| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2506001450186 |
| Дугаар | 2025/ДШМ/694 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/694
2025 06 03 2025/ДШМ/694
А.Төд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Итгэл,
шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Г.Энхжавхлан,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ууганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/774 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Тийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2506001450186 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Харчу овгийн А.Т, 1985 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, 3 хүүхдийн хамт .............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ............../;
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...............дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 174 цагийн үлдэгдэлтэй,
Шүүгдэгч А.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 20 цаг 06 минутын орчимд Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр Монелийн замд “toyota corolla” маркийн 3107 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: А.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.Тийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Төд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1046 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялаас тусад нь эдлүүлж, А.Т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн, хураан авсан хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, А.Төд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагын талаар үнэлэлт дүгнэлт өгөхдөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн. Миний хувьд удаа дараагийн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн учирсан хор уршиг, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй хэмээн үзэж байна. Миний бие настай эх болон бага насны гурван хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эцэг хүн билээ. Энэ талаар ч шүүхийн болон мөрдөн шалгах ажиллагааны явцад тайлбарлан хавтаст хэрэгт баримтаар тогтоогддог. Иймд миний хувийн байдлыг минь харгалзан үзэж давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү хэмээн хүсэж байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Т гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй. Үйлдсэн гэмт хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс эхлэн хүлээн зөвшөөрсөн. А.Т тэтгэврийн насны эх, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Барилгын ажил хийж, ар гэрээ тэжээн тэтгэдэг нөхцөл байдлыг харгалзан шүүхээс 1 жил 6 сарын хорих ял оногдуулсныг өөрчилж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ” гэв.
Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж ял эдэлж байх явцдаа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн. Энэ төрлийн гэмт хэрэг нийгмийн аюулын шинж чанар өндөртэй бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлтэй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн шалтгаант нөхцөлийн улмаас хариу арга хэмжээ авах чадваргүй болдог. Хэрвээ шүүгдэгч А.Төд эрх бүхий албан тушаалтан арга хэмжээ аваагүй бол гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ А.Тийг Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр Монелийн замд “toyota corolla” маркийн 3107 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон” хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд, А.Тийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ түүнийг бага насны 3 хүүхэдтэй, ганц бие эцэг гэх хувийн байдал байгаа эсэх, үүнээс улбаалан хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох шаардлагатай эсэх зэрэг байдалд огт дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол;” гэж үзэх үндэслэл болж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч А.Т нь өрх толгойлсон эцэг мөн эсэх, бага насны хэдээс хэдэн насны хүүхдүүдийн хамтаар амьдардаг болон түүний гэр бүлийн хүн байгаа эсэх зэрэг түүний хувийн байдалтай холбоотой нотолбол зохих байдлын талаар хангалттай шалгаж тодруулаагүй байна.
Шүүгдэгч А.Тийн хувийн байдлыг хангалттай тодорхой болгож байж түүнд холбогдох хэргийг шийдвэрлэх нь түүний болон бага насны хүүхдүүдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг зөрчигдөхгүй байх, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангах ач холбогдолтой юм.
Иймд дээрхи үндэслэлээр шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотолбол зохих байдлыг зайлшгүй тодруулсны үндсэн дээр түүний бага насны хүүхдүүдийн асран хамгаалалтын асуудлыг шийдвэрлэх боломжтой болох тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөн Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчлөн шийдвэрлэв.
Учир нь, шүүхээс түүний бага насны хүүхдийн асран хамгаалагчийн асуудлын талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хангалттай шалгаж тодруулаагүйгээс түүний бага насны хүүхдүүдийн асран хамгаалалтын асуудлыг орхигдуулан шийдвэрлэсэн нь хүүхдийн эрхийг зөрчсөн байна гэж үзсэн тул дээрхи нөхцөл байдлыг шийдвэрлэхтэй холбогдуулан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Харин шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч А.Тийн “ял хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтууд, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/774 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч А.Төд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг нэн даруй суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА