| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2018/0133/Э |
| Дугаар | 138 |
| Огноо | 2018-08-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 138
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,
Шүүгдэгч: С.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт С.Н-д холбогдох 183500280168 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, дөрвөд ястан, 1976 оны 2 дугаар сарын 24-нд Увс аймгийн Ховд суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Ховд сумын Шивэр багт оршин суух, Х овогт С.Н. РД:
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Н нь 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Ховд сумын “Шивэр” багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
1. Шүүгдэгч С.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хохирогч Д.Б 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Ховд сумын “Шивэр” багийн нутаг дэвсгэрт бусдад зодуулсны улмаас зүүн зулай хэсгийн хуйханд язралт, зүүн сарвууны 5 дугаар хурууны угт зөөлөн эдийн гэмтэл авсан байна.
Хохирогч Д.Б-гийн: “2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Ховд сумын Шивэр багийн төвд дээр гэртээ байж байтал 18.30 цагийн үед С.Н, нөхөр А.Б-гийн хамт согтуу орж ирээд ханиадны эм асуухад нь эм өгөхөд С.Н надаас архи нэхэхээр нь би “Манайд архи байхгүй. Чи надаас байнга архи нэхдэг, гэрээс гар” гэж хэлээд гэрээс түлхээд гаргасан. С.Н гэрийн гадна над руу нулимаад намайг алуурчин гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэрнээс болоод бид хоёр маргалдаж байгаад Н над руу 1 литрийн хөнгөн цагаан бидон авч шидээд намайг үсдэж аваад хажууд байсан нохойн хоол иддэг төмөр саваар миний толгой хэсэг рүү нэг удаа цохихоор нь би “ Хүн аллаа” гэж орилоход манай нөхөр Б.С гэрээс гарч ирж салгасан. Миний толгой өвдөөд байхаар нь гараараа дарж үзэхэд цус гарч байсан. Би Ховд сумын Шивэр багийн хүний эмч ажилтай. 2015 онд С.Н-гийн 5 настай эрэгтэй хүүхэд таталт өгсөн гэсэн дуудлагаар очоод үзлэг хийгээд сумын төвөөс эмч дуудсан боловч эмч нар ирж амжаагүй байтал хүүхэд нь нас барчихсан юм. Тэрнээс болоод Н намайг алуурчин гэж хэлээд байдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 13-р тал/,
гэрч Б.С-ын: “…2018 оны 8 дугаар сарын 06-ны 18.30 цагийн үед манай гэрт С.Н, нөхөр А.Б-гийн хамт согтуу орж ирээд манай эхнэр Д.Б-гаас архи нэхэж, хэл амаар доромжлоход нь Д.Б “Чи гарч зайл. Байнга архи нэхэж байдаг ямар сонин хүн бэ?” гээд С.Нг түлхээд гаргасан. Тэгээд А.Б бид хоёр гэрт сууж байтал Д.Б “Хүн аллаа” гэж орилохоор нь гэрээс гарахад Д.Б “С.Н миний толгойг хагалчихлаа” гээд зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,
гэрч А.Б-гийн “…Би тухайн үед согтуу байсан болохоор Н Д.Б эмч хоёр юунаас болж зодолдсоныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,
гэрч Ү.З-ийн “…Гэртээ унтаж байтал гадна хүмүүс орилохоор нь гутлаа өмсөөд гартал Б.С ах, А.Б хоёр маргалдаад барьцалдчихсан байхад нь очиж салгасан. С.Н, Д.Б хоёр зодолдож байсныг манай эхнэр Моголцог очиж салгасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19р тал/,
гэрч Т.М-ийн “…2018 оны 8 дугаар сарын 06-нд гэртээ байж байтал гадна хүмүүс орилох шиг болохоор нь нөхөр Ү.З болон Ч /Г/ бид гурав гэрээс гарахад Б.С ахын гэрийн үүдэнд Д.Б эмч, С.Н хоёр нэг нэгнийхээ үснээс атгачихсан хэвтэж байсан. Хажууд нь А.Б, Б.С ах хоёр бие биенээ заамдчихсан зогсож байсан. Би гүйж очоод Д.Б эмч, С.Н хоёрыг салгахад Д.Б эмчийн толгойноос цус гарч байсан. Тэгэхээр нь би С.Н-д хандаж “Чи хөгшин хүний толгой хагалчихсан байна” гэж хэлэхэд тэр согтуу байсан болохоор миний хэлсэн үгийг тоохгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,
гэрч Б.Г-ы “...Ү.З-н гэрт ороод цай уугад сууж байтал гадна хүмүс орилох шиг болохоор нь Ү.З, Т.М бид гурав гарахад Д.Б, С.Н хоёр нэг нэгнийхээ үснээс зууралдчихсан байхад нь Т.М очиж салгахад Д.Б эмч “Миний толгойг С.Н хагалчихлаа” гэж хэлэхээр нь харахад толгойноос нь цусархаг зүйл гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,
Шүүгдэгч С.Н-гийн “Би 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Гансүхийн найранд очоод бага зэрэг архи уусан. Орой найр тарахад манай нөхөр А.Б намайг ирж аваад харих замдаа ханиадны эм авахаар Д.Б эмчийн гэрт орсон. Би Д.Б эмчид “Чи миний хүүхдэд анхны тусламж үзүүлээгүйгээс болж миний хүүхэд нас барсан” гэж хэлснээс болж бид хоёр маргалдаад Д.Б намайг “Гэрээс зайл” гэж хэлээд түлхэж гаргахдаа үснээс татахаар нь би уурандаа нохойн хоол иддэг савыг авч толгой руу нь нэг удаа цохьсон. Би үйлдсэн хэрэгтээ харамсаж байна. Би Д.Б эмчээс уучлалт гуйж эвлэрсэн” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч С.Н хохирогч Д.Б-г зодсон болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч С.Н нь хохирогч Д.Б-г зодсоны улмаас хохирогчийн бие махбодид зүүн зулай хэсгийн хуйханд язралт, зүүн сарвууны 5 дугаар хурууны угт зөөлөн эдийн гэмтлүүд үүссэн нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 546 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч С.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Н нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруу болон зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч С.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Б “Миний биед өвдөж зовиурлах зүйл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр сав /нохойн идүүр гэх/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Х овогт С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-д 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд ял хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч С.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр таваг 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Н-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ