| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2512000970039 |
| Дугаар | 2025/ДШМ/35 |
| Огноо | 2025-06-06 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/35
2025/ДШМ/35
Ч.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Ж.Ундармаа
Шүүгдэгч: Ч.Б
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ч.Бд холбогдох 2512000970039 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ДЧ.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр А аймгийн Б сумын З багийн Тны эх гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр 1.40 метрийн урттай 20 ширхэг, 1.0636 м3 хэмжээтэй, шинэс төрлийн хуурай босоо модыг, мөн 1.40 метрийн урттай 22 ширхэг, 1.2195 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай унанги модыг тус тус бэлтгэж, өөрийн эзэмшлийн 00-00 улсын дугаартай Мазда бонго трак маркийн автомашинаар мөн газраас тус аймгийн Б сумын төв хүртэл тээвэрлэн, ойн санд 250.592 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас Ч.Бд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Х овогт Чын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 49.2.1, 49.4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч Ч.Бгээс байгаль экологид учруулсан хохирол 751,776 /долоон зуун тавин нэгэн мянга долоон зуун далан зургаа/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 02 сарын 11-ний өдрийн 30 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай, 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Бгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 6,200,000/зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 00-00 улсын дугаартай Мазда маркийн автомашиныг хураан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 751,776 /долоон зуун тавин нэгэн мянга долоон зуун далан зургаа/ төгрөгийг төлүүлэн, үлдэх 5,448,224 төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 1.4 метрийн урттай 22 ширхэг 1.2195 метр куб шинэс төрлийн хуурай унанги мод, 1.40 метрийн урттай 20 ширхэг 1.0636 метр куб шинэс төрлийн хуурай босоо мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60,000 /жаран мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг тус тус улсын орлого болгож, Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Б давж заалдах гомдолдоо ... Ч.Б миний бие А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Өөрийн эзэмшлийн 00-00 улсын дугаартай Мазда бонго трак маркын машиныг 2023 онд хувь хүнээс 2.300.000 төгрөгөөр авч байсан. Уг машин орж ирсэн он нь 2022 он боловч 1995 онд үйлдвэрлэгдсэн машины эд анги элэгдэж муудсан өмнө нь эзэмшиж байсан хүн самарт явж элэгдсэн бөгөөд бодит байдалд 6.200.000 төгрөгөөр үнэлэгдэхээргүй машин юм аа.Иймд 2025/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолоор 6.200.000 төгрөгөөр үнэлж улсын орлого болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ ... Шүүгдэгч Ч.Бгийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Гомдолд дурдаад байгаа шинжээчийн дүгнэлт нь эргэлзээ бүхий үндэслэлгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Хавтаст хэргийн 65-р хуудсанд байгаа шинжээчийн дүгнэлттэй танилцах явцад энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гэж үзэж байна. Мэргэжлийн шинжээч дүгнэлтийг гаргасан байгаа ... гэв.
Шүүгдэгч Ч.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Машины мотор, хроп маш муу, тэвш, кабины шал цоорхой ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр А аймгийн Б сумын З багийн Тны эх гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр 1.40 метрийн урттай 20 ширхэг, 1.0636 м3 хэмжээтэй, шинэс төрлийн хуурай босоо модыг, мөн 1.40 метрийн урттай 22 ширхэг, 1.2195 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай унанги модыг тус тус бэлтгэж, өөрийн эзэмшлийн 00-00 улсын дугаартай Мазда бонго трак маркийн автомашинаар мөн газраас тус аймгийн Б сумын төв хүртэл тээвэрлэн, ойн санд 250.592 төгрөгийн хохирол учруулсан болох нь иргэний нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнийн ... Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд заасан орон нутгийн дансанд тушааж хохирол барагдуулчихвал ямар нэгэн санал хүсэлт байхгүй ... гэсэн мэдүүлэг, гэрч Г.Гантөгсийн ... Би 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б сумын З багийн нутгаар эргүүл хяналт шалгалт хийж явах үед 00-00 улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгсэл мод тээвэрлэн явж байхаар нь зогсоож шалгахад тус сумын З багийн Тны эх гэх газраас тус сумын иргэн Ч.Б гэх хүн мод бэлтгэх эрхийн бичиггүй хууль бусаар галын түлээний мод бэлтгэж, тээвэрлэн явж байсан тул түр саатуулсан. Эрхийн бичиг байхгүй байсан, ганцаараа явж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч С.Цолмонгийн ... Б сумын иргэн Ч.Б нь надаас эрхийн бичиг бичүүлж аваагүй. 2025 онд Б сумын З багт Ашил жалга, Тны эх гэх газруудад галын түлээний мод бэлтгэх талбай тусгаарлалт хийсэн. З багийн Тны эх гэх газарт тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй ... гэсэн мэдүүлэг, А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн АРХ0325/072 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч Ч.Бг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр А аймгийн Б сумын З багийн Тны эх гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр 1.40 метрийн урттай 20 ширхэг, 1.0636 м3 хэмжээтэй, шинэс төрлийн хуурай босоо модыг, мөн 1.40 метрийн урттай 22 ширхэг, 1.2195 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай унанги модыг тус тус бэлтгэж, өөрийн эзэмшлийн 00-00 улсын дугаартай Мазда бонго трак маркийн автомашинаар мөн газраас тус аймгийн Б сумын төв хүртэл тээвэрлэн, ойн санд 250.592 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын хувьд түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.
Шүүгдэгч Ч.Б … Өөрийн эзэмшлийн 00-00 улсын дугаартай Мазда бонго трак маркын машиныг 2023 онд хувь хүнээс 2.300.000 төгрөгөөр авч байсан. Уг машин орж ирсэн он нь 2022 он боловч 1995 онд үйлдвэрлэгдсэн машины эд анги элэгдэж муудсан өмнө нь эзэмшиж байсан хүн самарт явж элэгдсэн бөгөөд бодит байдалд 6.200.000 төгрөгөөр үнэлэгдэхээргүй машин юм аа.Иймд 2025/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолоор 6.200.000 төгрөгөөр үнэлж улсын орлого болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй.
Хөрөнгийн үнэлгээний М-ийн үнэлгээчин А.Бын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай ... 1995 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол улсад орж ирсэн Мазда маркийн тээврийн хэрэгслийг 2025 оны 01 сарын байдлаар зах зээлийн үнэлгээгээр 6.200.000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлтэй, шүүгдэгч уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн шатанд уг дүгнэлтийг зөвшөөрөхгүй дахин болон нэмэлт дүгнэлт гаргуулах талаар гомдол гаргаагүй тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Б.БОЛОР-ЭРДЭНЭ