Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/34

 

2025/ДШМ/34

 

 

        

Д.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор: Ц.Мөнхжаргал

            Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.Эд холбогдох 2512000000040 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.          

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1900 оны 0 сарын 0-ний өдөр А аймгийн Ж суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 0, эхнэр, хүүхдийн хамт, А аймгийн Ж сумын Б багийн М гэх газар оршин суух, урьд нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Б овгийн Дын Э, /РД:00000000000/

Шүүгдэгч Д.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар хасуулж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн байх хугацаандаа буюу 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр А аймгийн Ж сумын Б багийн нутаг дэвсгэрт, дахин согтуугаар, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклыг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон хэм хэмжээг санаатайгаар зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 А аймгийн Прокурорын газраас Д.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Б овогт Дын Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Д.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар А аймгийн Ж сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгүүдэд зааснаар А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д Эд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нэмэгдэл ялыг нэмж түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацааг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, түүнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар А аймгийн Ж сумаас гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял болон 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.00 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд шүүхээс оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 9 /ес/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд оногдуулсан эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч Д.Э энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ ... Шүүхээс Д.Эгийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаарх дүгнэлт, тухайн үйлдэлд нь оногдуулсан ял шийтгэлийн тухайд маргаагүй буюу хүлээн зөвшөөрч байна. Гагцхүү түүнд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж эсэргүүцэл бичиж байна. Тодруулбал: Шүүхээс Д.Эд ялыг нэмж оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолоос оногдуулсан буюу А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрээс эрх хасах нэмэгдэл ял нь эдлэгдэж эхэлсэн, шүүхээс тухайн ялд гүйцэтгэх хуудас бичигдэж, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс ялтны хувийн хэрэг нээгдэж, ялыг биечлэн эдэлж эхэлсэн байхад тус ялыг эдэлсэн хугацааг оруулан тооцолгүйгээр тухайн хүнд дахин 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг зөрчиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг нь зөвхөн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох зохицуулалт болохоос бус нэмэгдэл ялыг хүчингүй болгох зохицуулалт биш. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... шүүх эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээтэй хамт авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно...” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “....тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан тул гэмт хэрэг үйлдсэн хүний ял эдлэлтийн байдал, ялын тооцоог Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу холбогдох албан тушаалтнаас лавлагаа авч тодруулахад 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар шүүгдэгч Д.Э нь А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялыг биеэр 10 сар 22 хоног эдэлсэн байна. Иймд шүүгдэгчийн биеэр эдэлсэн 10 сар 22 хоногийн эрх хасах нэмэгдэл ялын хугацааг оруулан тооцолгүйгээр дахин 3 жил 6 сарын хугацаагаар эрх хасах нэмэгдэл ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив ... гэжээ.

 

            Прокурор давж заалдах шатны шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ ... Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс Д.Э нь А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялыг биеэр 10 сар 22 хоног эдэлсэн байна. Иймд шүүгдэгчийн биеэр эдэлсэн 10 сар 22 хоногийн эрх хасах нэмэгдэл ялын хугацааг оруулан тооцолгүйгээр дахин 3 жил 6 сарын хугацаагаар эрх хасах нэмэгдэл ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Эг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар хассан, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн байх хугацаандаа буюу 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр А аймгийн Ж сумын Б багийн нутаг дэвсгэрт, дахин согтуугаар, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклыг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон хэм хэмжээг санаатайгаар зөрчсөн гэж үзэж, Д.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн дүгнэлт шүүгдэгчид ял оногдуулахад нөлөөлөх нөхцөлийг орхигдуулсан байна.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ... эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ ... гэж, мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д ... гэмт хэрэг үйлдсэн хүнд эрх хасах ял оногдуулна ... гэж тус тус хуульчилжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Эг  А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 2024/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж түүнд холбогдох хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Гэтэл анхан шатны шүүх Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх хэргийг шийдвэрлэхдээ өмнөх  А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 2024/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан ялд гүйцэтгэх хуудас бичсэн эсэх, уг ял биелэгдсэн эсэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, дээрх ялыг энэ шийтгэх тогтоолоор ял оногдуулахад хэрхэн шийдвэрлэх талаар баримт байхгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан зохицуулалт тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох агуулга бүхий заалт байхад өмнөх шийтгэх тогтоолоор шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэснийг хүчингүй болгож, 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуульд нийцэхгүй байна.  

             Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6, 39.7 дахь хэсгүүдэд заасан алдаанд хамаарах бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

               Иймд  дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Эд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

              Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Эд хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Э.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                            ШҮҮГЧИД                                       Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                     Б.БОЛОР-ЭРДЭНЭ