Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 043

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза би Алтанцөгц сумын 1 дүгээр багийн оршин суугч Ш.Шагдарын нэхэмжлэлтэй, Алтанцөгц сумын Засаг даргад холбогдох Алтанцөгц сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 75 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01 тоот тогтоолоор тус Алтанцөгц сумын сонгуулийн салбар хорооны даргаар томилогдон ажиллаж байгаа билээ. Гэтэл тус сумын Засаг дарга М.Нурахмет нь Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг зөрчиж, тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай Ш.Шагдар намайг үндсэн ажлаас чөлөөлсөн тухай 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 75 тоот захирамж гаргажээ. Аймгийн сонгуулийн хороо болон Засаг даргаас сумын Засаг дарга М. Нурахметед удаа дараа мэдэгдэл, шаардлага хүргүүлж, сонгуулийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангаж, хууль бус захирамжийг хүчингүй болгуулахыг шаардсан боловч үүнийг үл ойшоон ид шатанд ороод байсан сонгуулийн ажилд саад учруулсаар байна. Уг захирамж гарсан хойно сумын хэмжээний бүх нэр дэвшигчдийн үнэмлэх миний гарын үсэгтэй тараагдаж, сонгуулийн хэсгүүдийг тус салбар хорооны тогтоолоор байгуулан ажиллаж байна. Одоогоор аймгийн сонгуулийн хорооны 01 тоот тогтоол хэвээрээ байгаа бөгөөд сумын Засаг даргын энэхүү хууль бус ажиллагааны улмаас цаашид нэр дэвшигчид болон нам эвслүүдийн хооронд маргаан үүсч, сумын иргэдийн төлөөлөгч сонгох сонгуулийн үйл ажиллагаа бүхэлд нь хүчингүй болж үргүй зардал, чирэгдэл гарах магадлал өндөр байна. Иймд Алтанцөгц сумын Засаг дарга М.Нурахметийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 75 тоот захирамжийг яаралтай хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ:

Нэхэмжлэгч миний бие Ш.Шагдар нь захиргааны хэргийн шүүхэд дараах хүсэлтийг гаргаж байна. Миний нэхэмжлэлтэй Захиргааны хэргийн хариуцагч болох Алтанцөгц сумын Засаг дарга С.Бекет нь надад хариуцлага тооцох тухай Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 75 дугаар захирамжийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 88 дугаар захирамжаар хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд уг нэхэмжлэлээр дахин маргаан гаргахгүй, давж заалдах эрхгүй гэдгийг ойлгож байна гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэгч Ш.Шагдарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Алтанцөгц сумын Засаг дарга М.Нурахметийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 75 тоот захирамжийг хүчингүй болгосон тухай сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 88 дугаар захирамжийг хүргүүлэв. Хүлээн авч танилцана уу гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч болох Алтанцөгц сумын Засаг даргаас маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, энэ талаарх шийдвэр болох сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 88 дугаартай Захирамж хүчингүй болгох тухай захирамжийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр нэхэмжлэгч Ш.Шагдар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа бичгээр илэрхийлж хүсэлт гаргасан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.Шагдар нь Алтанцөгц сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 75 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111,1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Шагдар нь тус шүүхэд гаргасан Алтанцөгц сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 75 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ш.Шагдарын нэхэмжлэлтэй, Алтанцөгц сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.6-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ М.РИЗА