Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/ма2018/00825

 

 

 

 

 

 

 

 

 

Экоскүүл гарден ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00198 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Экоскүүл гарден ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Эрдэнэбат, Ж.Бямбажав нарт холбогдох

 

Сургалтын төлбөр 22 563 739,35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Эрхэмбаатар, Б.Оргилбаяр

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Билгүүн

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Мөнхдаваа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч Ж.Эрхэмбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Экоскүүл гарден ХХК нь ерөнхий боловсрол олгох үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ хүрээндээ Их Британи Умард Нидерландын нэгдсэн Вант улсын суурь боловсролын стандартыг Монгол Улсад нэвтрүүлээд 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж, 6 дахь улиралдаа хүүхдүүдийг авч сургаж байна. Энэ стандартыг бид өөртөө авч Монгол Улсад дэлхийн хэмжээний боловсролыг олгох үйл ажиллагааг эрхлэхийн тулд 3-4 жилийн цаг хугацаагаа зарцуулсан. Энэ хугацаанд бид Их Британи Умард Нидерландын нэгдсэн Вант улсын боловсролын стандарт байгууллагаас тавигдсан бүхий л шаардлагыг хангаж, энэ сертификат зөвшөөрлийг авсан байгаа. Мөн Монгол Улсад суурь боловсрол эзэмших, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг холбогдох дүрэм журамд заасан шаардлагыг хангаснаар Боловсролын яамнаас тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа. Хариуцагч Б.Эрдэнэбат, Ж.Бямбажав нартай 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээгээр тэдний хүүхэд болох Э.Бат-Идэр, Э.Батгий нарт боловсрол олгох үүргийг манай сургууль хүлээж, эцэг эх нь тухайн жилийн сургалтын урьдчилгаанд тогтоосон тарифын дагуу төлбөр төлөх үүрэг хүлээсэн. 2014 оноос хойш 2015-2016 оны хичээлийн жилд Э.Бат-Идэр, Э.Батгий нар суралцаж байсан. 2017 оны 3 сард тэдгээрийг сургуульд явуулахгүй гэсэн шийдвэрийг эцэг, эх нь гаргасан. Хариуцагч нараас гаргаж байгаа тайлбараар үр хүүхдийг нь хулгайч гэж дуудаад, гэмт хэрэгт тооцож, нэр төрийг гутаасан, залхаан цээрлүүлсэн зүйл огт болоогүй. 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр илтгэх хуудас гэх материалыг хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн. Илтгэх хуудсыг шүүх дээр Б.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй хэрэг хянан хэлэлцэж байхад танилцсан. Илтгэх хуудас нь захиргааны байгууллагын дотоод актад байж боломжгүй нэр томьёог хэрэглэсэн, өөрт байхгүй эрхээ эдэлсэн, гэмт хэрэг илрүүлээд нэр төрийг гутаасан гэж үзэж гүтгээд байгаа зэрэг нөхцөл нь илтгэх хуудаснаас харагдаж байна. Сургуулийн хувьд эцэг эхчүүдээс нэг анги тутамдаа 10-15 мянган долларын төлбөр авдаг, мөн манай сургуулийн 99 хувь нь Их Британи Умард Нидерландын нэгдсэн вант Улсын иргэд байдаг. Бид энэ салбартаа цаашдаа олон жил үйл ажиллагаа явуулах учраас сургуулийн нэр хүнд, сурагчидтай харилцах харилцаанд маш анхааралтай хандах, олон давхар хяналт шалгалт явагддаг. Тухайн үед болсон асуудлыг дотооддоо авч хэлэлцэхэд зөвшөөрөлгүйгээр авсан учраас бид ийм шийдвэр гаргасан. Тиймээс анги хамт олноос уучлалт гуйлгасан гэдэг тайлбар хэлдэг. Бид багш нараа зөвтгөж байгаа. Хулгай хийсэн тохиолдолд дотоод журамд зааснаар сургуулиас шууд хөөх санкцитай байгаа. Байгууллагын дотоод журамтай Б.Эрдэнэбат, Ж.Бямбажав нар танилцаад, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа. Бид харин ч хүүхдүүдийн ирээдүйг бодоод сургуульдаа үргэлжлүүлэн суралцах боломжоор хангахад нээлттэй байсан. Гэвч өөрсдөө татгалзсан. Бидний байгуулсан гэрээгээр нийт сургалтын 2/3-оос дээш суралцсан бол жилийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй, явцын дунд гэрээ цуцлагдах асуудал байгаа. Үүнийг тухайн үед тохирч гэрээ хийгээд шийдвэрлээд явдаг. Гэтэл энэ тохиолдолд сургалт 3 сар хүртэл буюу сургалтын жилээс 2 сарын өмнө гэрээ цуцалъя гэсэн асуудал тавьсан учраас нэгт сургалтын төлбөрийг буцаан олгохгүй, хоёрт үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсан. Хоёр хүүхдийн 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр нийлээд 9 565 ам.долларын үлдэгдэл байгаа. Үүнийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн валютын ханшаар хөрвүүлэхэд 22 563 739,35 мөнгө болж байгаа тул хариуцагч Б.Эрдэнэбатаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүн шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан цаг хугацаа буюу 2017 онд Э.Бат-Идэр, Э.Батгий нар нь Бритиш сургуульд 2 дугаар улиралд суралцаагүй, өөр сургуульд суралцсан. Суралцахаа больсон шалтгаан нь Бритиш сургуулийн багш Петр Нортон гэгч этгээд нь Э.Батгийг хулгайч хэмээн дуудаж, хараан загнаж, сургуулийн бүх ангиудаар чирж, энэ хулгайч хэмээн гүтгэн хүүхдийн эрхэд ноцтойгоор халдсан байдаг. Ийм увайгүй үйлдлээс болж Э.Батгий, түүний ихэр Э.Бат-Идэр нарын сэтгэл санаанд өөрчлөлт орж айсан, эмээсэн, ичсэн сэтгэл зүйтэй болж, сургуульд үргэлжлүүлэн суралцах ямар ч боломжгүй болсон. Түүнчлэн сургуулийн хүүхдүүдээс хулгайч хэмээн гоочилж шоглосны улмаас суралцах хүсэлгүй болж, сэтгэл санааны хохирол амссан байдаг. Энэ талаар Хан-Уул дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс илтгэх хуудсаар дүгнэж дээрх Э.Бат-Идэр, Э.Батгий нарт мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө авахуулах шаардлагатай, Бритиш сургуулийн захиргаанд шаардлага хүргүүлж, арга хэмжээ авах болохыг мэдэгдсэн байдаг. Иймд Бритиш сургуульд Э.Бат-Идэр, Э.Батгий нь нэхэмжлэлд дурдсан хугацаанд суралцаагүй, өөр сургуульд суралцсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.6-д зааснаар Б.Эрдэнэбатаас 5 912 ам.доллар буюу 14 295 216 төгрөг гаргуулж Экоскүүл гарден ХХК-д олгож, нэхэмжлэлийн шардлагаас үлдэх 3 653 ам.доллар буюу 8 268 523.35 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Эрдэнэбатаас 229 426 төгрөг гаргуулж Экоскүүл гарден ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сурагчдын суралцаж байсан түвшин буюу 4 дүгээр ангийн сургалтын төлбөр нь 14 970 ам.доллар байсан нь Экоскүүл Гарден ХХК-ийн захирлын баталсан 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн хэмжээгээр нотлогддог. Үүнээс сурагч Э.Батгийгийн 1 дүгээр улирлын сургалтын төлбөр болох 6 025.85 ам.доллар, сурагч Э.Бат-Идэрийн 1 дүгээр улирлын сургалтын төлбөр болох 6 343 ам.долларыг тус бүр төлж барагдуулсан. Эндээс үзвэл сурагч Э.Батгийгийн сургалтын төлбөрийн үлдэгдэл нь 8 944.15 ам.доллар, сурагч Э.Бат-Идэрийн сургалтын төлбөрийн үлдэгдэл нь 8 627 ам.доллар тус тус байна. Хэргийн материалд хавсаргасан Сургууль эцэг, эхтэй байгуулах гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу сурагчийг өөр сургуульд шилжүүлэх, сургуулиас гаргах тохиолдолд нэг бүтэн улирлын өмнө бичгээр мэдэгдэх, энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд хичээлийн бүтэн улирлын төлбөрийг бүтнээр төлөхөөр заасан байдаг. Ийнхүү бүтэн улирлын төлбөр төлдөг нь сургууль тухайн сурагчийн дараа улирлын сургалтын материал, хэрэглэл, багшийн цалин зэргийг төсөвлөсөн байдагтай холбоотой юм. Сурагч Э.Бат-Идэр, Э.Батгий нар нь 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр сургуулиас гарсан байдаг бөгөөд ийнхүү гарахдаа Сургууль эцэг, эхтэй байгуулах гэрээний 5 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй юм. Иймд гэрээнд заасны дагуу дараа улирлын хичээлийн төлбөрийг шаардах эрх манай байгууллагад үүссэн юм. Гэвч бид сурагчдын эрх, ашгийн үүднээс дараа улирлын төлбөрөөс, татгалзаж зөвхөн сурагчдын хичээлд хамрагдсан хичээлийн жилийн 2 дугаар улирлын сургалтын төлбөр болох сурагч Э.Батгийгийн 4 660 ам.доллар, сурагч Э.Батгийгийн 4 905 ам.доллар, нийт 9 565 ам долларыг нэхэмжилсэн болно.

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа, тус гэрээгээр хүлээсэн талуудын эрх, үүрэг зэргийг үнэн зөв дүгнэсэн боловч хариуцагч Б.Эрдэнэбатаас гаргуулах мөнгөн дүнг тодорхойлохдоо тооцооллыг илт үндэслэлгүй хийжээ. Шүүх нь сургуулийн хичээлийн жилийн 1 дүгээр улирлын хичээлийн 68 хоногийг хасч 110 хоногийн хичээлд хамрагдах ёстой хэмээн дүгнэсэн атлаа, сурагчдын төлбөрийг тооцохдоо нийт төлбөрийн үлдэгдэл болох 17 571.15 (8 627+8 944.15) ам.доллараас бус зөвхөн 2 дугаар улирлын төлбөр болох 9 565 ам.доллараас тооцсон байна. Бид сурагчдын эрх, ашгийг бодох үүднээс нийт төлбөрийн үлдэгдэл болох 17 571.15 ам.долларыг бус, сурагчдын суралцсан хугацааны төлбөр болох 9 565 ам.долларыг нэхэмжилсэн атал шүүх ийнхүү үндэслэлгүй тооцоолол хийж нэхэмжлэлийн үнийн дүнгээс 8 268 523.35 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Иймд шийдвэрийг өөрчилж, хэрэгсэхгүй болгосон 8 268 523.35 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-д энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах эрхтэй болохыг хэргийн оролцогчдод олгосон байдаг. Хуульд заасан дээрх эрхээ эдлэж, энэ хэрэг маргаанд хариуцагчийн хуваарь оролцож байгаагийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т "...хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал...". 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргасан боловч шүүгч, 92.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, шүүгч зөвлөлдөхгүйгээр татгалзлыг хүлээн авах боломжгүй, татгалзах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүлийн 92.6 дахь хэсэгт заасныг илтэд зөрчиж, хэргийг хэлэлцэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хууль бус хурлыг хийсэн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан эхний үндэслэл нь Э.Бат-Идэр, Э.Батгий нарыг 2014-2017 онд Бритиш сургуульд суралцсан нь нэхэмжлэгчээс гаргасан нэг талын нотлох баримт тодорхойлолт, 2014 оны 10 дугаар сарын 08-ны Сургууль эцэг, эхтэй байгуулсан хугацаанд дууссан гэрээ, бүртгэлийн маягтыг үндэслэн суралцсан болохыг тодорхойлсон байгаа нь бодит нөхцөл байдлыг тогтооход нотлох баримтын шаардлага хангахгүй баримтанд тулгуурлан шийдвэр гаргасан нь тодорхой байдаг. Мөн Э.Бат-Идэр, Э.Батгий нарыг 2014-2017 онд суралцсан талаар талууд маргаагүй гэж дүгнэсэн нь хэргийн оролцогч болох хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцуулаагүй атлаа маргаан үүсгээгүй болгож дүгнээд байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасангүй.

Э.Бат-Идэр, Э.Батгий нарын сургалтын төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлөх ёстой байсныг төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон гэж дүгнэсэн. Э.Бат-Идэр, Э.Батгий нарыг 2017 онд суралцаагүй болохыг, яагаад суралцах боломжоор хангаагүй болохыг шүүх тогтоогоогүй атлаа, сургалтын төлбөр төлөх ёстой гэж үзсэн.

Эко скүүл гарден ХХК, түүний Бритиш сургуулийн хууль бус үйл ажиллагаануудын улмаас Э.Бат-Идэр, Э.Батгий нар тус сургуульд суралцах ямар ч боломжгүй болж улмаар 2017 онд суралцаагүй. Хариуцагчийн зүгээс Э.Бат-Идэр, Э.Батгий нарыг Бритиш сургууль суралцах боломжгүй нөхцөл байдалд хүргэж сургуулиас гарсан асуудлыг шүүх анхаарч авч үзэлгүй, хүүхдийн эрхийг хүндэтгэн хүлээж авалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна .

Нэхэмжлэгч Экоскүүл гарден ХХК нь хариуцагч Б.Эрдэнэбат, Ж.Бямбажав нарт холбогдуулан сургалтын төлбөрт 22 563 739 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас Х.Батжаргал, Петр Нортон нарыг гэрчээр асуулгах, шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх, хэрэгт ач холбогдол бүхий болох нь тогтоогдохгүй гэж дүгнэн хангахаас татгалзсан нь үндэслэлгүй болжээ. Гэрээг цуцлах үндэслэлд эдгээр гэрчийн мэдүүлэг ач холбогдолтой байж болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

Мөн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШЗ2018/00473 дугаар шүүгчийн захирамжаар Экоскүүл гарден ХХК-ийн Бритиш сургуулийн дотоод дүрэм, журмыг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн байна. /хх 85/ Дээрх захирамжийн дагуу нэхэмжлэгч Экоскүүл гарден ХХК-иас шүүхэд ирүүлсэн Эцэг эх, сурагчийн гарын авлага баримт нь тус сургуулийн дотоод дүрэм, журам мөн эсэх нь эргэлзээтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй хуулбар хувь болон нэхэмжлэгч өөрийн байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан баримт байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хэргийн материалтай танилцуулан гарын үсэг зуруулсан, түүнээс хойш хэрэгт авагдсан нотлох баримтуудыг танилцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх зэрэг хэргийн оролцогчийн эрхийг хангасан гэж үзэхээргүй байна.

 

Энэ нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй.

 

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг зөвтгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00198 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Экоскүүл гарден ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147 250 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүний давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 770 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН