байсан дахин нэг нүхийг олж аваад Даулет гэрэл зургаар бэхжүүлэн авсан. Тухайн газар нь бид бодохдоо тухайн гадаадын иргэд эхэлж, ухаад дараа нь голын эрэг дагуу газрыг ухсан байна гэж тооцоолсон. Эхэлж ухсан газар нь 60x40 см хэмжээтэй, гүн нь 30 гаруй см хэмжээтэй жижиг нүх байсан. За тэгээд буцаж боомтын гадаа очсон. Тэнд очиход төвөөс буюу Хилийн цэргийн 0165 дугаар ангиас гадаадын иргэдийн тээврийн хэрэгсэлтэй нь аймгийн төвд хүргэх арга хэмжээ аваарай гэсний дагуу дээр дурдсан бүх эд зүйлсийг хоёр машинд нь хувааж ачсан. Дээрх эд зүйлсээс хүрз 2 ширхэг, жоотуу 1 ширхэг, жоотууны иш мэт зүйл 1 ширхэг, усны цагаан хувин, ажлын бээлий зэргийг манай албаны 11-88 ХЦА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан, харин цагаан шуудайнд хийсэн ногоон зүлэг бүхий зүйл болон модон тавгийг шуудайтай нь хамт иргэн С.Х-ын жолоодож явсан “Ланд-“80” загварын тээврийн хэрэгсэлд ачиж, банз моднуудыг Х-ын хүргэн хүүгийнх нь машины дээр тус тус ачиж, боомтын нутаг дэвсгэрээс Хилийн 0115 дугаар салбарын байранд буюу Заставын төвд ирсэн. Заставт ирсний дараа Даулет бид хоёр албаны машиныг заставд үлдээж, албаны машин дотор байсан хүрз 2 ширхэг, жоотуу 1ширхэг, жоотууны иш мэт зүйл 1 ширхэг, усны цагаан хувин, ажлын бээлий зэргийг иргэн Ж.Н-ийн “Ланд-80” загварын тээврийн хэрэгсэлд ачаад ахмад Ж.Даулет түүний машины урд суугаад, би иргэн С.Х-ын машины урд сууж, аймаг руу шөнийн 00 цагт гараад үүрээр 06 цаг болж байхад аймгийн төвд ирсэн. Наашаа ирэх замдаа иргэн С.Х- нь нүдний шилтэй, нүд муутай хүн гэхээр нь түүний машиныг би Сагсай сумын төв хүртэл жолоодож ирсэн, харин Сагсай сумаас аймгийн төв хүртэл С.Х- өөрөө машинаа жолоодож ирсэн. Бид хэд аймаг руу орж ирээд гадаадын иргэдийн байрлаж байгаа гэх “Номин” худалдааны төвийн урд байрлалтай хашаанд байгаа байшингаас гадаадын хоёр иргэний гадаад паспортыг гаргуулж аваад шууд Хилийн 0165 дугаар ангийн хашаанд орсон..., ... Ямар ч байсан боомтын гадна хашаанаас хөдлөхдөө дээрх цагаан шуудайнд хийсэн ногоон өнгийн хиймэл зүлэг бүхий эд зүйл, мөн алт угаах зориулалттай гэх модон таваг зэрэг эд зүйлс С.Х-ын жолоодож явсан “Ланд-80” загварын тээврийн хэрэгсэлд ачигдсан. Дараа нь Заставын гадаа ирэхдээ С.Х-ын машинаас хэн ч ямар нэгэн эд зүйл буулгаагүй. Улмаар Заставаас аймаг руу хөдпөхдөө С.Х-ын машиныг би жолоодоод Сагсай сум хүртэл ирээд, Сагсай сумаас С.Х- өөрөө машинаа жолоодоо, шууд аймаг руу ирсэн. Энэ хугацаанд Х-ын машинаас мөн А- ямар нэгэн эд зүйл буулгаагүй...” гэх мэдүүлэг 12 дугаар хавтаст хэргийн 03-04 дэх тал/,

- “Нуман Алтай” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гаргасан №1/59 дугаартай “...иргэн С.Х- нарын Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1 дүгээр багийн нутаг, “Хавцал булгийн гол” гэх газарт ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан гэх газар нь ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл, бичил уурхайн дүгнэлт гаргасан талбайтай давхцалгүй байна..., ...тухайн талбайн байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь нийт 277.861 төгрөг болж байна. Тухайн эвдэгдсэн талбайд хийх техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 272.980 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 52-81 дэх тал/,

- Яллагдагч МШ /MSH/-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Иргэн ХЖ-ийн зүгээс над руу 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “We Chat/ программаар “Групп чат” гэх нэртэй 4 хүний бүрэлдэхүүнтэй бүлгэмийн зургийг явуулахдаа надад тус бүлгэмд Баян-Өлгий аймгийн эрх мэдэлтэй хүмүүс байгаа, газартай холбоотой бүх асуудал шийдэгдсэнийг ойлгуулах зорилгоор явуулсан. Харин би сүүлдээ хууртагдсанаа ойлгосон. Би өмнөх мэдүүлэгтээ бас дээрх чатны зургийн талаар хэлсэн, өөрөөр хэлбэл тухайн 4 хүний бүрэлдэхүүнтэй бүлгэм чат дотор ХЖ өөрөө, мөн Казахстан улсын иргэн А-, Монгол Улсын иргэн С.Х-, бас нэг миний таньдаггүй, удирдах албан тушаалтан байсан. Би ХЖ-ийн явуулсан дээрх 4 хүний бүрэлдэхүүнтэй бүлгэм чат дотор байдаггүй болохоор тухайн удирдагч гээд байгаа нэг хүнийг хэн болохыг мэдэхгүй байна.

Энэ хэрэгт холбогдсон 6 хүний зүгээс тус тусдаа өөрөөр мэдүүлж магадгүй, гэхдээ миний зүгээс бодит үнэнийг хэлж байна, тухайн газарт алтны орд байгуулах газар үзүүлэх зорилгоор очсон шүү, зарим хүмүүс аялах зорилгоор очсон гэж худлаа хэлж болзошгүй. ХЖ-ийн над руу явуулсан 4 хүний бүрэлдэхүүнтэй гэх бүлгэм чат дотор удирдагч дарга нар байгаа гэхээр нь газар ухахтай холбоотой бүх асуудал хуулийн дагуу явагдаж байгаа юм байна гэх ойлголтод хүрсэн.

.. Иргэн С.Х- эхлээд газар ухсан нь үнэн, ер нь тухайн газарт очих замдаа миний бие тэр ухах газарт нь Экскватор /өрөмний машин/ хүнд механизм байгаа юм байна гэж бодсон. Гэтэл тухайн газарт ямар ч Экскватор /өрөмний машин/ байгаагүй, иргэн ХЖ-, Д.А-, С.Х- нар шууд газар ухаж эхлэхээр нь би тэд нарт хандаж “та нар гараараа газар ухаж амжих юм уу, Экскватороор /өрөмний машин/ ухахгүй юм уу, дор хаяж 5-8 метр гүн газар доороо ашигт малтмал гарна шүү дээ гэж хэлсэн. Тэгж байтал ВА бие засаж хүрч ирээд тэд нарт хандаж “та нар гараар газар ухаж барах юм уу, Экскватор /өрөмний машин/ байхгүй юм уу” гэж хэлж байсан. Мөн надад хандаж “эд нар бид хоёрыг хуурсан юм биш үү” гэж надаас асуусан. ВА бид хоёр огт газар ухаагүй.

...ХЖ анх тухайн газарт очихоос өмнө надад газар үзүүлнэ гэж л хэлсэн. Харин тэр газарт Хилийн цэргийн алба хаагч нар очиж саатуулах үед ХЖ Казахстан улсын иргэн А-аар дамжуулан “Аялж явж байгаа” гэж худлаа хэлж байсан. Х-ын хувьд бид нартай шууд Хятад хэлээр ярьж чадахгүй байсан, харин ХЖ-ийн хувьд тухайн газраас алт гарна гэж хэлж байсан. ХЖ-оос над руу газар ухахтай холбоотой ямар нэгэн тусгай зөвшөөрөл бүхий баримт бичгийг явуулж байгаагүй, би ч тэр хүнээс энэ талаар ямар нэгэн зүйл шаардаж, үзэж харж байгаагүй. ХЖнь надад дээрх байдлаар асуудалгүй, Баян-Өлгий аймгийн эрх мэдэлтэй, удирдагч нарыг таньдаг гээд байхаар нь түүний хэлсэн үгэнд итгэж, бүх зүйл хуулийн дагуу явагдаж байгаа юм байна гэж бодсон. Тэгээд ч бид хэдийг Хилийн цэргийн алба хаагч нар саатуулах үед би орчуулагч А-аар дамжуулан юу болж байгаа, яагаад бид нарыг шалгаж байгаа талаар иргэн С.Х-аас асуулгахад тэр хүн “...санаа зовох хэрэггүй, энэ бол өчүүхэн асуудал...” гэж хэлсэн. Н- нь өмнөх өдөр нь унтаагүй гээд машиндаа унтаж байсан, тэр хүн Хилийн цэргийн алба хаагч нар ирэх үед сэрээд босоод машинаасаа буугаад ирсэн. Иргэн Н- нь газар ухаагүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 128-130 дахь тал/,

-Сиди дискенд үзлэг хийсэн тэмдэглэл, сиди бичлэг /4 дүгээр хавтаст хэргийн 112-114 дэх тал/,

- Гэрч Ж.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:          “О.Чинбат бид хэд газар ухаж буй иргэдийн хажууд очих үед иргэн Х- нь надад “газар ухаж, авсан юм байхгүй за, бид хэдийг явуулчих, хэдэн төгрөг өгвөл өгчихье гэсэн зүйлсийг надад хэлсэн, харин би тэр хүнд “тийм зүйл байхгүй, шалгадаг журмаараа шалгагдана” гэдгийг хэлсэн. О.Чинбатын гар утсанд байгаа бичлэг дээр Х-тай цуг голын эрэг дагуу зогсож байсан хар өнгийн саравчтай малгайтай, саарал футболк өмссөн иргэн би байсан. Тухайн үед Х- намайг нөгөө хэдээсээ зайтай газар дагуулж очоод надад дээрх зүйлсийг хэлсэн. Тэгээд О.Чинбат гадаадын иргэдийн эд зүйлсийг хураалгаад машинтай нь цуг Боомтын хашааны гадаа аваачиж, улмаар Заставаас нэмэлт алба хаагч дуудаж, холбогдох хяналт шалгалтын ажиллагааг Хилийн цэргийн 0165 дугаар ангийн О.Чинбат нараар ахлуулсан алба хаагч нар хийж байсан, би тэдний ажилд оролцоогүй, миний зүгээс хэргийн газарт машинтайгаа О.Чинбат нарыг авч очсон, буцаж Боомтын хашааны гадаа нөгөө хоёр машиныг авч ирсэн. Ийм л юм болсон. Миний зүгээс Х- намайг голын эрэг дагуу дуудахаар нь харьцсан, тэрнээс бусад байдлаар тэд нартай харьцаагүй юм.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 115 дахь тал/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             13. Шүүгдэгчид Монгол Улсын иргэн С.Х-, БНХАУ-ын иргэн ХЖ/HJ/, МШ /MSH/, ВА/WCH/, БНКазахстан Улсын иргэн Д.А- /DA/ нарт холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдүүдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэт авч хэрэгжүүлсэн, тухайлбал, шийтгэх тогтоолд дурдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хилийн цэргийн 0115 дугаар салбар, Даянгийн боомт хариуцсан хэсэг болох хилийн 14 дүгээр тэмдгийн чиглэлд, Монгол Улсын хилээс 800 метр зайтай хилийн зурвас бүхий Баян-Өлгий аймаг, Сагсай сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах, Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг, Улсын тусгай хамгаалалттай Алтай таван богдын байгалийн цогцолборт газарт хамаарах “Хавцал булгийн гол” гэх нэртэй газарт тээврийн хэрэгслээр хүрз, сүх, жоотуу болон бусад эд зүйлсийг урьдчилан зориуд бэлтгэн очиж, тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулах зорилгоор газрын гадаргуу, хөрсийг 2 цэгт ухаж сэндийлсэн үйл баримт хангалттай тогтоогдсон бөгөөд тэдгээрийн энэхүү хууль бус үйлдлийг прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангасан байна.

 

14. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Монгол Улсын иргэн С.Х-, БНХАУ-ын иргэн ХЖ/HJ/, МШ /MSH/, ВА/WCH/, БНКазахстан Улсын иргэн Д.А- /DA/ нар хамтран оролцож, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал эрэн хайх зорилгоор улсын тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүйгээр, аялах зугаалах, газар нутаг үзэхээр явж байна гэж хилийн цэргийн албан хаагчдын хууран мэхэлж, 2 тээврийн хэрэгслээр нэвтрэн орж, улмаар тусгайлан бэлтгэж аваачсан багаж болон хууль бус үйлдлээ өнгөлөн далдлах зориулалт бүхий хэрэгслээр газрын хөрсийг 2 цэгт ухаж сэндийлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тэдгээрийн энэхүү үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлага, журам, стандартыг бүхэлдээ зөрчсөн, хууль бус, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт тооцогдоно.

 

15. Энэ талаар анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлаж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтад “ашигт малтмал хайх” гэдгийг “эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийх” гэж хуульчилсан тодорхойлолт нь энэ чиглэлээр хийх хууль ёсны үйл ажиллагаанд хамаарна, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан” гэх үйлдэл нь хуульд заасан дээрх тодорхойлолтын эсрэг, стандартын дагуу бус, ашигт малтмал эрэн хайх зорилгоор, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгслээр газрын хөрс, гадаргууг ухаж, сэндийлсэн хууль бус үйлдэлд хамаарах тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан” гэх үйлдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтаар зөвтгөн тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчим хийгээд хууль хэрэглээний арга зүйд нийцэхгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

16. Шүүгдэгчид Монгол Улсын иргэн С.Х-, БНХАУ-ын иргэн ХЖ/HJ/, МШ /MSH/, ВА/WCH/, БНКазахстан Улсын иргэн Д.А- /DA/ нар Wechat цахим сүлжээгээр ашигт малтмал эрэн хайх талаар урьдчилан үгсэн тохиролцож, эхлээд БНХАУ-ын иргэн ХЖ/HJ/, МШ /MSH/, ВА/WCH/, БНКазахстан Улсын иргэн Д.А- /DA/ нар иргэн Ж.Н-ийн өмчлөлийн ****БӨТ улсын дугаартай тээврийг хэрэгслийг хөлслөн Сагсай сумын нутаг дэвсгэрт шүүгдэгч С.Х-тай очиж уулзаж, үйлдлээрээ нэгдэн нийлж, түүнийг ****БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй нь хамт, нийт 2 тээврийн хэрэгслээр 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хилийн цэргийн 0115 дугаар салбар, Даянгийн боомт хариуцсан хэсэг болох хилийн 14 дүгээр тэмдэгтийн чиглэлд, Монгол Улсын хилээс 800 м зайтай хилийн зурвас бүхий Баян-Өлгий аймаг, Сагсай сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах, Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг, Улсын тусгай хамгаалалттай Алтай таван богдын байгалийн цогцолборт газарт хамаарах “Хавцал булгийн гол” гэх нэртэй газарт зохих зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж, урьдчилж бэлтгэсэн хүрз, сүх, жоотуу, модон банз, хиймэл зүлэг, бусад эд зүйл, багаж хэрэгслийг зориуд бэлтгэн аваачиж, зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулахаар санаа нэгдэн, улмаар газрын хөрс, гадаргууг 2 цэг дээр ухаж, сэндийлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн шинжээс гадна мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан” буюу хууль бусаар ашигт малтмал хайх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон байх тул шүүгдэгч БНХАУ-ын иргэн МШ /MSH/, ВА/WCH/ нарын өмгөөлөгч С.Нургайыпын тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тухай, БНХАУ-ын иргэн ХЖ/HJ/, БНКазахстан Улсын иргэн Д.А- /DA/, тэдгээрийн өмгөөлөгч Х.Бакений тэдгээрийн үйлдэл холбогдолд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай, шүүгдэгч С.Х- болон түүний өмгөөлөгч Х.Зулхашын мөн агуулгатай давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

17. Энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгч нарт оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн учраас энэ талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлууд хууль зүйн үндэслэлгүй байна. Харин прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч нарыг ашигт малтмалын олборлолт явуулсан гэж дүгнэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан “ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан” гэх шинжээс гадна “олборлолт явуулсан” гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч тус яллах дүгнэлтийн үндэслэл болсон, хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Монгол Улсын 1 иргэн, гадаад улсын 4 иргэн хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэж хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулах үед геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг биет байдлаар нь олж авч, өөрийн эзэмшилд шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй учраас прокурорын яллах дүгнэлтээс шүүгдэгч нарт холбогдох “олборлолт явуулсан” гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

18. Гэвч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “ашигт малтмалын олборлолт явуулсан” гэх үндэслэлээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй учраас энэ нь уг шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй ба шүүгдэгч С.Х-, БНХАУ-ын иргэн ХЖ/HJ/, МШ /MSH/, ВА/WCH/, Д.А- /DA/ нар хууль бус үйлдлээ урьдчилан үгсэн тохиролцож, гэмт санаа зорилгоороо нэгдэн нийлж, гэмт хэрэг үйлдэхээр хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэсэн нь тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгч нарын дээрх үйлдэл холбогдлын “бүлэглэсэн” гэх шинжийг тухайн гэмт хэргийн үндсэн шинж байхаар хуульчлаагүй учраас шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс “бүлэглэж” гэж гэм буруутайд тооцсоныг хасаж өөрчлөх нь гэмт хэргийг Эрүүгийн хуулиар тодорхойлох хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг орууллаа.

 

19. Анхан шатны шүүх шүүгдэгч С.Х-, БНХАУ-ын иргэн ХЖ/HJ/, МШ /MSH/, ВА/WCH/, Д.А- /DA/ нарын үйлдсэн гэмт хэрэг, тээврийн хэрэгсэл болон тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж, хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэж, усны сан бүхий, хилийн зурвас болон улсын тусгай хамгаалалттай газар нутагт нэвтэрч хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулах зорилгоор газрын хөрсийг 2 цэгт ухсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, байгаль орчинд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журмыг удирдлага болгож, тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч С.Х-ыг 20,000,000 төгрөгөөр, БНХАУ-ын иргэн ХЖ/HJ/, БНКазахстан Улсын иргэн Д.А- /DA/ нарын тус бүрийг 20,000,000 төгрөгөөр, БНХАУ-ын иргэн МШ /MSH/, ВА/WCH/ нарын тус бүрийг 19,000,000 төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдсэн хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч тус бүрийн хамтран оролцсон хэлбэр, гэм буруугийн санаатай хэлбэрт нь тус тус тохирсон, шударга ёсны зарчмыг хангасан байх тул ял шийтгэлийн талаар шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлууд хууль зүйн үндэслэлгүй байна.

 

20. Анхан шатны шүүх шүүгдэгч гадаад улсын иргэдийн нэрийг тэдгээрийн хувийн бичиг баримтад тусгаснаас өөрөөр шийтгэх тогтоолд бичсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үед ашигласан тээврийн хэрэгслийг үнэлж, 2 тээврийн хэрэгслийн нийт үнэ 27,000,000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг зөв, зохистой хэрэглэсэн боловч мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарын байгаль орчинд учруулсан хохирол болон тэдгээрээс гарах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлуудыг давхардуулан гаргасан нь хууль хэрэглээний алдаатай дүгнэлт байх тул үүнтэй холбогдуулан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8, 9 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, 10 дахь заалтыг хуулийн дээрх шаардлагад нийцүүлэн өөрчлөн найруулж, 4 дэх заалт дахь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан шүүгдэгчдийн нийт эдлэх торгох ялын хэмжээг тодорхой болгох зорилгоор мөн заалтад өөрчлөлт оруулж, хууль хэрэглээний алдааг зөвтгөх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж шийдвэрлэлээ.

 

21. Шүүгдэгч С.Х- нь БНХАУ-ын 3 иргэн, БНКазахстан Улсын 1 иргэнтэй хамтран оролцож, бүлэглэж 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймаг, Сагсай сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах, Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг, Улсын тусгай хамгаалалттай Алтай таван богдын байгалийн цогцолборт газарт хамаарах “Хавцал булгийн гол” гэх нэртэй газарт тээврийн хэрэгслээр хүрз, сүх, жоотуу болон бусад эд зүйлсийг зориуд бэлтгэн очиж, тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулах зорилгоор газрын хөрсийг 2 цэгт ухаж сэндийлсэн үйлдэлдээ ашигласан, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох (1) банз модон дээр тавьсан ногоон өнгөтэй хиймэл зүлэг бүхий эд зүйл, (2) 50x30 см хэмжээтэй алт угаах зориулалттай хэрэгсэл байж болох дээд талаасаа тэгш өнцөгт хэлбэртэй, хажуу талаасаа гурвалжин таваг мэт цайвар шаргал өнгийн эд зүйлсийг тэдгээрийг дотор нь хийсэн цагаан шуудайтай нь хамт 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн Сагсай сумаас тус аймгийн Өлгий суманд ирж Цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөх хүртэл хугацаанд устгасан үйл баримт нь:

- Гэрч О.Чинбатын гар утсанд үзлэг хийх явцад хуулбарлан авсан бичлэгт үзлэг хийсэн “...эхний 01 минут 51 секунтын бичлэгийг нээн тоглуулж үзэхэд тэрээр уг бичлэгийг Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Даян” боомтын нутаг дэвсгэрийн хашааны гадна талд байрлах эсгий гэрийн урд хэсэгт бэхжүүлсэн байх бөгөөд бичлэгээр Хилийн цэргийн 0115 дугаар салбарын “Ланд-76” загварын тээврийн хэрэгсэл, түүний баруун талд мөнгөлөг саарал өнгийн “Ланд-80” загварын хоёр тээврийн хэрэгсэл хойшоо харсан байдалтай, уг тээврийн хэрэгслүүдийн хойд хаалга, тээшний хаалгыг тус тус онгойлгон доторх ачаа, эд зүйлсийг газарт буулгаж байв. Бичлэгийн 9 дэх секунтэд бичлэг хийж алба хаагч “тэр дээд талын банзнуудаа бас буулгаарай” гэж хэлснийг тэмдэглэлд тусгав. Бичлэгийн 13 дахь секунтаас эхлэн бичлэг хийж буй хүн хамгийн эхнээс нь буюу Хилийн цэргийн 0115 дугаар салбарын “Ланд-76” загварын тээврийн хэрэгслийн харалдаа хойд хэсэгт газарт буулгасан эд зүйлсийг бичлэгт харуулж бэхжүүлэх бөгөөд бичлэгээр хэрэгт ач холбогдолтой алт угаах /ашигт малтмал/ зориулалт бүхий тэгш өнцөгт хэлбэртэй, дотогшоо таваг мэт зайтай бор өнгийн эд зүйл харагдах ба түүний хажууд ногоон өнгийн хиймэл зүлэг байж болзошгүй эд зүйлийг дэвссэн байв. Уг хиймэл зүлэг бүхий эд зүйлсийн хажууд цагаан өнгийн шуудай бүхий зүйлсийн дээр хүнсний байж болзошгүй эд зүйлсийг гаргаж байрлуулсан байв. Түүний цаад талд цагаан өнгийн усны хувин байж болзошгүй зүйлсийг босгож байрлуулсан харагдав. Дээрх ногоон зүлэг бүхий зүйлсийн хажууд Хилийн цэргийн хувцастай нэг алба хаагч цэнхэр цүнх доторх эд зүйлсийг үзэж, нэг нэгээр гаргаж буй дүрс харагдав. Бичлэгийн 25 дахь секунтад дээрх ногоон зүлэг бүхий эд зүйлсийн хажуу талд гадаадын иргэдийн хувцас хунар, хөнжил гудас /мишок/, цүнх зэрэг эд зүйлс болон машины дугуй хайрцагтай хийлэгч, тогоо зэрэг мөн Хилийн цэргийн хувцастай алба хаагч нар гаргаж байв. Бичлэгийн 01 минут 10 дахь секунтад яллагдагч С.Х- нь дээгүүрээ цэнхэр өнгийн хувцастай, толгойндоо цайвар өнгийн малгайтай, үзлэг, шалгалт хийж буй Хилийн цэргийн алба хаагч нарын дунд явж буй дүрс харагдав. Бичлэгийн 01 минут 15 дахь секунтэд яллагдагч Ж.Н- нь машиныхаа хойноос эд зүйлс буулгаж буй дүрс харагдах ба түүний машины хойд хэсэгт 2 ширхэг бор цаасан хайрцаг болон цагаан усны хувин, бусад хүнсний байж болзошгүй эд зүйлүүдийг гаргасан байв. Бичлэгийн 01 минут 25 секундын үед Ж.Н-ийн хажууд Хилийн цэргийн хувцастай алба хаагч загасны уурга хийсэн цүнхийг шалгаж байх ба түүний хажууд газарт улбар шар өнгийн жоотуу багажийн иш харагдаж байв. Дараагийн бичлэг болох 10 секунтын хугацаатай бичлэгийг үзэхэд тэрээр уг бичлэгийг мөн А- гар утсаар бэхжүүлсэн байх бөгөөд бичлэгийг хэргийн газарт хийсэн байв.

Тус бичлэгийг эхнээс нь үзэхэд Казахстан улсын иргэн Д.А- гартаа дотроо эд зүйлтэй цагаан өнгийн усны хувин барьсан, уг усны хувин дотор усны гутал хийж буй харагдах ба түүний хажууд дээгүүрээ цайвар футболктой, доороо хар өмдтэй, толгойдоо хар саравчтай малгайтай иргэн цаашаагаа харсан байдалтай алхаж явах бөгөөд тэдний хажууд Хилийн цэргийн хувцастай алба хаагч, ойр орчимд үзлэг самналт хийж буй дүрс харагдав. Мөн дээрх бичлэгээр иргэн Д.А-ийн цаагуур газарт дээгүүр нь ногоон өнгийн зүлэг бүхий эд зүйлсийг байрлуулсан 2 ширхэг банз мод, уг ногоон зүлэг бүхий эд зүйлсийн дээгүүр дээд талаасаа тэгш өнцөгт хэлбэртэй, хажуу талаасаа гурвалжин /таваг мэт/ цайвар шаргал өнгийн зүйлс /алт угаах хэрэгсэл байж болзошгүй/, түүний наад талд мөн 2 ширхэг банз мод, 1 ширхэг модон иштэй жоотуу зэрэг эд зүйлс харагдаж буй дүрс бичлэг байв” гэх үзлэгийн тэмдэглэл,

- Гэрч О.Чинбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Даян” боомтын үйл ажиллагаа 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 10-11 цагийн хооронд эхэлсэн бөгөөд өдөр 13-14 цагийн хооронд үдийн цайны цаг болсон. Улмаар 14-17 цагийн хооронд боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж, зорчигч нэвтрүүлэх үйл ажиллагаа явагдаж, 17 цаг 00 минутад боомтын үйл ажиллагаа зогссон. Боомтын үйл ажиллагаа дууссаны дараагаар боомтын нутаг дэвсгэрээс ертөнцийн зүгээр баруун хойшоогоо 800 орчим метр зайтай газар, “Хавцал булгийн гол”-ын гарамын ойролцоо 2 тээврийн хэрэгслийн хөдөлгөөн илэрсэн. “Даян” боомтын нутаг дэвсгэрийн ойролцоо, дээрх хоёр тээврийн хэрэгслийн байгаа газар, хилийн зурвас бүхий газар нь байгалийн баялагтай, өөрөөр хэлбэл алт, мөнгөний нөөцтэй, дээрээс нь ховор, улаан номонд орсон ховор ургамал болох Зэрлэг сармис, сонгино ургадаг, мөн ховор ан, амьтад ихтэй газар нутаг болохоор хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээр тухайн хоёр тээврийн хэрэгслийг шалгахаар боомтын Гаалийн ажилтан Н-ийн энгийн хувийн машинтай тухайн газарт очсон. Тухайн үед миний бие хэрэв албаны машинаар очвол холбогдох этгээд зугтах, аливаа эд зүйлээ нууж, устгах болов уу гэсэн бодолтой иргэний хувийн машинаар очсон. Гаалийн ажилтан Н-ийн хувийн машинаар миний бие болон манай жолооч Баяраа, Н- бид гурав боомтын хашаанаас гараад “Хавцал булгийн гол”-ын гармаар гараад очиж байтал хоёр тээврийн хэрэгсэл нь нэг газар зогсож байсан ба хоёр машинаас зүүн хойшоогоо 10 гаруй метр зайд иргэд байсан. Тэгж байтал тэндээс нэг иргэн нь машин руугаа гүйсэн, тэр иргэн нь Х- гэх хүний хүргэн нь байсан. Харин Х- нь хоёр машиныхаа хажууд байсан. Бид тэдний байгаа газар яваад очтол Казахстан улсын Хятад хэл, Казах хэлээр ярьдаг залуу нүх ухаж зогсоод байсан, хажууд нь нэг Хятад иргэн сууж байсан, мөн хоёр Хятад иргэд хоёр банз модон дээр ногоон өнгийн хиймэл зүлэг бүхий эд зүйлсийг хадаад сууж байсан. Тэгэхлээр нийтдээ Бүгд Найрамдах Хятад ард улсын 3, Казахстан улсын 1, Монгол Улсын 2 иргэн, нийт 6 иргэн байсан. Миний бие машинаас бууж нүх ухаж буй иргэнд хэд хэдэн удаа үйлдлээ зогсоохыг шаардсан боловч тухайн иргэн үйлдлээ зогсоохгүйгээр газар ухаад байсан. Тэгэхээр нь би хажууд нь дөхөж очоод газар ухах үйлдлээ зогсоо гэж чанга дуугаар шаардлага тавьж арай гэж зогсоосон. Тухайн үед би өөрийнхөө гар утсаараа бичлэг хийж, тухайн үйл явдлыг бэхжүүлэн авсан. Би тухайн газарт байгаа иргэдээс эхний ээлжид хилийн зурвас бүхий газар нэвтрэх зөвшөөрөл болон тухайн гадаадын иргэдийн бичиг баримтаа үзүүлж, харуулахыг шаардсан боловч надад ямар ч баримт бичиг гаргаж үзүүлээгүй, бүр хоёр тээврийн хэрэгслийн жолооч болох Монгол Улсын иргэд Х-, Н- нар ч хүртэл миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, ерөөсөө хөдөлж ядаад, нэр усаа ч хэлэхгүй дүр үзүүлсэн. Улмаар тухайн иргэдийн газар ухахад ашигласан бүх эд зүйлсийг тэдний явж байсан хоёр тээврийн хэрэгсэлд хувааж ачиж, боомтын хашааны гадна аваад ирсэн. Хэсэг хугацааны дараагаар заставаас Ж.Даулетаар ахлуулсан бүрэлдэхүүн ирж, тухайн иргэдийн машинд байгаа бүх зүйлсийг буулгаж үзлэг шалгалт хийгээд застав руу аваад явсан..., ... Миний гар утсаар хийсэн бичлэгээс тодорхой харагдаж байгаа, тодруулж хэлэхэд хүрз 2ш, жоотуу 1 ш, жоотууны иш 1ш, банз мод 4 ширхэг, банз модны дээгүүр тавьсан ногоон өнгөтэй хиймэл зүлэг бүхий эд зүйл, мөн 50x30 см хэмжээтэй алт угаах зориулалттай хавтгай маягийн мод байсан, мөн бүгд усны гутал өмссөн байсан, дээрээс нь 10 хос ажлын бээлий байсан, усны цагаан сав, цагаан шуудай зэрэг эд зүйлс нь байсан. ...Бид нар газар ухаж байсан үйлдэл дээр нь очсон бөгөөд газраас гаргасан шороо нь нүхний хажуу талд л байсан. Харин ямар шуудай, уутанд хийсэн шороо, чулуу байгаагүй...,

... Бид дээр хэлсэнчлэн 18 цаг 40 минутын үед Н-, Х- нарын хоёр тээврийн хэрэгслийг “Даян” боомтын хашааны гадаа авч ирээд, улмаар Заставаас Ж.Даулетаар ахлуулсан бүлэг ирсний дараа хоёр машинд ачсан эд зүйлсийг нэг бүрчлэн буулгаж, үзээд улмаар Заставын 11-88 ХЦА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд жоотуу 1ш, хүрз- 2ш, жоотууны иш 1ш зэргийг ачаад харин бусад эд зүйлсийг Н-, Х- нарын машинд хувааж ачсан. Дээрх асууж буй ногоон зүлэг бүхий эд зүйл болон дээр дурдсан алт угаах зориулалттай модон таваг зэргийг цагаан шуудайнд хийж, Х-ын машинд ачаад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 243-246 дахь тал/,

- гэрч О.Чинбатын гар утсанд үзлэг хийсэн “...2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн /Улаанбаатарын цагаар/ 18 цаг 25 минутад хийгдсэн 10 секунт, 19 цаг 34 минутад бичигдсэн 1 минут 51 секунтын дүрс бичлэг болон бичлэг хийх үеэр гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зураг зэргийг зөөврийн төхөөрөмжид буулган авч, тусад нь нэг бүрчлэн үзлэг хийхээр тогтов” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 147-150 дахь тал/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...уг камерын бичлэгээр тавиулангийн хэсэгт зогсож буй тээврийн хэрэгсэл, түүний хажуу дахь иргэдийн хөдөлгөөн тод харагдахгүй, бүдэг бүрсгэр харагдаж байв. Үзлэгийг үргэлжлүүлэн 2 саарал машины хашаанаас гарсан цаг хугацааг харахад 2024-07-20, 12:28:20 цаг хугацаанд /бичлэгийн цагаар/ түрүүлж, нэг саарал өнгийн “Ланд-80” загварын тээврийн хэрэгсэл гарч явах ба түүний араас тавиулангийн хашаанаас хилийн албаны хувцастай 2, энгийн хувцастай 2, нийт 4 хүн 12:32:02 цаг хугацаанд гарч ирэх ба 12:32:56 цаг хугацаанд мөн хашаанаас мөн ижил саарал өнгийн загвартай машин тус тус гараад явсныг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 147-150 дахь тал/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...хэрэгт ач холбогдолтой байдлыг тогтоох зорилгоор иргэн С.Х-ын жолоодож явсан ****БӨА улсын дугаартай, “Тоёота Ланд Круйзер-80” загварын саарал өнгийн тээврийн хэрэгсэл, иргэн Ж.Н-ийн жолоодож явсан ****БӨТ улсын дугаартай, “Тоёота Ланд Круйзер-80” загварын саарал өнгийн тээврийн хэрэгсэл Хилийн цэргийн 0165 дугаар ангийн тавиулангийн хашаанаас 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 11 цаг 30 минутын үед гарсны дараа аль чиглэлд хэрхэн явсныг үзэхээр Хилийн цэргийн 0165 дугаар анги руу эргэх гурван замын уулзварт ертөнцийн зүгээр баруун тийш харсан хяналтын камерын бичлэгийн 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хадгалагдсан бичлэгийг үзэхэд тэрээр бичлэгийн цагаар 11:27:11 цагт мөнгөлөг саарал өнгийн /хаалганы дунд хэсгээс доош хар саарал өнгөтэй/ “Тоёота Ланд Круйзер-80” загварын урдуураа хар өнгийн хамгаалалтын төмөртэй, дээгүүрээ хар өнгийн ачаатай, таван салаа бүхий обудтай тээврийн хэрэгсэл Хилийн цэргийн 0165 дугаар ангиас ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж, гурван замын уулзвараар баруун тийшээ буюу ертөнцийн зүгээр урагшаа эргээд явах ба бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд дээрх камерын бичлэгийн цагаар 11:31:19 цагт мөн мөнгөлөг саарал өнгийн /хаалганы дунд хэсгээс доош хар саарал өнгөтэй/ “Тоёота Ланд Круйзер-80” загварын урдуураа цайвар өнгийн хамгаалалтын төмөртэй, дээгүүрээ мөнгөлөг өнгийн ачаатай, ачааны дээрээ банк мод ачсан байдалтай тээврийн хэрэгсэл Хилийн цэргийн 0165 дугаар ангиас ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж, гурван замын уулзвараар баруун тийшээ буюу ертөнцийн зүгээр урагшаа эргээд явсныг тус тус гэрэл зургаар бэхжүүлэн авлаа. Үзлэгийг үргэлжлүүлэн “Сыргалы” дэлгүүрийн гурван замын уулзвар дахь Цагдаагийн газрын эзэмшлийн хяналтын камерын хадгалагдсан бичлэгийг үзэхэд бичлэгийн цагаар 2024/07/20, 11:28:25 цагт /камеруудын цаг хугацаа хоорондоо 3-6 минутын зөрүүтэй байсан/ мөнгөлөг саарал өнгийн /хаалганы дунд хэсгээс доош хар саарал өнгөтэй/ ‘Тоёота Ланд Круйзер-80” загварын урдуураа хар өнгийн хамгаалалтын төмөртэй, дээгүүрээ хар өнгийн ачаатай, таван салаа бүхий обудтай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэж ирэх бөгөөд бичлэгээр тус тээврийн хэрэгслийн улсын дугаар нь ****БӨА гэж харагдаж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа. Уг машин нь тус гурван замын уулзвараас Цагдаагийн газар луу эргэхгүйгээр чигээрээ явж, баруун дөрвөн замын уулзвар чиглэлд явав. Харин дээрх камерын бичлэгийн цагаар 2024/07/20, 11:32:13 цагт мөнгөлөг саарал өнгийн /хаалганы дунд хэсгээс доош хар саарал өнгөтэй/ “Тоёота Ланд Круйзер-80” загварын урдуураа цайвар өнгийн хамгаалалтын төмөртэй, дээгүүрээ мөнгөлөг өнгийн ачаатай, ачааны дээрээ банк мод ачсан байдалтай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэж ирэх бөгөөд бичлэгээр тус тээврийн хэрэгслийн улсын дугаар нь ****БӨТ гэж харагдаж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа. Уг машин нь тус гурван замын уулзвараас Цагдаагийн газар луу зүүн чиглэлд эргэж явсныг тэмдэглэлд тусгав. Үзлэгийг үргэлжлүүлэн баруун 4 замын уулзварт байрлах Цагдаагийн газрын эзэмшлийн хяналтын камерын хадгалагдсан бичлэгийг үзэхэд бичлэгийн цагаар 20/07/2024, 11:29:35 цагт мөнгөлөг саарал өнгийн /хаалганы дунд хэсгээс доош хар саарал өнгөтэй/ “Тоёота Ланд Круйзер-80” загварын урдуураа хар өнгийн хамгаалалтын төмөртэй, дээгүүрээ хар өнгийн ачаатай, таван салаа бүхий обудтай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэж ирэх бөгөөд бичлэгээр тус тээврийн хэрэгслийн улсын дугаар нь ****БӨА гэж харагдаж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа. Тус тээврийн хэрэгсэл бичлэгээр чигээрээ буюу хойноос урагш чиглээд яваад өгснийг тэмдэглэлд тусгав. Үргэлжлүүлэн баруун 4 замын уулзварт урагшаа харж байрласан Цагдаагийн газрын эзэмшлийн хяналтын камерын хадгалагдсан бичлэгийг үзэхэд бичлэгийн цагаар 20/07/2024, 11:29:40 цагт мөнгөлөг саарал өнгийн /хаалганы дунд хэсгээс доош хар саарал өнгөтэй/ “Тоёота Ланд Круйзер-80” загварын урдуураа хар өнгийн хамгаалалтын төмөртэй, дээгүүрээ хар өнгийн ачаатай, таван салаа бүхий обудтай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэж ирэх бөгөөд бичлэгээр тус тээврийн хэрэгслийн улсын дугаар нь ****БӨА гэж харагдаж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа. Тус тээврийн хэрэгсэл бичлэгээр чигээрээ буюу хойноос урагш чиглээд яваад өгснийг тэмдэглэлд тусгав. Үргэлжлүүлэн хуучин Улсын бүртгэлийн хэлтэс байрласан гурван замын уулзварт байрлах Цагдаагийн газрын эзэмшлийн хяналтын камерын хадгалагдсан бичлэгийг үзэхэд бичлэгийн цагаар 11:46:43 цаг хугацаанд дээрх мөнгөлөг саарал өнгийн /хаалганы дунд хэсгээс доош хар саарал өнгөтэй/ “Тоёота Ланд Круйзер-80” загварын урдуураа хар өнгийн хамгаалалтын төмөртэй, дээгүүрээ хар өнгийн ачаатай, таван салаа бүхий обудтай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэж ирэх бөгөөд уг гурван замын уулзвараас ертөнцийн зүгээр урагшаа чиглээд явах ба 300 орчим метр зайтай газраас зүүн тийшээгээ эргэж буй дүрс харагдав...” гэх тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 171 -176 дахь тал/,

- Гэрч О.Чинбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Бид дээр хэлсэнчлэн 18 цаг 40 минутын үед Н-, Х- нарын хоёр тээврийн хэрэгслийг “Даян” боомтын хашааны гадаа авч ирээд, улмаар Заставаас Ж.Даулетаар ахлуулсан бүлэг ирсний дараа хоёр машинд ачсан эд зүйлсийг нэг бүрчлэн буулгаж, үзээд улмаар Заставын 11-88 ХЦА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд жоотуу 1ш, хүрз- 2ш, жоотууны иш 1ш зэргийг ачаад харин бусад эд зүйлсийг Н-, Х- нарын машинд хувааж ачсан. Дээрх асууж буй ногоон зүлэг бүхий эд зүйл болон дээр дурдсан алт угаах зориулалттай модон таваг зэргийг цагаан шуудайнд хийж, Х-ын машинд ачаад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 243-246 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдон бөгөөд болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.

 

22. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл, шүүгдэгч С.Х- нь БНХАУ-ын 3 иргэн, БНКазахстан Улсын 1 иргэнтэй хамтран оролцож Алтай таван богдын байгалийн цогцолборт газарт хамаарах “Хавцал булгийн гол” гэх нэртэй газарт тээврийн хэрэгслээр хүрз, сүх, жоотуу болон бусад эд зүйлсийг зориуд бэлтгэн аваачиж, тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулах зорилгоор газрын хөрсийг 2 цэгт ухаж сэндийлсэн үйлдэлдээ ашигласан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох банз модон дээр тавьсан ногоон өнгөтэй хиймэл зүлэг бүхий эд зүйл, 50x30 см хэмжээтэй алт угаах зориулалттай хэрэгсэл байж болох дээд талаасаа тэгш өнцөгт хэлбэртэй, хажуу талаасаа гурвалжин таваг мэт цайвар шаргал өнгийн эд зүйлийг Хилийн цэргийн 0165 дугаар ангийн алба хаагчид цагаан шуудайнд хийж С.Х-ын ашиглаж явсан ****БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, хэрэг учрал болсон газраас Баян-Өлгий аймгийн төвийн Өлгий суманд тээвэрлэн ирж, Хилийн цэргийн 0165 дугаар ангийн тавиулангийн хашаанд тээврийн хэрэгслийг байрлуулсны дараа уг эд мөрийн баримт болон тээврийн хэрэгслийг Цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөх хүртэл хугацаанд С.Х- нь өөрийн мэдлийн тээврийн хэрэгслийг дур мэдэн тавиулангийн хашаанаас авч гаран, тухайн тээврийн хэрэгсэл дотор байсан цагаан өнгийн шуудайтай дээрх эд зүйлсийг Цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөхгүйгээр устгасан нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч О.Чинбатын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, түүний мэдүүлэг, гэрч С.Сайранбекийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон, түүний энэхүү хууль бус үйлдэлд хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг устгасан гэмт хэргийн шинж хангалттай тогтоогдож байх тул прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Х-ын уг үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль ёсны бөгөөд гэм буруугийн зарчимд тус тус нийцсэн байна.

 

23. Шүүгдэгч С.Х- нарын 5 иргэний үйлдсэн хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой, тэдгээрийн тухайн гэмт хэргийг үйлдэх явцад ашигласан банз модон дээр тавьсан ногоон өнгөтэй хиймэл зүлэг бүхий эд зүйл, 50x30 см хэмжээтэй алт угаах зориулалттай хэрэгсэл байж болох дээд талаасаа тэгш өнцөгт хэлбэртэй, хажуу талаасаа гурвалжин таваг мэт цайвар шаргал өнгийн эд зүйлийг хэрэг учрал болсон газраас хилийн цэргийн албан хаагчид С.Х-ийн ашиглаж байсан тээврийн хэрэгсэлд ачсан, С.Х- нь хэрэг учрал болсон газраас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд байрлах Хилийн цэргийн 0165 дугаар ангийн тавиулангийн хашаанд байсан, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг тээвэрлэж ирсэн ****БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг дур мэдэн тавиулангийн хашаанаас гаргаж, тухайн эд зүйлс, тээврийн хэрэгслийг Цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөх хүртэл хугацаан цагаан шуудайнд хийсэн дээрх 2 төрлийн нотлох баримт бүхий эд мөрийн баримтыг устгасан нь хангалттай тогтоогдсон учраас шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан “тухайн үйлдэл холбогдолд С.Х- гэм буруугүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх үүргийг мөрдөгч хариуцна, С.Х-т нотлох баримт хүлээлгэн өгч, хадгалуулах, хамгаалах үүрэг хүлээлгээгүй” гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

24. С.Х-ын үйлдсэн нотлох баримтыг устгах гэмт хэрэг, тухайн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах зорилгоор хэрэгт ач холбогдолтой нотолгооны хэрэгслийг устгасан гэмт санаа зорилгоо гүйцэлдүүлсэн байдал, өөрийнхөө уг үйлдэл хууль бус болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан хор уршигт зориуд хүргэсэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзвэл, анхан шатны шүүх түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журмыг удирдлага болгож, тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон учраас шүүгдэгч С.Х- болон түүний өмгөөлөгч Х.Зулхаш нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хэрэгт цугларсан баримтаар шүүгдэгч С.Х-ыг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүх шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

25. Анхан шатны шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсний дараа шүүгдэгч БНХАУ-ын иргэн ХЖ/HJ/, БНКазахстан Улсын иргэн Д.А- /DA/ нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Монгол Улсын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах тухай хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоолоор хэвээр нь хэрэглэсэн байхад шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч Х.Бакенээс уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай хүсэлт гаргаж, энэ талаар тухайн хүсэлтээ дэмжиж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргаж, хүсэлтээ дахин илэрхийлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч яллагдагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан прокурорын санал, шүүгдэгч БНХАУ-ын иргэн ХЖ/HJ/, БНКазахстан Улсын иргэн Д.А- /DA/ нарын урьд өмнө таслан сэргийлэх арга хэмжээ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнаас тавьсан шаардлагыг зөрчиж байсан хувийн байдал, тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчийн “Монгол Улсын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах тухай хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх” тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Харин иргэн Ж.Н-т урьд авсан Монгол Улсын хилээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох саналаа прокуророос шүүхэд гаргаагүй буюу түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо уг таслан сэргийлэх арга хэмжээг хуульд заасан журмаар шийдвэрлүүлээгүй орхигдуулсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны уг зөрчлийг залруулж, иргэн Ж.Н-т урьд авсан Монгол Улсын хилээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ талаар зохих байгууллагад мэдэгдэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй прокурорт даалгаж шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцэхээр байна.

 

26. Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын тус давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 282 дугаар албан бичиг болон түүнд хавсаргасан санхүүгийн баримтуудыг шинжлэн судалж, мөн 5 цаг гаруй хугацаанд үргэлжилсэн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгчийн захирамжаар томилогдон оролцсон Хятад хэлний орчуулагч, хэлмэрч Д.Цэцэгжаргалын үйл ажиллагааны зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэх үед ашигласан тээврийн хэрэгслийг үнэлж хураан авсан хөрөнгөөс хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

27. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед шүүгдэгч гадаад улсын 4 иргэний эх хэлээрээ мэдүүлэг, тайлбар өгөх үндсэн эрхийг хангахын тулд шүүгчийн захирамжаар томилогдсон Хятад хэлний орчуулагч, хэлмэрчийн зардалд нийт 3,755,000 төгрөг гарсан нь давж заалдах шатны шүүхэд гаргасан Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын дээрх албан бичиг болон түүнд хавсаргасан санхүүгийн баримтаар тогтоогдсон бөгөөд үүнээс 2,200,000 төгрөгийн зардлын талаар шийтгэх тогтоолд тусгагдсан, үлдсэн 1,555,000 төгрөгийн шүүхийн зардлыг давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийдвэрлэж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зориулж гаргасан төлбөрийг хуульд заасан журмаар, гэм буруутай этгээдүүдээс хураан авсан хөрөнгө, орлогоос нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

28. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, зарим заалтыг хүчингүй болгож, өөрчлөн найруулж, давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад зүйл, хэсгийг хэвээр нь үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт:

 

“Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч У овогт С.Х-, БНХАУ-ын иргэн ХЖ/HJ/, МШ /MSH/, ВА/WCH/, БНКазахстан Улсын иргэн Д.А- /DA/ нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “ашигт малтмалын олборлолт явуулсан” гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт оруулж,

 

1 дэх заалтаас “бүлэглэж,” гэснийг хасаж,

 

шийтгэх тогтоол дахь шүүгдэгч БНХАУ-ын иргэдийн нэрсийг ХЖ/HJ/, МШ /MSH/, ВА/WCH/ гэж, шүүгдэгч БНКазахстан Улсын иргэний нэрийг Д.А- /DA/ гэж тус тус зөвтгөн өөрчилж,

 

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч С.Х-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 2 хоногийг торгох ялын 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, шүүгдэгч БНКазахстан Улсын иргэн Д.А- /DA/-ийн цагдан хоригдсон 37 хоногийг торгох ялын 555 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, шүүгдэгч БНХАУ-ын иргэн ХЖ/HJ/-ийн цагдан хоригдсон 13  хоногийг торгох ялын 195 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож тэдгээрт оногдуулсан торгох ялаас хасаж, шүүгдэгч С.Х-ын нийт эдлэх торгох ялын хэмжээг 22,970,000 /хорин хоёр сая есөн зуун далан мянга/ төгрөгөөр, БНКазахстан Улсын иргэн Д.А- /DA/-ийн нийт эдлэх торгох ялын хэмжээг 19,445,000 /арван есөн сая дөрвөн зуун дөчин таван мянга/ төгрөгөөр, БНХАУ-ын иргэн ХЖ/HJ/-ийн нийт эдлэх торгох ялын хэмжээг 19,805,000 /арван есөн сая найман зуун таван мянга/ төгрөгөөр тус тус тогтоож, шүүгдэгч БНХАУ-ын иргэн МШ /MSH/, ВА/WCH/ нар тус тус цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай” гэж өөрчлөн найруулж,

 

шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 8, 9 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч С.Х-, шүүгдэгч БНХАУ-ын иргэн ХЖ/HJ/, МШ /MSH/, ВА/WCH/, шүүгдэгч БНКазахстан Улсын иргэн Д.А- /DA/ нараас гэмт хэргийн хор уршигт тооцон Байгаль орчин, уур амьсгалын санд урьдчилж төлүүлсэн 828,702 /найман зуун хорин найман мянга, долоон зуун хоёр/ төгрөгийг тус сангаас буцаан гаргуулж, шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн олгож,

 

шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 10 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 6 дахь заалтыг баримтлан шүүгдэгч С.Х-, шүүгдэгч БНХАУ-ын иргэн ХЖ/HJ/, МШ /MSH/, ВА/WCH/, шүүгдэгч БНКазахстан Улсын иргэн Д.А- /DA/ нараас тэдгээрийн гэмт хэрэг үйлдэх үед ашигласан 2 тээврийн хэрэгслийн нийт үнэ 27,000,000 төгрөгийг тэдгээрээс хувь тэнцүүлэн, шүүгдэгч тус бүрээс  5,400,000 төгрөг гаргуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төвлөрүүлж,

үүнээс (27,000,000 төгрөгөөс) гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцож 828,702 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь шинжээчийн зардалд тооцож 1,000,000 төгрөгийг “Н” ХХК-ийн шинжээч А.Ц-ийн ХААН банк дахь ********* дугаар дансанд, Хятад хэлний орчуулагч, хэлмэрчийн зардалд тооцож 2,200,000 төгрөгийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Тамгын газрын төрийн сан дахь 100020005001 дугаар дансанд тус тус шилжүүлж, үлдсэн буюу хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардал, хохирлоос илүү гарсан хэсгийг улсын төсөвт шилжүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

иргэн С.Ха-ын ****БӨА улсын дугаартай, иргэн Ж.Н-ийн ****БӨТ улсын дугаартай тэврийг хэрэгслүүдийг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад хэсэг, заалтыг хэвээр нь үлдээж, шүүгдэгч МШ /MSH/, ВА/WCH/ нарын өмгөөлөгч С.Нургайып, шүүгдэгч Д.А- /DA/, ХЖ/ХЖ-/, түүний өмгөөлөгч Х.Бакен, шүүгдэгч С.Х-, түүний өмгөөлөгч Х.Зулхаш нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед орчуулагч, хэлмэрчид гарсан 1,555,000 төгрөг, давж заалдах шатны шүүх хуралдааны үед гарсан 500,000 төгрөг,  нийт 2,055,000 төгрөгийн Хятад хэлний орчуулагч, хэлмэрчийн зардлыг шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарын тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төвлөрүүлэх 27,000,000 төгрөгөөс гаргаж Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын төрийн сан дахь 100020005001 дугаар дансанд шилжүүлж, тус 27,000,000 төгрөгөөс үлдсэн хэсгийг улсын төсөвт шилжүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар иргэн Ж.Н-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхийн энэ магадлалыг эрх бүхий байгууллагад даруй мэдэгдэхийг Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлд даалгаж, шүүгдэгч Д.А- /DA/, ХЖ/ХЖ-/ нарт урьд авсан Монгол Улсын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч Х.Бакений хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                Ж.Отгонхишиг

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК