Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/695

 

 

 

 

 

    2025           06             03                                       2025/ДШМ/695

 

П.С, Д.Э, Г.Өнарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Эрхэмбаяр /томилт болон цахимаар/

шүүгдэгч П.С, Д.Э, Г.Өнарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын  15-ны өдрийн 2025/ШЦТ/1040 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Золжаргалын гаргасан давж заалдах гомдлоор П.С, Д.Э, Г.Өнарт холбогдох 2402005751360 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Д.Э, 1986 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, барилгын туслах ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:.............../;

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ................. дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж,

2. Зуутраг овгийн П.С, 1978 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул зах дээр тэрэг түрдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ............ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,                                    ял шийтгэлгүй, /РД:................./;

3. Халх овгийн Г.Ө, 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа нүүрс тээвэрлэдэг, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт ............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:................/;

Шүүгдэгч П.С, Д.Э нар нь бүлэглэн мөнгө олох зорилгоор 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний амны хамгаалалтын бүсийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан Сибирь хуш модны самрын 383 кг үрийг түүж, цайруулан бэлтгэн Г.Өтай самрыг уулнаас буулгаж ирэн, тээвэрлүүлэхээр тохирч. 2024 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө түүний эзэмшлийн 79-38 УКУ улсын дугаартай “Мицубиши Пажеро” маркийн тээврийн хэрэгслээр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Богдхан уулын Өвөр зайсангийн амны засмал зам хүртэл тээвэрлэн ургамлын аймагт 189.393.500 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Өнь 2024 оны 08 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө П.С, Д.Э нараас 150.000 төгрөгийг хөлс авахаар тохиролцон Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний амны хамгаалалтын бүсийн ойгоос П.С, Д.Э нарын түүж, бэлтгэсэн Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан Сибирь хуш модны самрын 383 кг үрийг зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн 79-38 УКУ улсын дугаартай “Мицубиши Пажеро” маркийн тээврийн хэрэгслээр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Богдхан уулын Өвөр зайсангийн амны засмал зам хүртэл тээвэрлэн ургамлын аймагт 189,393,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: П.С, Д.Э, Г.Өнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “Шүүгдэгч Д.Э, П.С, нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Г.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.С, Д.Э, Г.Өнарыг тус бүр 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Сд оногдуулсан 1 жил хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Налайх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар, Д.Э, Г.Өнарт оногдуулсан 1 жил хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.С, Д.Э, Г.Өнарт зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх ялтын зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, П.С, Д.Э, Г.Өнар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвийн хашаанд байрлах Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримтын агуулахад хадгалагдаж байгаа 383 кг самрыг зориулалтын дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.С, Д.Э, Г.Өнараас тус тус 1.318.917 төгрөг гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дугаар хэсэг Байгаль Орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.С, Д.Э, Г.Өнараас тус бүр 94,696,750 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, Уур амьсгалын санд олгож, энэ хэрэгт “Мицубиши Пажеро” загварын 79-38 УКУ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын 2024 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэргийн хамт ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.С, Д.Э нарын өмгөөлөгч Г.Золжаргал давж заалдах гомдолдоо: “Өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны явцад анхнаасаа бүрэн хүлээн зөвшөөрч, цаашид хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэл зоригийг илэрхийлж мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцсон хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн хүлээн зөвшөөрсөн шүүхийн шатанд ч гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлүүлэх, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Дамно” ХХК-ийн Н-24-11 дугаар шинжээчийн дүгнэлтээр хураагдсан самрын зах зээлийн үнэдгээгээр тогтоогдсон 3.956.750 төгрөгийг хохиролд тооцуулах санал хүсэлт гаргаж шүүх хуралдаанд оролцсон боловч анхан шатны шүүх хэрэглээгүй тул Д.Э, П.С нарын үйлдэл холбогдлыг зүйлчилсэн хуулийн зүйлчлэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг  хэрэглэн хөнгөрүүлэн шийдвэрлэх бүрэн боломжтой. Мөн Ойн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр тогтооно гэж заасан байна гэж заасны дагуу хохирлыг зах зээлийн үнэлгээ болох 3.956.750 төгрөгөөр тооцох бүрэн боломжтой байна үзэж шүүгдэгч Д.Э, П.С болон түүний өмгөөлөгчийн зүгээс хүсэлтийн шинж чанартайгаар уг гомдлыг хамтран гаргаж байна. Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “иргэн байгаль орчин болон газрын тусгай сангийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин уур амьсгалын санд оруулна гэж, 2 дахь хэсэгт “”ургамалд учруулсан”, 4 дэх хэсэгт “ургамлын аймаг учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн сангийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоон.” гэж заасны дагуу шинжээчийн дүгнэлтээр экологи-эдийн засгийн үнэлгээ 37.878.700 төгрөг, үүнийг тав дахин нэмэгдүүлж 189.393.500 төгрөг байх тул гэм буруутай этгээдүүдээр уг төлбөрийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэх саналыг гаргасан. Гэтэл Ойн тухай хуулийн 3.1.12-т "ойн дагалт баялаг" гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар ...зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг ойлгохоор хуульчилсан бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн 42.1.3-т “зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүсэн, бэлтгэсэн бол” мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр тогтооно гэж заасан байх бөгөөд хууль тогтоогчийн зүгээс харилцан зөрүүтэй хуульчилсныг өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан хохирлыг зах зээлийн үнэлгээгээр тооцож өгнө гэсэн саналыг гаргахад анхан шатны шүүхээс хүлээн аваагүй.

Д.Э нь ам бүл 3 өсвөр насны хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, улирлын чанартай барилга дээр туслах ажил хийдэг, П.С эрхэлсэн тодорхой ажилгүй Нарантуул зах дээр тэрэг түрж амьдарлаа залгуулдаг, ам бүл 6 эхнэр 4 хүүхэдтэй. Хоёр хүүхэд оюутан үр хүүхдээ тэжээн тэтгэх сургалтын төлбөр олох зорилготойгоор анх удаа тухайн гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа, гэм буруугийн талаар ямар ч маргаан байхгүй, хуульд зааснаар шүүхээс ял шийтгэл хүлээлгэсний дагуу шударгаар шийтгэлээ эдлэхэд ямар ч байдлаар гомдол саналгүй байгаа бөгөөд гагцхүү хуульд заасан хөнгөрүүлэн шийдвэрлэх үндэслэлийг хэрэглэн тэнсэн харгалзан шийдвэрлэж, мөн хохирол төлбөрийг зах зээлийн үнэлгээ болох 3.956.750 төгрөгөөр тооцож өгөхийг хүсэж энэхүү хүсэлтийг өмгөөлөгчийн хамт давж заалдах журмаар гаргаж байгаа болно. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд зөвхөн ялын хувьд өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ял шийтгэлийг тэнсэн харгалзаж, хохирол төлбөрийг зах зээлийн үнэлгээгээр тооцож хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Г.Өын өмгөөлөгч Г.Золжаргал давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Өыг бусадтай бүлэглэн үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийдвэрлэж 1.318.917 төгрөгийг улсын орлого болгосугай гэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.6 дахь заалтуудыг зөрчсөн, хэрэгт авагдсан гэрч болон бусад оролцогчийн мэдүүлгээр Г.Өнь тухайн үед самрыг бэлтгэж түүгээгүй зөвхөн бусдын хөлсөөр зөөвөрлөөд өгөөч гэх гуйлтын дагуу зөвшөөрч тэдний хооронд иргэний эрх зүйн харилцаа /Иргэний хуулийн 359 дүгээр зүйл хөлсөөр ажиллах гэрээ ,мөн хуулийн 343-р зүйл ажил гүйцэтгэх гэрээ/ үүссэн байтал ял оноосон нь шүүхийн шийтээр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг баримтлаагүй нотлох баримтаар нотлоогүй байхад гэм буруутай тооцсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7 дугаар зүйлүүдэд заасан зөрчил гаргасан гэж үзэж эс зөвшөөрч Г.Өболон түүний өмгөөлөгчийн зүгээс доорх гомдлыг хамтран гаргаж байна.

Г.Өнь Налайх дүүрэгт байрлах Буянгийн зогсоол гэх газарт эхнэр Д.Даариймаагийн эзэмшлийн “Мицубиши Пажеро” маркийн 79-38 УКУ улсын дугаартай автомашинаар бараа ачиж тээвэрлэх үйлчилгээг хөлсөөр хийж гүйцэтгэдэг ажил хийдэг бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 29-ны өглөө тухайн зогсоол дээр зогсож байхад П.С, Д.Э нар нь ирж уулзан ууланд хэдэн шуудай самар байгаа юм очоод тээвэрлээд өгөөч үнэ хөлсийг төлнө гэх гуйлтыг зөвшөөрч Налайх дүүргээс гарч Хан-уул дүүрэг Яармагт байдаг Г.Мад / төрсөн ах/ Ууланд цуг гарах уу гэж хэлэн хамт авч явж ууланд гараад П.С, Д.Э нар нь түүсэн самраа машин ачиж маш их ороотой байсан тул шаварт сууж 2024 оны 08 дугаар сарын 29-30-ны шилжих шөнө уулнаас бууж байх үед -аатуулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл Г.Өнь амьдарлаа залгуулах үүднээс хөлсөөр ачаа уулнаас зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй самар түүсэн эсэхийг мэдэхгүй, мэдэх үүргийг хүлээхгүй, мэдэх ч боломжгүй зөвхөн тэдний хооронд Иргэний хуульд заасан эрх зүйн харилцаа үүссэн байтал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж анхан шатны шүүхээс дүгнэж ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хэрэгт авагдсан баримтууд түүнийг шинжлэн судлах явцад Г.Өнэр бүхий бусад холбогдогчийг огт танихгүй , самар түүж бэлтгэх талаар урьдаас үгсэн тохиролцоогүй, хамтран ороолцож бүлэглэж үйлдсэн гэх үйлдэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байтал анхан шатны шүүх нь тухайн гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Г.Өд холбогдох хэсгийг хүчингүй болгож Г.Өын үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчны сайдын А/603, А/677 дугаар тогтоолоор, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоохдоо хуш модыг ховор ургамалд хамааруулсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “1/ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн практиктай хослуулж байна. Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалтад “ойн дагалт баялаг" гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг” гэж заасан. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн 42.1.3 дахь заалтад “зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүсэн, бэлтгэсэн” гэж зааснаар тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр тооцож төлүүлэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүгдэгчдэд тус бүрт нь 90 гаруй сая төгрөгийн торгууль оногдуулсныг харгалзан үзэх учиртай, шүүгдэгч нар боломжийн амьдалтай хүмүүс бол самар түүхгүй, төлж барахгүй их хэмжээний торгууль тогтоосон хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрх хоёр хуулийн хоорондын зөрчлийг хэрхэн шийдвэрлэх вэ, шүүгдэгч нар зөвшөөрөлгүй самар түүсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу болохоор Сибирийн хуш модны ангилалд багтах талаар байгаль орчны сайдын тушаалд заасан. Сибирийн хуш модыг барилгын материалд ашиглаад устгасан нөхцөлд өөр, гэтэл шүүгдэгч нар самар түүсэн асуудлыг Ойн тухай хуульд заасан холбогдох зүйл, заалтын дагуу шийдвэрлэж, хураагдсан самрыг зах зээлийн үнэлгээгээр тогтоож хариуцлага оногдуулах боломжтой. Давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний зөрүүг анхаарч хэргийг хянан шийдвэрлэхийг хүсэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас судалгаа авч самрын хэрэгтэй холбогдуулж, төлбөр төлөгдсөн байдлын судалсан 0.17 хувийн биелэлтэй байна. Шүүгдэгч Г.Өын хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хамтарч бэлгэлсэн гэж шийдвэрлэсэн, энэ хэрэг хамааралгүй. Зөвшөөрөлгүй самрыг тээвэрлэсэн байдаг. Зөвшөөрөлгүй самар эсэхийг эрх бүхий албан тушаалтан шалгах үүрэгчтэй болохоос хөлсний тээврийн жолооч түүнийг зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй эсэхийг тогтоох боломжгүй. Иймд шүүгдэгч Г.Өгэмт хэргийн бүрэлдэхүүнгүй учир цагаатгаж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Эрхэмбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын тухайд гэм буургаа хүлээн зөвшөөрсөн. Маргаан байхгүй, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25 өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар Сибирийн хуш модыг оруулсан байдаг. Хуш модын үр нь самар, боргоцой учраас шүүгдэгч нарын үйлдсэн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тогтоогдсон. Хууль тогтоомжийг зөрүүтэй байдлаар хэрэглэсэн, хэргийн оролцогчид ашигтай байдлаар хэрэглэх талаар шүүгдэгчийн өмгөөлөгч дурдаж байна. Энэ асуудал хууль хэрэглээний практик тогтсон байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч нарын түүсэн, бэлтгэсэн самарт мэргэжлийн шинжээч дүгнэлт гаргасан. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар П.С, Д.Э, Г.Өнарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч П.С, Д.Э нар нь бүлэглэн мөнгө олох зорилгоор 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрүүдэд Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний амны хамгаалалтын бүсийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан Сибирь хуш модны самрын 383 кг үрийг түүж, цайруулан бэлтгэж, Г.Өтай самрыг уулнаас буулгаж ирэн, тээвэрлүүлэхээр тохирч 2024 оны 08 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө түүний эзэмшлийн 79-38 УКУ улсын дугаартай “Мицубиши Пажеро” маркийн тээврийн хэрэгслээр Богдхан уулын Өвөр зайсангийн амны засмал зам хүртэл тээвэрлэн ургамлын аймагт 189.393.500 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Г.Өнь 2024 оны 08 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө П.С, Д.Э нараас 150.000 төгрөгийг хөлс авахаар тохиролцон Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний амны хамгаалалтын бүсийн ойгоос П.С, Д.Э нарын түүж, бэлтгэсэн "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан Сибирь хуш модны самрын 383 кг үрийг зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн 79-38 УКУ улсын дугаартай “Мицубиши Пажеро” маркийн тээврийн хэрэгслээр Богдхан уулын Өвөр зайсангийн амны засмал зам хүртэл тээвэрлэн ургамлын аймагт 189.393.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оргилын “Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ховор ургамлын жагсаалт"-д Сибирь хуш нь багтсан байдаг. Энэ ургамал нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол орон ургадаггүй. Хуш модны самрын үнэлгээг 2022 оны 12 сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна.” /1хх 74-76/,

гэрч Г.Мийн "... 08 дугаар сарын 29-ний өдөр Г.Өөглөөгүүр надтай утсаар холбогдоод салхинд цуг уул руу гарах уу гэхээр нь тэгье гээд зөвшөөрсөн. Удаа ч үгүй манай дүү өөрийнхөө эзэмшлийн 79-38 УКУ улсын дугаартай “Мицубиши Пажеро” маркийн тээврийн хэрэгсэлтэй Д.Э, П.С гэх хүмүүстэй цуг ирээд Богдхан уулын Кувейтын ам гэх газар луу явцгаасан. Замдаа Д.Э, П.С нарын өмнө нь түүж бэлтгэсэн самрыг манай дүү машинаараа зөөвөрлөх гэж байгаа талаар мэдсэн. Бид нар ууланд очсоны дараа Д.Э, П.С нар нь түүж бэлтгэсэн самраа авчирна гэж хэлээд яваад өгсөн. Нөгөө хоёр хүн түүчихсэн байсан самар дээрээ нэмж хэдэн шуудайг түүж цайруулаад нийт 7 шуудай самар бэлдээд машинд ачуулсан. Тэгээд тэр оройноо буцах гэсэн боловч тэнгэр муудаад бороо орж шавар шалбааг ихтэй болсон. Бид нар уулнаас буух гэсээр байтал шөнийн 03 цаг болж байсан. Зам руу нийлээд постон дээр очтол Богдхан уулын дархан цаазат газрын байгаль хамгаалагч нар машинд тээвэрлэж явж байсан самрыг шалгаад бид нарыг саатуулчихсан. Д.Э, П.С нар нь өмнө нь түүж бэлтгэсэн самар дээрээ нэмж самар түүж цайруулж нийт 7 шуудай самар бэлтгэсэн, харин Өлзийжаргалын тухайд самрыг нь машинаараа зөөвөрлөсөн. Миний тухайд ямар нэгэн самар түүсэн асуудал байхгүй уушгины астамтай учир ойр ойрхон агаарт гарж байхгүй бол болдоггүй учраас салхилж явсан” /1хх 125-127/,

шинжээч Г.Ариунтуяагийн өгсөн "MNS5786:2007, MNS5364:2004 стандартын дагуу хадгалагдаагүй тухайн самар нь граж дотор машинд байсан нь самрын жин болон чанарт өөрчлөлт орох боломжтой. Чанар гэдэгт хөгцөрч муудах, хөлдөх, хатах зэргүүд хамаардаг. Эдгээр хүчин зүйлээс хамаараад жинд өөрчлөлт ордог. Мөн самрыг жинлэхдээ стандарт хэмжилзүйн газраас баталгаажсан цахилгаан жин дээр жинлэх ёстой байдаг. Богдхан уулын дархан цаазат газрын самрыг жинлэсэн жин болон Экологийн цагдаагийн албаны жинлэсэн жин нь 2 өөр загварын жин байна. Мөн жинг хөдөлгөөнгүй газар байршуулж жинлэхгүй бол жин өөр гарах боломжтой. Дээр мэдүүлсэнчлэн стандартын дагуу хадгалагдаагүй учраас дээрх зөрүү гарах боломжтой." /2хх 12-13/,

гэрч Г.Бын " 7938 УКУ улсын дугаартай Мицибуши Пажеро маркийн тээврийн хэрэгслийг түгжчихсэн түлхүүр нь С.Хонгорзулд байсан. Машин дотор 7 шуудай дүүрэн, 1 тал шуудайтай нийт 8 шуудай цайруулсан самар байсныг бид нар граж дотор байсан байгууллагын жингээр жинлэж үзэхэд нийт 397.4 кг болж байсан. Бид нар шуудайн дээр нь тоо ширхэг болон жинг нь палмастраар бичсэн. Экологи эдийн засгийн шинжилгээний дүгнэлтээ маргааш нь буюу 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан. Би дүгнэлт гаргахдаа үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдлаа тусгаж бичсэн. Харин жингээ бичихдээ техникийн алдаа гаргаад зөрүүлээд биччихсэн байна лээ. Одоо тухайн дүгнэлтээ засаад дүгнэлтээ гаргасан байгаа" /2хх 29-30/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 3019 дүгээр "1. Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour-ын цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр. Сибирь нарс (Хуш)- Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"-д орсон ургамал. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (Хуш)- Pinus sibirica Du Tour-ийн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Сибирь нарс (Хуш)- Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал болохыг тогтоох боломжгүй Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь                   20-24.3%-тай байх тул нойтон байна. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд чанар, жинд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг тогтоох боломжгүй.                          MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд жин, хэмжээнд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг тогтоох боломжгүй. Экологи-эдийн засгийн үнэлгээ 37.878.700 төгрөг, байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр 189.393.500 төгрөг байна"  /1хх 107-109/,

"Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Н24-11 дүгээр "Мицубиши Пажеро автомашин 3.956.750 төгрөг", "383 кг самар 3.830.000 төгрөгөөр үнэлэв" /1хх 209-219/ гэх тайлан зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүгдэгч Д.Э, П.С, нарыг “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.Өыг “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Золжаргал “П.Сүрэнхорол, Д.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ял шийтгэлийг тэнсэн харгалзаж, хохирол төлбөрийг зах зээлийн үнэлгээгээр тооцож хөнгөрүүлж, Г.Өд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Монгол Улсын Их Хурлаас 1995 оны 03 дугаар сарын 30-ны өдөр баталсан Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зөв, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулсан суурь хууль бөгөөд уг хуулиар байгаль орчинд хамаарах объектуудыг газар, ус, агаар, ургамал, амьтан гэх зэргээр төрөлжүүлэн салбарын хуулиар нарийвчлан зохицуулсан байна.

Тухайлбал, Байгалийн ургамлын тухай хуулиар ой болон таримал ургамлаас бусад ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулсан байх бөгөөд хуулийн 3 дугаар зүйлийн 2-т зааснаар ургамлын нөөц, нөхөн сэргэх чадварыг харгалзан нэн ховор, ховор, элбэг ургамал гэж ангилан, ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг хамааруулж, энэ төрөлд багтах ургамлын жагсаалтыг Засгийн газар батлахаар хуульчилжээ.

Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаар тогтоолоор Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/-ийг ховор ургамлын жагсаалтад оруулсан тул энэ төрлийн мод, түүний үр, идээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлээр хамгаалсан байна.

Самар нь Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар ойн дагалт баялагт тооцогдох бөгөөд хуулийн 38 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тодорхой төлбөртэйгөөр, тухайн ойн анги, эсхүл байгаль хамгаалагчаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах журмыг тогтоосны зэрэгцээ тухайн зүйлийн 38.5-д “Хушны самрын дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд аль ч зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө” гэж хуш модны самрын ашиглалтын талаар тухайлан заасан нь байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах, жам ёсоор нөхөн сэргээгдэх шинж чанарыг хадгалах зорилгыг илэрхийлж буйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч нар нь худалдан борлуулах зорилгоор, зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох сибирь хуш модны самрыг түүж, тээвэрлэсэн үйлдэл нь дээрх зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.  

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын тухайд сибирь хушны самар нь ховор ургамалд тооцогдохын зэрэгцээ ойн дагалт баялагт хамаарч байх тул анхан шатны шүүх ойн санд хохирол учруулсан гэж үзэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасныг баримтлан ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн дүнгээр хор уршгийг тооцож, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжид нэн ховор, эсхүл ховор ургамал болон тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бүхий л үйлдлийг хамааруулсан билээ.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ялын онцгой төрөл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Сд Налайх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр, Д.Э, Г.Өнарыг Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна. 

Харин шийтгэх тогтоолд шүүгдэгч нараас хохирол гаргуулахдаа үндэслэх хэсэгт П.С, Д.Э нараас гэж, тогтоох хэсэгт хуулийн заалтаа самрын экүлоги эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлснээр гаргуулахаар зөв баримталсан боловч хохирлын дүн дээр 5 дахин гаргуулахаар буруу бичсэн байдлуудыг тус тус залруулж, шийтгэх тогтоолын 8 дахь заалтад шүүгдэгч П.С, Д.Э, Г.Өнараас тус бүр 94.696.750 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, Уур амьсгалын санд олгосугай гэснийг зөвтгөж П.С, Д.Э нараас нийт 113.636.100 /37.878.700х3/ төгрөгийг хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 56.818.050 төгрөгийг гаргуулж гэж, Г.Өын нэрийг хассан өөрчлөлтийг оруулав.  

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Золжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын  15-ны өдрийн 2025/ШЦТ/1040 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 8 дахь заалтын “... шүүгдэгч П.С, Д.Э, Г.Өнараас тус бүр 94.696.750 төгрөгийг гаргуулж ... ” гэснийг

“... шүүгдэгч П.С, Д.Э нараас нийт 113.636.100 төгрөг буюу тус бүрээс 56.818.050 төгрөгийг гаргуулж ...” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Золжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ,

                     ШҮҮГЧ                                                   Б.АРИУНХИШИГ

 

                     ШҮҮГЧ                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                     ШҮҮГЧ                                                   Ц.МӨНХТУЛГА