Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 225/МА2018/00016

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 225/МА2018/00016

 

 

Ш.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Н.Баярхүү, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч Ш.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ., хариуцагчийн өмгөөлөгч Т.Ууганбаяр хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 965 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ш.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хөвсгөл аймгийн МСҮТөвийн ерөнхий нягтлан бодогчоор 2015 оны 07 сарын 22-ны өдөр томилогдон 2018 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Гэтэл дарга Н.Баатар-Очир 2018 оны 03 сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай ажлаас чөлөөлөх тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. Би энэхүү тушаалыг үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Учир нь манай байгууллага дээр аудитын хөндлөнгийн дүгнэлт хийх үед манай байгууллагын санхүүгийн байдалд зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргасан. Мөн зарим нэг зөрчил, алдаа гарсан нь ноцтой биш гэж үзэн зөвлөмж өгч залруулга хийсэн.

Иймд Ш.******* намайг Хөвсгөл аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Баатар-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.******* нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заагдсан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн нь байгууллагын дотоод хяналтын нэгжийн зөвлөмжийг хугацаанд нь хэрэгжүүлээгүй, Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газраас тус сургуулийн 2017 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар хязгаарлалттай дүгнэлт авч эрх бүхий байгууллагын албан шаардлагын хүрээнд тогтоогдсон тул хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн байдаг.

Иймд Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2018 оны 03 сарын 01-ний өдрийн тушаал нь иргэн Ш.*******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам болон холбогдох хууль тогтоомжид нийцсэн шийдвэр гэж үзэж байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 5 д сарын 18-ны өдрийн 965 дугаар шийдвэр өдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.*******г Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоо, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.176.900 /хоёр сая нэг зуун далан зургаан мянга есөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******д олго, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.*******д олгосон ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 2.176.900 /хоёр сая нэг зуун далан зургаан мянга есөн зуу/ төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд даалга, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс улсын тэмдэгтийн хураамж 119.980 /нэг зуун арван есөн мянга есөн зуун ная/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруул .

Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв : Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй, хуулийг буруу хэрэглэсэн. ...Төрийн аудитаар илэрсэн зөрчлүүд үйл явдал, цаг хугацааны хувьд өөр бөгөөд шүүхээс зөрчлүүдийг тал бүрээс нь үнэлж тогтоогоогүй байна. Шүүхээс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 тоот тушаалд дурдагдсан 2017 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар Хязгаарлалттай дүгнэлт авсан зөрчлийг 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн тушаалын агуулгатай ижил (Үг өгүүлбэрийн хувьд) гэсэн үндэслэлээр зөвхөн тушаалд дурдагдсан үг, өгүүлбэрийн хүрээнд авч үзэн дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй гэх үндэслэлтэй байна.

... Нөгөө талаар 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримтын талаар Захирлын дэргэдэх зөвлөлийн 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэлд хөндлөнгийн хяналт шалгалт болох Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд 2017.03.13-наас 2017.04.15-ны хооронд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлүүдэд өгсөн зөвлөмж, мөн аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2016 оны хувьсах зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлд 2017 оны 4-р сард хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлүүдэд өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй тул сахилгын шийтгэл ногдуулсан талаар тусгагдсаныг үнэлээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ., мөн хуулийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэсэн заалтыг хангаж шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Шүүх хуулийг буруу хэрэглэсэн тухайд

Шүүхээс ...ажилтан гаргасан зөрчилдөө шийтгэл хүлээсэн атал тухайн үндэслэлээр дахин ажлаас халах нь Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3- т заасантай нийцэхгүй байна гэжээ. Сахилгын зөрчил бол хөдөлмөрийн эрх зүйн баримт бичгийн хүрээнд бий болгосон хэм хэмжээг ажилтны зүгээс зөрчиж буй үйлдлийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, зөрчил бол үйлдэл. Ажилтны зүгээс ажил олгогчийн тогтоосон хэм хэмжээг зөрчиж байгаа үйлдэл юм. Харин сахилгын шийтгэл нь тухайн зөрчилд тохирсон байсан бөгөөд нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрийг давхардуулаагүй юм.

... Харин 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б\12 дугаартай Ш.*******г ажлаас халах тухай захирлын тушаалын хувьд өмнөх тушаалын дагуу өгсөн зөвлөмж, үүрэг даалгаврыг цаг хугацаандаа хэрэгжүүлээгүйгээс гадна Төрийн аудитын газраас 2017 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар илэрсэн зөрчил агуулгын хувьд өөр юм. Иймд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байдаг. ...Шүүх тусад нь ялгалгүй сахилгын шийтгэлийн хэлбэрийг давхардуулан авсан гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

... Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн, шийдвэр нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ш.******* нь Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ш.*******г хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлжээ.

Анхан шатны шүүх ...нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрийг давхардуулан ногдуулсан гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Ш. нь тус төвийн захирлын 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар сануулах шийтгэлээр /хх-ийн 134 дүгээр хуудас/ шийтгүүлж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 2017 оны санхүүгийн тайландаа хязгаарлалттай санал дүгнэлт /хх-ийн 18, 29-36 дугаар хуудас/ авчээ.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017 оны санхүүгийн тайланд Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газар аудит, 2017 оны 2,3 дугаар улирлын үйл ажиллагаанд дотоод хяналт тус тус хийж, холбогдох хууль, тогтоомж зөрчсөн зөрчил гаргасныг тогтоожээ.

Хариуцагч 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт хийж, гаргасан зөрчилд нь 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлаж байх боловч энэ байдлаа баримтаар нотлоогүй, 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт хийсэн гэх дүгнэлт, зөвлөмж хэрэгт авагдаагүй байна.

Харин хэрэгт захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл авагдсан байх ба уг тэмдэглэлд 2017 оны 2, 3 дугаар улирлын санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт хийсэн талаар тусгажээ /хх-ийн 93-119 дүгээр хуудас/.

Дээрх байдал нь хариуцагч нь нэхэмжлэгчийн 2017 онд гаргасан сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Түүнчлэн тус төвийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дүн мэдээг 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцсэнээс хойш дахин дотоод хяналт хийсэн эсэх нь тодорхойгүй, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул урд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон байгууллагын дотоод хяналтын нэгжийн дүгнэлтээр Хангалтгүй үнэлэгдсэн, өгөгдсөн зөвлөмжийг хугацаанд нь хэрэгжүүлээгүй гэх байдлыг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаар тушаалд тусгаж, ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосныг Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн ...нотлох баримтыг тал бүрээс үнэлээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд төсвийн байгууллага хариуцагчаар оролцож гомдол гаргах нь дээрх заалтад хамаарах тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 д сарын 18-ны өдрийн 965 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 Т.ГАНБАТ

ШҮҮГЧИД                                 Б.СОСОРБАРАМ

Н.БАЯРХҮҮ