Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 312/ШШ2025/01807

 

 

   2025         09         30                                                  312/ШШ2025/01807

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: , утас: /,

Хариуцагч: **** тоотод оршин суух, овогт /РД: , утас: / нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажлын хөлс 21,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

  Хариуцагч Х.*******

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир

ТОДОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Х.*******, Б. нарт холбогдуулан “Ажлын хөлс 21,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

           I. Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: аймгийн сумын Засаг дарга баталсан “Элс, хайрга ашиглах гэрээ”-ний Нэг. Ерөнхий зүйлийн 1.2-т “Х.******* нь сумын 1-р багийн сумын төвөөс ...“Хайрга” 700 тн бэлтгэхээр 2025 оны 04 сарын 23-ны өдрөөс 2025 оны сарын 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал /тээврийн хэрэгслийн дугаар/ , тээврийн хэрэгслээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 33.1-р зүйлд заасны дагуу элс ашиглуулахаар тохиролцов” гэсний дагуу Д.******* миний өмчлөлийн авто машин энэхүү гэрээнд бичигдэн албажсан ба 2025 оны 04 сарын 23-ны өдрөөс би тээвэрлэх ажлыг гүйцэтгэж эхэлсэн. 2025 оны 04 дүгээр сарын гэрээ ажил олгогч Х.*******т бий. Ажил олгогч Х.*******, Б. нар нь тээвэрлэх ажлыг гүйцэтгүүлэхдээ надтай ам хэлцэл хийж, 2025 оны хавар, зун, намрыг дуустал хугацаанд сар бүр гэрээгээ сунгаж, өдөрт 1-2 удаа тээвэрлэлт хийж, Говил багт байрлах Х.*******, Б. нарын бетон зуурмагийн үйлдвэрт хүргэнэ. Нэг удаагийн тээвэрлэлтийн ажлын хөлсийг 1,050,000 төгрөгөөр тохиролцсон юм. Ажлаа миний зүгээс зохих ёсоор хийж, гүйцэтгэж байсан. Х.******* нь 5 дугаар сарын эхээр надад байсан гэрээг “...сунгана, нэмж машин оруулна, гэрээнд өөрчлөлт оруулна” гэж аваад намайг удаагүй ажилд явуулаагүй. Дээрх гэрээг утсан дээрээ зургийг авч үлдсэн байснаа хэвлэж өгч байна. Хариуцагч нар “Элс, хайрга ашиглах гэрээ” байгуулахдаа миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглан хавар, зун, намар тууштай, тээвэрлэлт хийлгэнэ гэсэн итгэлцэлд нь найдаж, итгэн энэ ажлыг эхлүүлсэн. Д.******* миний МУ-ын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг бүдүүлгээр зөрчиж, Ажил гүйцэтгэх гэрээний тал болох Д.******* миний ажлын хөлсийг тооцож төлөхгүй байгаа Х.*******, Б. нар өөрсдийн үзэмжээр хэлцлийг дуусгавар болгосон тул дээрхи гэрээний дагуу хайрга тээвэрлэх ажлын хөлсийг нэхэмжилж байна. Нэг удаагийн тэвэрлэлтийн хөлсийг 1,200,000 төгрөгөөс бууруулж, удаан хугацаанд тогтвортой тээвэрлэлт хийлгэнэ гэсэнд нь итгэж, /1.050.000 төгрөг х 20 = 21.000.000 /хорин нэгэн сая/ төгрөгийг олгохыг ажил олгогч Х.*******, Б. нарт даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            II. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Д.******* 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ 2025 оны 4  дүгээр сараас 2025 оны 6 дугаар саруудад хариуцагч Х.*******, Б. нарын хүсэлтээр амаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж үүний дагуу элс, хайргыг аймгийн сумаас тээвэрлэлт хийхээр тохирсон. Ингэж тохирохдоо хариуцагч нар тээвэрлэлтийг 4-9 сар хүртэл тээвэрлэлт хийнэ, дунд нь сул зогсолт гаргахгүй байх шаардлагатай гэж тохиролцоод энэ ажлыг эхэлсэн байдаг. Хариуцагч Б.гийн Хаан банкны дансыг шүүж үзэхэд 2025 оны 4 дүгээр сард 4 удаагийн гүйлгээгээр 6,455,000 төгрөг тээвэрлэлтийн ажлын хөлс гэж орсон байдаг. 5 дугаар сард 5,420,000 төгрөг, 6 сард 1,500,000 төгрөг нийтдээ 13,370,000 төгрөг шилжүүлсэн байна. Өмнөх шүүх хуралдаан дээр хариуцагч нар 13,350,000 төгрөг шилжүүлсэн гэсэн. Миний үйлчлүүлэгч дансныхаа хуулгыг өөрөө шүүж үзээд 13,200,000 төгрөг юм байна гэсэн тооцооллыг гаргасан. Тийм учраас дансанд орсон үйл явдлыг хэн аль нь ярьдаг учраас энэ тээвэрлэлтийн хөлс 13,370,000 төгрөгийг авсан байна гэж хэлж байна. Д.******* нэг удаагийн тээвэрлэлтийн хөлсийг 1,200,000 төгрөгөөр тээвэрлэхээр болоод сүүлд нь бууруулаад 1,050,000 төгрөг болгохоор тохирсон. Нэг өдөр намайг ажилдаа ирэхэд бид нар өөрсдийн ах дүү нараа ажиллуулахаар болсон гээд намайг болиулсан. Миний тээврийн хэрэгсэл тусгай үйлчилгээ шаарддаг. Таныг 9 дүгээр сар хүртэл ажиллуулна гэчихээд намайг ажлаас халсан. Би 7, 8, 9 сард ажилгүй зогссон. Үүнийг хариуцагч нар хариуцах ёстой. Тийм учраас Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасны дагуу энэ ажлыг 9 сар хүртэл хийлгэнэ гэж тохирсон тохиролцоондоо хүрээгүй учраас 20 удаагийн рейс болох 21,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийг шүүхэд 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан. Үүнд шүүхээс ажиллагаа хийгдээд Х.******* болон Б. нарыг шүүхэд дуудан ирүүлж нэхэмжлэлийн хувийг гардуулсан байдаг. Энэ хугацаанд хариуцагч нар огт тайлбар хийдэггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийг гардаж аваад тайлбар гаргах үүрэгтэй. Тайлбараа өгөхгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл байдаг. Ингээд шүүх хуралдаанд ямар нэгэн тайлбар хийхгүй байсан учраас боломжит хугацаагаар ажиллагаагаа хийгээд шүүх хуралдааныг зарласан. Өмнөх шүүх хуралдаан ороод хойшилсон. Хариуцагч нар мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг. Монгол улсын иргэд чөлөөтэй хөдөлмөрлөх эрхтэй. Хэдийгээр хариуцагч нарын хувьд миний үйлчлүүлэгчийг хөлсөөр ажиллуулж байгаа боловч энэ ажиллаж байгаа хөлсөө тодорхой хугацаа буюу энэ хүмүүсийн өөрсдийнх нь хэлж байгаагаар ямар ч байсан 1,200,000 төгрөгөөр тохироод түүнийгээ буулгаад 1,050,000 төгрөг болгож бууруулж тохиролцсон тохиролцоогоо үгүйсгэхгүй байна. Хөлсөөр ажиллах гэрээ буюу Иргэний хуульд заасан зохицуулалтын дагуу хариуцагч нар миний үйлчлүүлэгчийг хөлсөөр ажиллуулсан, хөлсөө төлж байсан гэсэн тайлбараа хэлж байгаа учраас нэхэмжлэгч, хариуцагч нарыг хөлсөөр ажиллах гэрээг бичгээр хийгээгүй боловч энэ ажлын үр дүн, хөлсийг өгч байсан байна гэж үзэж байна. Манай зүгээс Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд хөлсөөр ажиллуулах гэрээг зохицуулсан зохицуулалт байдаг. Энэ 359 дүгээр зүйл дээр заавал энэ гэрээг бичгээр хийсэн байхыг шаарддаггүй. Харин ажил олгогч тодорхой хэмжээний ажил хийсэн боловч ажлаа бүрэн зогсоолоо, дахин үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг дор хаяж 14 хоног, Хөдөлмөрийн хуульд заасны дагуу сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. Энэ үүргийг хариуцагч нар биелүүлээгүй байгаа. Өнөөдөр хариуцагч архи уудаг, ажлаа хийдэггүй гэж байна. 6 дугаар сард нэг удаа 2,100,000 төгрөг орсон байна. Нэгэнт өөрсдөө тодорхой хугацаанд ажиллуулах тохиролцоонд хүрээгүй учраас Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасны дагуу оногдуулахаар заасан 21,000,000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэл байна гэж үзэж байна гэв.

2. Хариуцагч Х.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Д.******* явна гээд амаараа тохиролцоо хийсэн. 9 сар хүртэл явуулна гэж яриагүй. Өдөр болгон явна гэж аман тохиролцоо хийсэн. Яваад ирэнгүүт 1.050.000 төгрөг шилжүүлнэ гэж тохирсон. Түлшний мөнгө байхгүй гэсэн учраас тээвэрлэлтэнд яваагүй байхад 2.100.000 төгрөг өгсөн. Өмгөөлөгч ажилгүй болсон, яваагүй рейсний мөнгө нэхэж байна. Гэхдээ тэр хүнд хариуцлага гэж байх ёстой байх. 5 дугаар сард дор хаяж 25-27 удаа явах байснаас 13-хан удаа явсан. Дунд нь архи уугаад алга болсон. Ингээд 5 дугаар сарын 15-31-ний өдрийг хүртэл явах байсан гэрээний хугацаа дууссан. Тэр хугацаанд бид нар авна гэж тооцоолж байсан хайрга, шороогоо авч чадаагүй. Тэндээс манайх тодорхой хэмжээний алдагдал хүлээсэн. Тийм учраас таныг ажиллуулах боломжгүй гэсэн хариу өгсөн. Манайд гэрээгээр явж байсан хүмүүс рүү ярьж та нарыг сайн явахыг харна гээд дарамтлаад нөгөө хүмүүс нь бид нар больё, Д.******* дарамтлаад байна гэж байсан. Бид нар ашгийн төлөө явж байгаа, бид нар өөрсдийн ажлаа явуулъя гэж хэлсэн. Д.******* 6,7 сард ажил хийгээгүй гээд байх юм. 6 сард гүйлгээний утга дээр хайрга гээд бичсэн гүйлгээ орж ирээд ажил хийсэн байна лээ. Илт худлаа зүйл яриад байна6 14-30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой гэж байна. Бид нар 14 хоногийн өмнө мэдэгдээд хамгийн сүүлийн төлбөрийг 6 дугаар сард 1,500,000 төгрөг шилжүүлээд үүгээр дуусгавар болсон шүү гэж мэдэгдсэн байгаа. Ажлаа хийхгүй, архи уугаад байгаа хүнийг бид нар зөв гээд дахиад мөнгө өгөөд дуусгах ёстой юм байна. Манай бизнес улирлын чанартай. Тийм учраас бид цаг хугацаа, өдөр хоногийг алдахгүй борлуулах шаардлагатай байдаг. 14 хоногийн өмнө мэдэгдсэн байгаа. Хамгийн сүүлд 1,500,000 төгрөг шилжүүлээд үүгээр дуусгавар боллоо гээд өөрт нь мэдэгдээд явсан байгаа гэв.

3. Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2025.05.05-ны өдрийн “Элс хайрга ашиглах гэрээ”-ний хуулбар, улсын дугаартай HOWO.ZZ3317-N4667C1 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, улсын дугаартай маркийн ачааны хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон уг гэрчилгээнүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, уг тээврийн хэрэгсэл, ачааны хэрэгслийн гэрэл зураг зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-9, 26-27 тал)

5. Хариуцагч талаас: 2025.04.21-ний өдрийн “Элс, хайрга ашиглах гэрээ”, Хаан банк ХК дахь хариуцагч Б.гийн тоот харилцах дансны 2025.04.01-2025.09.05-ны өдөр хүртлэх “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 35-43 тал)

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн хүсэлтийг хангаж шүүгчийн захирамжаар “Хаан банк” ХК-аас 2025.09.25-ны өдрийн Б-25/770 дугаартай албан бичгээр тус банк дахь Д.*******ийн тоот харилцах дансны 2025.04.25-2025.06.15-ны өдрийг дуусталх хугацааны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-ыг, аймгийн сумын Засаг даргаас 2025.09.29-ний өдрийн 01/338 дугаартай албан бичгээр 2025.05.05-ны өдрийн “Элс хайрга ашиглах гэрээ”-г нотлох баримтаар тус тус бүрдүүлсэн болно. (хх 53-58, 60-62 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Х.*******, Б. нарт холбогдуулан “Ажлын хөлс 21,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцсон болно. (хх 1 тал)

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шаардах эрхийн үндэслэлээ “… аймгийн сумын Засаг даргын баталсан “Элс, хайрга ашиглах гэрээ”-ний 1.2-т “Х.******* нь сумын 1 багаас “Хайрга” 700 тн бэлтгэхээр 2025.04.23-2025.05.31-ний өдрийг дуустал , тээврийн хэрэгслээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 33.1-р зүйлд заасны дагуу элс ашиглуулахаар тохиролцсоны дагуу Д.******* миний өмчлөлийн авто машин энэхүү гэрээнд бичигдэн албажсан ба 2025 оны 04 сарын 23-ны өдрөөс би тээвэрлэх ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Ажил олгогч Х.*******, Б. нар нь тээвэрлэх ажлыг гүйцэтгүүлэхдээ надтай ам хэлцэл хийж, 2025 оны хавар, зун, намрыг дуустал хугацаанд сар бүр гэрээгээ сунгаж, өдөрт 1-2 удаа тээвэрлэлт хийж, Говил багт байрлах Х.*******, Б. нарын бетон зуурмагийн үйлдвэрт хүргэж, 1 удаагийн тээвэрлэлтийн ажлын хөлсийг 1,050,000 төгрөгөөр тохиролцсон. Миний зүгээс ажлаа зохих ёсоор хийж, гүйцэтгэж байсан. Х.******* нь 5 сарын эхээр надад байсан гэрээг “сунгана, нэмж машин оруулна, гэрээнд өөрчлөлт оруулна” гэж аваад намайг удаагүй ажилд явуулаагүй. Дээрх гэрээг байгуулахдаа миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглан хавар, зун, намар тууштай, тээвэрлэлт хийлгэнэ гэсэн итгэлцэлд нь найдаж, итгэн энэ ажлыг эхлүүлсэн. Миний МУ-ын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг бүдүүлгээр зөрчиж, өөрсдийн үзэмжээр хэлцлийг дуусгавар болгосон. Би 7, 8, 9 сард ажилгүй зогссон. Үүнийг хариуцагч нар хариуцах ёстой. Иргэний хуулийн 359.1-д заасны дагуу хариуцагч нар миний үйлчлүүлэгчийг хөлсөөр ажиллуулсан. Ажил олгогч тодорхой хэмжээний ажил хийсэн боловч ажлаа бүрэн зогсоолоо, дахин үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг дор хаяж 14 хоног, Хөдөлмөрийн хуульд заасны дагуу сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. Энэ үүргийг хариуцагч нар биелүүлээгүй. Тээвэрлэлт хийх ажлыг 9 сар хүртэл хийлгэнэ гэж тохирсон тохиролцоондоо хүрээгүй учраас 20 удаагийн рейс болох 21,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү…” гэж тайлбарладаг.

Хариуцагч Х.*******, Б. нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа өгөөгүй бөгөөд шүүх хуралдаанд хариуцагч Б. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

Шүүх хуралдаанд оролцсон хариуцагч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцсэн бөгөөд тэрбээр татгалзлын үндэслэлээ “...2025 оны 4 сарын 25-ны өдөр Д.******* тээвэрт явна гээд амаараа тохиролцоо хийсэн. 9 сар хүртэл явуулна гэж яриагүй. Өдөр болгон явна гэж, яваад ирэнгүүт нь 1,050,000 төгрөг шилжүүлнэ гэж тохирсон. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ажилгүй болсон, яваагүй рейсний мөнгө гэж нэхэж байна. Гэхдээ тэр хүнд хариуцлага гэж байх ёстой байх. 5 дугаар сард дор хаяж 25-27 удаа явах байснаас 13-хан удаа явсан. Д.******* 6, 7 сард ажил хийгээгүй гээд байх юм. 14-30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой гэж байна. Бид нар 14 хоногийн өмнө мэдэгдээд хамгийн сүүлийн төлбөрийг 6 дугаар сард 1,500,000 төгрөг шилжүүлээд үүгээр дуусгавар болсон шүү гэж мэдэгдсэн. Ажлаа хийхгүй, архи уугаад байгаа хүнийг бид нар зөв гээд дахиад мөнгө өгөөд дуусгах ёстой юм байна. Манай бизнес улирлын чанартай. Тийм учраас бид цаг хугацаа, өдөр хоногийг алдахгүй борлуулах шаардлагатай байдаг. Гэрээ хийгээгүй учраас тэдэн сар хүртэл гэж тохироогүй. Гэрээний хугацаа 5 сарын 15-30-ны өдрийн хооронд байгаа. Илт худлаа зүйл яриад байна, нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй…” гэж тайлбарладаг.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтууд, талуудын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

1. аймгийн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч болон хариуцагч Х.******* нарын хооронд 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Элс, хайрга ашиглах гэрээ” бичгээр байгуулагдаж, тус гэрээгээр хариуцагч Х.******* нь аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг сумын төвөөс түгээмэл тархацтай ашигт малтмал болох 1000 тонн хайрга бэлтгэх, ашиглуулах, уг хайргыг нэхэмжлэгч Д.*******ийн өмчлөлийн улсын дугаартай HOWO.ZZ3317-N4667C1 маркийн тээврийн хэрэгсэл, улсын дугаартай маркийн ачааны хэрэгсэл зэргээр тээвэрлэхээргэрээний хугацааг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны сарын 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал байхаар тус тус харилцан тохиролцсон байх ба тус гэрээг аймгийн сумын Засаг дарга баталсан байна. (хх 35-36 тал)

2. Мөн аймгийн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч болон хариуцагч Х.******* нарын хооронд 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дахин “Элс, хайрга ашиглах гэрээ” бичгээр байгуулагдаж, тус гэрээгээр хариуцагч Х.******* нь аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг сумын төвөөс түгээмэл тархацтай ашигт малтмал болох 700 тонн хайрга бэлтгэх, ашиглуулах, уг хайргыг нэхэмжлэгч Д.*******ийн өмчлөлийн улсын дугаартай HOWO.ZZ3317-N4667C1 маркийн тээврийн хэрэгсэл, улсын дугаартай маркийн ачааны хэрэгсэл зэргээр тээвэрлэхээргэрээний хугацааг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны сарын 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байхаар тус тус харилцан тохиролцсон байх ба тус гэрээг аймгийн сумын Засаг дарга баталсан байна. (хх 61-62 тал)

3. Дээрх “Элс, хайрга ашиглах гэрээ”-нүүдийн дагуу хариуцагч Б., Х.******* нар нь нэхэмжлэгч Д.*******оор буюу түүний өмчлөлийн дээр дурдсан улсын дугаартай HOWO.ZZ3317-N4667C1 маркийн тээврийн хэрэгсэл, улсын дугаартай маркийн ачааны хэрэгслүүдээр аймгийн сумын нутгаас гэрээний зүйл болох хайргыг тээвэрлүүлэн өөрсдийн хариуцан ажиллуулдаг гэх аймаг Баян-Өндөр сум Говил багт байрлах бетон зуурмагийн үйлдвэртээ авч ирүүлэхээр, талууд 1 удаагийн тээвэрлэлт /рэйс/ хийх хөлсийг 1,200,000 төгрөг байсныг 1,050,000 төгрөг байхаар тохирч, уг хөлсийг тээвэрлэлт хийсний дараа нэхэмжлэгчид тухай бүр нь олгож байхаар тус тус амаар харилцан тохиролцсон байна.

4. Нэхэмжлэгч Д.******* нь гэрээний хугацаанд нийт 13 удаа явж, үүний ажлын хөлсөнд хариуцагч Б.гийн зүгээс нэхэмжлэгч Д.*******ид 13,370,000 төгрөгийг төлсөн байх ба нэхэмжлэгчийг 2025 оны 05 дугаар сарын дунд үеэс тээвэрлэлтэд явуулахаа больсон зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. Эдгээр үйл баримтуудын талаар талууд маргаагүй.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б., Х.******* нар нь аймгийн сумын нутаг дэвсгэрээс аймаг руу хайргыг тээвэрлэх, тээвэрлүүлэхээр харилцан хүсэл зоригоо илэрхийлж, хэлцлийн гол нөхцөл /гэрээний хугацаа, төлөх хөлсний хэмжээ, хөлс төлөх хугацаа г.м/-ийн талаар амаар хэлэлцэн тохиролцож, нэхэмжлэгч нь өөрийн тээврийн хэрэгслүүдээр хайргыг ачин авч ирж хариуцагч нарын эзэмшилд шилжүүлэн өгч, харин хариуцагч нар нь үүний хариуд нэхэмжлэгчид харилцан тохиролцсон хөлсийг төлж байснаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 343 дугаар зүйлийн 343.1 тус тус заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж тайлбарладаг. Гэвч хөлсөөр ажиллах гэрээ нь ажлын үр дүн шаарддаггүй гэрээ юм.

Харин ажил гүйцэтгэх гэрээ нь ажлын үр дүн шаарддаг бөгөөд энэ гэрээний гол зүйл нь захиалагчийн даалгавраар ажил гүйцэтгэгч нь аливаа эд зүйлийг шинээр үйлдвэрлэж бий болгон хүлээлгэн өгөх үндсэн үүрэгтэйгээс гадна захиалагч нь тухайн хөрөнгийг бий болгох үйл явц буюу ажилд хяналт тавих, ажил гүйцэтгэгчид зохих дэмжлэг үзүүлэх зэрэг дагалдах эрх, үүргүүдийг үүсгэдэг онцлогтой, энэ шинжээрээ талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ байна.

Талууд уг ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч Иргэний хуульд энэ төрлийн гэрээг заавал бичгээр байгуулахыг шаардаагүй бөгөөд талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар дээрх гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Талууд гэрээг байгуулуулснаас хойш нийт явсан тээвэрлэлтийн тоо болон төлөхөөр тохиролцсон хөлсний хэмжээ, нийт төлсөн үнийн дүн зэрэгт маргадаггүй, харин гэрээний хугацаа буюу уг тээвэрлэлт хийх ажлыг хэдий хүртэл гүйцэтгэх, гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон болох нь, гэрээнээс хуульд зааснаар татгалзсан эсэх нь тус тус талуудын маргааны зүйл болжээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гэрээний хугацааг 2025 оны 04 дүгээр сараас мөн оны 09 дүгээр сарыг дуустал гэж, харин хариуцагч Х.******* нь 2025 оны 04 дүгээр сараас мөн оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэж тус тус зөрүүтэй тайлбарладаг.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2025 оны 04 дүгээр сарын 21, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрүүдийн “Элс, хайрга ашиглах гэрээ”-нүүдээс үзэхэд тус гэрээнүүдийн хугацааг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б., Х.******* нарын хооронд байгуулагдсан “ажил гүйцэтгэх гэрээ”-ний хугацааг мөн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэж үзэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Гэвч хариуцагч Б., Х.******* нар нь гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2025 оны 05 дугаар сарын дунд үе /талууд яг хэдний өдрөөс гэдгийг тодорхой хэлдэггүй/-ээс нэхэмжлэгч Д.*******ийг ажиллуулахаа больж, тээвэрлэлт хийлгээгүй, улмаар түүнд байсан 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Элс хайрга ашиглах гэрээ”-г аваад буцааж өгөөгүй, 5 дугаар сард явсан ажлын хөлсний үлдэгдэл 1,500,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн Хаан банк дахь харилцах дансанд шилжүүлэн өгсөн болох нь тус тус:

- нэхэмжлэгч Д.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан “...Х.******* нь 5 дугаар сарын эхээр надад байсан гэрээг “сунгана, нэмж машин оруулна, гэрээнд өөрчлөлт оруулна” гэж аваад намайг удаагүй ажилд явуулаагүй...” гэх тайлбар,

- нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Нэхэмжлэгчийг нэг өдөр намайг ажилдаа ирэхэд нь бид нар өөрсдийн ах дүү нараа ажиллуулахаар болсон гээд ажиллахыг нь болиулсан байдаг...” гэх тайлбар,

- хариуцагч Х.*******ын шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуусан асуултад хариулсан “...Миний хажууд Б., Д.******* хоёр байсан. Б. аман байдлаар ажиллуулахаа больж байгаагаа түүнд хэлсэн. Явсан өдрийн мөнгийг нь шилжүүлээд үлдсэн 1,500,000 төгрөгийг 6 дугаар сард шилжүүлсэн. Бид нарын энэ уулзалт 5 дугаар сарын дундуур байсан...” гэх тайлбар,

- нэхэмжлэгч Д.******* болон хариуцагч Б. нарын Хаан банк дахь харилцах дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна. 

Үүнээс үзэхэд хариуцагч Б., Х.******* нар нь нэхэмжлэгч Д.*******той байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна.

           Гэвч хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэх ба гэрээний нэг тал зөвхөн хуульд зааснаар, эсхүл гэрээнд зааснаар гэрээнээс татгалзах эрхийг эдэлнэ.

Гэрээний нэг тал болох захиалагч Б., Х.******* нар нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэгч Д.*******ийг гэрээнд заасан хугацаа дуустал хайрга тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэх боломж олголгүй, гэрээнд заасан хугацаа дуусахаас өмнө тээвэрлэлтэд явуулаагүй байна. Шүүх хуралдаанд хариуцагч Х.******* нь нэхэмжлэгчийг ажиллуулахгүй болсон шалтгаанаа “...тэр хүнд хариуцлага гэж байх ёстой байх. 5 дугаар сард дор хаяж 25-27 удаа явах байснаас 13-хан удаа явсан. Дунд нь архи уугаад алга болсон. Ингээд 5 дугаар сарын 15-31-ний өдрийг хүртэл явах байсан гэрээний хугацаа дууссан. Тэр хугацаанд бид нар авна гэж тооцоолж байсан хайрга, шороогоо авч чадаагүй. Тэндээс манайх тодорхой хэмжээний алдагдал хүлээсэн. Тийм учраас таныг ажиллуулах боломжгүй гэсэн хариу өгсөн...” гэж тайлбарладаг.

Гэрээний аль нэг тал гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, зөрчиж байгаа тохиолдолд нөгөө тал нь гэрээнээс татгалзаж болно. Гэхдээ ийнхүү гэрээнээс татгалзахдаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээний нөгөө талдаа гэрээнээс татгалзах тухайгаа мэдэгдэж, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож, энэхүү нэмэлт тогтоосон хугацаанд үр дүн гараагүй тохиолдолд гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлнэ.

Мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.3-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй” гэж заасан.

Гэвч хариуцагч Б., Х.******* нарын зүгээс нэхэмжлэгч Д.*******ид гэрээнээс татгалзах тухайгаа мэдэгдсэн байх боловч харин түүнд үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож, энэ хугацаанд гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгчээс шаардсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгүүлэгч буюу хариуцагч Б., Х.******* нарын хувьд үүрэг гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Д.*******ид гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож, энэ хугацаанд үр дүн гараагүй буюу үүргээ гүйцэтгэхийг шаардсанаас хойш 10 хоногийн дотор үүргээ гүйцэтгээгүй бол гэрээнээс татгалзаж болох байтал нэмэлт хугацаа тогтоолгүйгээр гэрээнээс шууд татгалзсан нь хуульд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Д.******* нь харилцан тохиролцсон хугацаанд тээвэрлэлт хийх ажлыг хийлгээгүй хохироосон тул 20 удаагийн хайрга тээвэрлэх байсны хохирол гэж 21,000,000 төгрөгийг хариуцагч Б., Х.******* нараас гаргуулахаар шаардсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө, харин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талууд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар хэргийн үйл баримтыг нотлох замаар мэтгэлцэх учиртай.

          Гэвч хариуцагч Б., Х.******* нар нь хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэлээ баримтаар гаргаж нотолж чадаагүй бөгөөд тэднийг хуульд заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5-д “Ажил гүйцэтгэгч дараахь шаардлага гаргах эрхтэй” гэж, 352.5.1-д “гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх энэ хуулийн 351.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх гэж, 351 дүгээр зүйлийн 351.1.3-т “гэрээнд заасан бол ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, багаж, тоног төхөөрөмж, ажлын байр гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлэх” гэж, 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй тус тус заасан.

Хуульд ийнхүү зааснаар нэхэмжлэгч Д.******* нь ажлын байр гаргаж буюу хайрга тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэх боломжоор хангаж ажиллуулаагүй, гэрээнд заасан үүргээ зөрчсөнтэй холбогдуулан учирсан хохирлоо хариуцагч Б., Х.******* нараас шаардах эрхтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр буюу хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчид гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож, үүнээс хойш арав хоногийн дотор нэхэмжлэгчид үүргээ гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэх боломж олголгүйгээр гэрээнээс татгалзсан байх тул 10 удаагийн тээвэрлэлтийн хөлс болох 10,500,000 /10х1,050,000/ төгрөгийг хариуцагч Б., Х.******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Д.*******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******, Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид 182,950 /10,500,000 төгрөгт ногдох/ төгрөгийг хувь тэнцүү гаргуулж нэхэмжлэгч Д.*******ид олгож шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.5.1-д заасныг баримтлан хариуцагч Х.*******, Б. нараас 10,500,000 /арван сая таван зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Д.*******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******, Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид 182,950 /нэг зуун наян хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Д.*******ид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, талууд хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛА ШҮҮ                             Г.ЖАРГАЛТУЯА