Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2017/0512/З |
Дугаар | 221/МА2018/0176 |
Огноо | 2018-03-15 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2018/0176
2018 оны 03 сарын 15 өдөр | Дугаар 221/МА2018/0176 | Улаанбаатар хот |
“Б” ХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагч Л.Н, хариуцагч Р.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0906 дугаар шийдвэртэй, “Б” ХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н, Р.Д нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0906 дугаар шийдвэрээр: “...Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг тус тус үндэслэн Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н, Р.Д нарт холбогдох “Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н, Р.Д нарын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 210022518 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий “Б” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Б” ХК-ийн захирал Ш.Э давж заалдах гомдолдоо: “...Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанд Улсын төсвийн хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н-г оролцуулан 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хийсэн ба ингэхдээ гомдол гаргагч тал буюу “Б” ХК-д мэдэгдээгүй, бид гомдлоо дэмжиж зөвлөлийн хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байсан энэ эрхийг минь хангаагүй, улсын байцаагчийн актыг хэвээр баталсан шийдвэр гаргасан байдаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар тогтоол, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д, Л.Н нарын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 210022518 дугаар актыг Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтуудад нийцсэн гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Үндэсний татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч О.Б, Л.М нар “Б” ХК-ийн 2010, 2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, гэрээ хэлцэл, хөндлөнгийн мэдээлэл зэрэг холбогдох баримт материалд үндэслэн хяналт шалгалт хийж, нэр бүхий 9 компаниас бараа, ажил, үйлчилгээ худалдан аваагүй, төлбөр төлөөгүй атлаа худалдан авсан мэтээр тус компаниудын нэр, тамга бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг хуурамчаар бичүүлэн авч албан татвар ногдуулах орлогыг буруулж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэх нийт 26.375.114,3 мянган төгрөгийн зөрчилд 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 980047 дугаар дүгнэлт бичиж, цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэжээ.
Дээрх үндэслэлээр эрх бүхий этгээдээс 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус компанид эрүүгийн хэрэг үүсгэн шалган, Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаартай прокурорын тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсгийг баримтлан 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч 749.842.160 төгрөгийн нөхөн төлбөрөөс маргаан бүхий акт гарахаас өмнө 434.000.000 төгрөгийг төлсөн ба 315.842.160 төгрөгийн татварын өртэй бөгөөд энэ талаар талууд маргаагүй.
Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н, Р.Д нар 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 210022518 дугаар актаар “Б” ХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хийж, “Б” ХК нь “Валверус” ХХК, “Сэлэнгийн төгөл” ХХК, “Ий Би Си” ХХК, “Херагрупп” ХХК, “Юу Эм Жи” ХХК, “Пластиккапитал” ХХК, “Медиазон” ХХК, “ХИД” ХХК-иудын хий бичилт бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг авч татварт тайлагнан татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэн 7,498,421,600 төгрөгийн зөрчилд 749,842.160 төгрөгийн нөхөн татвар ногдуулжээ.
Уг актыг нэхэмжлэгч эс зөвшөөрч “Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н, Р.Д нарын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 210022518 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь татварын улсын байцаагч нарын 2012 оны 980047 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч улсад учруулсан хохирол болох 434.000.000 төгрөгийн нөхөн татварыг төлсөн ба эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь татварын улсын байцаагчийн дээрх дүгнэлтийг хүчингүй болгосон гэж үзэхгүй бөгөөд үлдэгдэл 315.842.160 төгрөгийн нөхөн татварыг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй тул маргаан бүхий акт бүхэлдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 434.000.000 төгрөгийн нөхөн татварыг төлсөн байхад маргаан бүхий актаар дахин төлүүлэхээр шийдвэрлэсэн нь нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэсэн гэж үзэх тул анхан шатны шүүх “...маргаан бүхий актыг нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй” хэмээн дүгнэсэн нь буруу юм.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...Татварын маргаан таслах зөвлөл 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хуралдахдаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй, гомдлоо дэмжиж шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй...” хэмээн дурдсан бөгөөд Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.3-т заасны дагуу “Б” ХК нь хариуцагч нарын актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргажээ.
Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолыг гаргахдаа нэхэмжлэгчийг оролцуулаагүй гэх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй тул дээрх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н, Р.Д нар 2016 оны 210022518 дугаар актыг бичихдээ дүгнэлт гаргах үндэслэл болсон баримтуудад тулгуурлан нэхэмжлэгчийн татвараас зайлсхийсэн орлогод нь ногдох татварыг тодорхойлж нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ч 7,498,421,600 төгрөгийн зөрчилд ногдох 749,842.160 төгрөгийн нөхөн татварыг бүхэлд нь төлүүлэхээр шийдвэрлэсэн /төлсөн 434.000.000 төгрөгийн нөхөн татварыг хамруулан/ нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, актын төлбөрийн дүнг багасгасан өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА