| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2018/0118/Э |
| Дугаар | 126 |
| Огноо | 2018-07-18 |
| Зүйл хэсэг | 17.11.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 126
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам,
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгч: Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуутраг овогт Д.А-д холбогдох 1835001230130 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1972 оны 6 дугаар сарын 03-нд Улаанбаатарт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Их барилга” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 11-13 тоотод оршин суух Зуутраг овогт Д.А, РД:ОМ72060319.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.А нь болгоомжгүйгээр 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутагт улсын чанартай А-18 кодтой Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөг чиглэлийн авто замын 81-88 дугаартай тэмдэгтийн хооронд замын турш 6.1 км зэрэгцээ 2 мөр, зорчих хэсгийн баруун гар талд 50 метр 1 мөр, нийт 12.7 км нийтийн эзэмшлийн замыг гэмтээж, 4.951.222 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.А-г болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн холбооны хэрэгсэл гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
2018 оны 12 дугаар сарын 26-нд А-18 кодтой Нөмрөг-Сонгино-Наранбулаг-Улаангом чиглэлийн улсын чанартай авто замын Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутаг дэвсгэрт харьяалагдах 81-88 километрийн хооронд 6.1 км зэрэгцээ хоёр мөр, 500 метр нэг мөр, 2 см гүн, 1 см өргөнтэй хагарал гэмтэл үүссэн байна.
2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүгдэгч Д.А нь Bieben загварын 4892 УВА улсын дугаартай чиргүүлтэй авто машинаар Увс аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт байрлах “Хартарвагатай” нүүрсний уурхайгаас Увс аймгийн Наранбулаг сумын чиглэлд нүүрс тээвэрлэж явахдаа чиргүүлийн дугуй хагарсны улмаас дугуйны төмөр обудаараа явж Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутаг дэвгэрт харьяалагдах улсын чанартай А-18 кодтой Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөг чиглэлийн авто замын 81-88 километрийн хооронд замын турш 6.1 км зэрэгцээ 2 мөр, зорчих хэсгийн баруун гар талд 500 метр 1 мөр, нийт 12.7 км нийтийн эзэмшлийн замыг гэмтээсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-ын мөрдөн Байцаалтанд өгсөн“...2018 оны 12 дугаар сарын 26-нд А-18 кодтой Нөмрөг-Сонгино-Наранбулаг-Улаангом чиглэлийн улсын чанартай авто замын Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутаг дэвсгэрт харьяалагдах 81-88 километрийн хооронд 6.1 км зэрэгцээ хоёр мөр, 500 метр нэг мөр, 2 см гүн, 1 см өргөнтэй хагарал гэмтэл үүссэн байсныг ерөнхий инженер О.Э өөрөө очиж үзэж тогтоосон. Д.А энэ гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч бүх зардлыг нь гаргаж засварласан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43, 44-р тал/,
гэрч О.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... ерөнхий инженер Энх-Оргил “Наранбулаг орчимд зам эвдэрсэн байна” гэж хэлэхээр нь очиж үзэхэд 81-88 километрийн хооронд 6.1 км зэрэгцээ хоёр мөр, 500 метр нэг мөр 2 см гүн, 1 см өргөнтэй хагарал гэмтэл үүссэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,
гэрч Т.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ерөнхий инженер Э-ын хамт Хяргас нуурын хөвөөнд байрлах шуурхай ажлын хэсгийн ажлыг шалгахаар явах замд Наранбулаг сумын төв орчимд хатуу хучилттай замын гадаргууг хүнд даацын авто машин обудан дээрээ явж 81-88 дахь километрийн хооронд гэмтээсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р тал/,
гэрч Д.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 12 дугаар сарын сүүлээр нэг өглөө Наранбулаг сумын төв дээр засмал зам дагуу байдаг манай цайны газрын гадна тэвш болон чиргүүл дээрээ нүүрс ачсан шар өнгийн том оврын ачааны автомашин зогсож байсан. Жолооч нь гэх хүн манай сумын Б гэдэг ахтай хамт дугуйг нь сольж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р тал/,
гэрч Б.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Д.А надад “2017 оны 12 дугаар сард Наранбулаг сум руу нүүрс ачиж явахдаа чиргүүлийн дугуй хагасныг мэдэлгүй явж зам гэмтээсэн” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 53-р тал/,
гэрч Ц.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 12 дугаар сарын сүүлээр Д.А надад “Наранбулаг сум руу нүүрс ачиж явахдаа чиргүүлийн дугуй хагасныг мэдэлгүй яваад байжээ” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 54-р тал/,
гэрч О.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөг чиглэлийн авто замын Хартэрмэс буюу Бэлийн булаг дахь замын шуурхай ажлын ажилтай танилцахаар явж байтал захирал Ц утсаар “Наранбулаг орчимд зам эвдэрсэн гэсэн мэдээлэл ирлээ. Замдаа шалгаарай” гэж хэлсний дагуу замыг шалгахад Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөг чиглэлийн авто замын Улаангом талаасаа 81-88 дахь километрийн хооронд хүнд даацын авто машины дугуйн хагарч обудан дээр явсан бололтой замын гадаргууг гэмтээсэн байсан. Замын гадаргуу дээр 2 см орчим гүн, 1 см орчим өргөн мөр үүсгэсэн байсан бөгөөд Наранбулаг сумын төв рүү буудаг эхний туслах замаар уг авто машин салсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р тал/,
шүүгдэгч Д.А-гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2017 оны 12 дугаар сарын 26-нд Bieben загварын 4892 УВА улсын дугаартай чиргүүлтэй авто машинаар “Хартарвагатай” нүүрсний уурхайгаас Увс аймгийн Наранбулаг чиглэлд нүүрс тээвэрлэж явахдаа чиргүүлийн дугуй хагарсныг мэдэлгүй яваад Наранбулаг сумын төв орж мэдсэн. Өөрийн болгоомжгүй байдлаасаа болж нийтийн эзэмшлийн зам гэмтээсэндээ харамсаж байна. Замыг өөрийн хөрөнгөөр “Увс АЗЗА” ТӨХК-ий инженерийн хяналтын доор засаж хүлээлгэж өгсөн. Хэрэг үйлдэснээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28-д “улсын чанартай авто зам” гэж нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хооронд нь болон хилийн боомттой холбосон авто замыг ойлгоно” гэж заасан байх бөгөөд Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөг чиглэлийн авто зам нь Увс аймгийн төв /Улаангом/-ийг Архангай аймгийн төв болон Нийслэлтэй холбох замын нэг хэсэг тул уг замыг улсын чанартай авто зам гэж үзнэ.
Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын болон нийслэл, орон нутгийн чанартай авто зам нь төрийн нийтийн өмч байна” гэж заасны дагуу улсын чанартай А-18 кодтой Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөг чиглэлийн авто зам төрийн нийтийн өмч бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “нийтийн зориулалтаар ашиглах зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ” гэж заасны дагуу уг улсын чанартай авто замыг нийтийн эзэмшлийн зам юм.
Шүүгдэгч Д.А нь том оврын авто машинаар нүүрс тээвэрлэх явцад дугуй хагарах, дугуй хагарсан тохиолдолд авто зам гэмтээж болохыг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр хатуу хучилттай авто замын гадаргууг гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д “....хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байгаа тул түүний үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.А-г болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн зам гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.А нь “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн шийтгэл онодуулж өгнө үү” гэх мэдүүлж, гэм буруугийн тал дээр маргаагүй болно.
2. Шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.А болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн зам гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутагт улсын чанартай А-18 кодтой Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөг чиглэлийн авто замын 81-88 дугаартай тэмдэгтийн хооронд 2 см гүн, 1 см өргөнтэй 6.1 км зэрэгцээ 2 мөр, 500 метр 1 мөр, нийт 12.7 километр хагарал гэмтлийг засварлаж замыг хэвийн байдалд оруулахад 4.951.222 төгрөгийн материал ордог болох нь “Увс Финанс-Аудит” ХХК-ий 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-тйн 42-р тал/-ээр тогтоогдсон тул гэмт хэргийн улмаас 4.951.222 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч уг замыг өөрийн зардлаар засаж хэвийн ажиллагаанд оруулж “Увс АЗЗА” ТӨХК-д хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул шүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан Улсын яллагчийн санал болгосон ялын хүрээнд торгох оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч З овогт Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн зам гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д 600 /зургаан зуу/ нэгтэй тэнцүү хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ