Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/693

 

 

 

   2025            06             03                                       2025/ДШМ/693

 

С.У, С.Б, Е.Знарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Бат-Оргил,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Отгонбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын  11-ний өдрийн 2025/ШЦТ/910 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор                               Г.Бат-Оргилын бичсэн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлээр С.У, С.Б, Е.Знарт холбогдох 2309013292734 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Бадамынхан овгийн С.У, 2003 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ............... оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ................. тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:........................./;

2. Орлууд овгийн С.Б, 2005 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Булган аймагт төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хадам эцэг, эх, нөхрийн хамт .............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо .............. багт түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.................../;

3. Галч овгийн Е.З, 2000 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, гурван хүүхдийн хамт .............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ................/;

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ............. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 251 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ................ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 309 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

Шүүгдэгч С.У нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Топаз” гэх нэртэй зочид буудалд хохирогч Ш.Чыг “гараад найзыгаа тосоод ирье, гар утсаа түр хэрэглүүлээч” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар түүний эзэмшлийн “iphone 12 pro” загварын гар утсыг шилжүүлэн авсан,

Шүүгдэгч С.Б, Е.Знар нь бүлэглэж, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Топаз” гэх нэртэй зочид буудалд байсан иргэн Ш.Чын эзэмшлийн “iphone 12 pro” загварын гар утсыг С.У нь гэмт хэрэг үйлдэж олж авсан, улмаар тус гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад 600.000 төгрөгөөр худалдан борлуулж, уг мөнгийг Е.З нэр дээрх бүртгэлтэй Хаан банкны 5032937461 тоот дансаар шилжүүлэн авч ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Угийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Е.Золбаяр, С.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Е.Золбаяр, С.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж, С.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч” залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Уг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Уг өөрийн оршин суух Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, түүнийг оршин суух газраас ажил хөдөлмөр эрхэлж буй ажлын газрын хооронд зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.У нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.У, С.Б, Е.Знар нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ш.Чын хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Г.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “1. Шүүхээс шүүгдэгч С.Б, Е.Знарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “С.У нь тухайн гар утсыг ахын гар утас гэж хэлсэн” гэх хариултад хөтлөгдөн “С.У нь С.Б, Е.Знарт хохирогч Ш.Чын гар утсыг өөрийн ахын гар утас гэж итгүүлж, тэд нартай хамт өөрөө худалдан борлуулсан. С.Б, Е.Знар нь гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдэгдэлгүйгээр төлбөрийг хэрэглэхэд хамт байлцсан байна.” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон байна. Учир нь С.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “С.У нь Ш.Чын утсыг аваад гараад ирлээ. Нүүр кодыг нь гаргачихсан, хорооллын эцэст ломбардад тавих гэж үзээдэхье гэхээр нь за за яриарай гэсэн. С.У дахиж залгаад бичиг баримтгүй болохоор ломбардад тавих ямар ч боломжгүй юм байна гэсэн. ...С.У такси барьж ирсэн, Е.Зч хүрч ирсэн. ...фейсбүүкээр зарын дагуу гар утас авах хүн хайж байгаад хувь хүнд 600.000 төгрөгөөр Е.З дансаар дамжуулан зарсан. Тухайн олсон орлогыг идэж уух юманд зарцуулсан. Е.Змашиныхаа төлбөрийг төлсөн.” гэж мэдүүлсэн байхад уг мэдүүлгийг үнэлж, дүгнээгүй. Прокуророос С.Б, С.У нарын мэдүүлгийг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан байхад улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэж байгаа үндэслэлийг бичээгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий, бодитой хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б, Е.Знараас үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа эсэх эсэх талаар тодруулж асуухад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснээс гадна, тэдний өмгөөлөгч О.Алтанчулуу нь гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Шүүхээс шүүгдэгч С.Б, Е.Знарын үйлдлийг “гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдээгүй, шүүгдэгч С.У нь өөрийн утас гэж итгүүлсэн байна” гэсэн агуулгатай дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэлт хийсэн атлаа шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч С.Б, Е.Знарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн эсхүл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж дүгнэсэн аль нь болох нь тодорхойгүй, ойлгомжгүй, шүүхийн дүгнэлт нь харилцан зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Мөнгө угаах гэмт хэрэг нь хэлбэрийн шинжтэй буюу хуульд заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан;...үйлдлийг хэрэгжүүлснээрээ төгс үйлдэгдэж төгссөнд тооцогддог.

Хохирогч Ш.Чын эзэмшлийн гар утсыг шүүгдэгч С.У нь “залилах” гэмт хэрэг үйлдэн өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, хэн нэгэн этгээдэд хохирол учруулж байгааг шүүгдэгч нар нь мэдэх бүрэн боломжтой нөхцөл байдалд буюу мэдсээр байж, шүүгдэгч С.Б, Е.Знар нь тухайн гар утсыг шүүгдэгч С.Уг ломбардад тавья, мөнгөний хэрэгцээ байна гэх зэргээр ятгаж, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг эзэмшсэн, ашигласан, түүнээсээ ашиг хүртсэн шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэл гэж дүгнэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан найман үндэслэлийн аль нэг тогтоогдвол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэр гаргахаар хуульчилсан байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Б, Е.Знарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж хууль буруу хэрэглэсэн байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, С.У, Е.Знарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд С.Б, С.У, Е.Знарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Е.Золбаяр, С.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж,

С.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч” залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь тус тус хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч С.У нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Топаз” гэх нэртэй зочид буудалд хохирогч Ш.Чыг “гараад найзыгаа тосоод ирье, гар утсаа түр хэрэглүүлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, түүний эзэмшлийн “iphone 12 pro” загварын гар утсыг шилжүүлэн авч залилсан болох нь:

хохирогч Ш.Чын  “2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 15 цагийн орчимд найз Энхбатын хамт “Топаз” зочид буудалд 1 шил архи хувааж ууж байх үед өмнө хамт барилгын дээвэр хийдэг байсан хуурай дүү Болд-Эрдэнийн эхнэр Ундармаа фейсбүүкээр мөнгө байна уу гэж асуухаар нь ирээд авчих гэсэн. Ирэхээсээ өмнө ээжийнхээ данс руу 20.000 төгрөг аваад, ирснийхээ дараа такси болон пивоны мөнгө аваад хамт сууж байгаад манай нэг найз ирж байна та утсаа өгч байгаач би найзыгаа тосоод ирье гэж хэлээд миний гар утсыг авч гараад алга болчихсон. Хар өнгийн “iphone 12 pro” маркийн гар утас 2023 оны 03 дугаар сард 2.150.000 төгрөгөөр худалдан авч байсан.” /1хх 35/,

Шүүгдэгч С.Угийн яллагдагчаар өгсөн “Тухайн үед ганцаараа очсон бөгөөд тэр үед Ш.Ч нь найзтайгаа байсан. Ш.Ч согтуу байсан байх, харин цуг явж байсан найз нь эрүүл байсан. Тэр хоёр тэндээ архи ууж байсан. Би уугаагүй сууж байсан чинь Ш.Ч ах найзыгаа дуудчихлаа гэсэн, тэгэхээр нь би найз С.Б руу утсаар яриад хань татах гэж дуудсан. Тэр үед С.Б хувцсаа сольчхоод яваад очъё гэж хэлсэн. Би тэр үед Ш.Чын “Iphone 12” загварын гар утсаар залгаж ярьсан, миний гар утсанд тухайн үед нэгж байгаагүй юм. Тэгээд би Ш.Чын найз гэх үл таних эрэгтэй хүний хамт тэр зочид буудлаас гарсан. Тэр найз нь дэлгүүр ороод үлдсэн, би зочид буудлаас гарахдаа Ш.Чад гар утсыг нь аваад явж байгаа тухайгаа хэлсэн. Ш.Ч “тосчихоод ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд гартал найз нь ирээгүй байхаар нь утсыг нь аваад зочид буудлын гаднаас таксинд суугаад С.Бтой уулзсан. ...тухайн үед мөнгө хэрэгтэй болоод утсыг нь зарчихсан.” /1хх 233-234/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн СБ2-23-465 дугаар “Iphone 12 pro маркийн гар утсыг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.625.000 төгрөгөөр үнэлэв.” /1хх 53-54/ гэх тайлан, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 154-155/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн С.Уг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэг авч” залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, шүүгдэгч С.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь хуульд нийцсэн байна.

Прокурор Г.Бат-Оргил “тогтоох хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Б, Е.Знарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж хууль буруу хэрэглэсэн байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлыг хянавал, С.Б, Е.Знар нь бүлэглэж, Ш.Чын эзэмшлийн “iphone 12 pro” загварын гар утсыг С.У нь гэмт хэрэг үйлдэж олж авсан, улмаар тус гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад 600.000 төгрөгөөр худалдан борлуулж, уг мөнгийг Е.З Хаан банкны 5032937461 тоот дансаар шилжүүлэн авч ашигласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчимд үндэслэн, С.Б, Е.Знарт холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин шүүх С.Б, Е.Знарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа баримталсан хуулийн заалт буруу буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр 4 дэх хэсэгт заасныг баримтлах нь зохисгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй байх тул уг өөрчлөлтийг оруулж прокурорын эсэргүүцлийн дээрхи үндэслэлд дурдсан хэсгийг хүлээн авч шийтгэх тогтоолыг зөвтгөхөөр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.У, С.Б, Е.Знарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ба хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын  11-ний өдрийн 2025/ШЦТ/910 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Е.Золбаяр, С.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.” гэснийг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Е.Золбаяр, С.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Г.Бат-Оргилын бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                    Б.АРИУНХИШИГ

 

                          ШҮҮГЧ                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                          ШҮҮГЧ                                                   Ц.МӨНХТУЛГА