| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 182/2020/01502/И |
| Дугаар | 210/ма2020/02012 |
| Огноо | 2020-09-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 210/ма2020/02012
С- ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/02631 дугаар шийдвэртэй С- ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.С-, Ц.Ж нарт холбогдох 6 673 444 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч Ц.Ж, түүний өмгөөлөгч Я.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани 2016-2017 онд Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай Дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 2017 оноос тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Харуул-Алтай хотхоны нийт оршин суугч, аж ахуй нэгжүүдэд хэрэглээний цэвэр ус, дулааны эрчим хүчийг нийлүүлж, бохир усыг татан зайлуулж эхэлсэн. С- ХХК нь Ус сувгийн удирдах газраас хэрэглээний цэвэр ус, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас дулаан авч, хотхоны оршин суугч, аж ахуй нэгжүүдэд хэрэглээний цэвэр ус, дулааны эрчим хүчийг нийлүүлж, бохир зайлуулж, хэрэглээний төлбөрийг сар бүр хураан авч нэгтгэн дээрх эрх бүхий төрийн байгууллагуудад тушаадаг. Гэтэл тус хотхоны 104 дүгээр байрны 140 тоот хаягт оршин суудаг мөн хотхоны 102 дугаар байрны 161 тоотод автомашины дулаан зогсоолын өмчлөгч С.С-, Ц.Ж нар 2018 оны 10-12 дугаар сар, 2019 оны 1-11 дүгээр сар хүртэлх хугацааны 140 тоот орон сууцны хэрэглээний төлбөр 2 132 474 төгрөгийг, 161 тоот дулаан зогсоолын 2017 оны 8-12 дугаар сар, 2018 оны 1-12 дугаар сар, 2019 оны 1-11 дүгээр сар хүртэлх хугацааны дулааны төлбөр 4 540 969 төгрөг, нийт 6 673 444 төгрөгийг төлөөгүй. Талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй боловч Иргэний хуулийн 195, 196 дугаар зүйл, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13, 3.1.14 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар 3.1.16, 3,1.19 дүгээр зүйлд тус тус заасны дагуу гэрээ байгуулагдсанд тооцогдох тул хариуцагч нар хангагч буюу нэхэмжлэгчид хэрэглээний төлбөрийг төлөх үүрэгтэй.
Тусгай зөвшөөрлийг 10 ккал давсан тохиолдолд авдаг тул манай компани тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ тухайн нөхцөл бүрдсэн даруйд авсан. Төрийн банк ХХК нь нэг айлаас 150 төгрөгийн шимтгэл авдаг бөгөөд суурь үнэ 4 400 төгрөгийн хувьд 25 сар усны төлбөр төлөөгүй тул 2018 оны 10 дугаар сараас хэрэглээний усыг тасалсан. Үүнээс өмнөх хугацаанд ус хэрэглэж байсан ч төлбөрийг төлөөгүй. Тус 179 000 төгрөг бол халаалтын тогтмол төлбөр. Шинжээчээр томилогдсон Дамно ХХК-ийн хийсэн тооцоолол нь манай тооцоотой бүрэн таарч байна. Иймд, хариуцагчдаас 6 673 444 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Авто зогсоолын халаалт огт хэрэглээгүй бөгөөд төлбөр төлөх нь үндэслэлгүй. Энэ талаар диспетчерт нь хэлж, тоолуур баталгаажуулах баримт үйлдэж өгнө үү гэсэн боловч өгөөгүй. С- ХХК тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан тул баталгаажуулах боломжгүй байсан. Иймээс авто зогсоолын төлбөрийг төлөхгүй, бид өөрсдөө цахилгаанаар ажилладаг нэмэлт халаалт тавьж, нэмж төлбөр төлж байсан. Гэтэл нэхэмжлэгч 2016 оны намар цэвэр, бохир усыг хаасан тул өнөөдрийг хүртэл зөөврийн ус хэрэглэж байна. Дамно ХХК-ийн хувьд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтад үндэслэн дүгнэлт гаргасан. Өнгөрсөн хугацаанд төлбөрөө хэвийн төлж байсан ба 2016 онд авто зогсоолын төлбөрийг үндэслэлгүй нэмж нэхэмжилсэн нь биднийг санхүүгийн дарамтад оруулсан. С- ХХК нь 2018 оны 1 дүгээр сараас эхлэн тусгай зөвшөөрөл авсан тул өмнөх төлбөрийг төлөхгүй, харин амьдарсан байрныхаа төлбөрийг төлж болно. Гэвч зуны амралтаар эзэнгүй байх хооронд төлбөр гаргасан, мөн эхний үлдэгдэл байхгүй, баримтын төлбөр 200 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Авто зогсоолын халаалт зохих түвшинд ирдэггүй тул төлөхгүй, 2017 оны 3 дугаар сард цэвэр, бохир ус хаасан байж 2017 оны 8 дугаар сарын баримтад цэвэр бохир усны төлбөр гарсан. Тус авто зогсоолын 4 540 000 төгрөг нь хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн тооцоололтой зөрж байх тул эргэлзэж байна. Мөн шинжээч дүгнэлт гаргахдаа бид нарыг дуудаж уулзаагүй, 2018 оны 7 дугаар сар хүртэлх хугацааны дулааны бичилтийг үндэслэсэн байсан. Тусгай зөвшөөрлийг 10 кило галлон хүрсэн тохиолдолд зөвшөөрөл өгдөг. Гэвч 2016 оноос хойш нэг ч барилга нэмж баригдаагүй, манай хотхон нийт 760 айлтай бөгөөд тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж гэрээ байгуулах эрхгүй учраас нэхэмжлэгчийг 2 жилийн турш хууль зөрчсөн үйлдэл хийсэн гэж маргаж байна. Дамно ХХК-ийг 10, 11 дүгээр сарын төлбөрийг орхигдуулсан гэж худал тайлбарлаж байна, засвар үйлчилгээний төлбөр гэж тайлбарлаж байгаа ч хүмүүс нь ямар ч багажгүй ирж 3 500 төгрөг авдаг, засвар үйлчилгээ хийдэггүй гэв.
Шүүх: Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.С-, Ц.Ж нараас 5 018 049.34 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 655 395.11 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 730 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 95 239 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хариуцагч нарын орон сууцны ашиглалтын төлбөрөөс 183 269 төгрөгийг хасаж 477 079 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан баримтуудад хариуцагч нараас 2018 оны 10 дугаар сараас өмнөх орон сууцны ашиглалтын төлбөрийг нэхэмжилсэн зүйлгүй. 2018 оны 10 дугаар сараас эхлэн нэхэмжлэгч нь хариуцагч нараас орон сууцны төлбөрийг шаардахдаа авто зогсоолын төлөгдөөгүй дулааны төлбөрийг нэмж тооцож нэхэмжлэх илгээдэг байсан. Шинжээч орон сууц болон авто зогсоолын төлбөрийг тусад нь тооцож гаргасан нь нэхэмжлэгчээс өгсөн ашиглалтын төлбөрийн нэхэмжлэхүүд шинжээчийн гаргасан үнийн дүнгээс зөрсөн. Шүүх нэхэмжлэгчийн орон сууцны ашиглалтын төлбөрийг үндэслэлгүй гэж дүгнэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон орон сууцны төлбөрийг үндэслэлээ болгосон атлаа авто зогсоолын төлбөрийг нэхэмжлэгч нь 4 540 969 төгрөгийг нэхэмжилсэн тул хэмээн дүгнэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон авто зогсоолын төлбөр болох 5 657 398 төгрөгийн зөрүү болох 1 116 429 төгрөгийг орхигдуулсан. Дээрх 2 үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нийт 1 299 698 төгрөгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Хариуцагч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Манай хотхоны орон сууцны контор С- ХХК ус дулаан дамжуулах төв буюу ЦТП-д гадна орчны температураас хамааран дулааны тохируулга хийх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлдэггүйн улмаас манай 211м2 талбайтай агуулах дулаанаа огт авч чаддаггүй байсан. Тиймээс бид тенээр халааж цахилгааны мөнгө төлж, мөн агуулахын регистрүүдээ авсан байхад дулааны мөнгө нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь орон сууц болон агуулахын дулааны бичилтийг үйлдэхдээ зөрчилтэй болох нь баримтаар нотлогдсон. 2018 оны 10 сараас эхлэн орон сууцны төлбөрт агуулахын төлбөрийг нэмж биднийг санхүүгийн дарамтад оруулсан тул орон сууцны төлбөрөө төлөх боломжгүй болгосон. Нэхэмжлэгчид 5 018 049 төгрөг төлөхөөр гарсан боловч дулаан аваагүй байж дулааны мөнгө төлөх нь шударга биш гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч С- ХХК нь хариуцагч С.С-, Ц.Ж нараас орон сууцны хэрэглээний төлбөр буюу хэрэглээний цэвэр ус, дулааны эрчим хүч нийлүүлсэн,бохир ус татан зайлуулсны төлбөрт,болон авто зогсоолын дулааны төлбөрт 6 673 444 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан. /1-р хх 1, 58-59/
Хэрэгт нэхэмжлэгч С- ХХК нь 2016-2017 онд Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай Дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 2017 оноос Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Харуул-Алтай хотхоны оршин суугч, аж ахуй нэгжүүдэд хэрэглээний цэвэр ус, дулааны эрчим хүчийг нийлүүлж, бохир усыг татан зайлуулсан, хариуцагч нар тус хотхоны 104 дүгээр байрны 140 тоот орон сууц, мөн хотхоны 102 дугаар байрны 161 тоот авто машины дулаан зогсоолын өмчлөгч нар мөн бөгөөд төлбөрийн асуудлаар маргаантай байгаа тул хэрэглээний төлбөрөө төлөөгүй үйл баримт тогтоогдсон. /1-р хх 27-47/
С.С-, Ц.Ж нар нь 2018 оны 10-12 дугаар сар, 2019 оны 1-11 дүгээр сар хүртэлх хугацааны 140 тоот орон сууцны хэрэглээний төлбөр 2 132 474 төгрөг, 161 тоот дулаан зогсоолын 2017 оны 8-12 дугаар сар, 2018 оны 1-12 дугаар сар, 2019 оны 1-11 дүгээр сар хүртэлх хугацааны дулааны төлбөр 4 540 969 төгрөг, нийт 6 673 444 төгрөгийг төлөөгүй гэх нэхэмжлэлийг шаардлагыг үгүйсгэж чадаагүй.
Хариуцагч нар нэхэмжлэгчийг дулааны тохируулга хийдэггүй, дулаанаа авч чаддаггүй байсан, тенээр халааж цахилгааны төлбөр өндөр төлсөн, агуулахын регестрүүдээ авсан, 2018 оны 10 дугаар сараас орон сууцны төлбөр дээр агуулахын төлбөр нэмж бичсэн гэх тайлбар гомдлоо баримтаар нотлоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дах хэсэгт зааснаар зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь өөрийн эрх мэдэлд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхээр, шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах урьдчилан шийдвэрлэх журам байх бөгөөд хариуцагч нар дээрх гомдлоо урьдчилан шийдвэрлүүлж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19 дэх хэсэгт хэрэглэгч гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг ойлгохоор байна. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13, 13 дугаар зүйлийн 13.5 дах хэсэгт тус тус зааснаар төвлөрсөн шугам сүлжээгээр нийлүүлж байгаа ус хангамж, үйлчилгээг авсан хэрэглэгч нь цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлсэн тул төлбөрийг төлөх, хангагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дах хэсэгт зааснаар хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй. Төвлөрсөн шугам сүлжээгээр нийлүүлж байгаа ус хангамж, үйлчилгээг авах, эрчим хүч хэрэглэх гэрээг бичгээр байгуулаагүй нь гэрээ хүчин төгөлдөр бус болох үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэх юм.
Анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар бүрэн харьцуулан дүгнэж чадаагүй байна. Тухайлбал шинжээч орон сууцны ус, дулааны төлбөр 2018 оны 10 дугаар сарын 1-2019 оны 11 дүгээр сарын 31 хүртэл 660 349 төгрөг гэж цаг хугацааны хамаарлын хувьд дүгнэсэн. Шинжээч санхүүгийн баримт, тоолуурын баримт зэргийг харьцуулан дүгнэж хууль, стандартыг баримтлан үнэлгээний тооцоог хийсэн, үүнийг үгүйсгэх баримтгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагад цаг хугацааны хувьд хамааралгүй гэж үзэж 183 269 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. /2-р хх 10,48/ Харин авто зогсоолын төлбөрийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй /1-р хх 2/
Нэхэмжлэгч нь 2018 оны 10 сараас эхэлж төлбөрөө тодорхойлж шаардсан, шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон 660 349 төгрөгийн төлбөр нь дээрх хугацаанд хамааралтай байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 183 269 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хангасан өөрчлөлтийг шүүхийн шйидвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн үзлээ./ 1-р хх 1-2, 2-р хх 48/
Харин төлбөр төлөхгүй байх үндэслэлээ хариуцагч тал баримтаар нотлоогүй тул давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/02631 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 5 018 049 гэснийг 5 201 318 төгрөг гэж, 1 655 395 гэснийг 1 472 126 гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дах заалтын улсын тэмдэгтийн хураамжид 95 239 төгрөг гэснийг 98 171 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 35 750 төгрөгийг, хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 250 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ш.ОЮУНХАНД