Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/11

 

З.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.Т,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н, түүний өмгөөлөгч Ж.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нарыг оролцуулан,

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор З.Х-т холбогдох эрүүгийн 2316001010004 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оюун-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн хувийн мэдээлэл:

 

М овгийн З.Х нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ********** сумд төрсөн, *** настай, эрэгтэй, ********* боловсролтой, ************ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, ********, ********** хамт Говь-Алтай аймгийн ************ сумын *********** багийн *** -*** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ************** регистрийн дугаартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч З.Х нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Д.Э Х эхнэр Н пизда гэж хэлснээ өөрийн зөв гэх байдлаар шалтаглан маргалдаж улмаар Х гэрээс гарч Д.Э-ыг газарт унаган дээрээс нь дэвсэж, цохиж түүний биед зулай, дух хэсгийн хуйханд цус хуралт, духны баруун дээд хэсэг, зүүн дээд хэсэг, баруун далны доод хэсэг, баруун ташаан толгойн ар дээд хэсэг, баруун тохой, зүүн тохой, зүүн чихний дэлбэн, зүүн шанаанд зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

 

Шүүгдэгч М овгийн З.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х-ыг 400 (дөрвөн зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг сануулж, шүүгдэгч З.Х оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлий 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн оршуулгын зардал 31,161,551.97 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг хохирлыг тус тус хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.Х-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н-т 1,000,000 (Нэг сая) төгрөг төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж ..... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

Д.Э нь 2023 оны 05 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө хөнгөн зэргийн согтолттой байх үедээ ажлынхаа газрын З.Х зодуулж, их удалгүй 2-3 цагийн дараа нас барсан гэмт хэргийг үнэн зөв шалгаж тогтоохгүйгээр мөрдөн шалгах ажиллагаанд нөлөө орж спиртийн цочмог хордлогод орж нас барсан гэх дүгнэлтийг гаргаж, ялтан З.Х нь амь хохирогч Д.Э-д хөнгөн гэмтэл учруулсан гэж шийдвэрлэж байгаа нь үнэнд нийцэхгүй, шударга ёсонд харш шийдвэр болж хохирогч, түүний ар гэр үр хүүхдийн өнчрөл, хагацлаар тохуурхан даажигнаж байна.

Гэрч Д.Х-ын 1-р хавтаст хэргийн 140-141 дүгээр хуудаст өгсөн мэдүүлэгт “...гадаа гарч ирээд Х, Э 2 зодолдоод Х ах Э-ыг унагаад дээрээс нь цээж хэсэг рүү нь 2 удаа дэвссэн. Тэгээд Э ах газар уначихаад босож ирэхгүй байсан. Х дээрээс нь зодох гээд байсан болохоор нь Б эхнэртэйгээ, Х эхнэртэйгээ талийгаачийг гэрийн хойд талд авч очсон. Гэрийн хойд талд авч очиход миний бие өвдөөд байна гээд босож ирэхгүй байсан. ...Бид нарыг унтаж байтал Х гээд талийгаач намайг дуудаад байхаар нь яасан бэ гээд асуусан чинь цээж өвдөөд байна гар хөл бариадах гэхээр нь би гар хөлийг нь барьж өгсөн. 06 цаг өнгөрч байхад талийгаач чимээгүй болчихоор нь харсан чинь нүүр нь хөв хөх болчихсон байсан...” гэх мэдүүлэг

Гэрч Д.Х-ын дахин өгсөн 1-р хавтаст хэргийн 143-р талд өгсөн мэдүүлэг “...талийгаач миний хэвлий хэсгээр өвдөөд байна гээд баруун гар нь хөдлөхгүй хөшөөд байна гээд байхад нь би гарыг нь барьж өгсөн. ...Талийгаач Х ахтай зодолдоод салгахад багтраад байна гээд алхаж чадахгүй байсан гэх мэдүүлэг...”

Гэрч Б.Н-ын 1-р хавтаст хэргийн 145-146-р талд өгсөн мэдүүлэг “...Х буюу Э газарт хэвтэж байхаар нь үнэртэй ус үнэрлүүлэхэд сэргээд ирсэн. Х буюу Эыг манай нөхөр Х, манай хүү С, Ж гэх нэртэй хойд хашааны хүүхэдтэй хамт өргөөд гэрт оруулсан...”

Гэрч Ч.О-ийн 1-р хавтаст хэргийн 173-174 дүгээр хуудаст өгсөн мэдүүлэгт “...Х Х-г газарт унагаасан дэвсэж харагдаж байсан. Манай нөхөр Б Х-ыг салгах гэтэл түлхээд ойртуулахгүй байсан. Х би Х-г гүйцээгээдхэе гээд хоёр дахин дэвсэж харагдсан...” зэрэг гэрчийн мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Х-т зодуулснаас шалтгаалж манай нөхөр Э нь нас барсан болох нь тодорхой байхад хэргийг үнэн шударгаар шалгаж шийдвэрлэж өгсөнгүй.

Х нь талийгаачийг гүйцээчихье гээд цээжин дээр нь удаа дараа дэвсэлсэн үйлдлээс болж талийгаач ухаан алдсан, улмаар хөдөлж чадахгүй хамт байсан хүмүүс нь дамжлан гэрт оруулж улмаар нас барсан үйл баримтыг үнэлэхгүйгээр хөнгөн зэргийн согтолттой байсан бөгөөд архины цочмог хордлогод орсон гэх шинжээчийн дүгнэлтэд гадны нөлөөлөл орсон гэдгийг жирийн надаас эхлээд хууль хяналтын байгууллага, шүүхэд ажилладаг та бүхэн мэдэж байгаа байх. Хэн хүнийг алчихая, гүйцээчихэе гээд цээжин дээр нь удаа дараа дэвсэлхэд амьд үлдэх боломж байх уу. Хэрвээ энэ хэргийг мөрдсөн мөрдөгч, дүгнэлт гаргасан шинжээч, хяналт тавьсан прокурорын цээжин дээр гүйцээчихэе гээд дэвсээд байвал амьд үлдэх боломж их байх уу. З.Х-ын талийгаачийн цээж нь дээр дэвсээд байгаа үйлдэл, улмаар ухаан алдсан, гадаа зүгээр гарсан хүн гэрт өргөж дамжлуулж орж ирээд хэвтсэн газартаа нас барсан нь шалтгаант холбоогүй гэж дүгнэж шийдвэрлэж байгааг ар гэрийн хувьд шударга ёс үнэнд нийцсэн гэж хүлээж авах ёстой юу. З.Х-ыг хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэж 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байгаа нь шударга ёсонд нийцэх үү. Монгол Улсын иргэн, хүний амь нас хохирсон асуудлыг аймагтаа бөөрөнхийлөөд үлдэх боломж байх уу. Шүүх шинжилгээний дүгнэлтийг гадны нөлөөтэй замхаруулсан шинжээчээ хамгаалаад үлдэх үү. Жирийн иргэн хөгжлийн бэрхшээлтэй өрх толгойлсон 2 хүүхэдтэй эх энэ яаж ч чадахгүй гэж анхан шатны шүүх ийм шийдвэр гаргаж байгаад харамсаж давж заалдах гомдол гаргаж байгааг минь хүлээн авч З.Х хүний амь хохироосон зохих ял шийтгэлийг оногдуулж, дахин шинжээч томилон талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоож шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

4. Үйл баримтын дүгнэлт, нотлогдсон байдлын талаар:

 

4.1. Шүүгдэгч З.Х нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Д.Э Х эхнэр Н пизда гэж хэлснээ өөрийн зөв гэх байдлаар шалтаглан маргалдаж улмаар Х гэрээс гарч Д.Э-ыг газарт унаган дээрээс нь дэвсэж, цохисны улмаас хохирогч Д.Э-ы эрүүл мэндэд зулай, дух хэсгийн хуйханд цус хуралт, духны баруун дээд хэсэг, зүүн дээд хэсэг, баруун далны доод хэсэг, баруун ташаан толгойн ар дээд хэсэг, баруун тохой, зүүн тохой, зүүн чихний дэлбэн, зүүн шанаанд зулгаралт, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.  

 

5. Хэргийн үйл баримтыг нотлох баримтын талаар:

 

5.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн өглөө манай хүүгийн шүд өвдөөд байсан тул эмнэлэг дээр очиж дугаар авч эмчид үзүүлчхээд гэртээ очоод 12 цаг 30 минутын үед манай байгууллага зугаалгад явах гээд байна. Би явлаа гээд машинаа хашаанд тавьчхаад гэрээс ажлын газрын хүн болох Б гэх хүн ирээд аваад явсан. Тэр өдрийнхөө 20 цагийн үед би утас руу нь залгасан чинь бид нар одоо зуухан дээр орж ирж байна гэж хэлсэн. Би 21 цагийн үед залгаад чи ирэх болж байна уу гээд асуухад одоо очлоо гээд гэртээ ирсэн. Талийгаач гэртээ орж ирээд цай уучхаад байгууллагынхаа шилдэг ажилтан боллоо гээд цом авч ирсэн. Манай хүн гэртээ сууж байтал ажлынх нь газрын хүмүүс бололтой хэзээ ирэх гэж байна, чи гарах болж байна уу гээд залгаад байсан болохоор ажлын хүмүүстэйгээ уулзлаа, жоохон сууж байгаад ирье гэж хэлээд гараад явсан. 23 цаг 30 минутын үед нөхрийнхөө утас руу залгаад хаана явж байна гээд ярихад цаана нь хүмүүсийн дуу дуулах чимээ сонсогдож байсан. Манай нөхөр би гадаа тамхи татаж байна. Та 3 унтаж бай би удахгүй яваад очно гээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 53-54-р хуудас),

 

5.2. Гэрч Д.Х-ын 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х гэрт нь очиход Б, түүний эхнэрийн хамт Гранд караокед очсон. Бид 3-г Гранд караокед очиход тэнд Х түүний эхнэр Б, А, Д, Э, Б, түүний эхнэр Б, Б, Б-ийн эхнэр гээд хүмүүс байсан. Тэндээ 0.75 литрийн Соёрхол нэртэй архи аваад манай эгч Б-ээс бусад нь уусан. Нэмж 3 ширхэг 0.5 литрийн Соёрхол архи аваад тэрийгээ уусан. Караокеноос гараад Х гэрт алхаж очсон. Тэнд очсон чинь Х гэрээсээ ногоон шилтэй архи гаргасан бөгөөд тэр архийг ууж байтал Х, Э нар муудалцаад Х босож ирэхдээ айлын баруун дээд талын 2 ширхэг унийг татаад хугалчихсан. Би тэр айлаас Х ахыг тэврээд гарсан. Гадаа гараад ирэхэд Э гараад ирчихсэн байсан. Гадаа гарч ирээд Х, Э 2 зодолдоод Х ах Э-ыг унагаад дээрээс нь цээж хэсэг рүү нь 2 удаа дэвссэн. Тэгээд Э ах газар уначхаад босож ирэхгүй байсан. Х дээрээс нь зодох гээд байсан болохоор Б эхнэртэйгээ, Х эхнэртэйгээ талийгаачийг гэрийн хойд талд авч очсон. Гэрийн хойд талд авч очиход миний бие өвдөөд байна гээд босож ирэхгүй байсан. Х айлд агсам согтуу тавьж байгаад явсан. Би Х, А, Б, Б, Б-ийн эхнэр нарыг гаргаж өгчхөөд буцаад ирсэн чинь Э ахыг Х гэрт оруулсан байсан. Тэгээд унтаж байгаад 03 цаг өнгөрч байхад Б эгч Х ах гайгүй байна уу гээд асуухад унтаж байна гэж хэлсэн. Бид нарыг унтаж байтал Х гээд талийгаач намайг дуудаад байхаар нь яасан бэ гээд асуусан чинь миний цээж өвдөөд байна, гар хөл бариадах гэхээр нь би гар хөлийг нь барьж өгсөн. 06 цаг өнгөрч байхад талийгаач чимээгүй болчихоор нь харсан чинь нүүр нь хөв хөх болчихсон байсан. Тэгээд Х хүүгийн найз нь дуудлага дуудаад 103-ын эмч ирээд энэ хүн чинь нас барчихсан байна гэсэн. Тэгээд өчигдөр гэрч байсан бүх хүмүүсийн дугаарт залгаж дуудаад цагдаа ирсэн. Зодоон болох үед тэр гэрт байсан хүмүүс бүгд байсан. Хаалтын зугаалган дээр Х ах, Б, Д, зуухны хүмүүстэй архи уугаад байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 140-141-р хуудас),

 

5.3. Гэрч Д.Х-ын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дахин мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Талийгаач миний хэвлий хэсгээр өвдөөд байна гээд баруун гар нь хөдлөхгүй хөшөөд байна гээд байхад нь би гарыг нь барьж өгсөн. Тухайн зодоон шөнийн 02 цагийн үед болсон 5 минут үргэлжилсэн. Тухайн цаг хугацаанд дуудлага дуудах гээд залгаж байсан тэгээд тухайн талийгаачийн регистрийн дугаарыг асуухад мэдэхгүй байсан тэгэхэд 103-ийн сувилагч яасан хүн бэ гээд байх шиг байсан 103-ийн сувилагчтай Н ярьсан учир сайн мэдэхгүй байна. Яг өвдсөн цаг хугацаанд ирээгүй. Талийгаач З.Х ахтай зодолдоод салгахад багтраад байна гээд алхаж чадахгүй байсан тэгээд гэрийн ард Х, Н, бид 3 гэрийн ард авч очиж гэр налуулаад суулгасан. Сүүлд шөнийн 03 цагийн үед хашааны гадаа гарахад талийгаачийн гар цээж нь өвдөөд байна гээд алхаж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 143-р хуудас),

 

5.4. Гэрч Б.Н-ын 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 19-ний орой 20 цаг өнгөрч байхад манай нөхөр Х байгууллагын хөдөлмөрийн аварга боллоо гээд гэртээ архи уугаагүй эрүүл ирсэн. 2023 оны 05 сарын 20-нд шилжих шөнийн 01 цагийн орчим манай гэрийнхэн унтаж байхад шөнө Х руу ********** ХХК-нд хамт ажилладаг хүмүүс очлоо гээд залгасан. Тэгээд удалгүй Х, Х гэж авгайлдаг Э, Х-ын дүү Х, өөр гурван танихгүй хүмүүстэй гэрт ирсэн. Тухайн ирсэн хүмүүс бүгд согтуу байсан. Манай нөхөр Х ногоон шилтэй архи задалж тэнд байсан хүмүүс бүгд уусан. Х, Х гэж авгайлдаг Э нар хоорондоо маргалдаад гэрээс гарахад хажууд нь байсан хүмүүс дагаад гарсан. Гэрийн баруун урд талд хоорондоо зодолдоод байгаа дуу чимээ гарч байсан. Удалгүй хажууд нь байсан хүмүүс салгаад болиулж байх шиг болсон. Манай дүү С гаднаас орж ирээд Х буюу Э ах гэрийн хойно ухаан алдаад унасан байна гэхээр нь шөнийн 02 цагийн орчим 99********* дугаарын утаснаас 7048***** дугаар руу залгаад зодолдож байгаад хүн ухаан алдаад уначихлаа гээд регистрийн дугаарыг нь хэлээд өгнө үү гэж миний өмнөөс хэлэхээр нь би мэдэхгүй гэхэд үнэртэй ус үнэрлүүлээд үз гэж хэлэхээр нь гэрт байсан үнэртэй ус аваад гэрийн хашааны гадна талд гарахад Х буюу Э газарт хэвтэж байхаар нь үнэртэй ус үнэрлүүлэхэд сэргээд ирсэн. Х буюу Э-ыг манай нөхөр Х, манай хүү С, Ж гэх нэртэй хойд хашааны хүүхэдтэй хамт өргөөд гэрт оруулж ирэхэд Э бие зүгээр байна гээд хэлж байсан. Тэгээд Э манай гэрийн хойморт унтаад өгсөн. Өглөө 06 цаг өнгөрч байхад Х гэх залуу Э сонин болоод байна дуудлага дуудаад өгнө үү гэхэд манай хойд талын хашаанд байдаг Ж гэх нэртэй залуу дуудлага дуудсан. Тэр үед Э гар өвдөөд байна гээд орилоод хажууд байсан Х-г гар бариад өг гээд хэлж байснаа удалгүй Э-ы царай нь хөхрөөд унасан. Тэр үед эмнэлгийн дуудлагын эмч ирээд Э-ыг үзэхэд нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 145-146-р хуудас),

 

5.5. Гэрч Л.Х 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х юм ярьж сууж байгаад манай эхнэрт нэг юм хэлсэн, тэгсэн чинь Э тэгж болохгүй, энэ айлыг хүндлэх ёстой гээд маргалдаад эхэлсэн. Тэгж байж байгаад Х, Э нар гараад явсан. Араас нь манай гэрт байсан хүмүүс бүгд гарсан. Гэрийн гадаа Х орилоод байсан. Хэсэг байж байсан чинь манай хүү С гэрт орж ирээд Э ах ухаан алдчихлаа гэж хэлсэн. Гараад харахад Э хашааны баруун талд хэвтэж байсан. Э миний гар даагдахгүй байна гээд байсан. Талийгаачийг Б эхнэртэйгээ өргөөд гэрийн ард авч очсон. Тэгээд Х, түүний эхнэр А, Б, түүний эхнэр нар яваад өгсөн. Тэр явсан хойгуур нь С, манай хүүгийн найз, эхнэр бид нар гэрийн ард талаас өргөж, гэрийн баруун хойморт оруулж ирээд газарт гудас засаад хэвтүүлсэн. Гэрт оруулж ирээд хэвтүүлсэн чинь хурхираад унтаад өгсөн. Үүрээр ёо ёо гар гар гээд байсан. Баруун талын орон дээр сууж байсан манай хүүгийн найз энэ хүний царай сонин болоод байна гээд тэр хүүхэд 103-т залгаж ярьсан. 103-ны тусламжийн эмч орж ирээд энэ хүн нас барсан байна гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 150-151-р хуудас),

 

5.6. Гэрч А.Б-ийн 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х Х гэрт архи уугаад сууж байгаад айлын авгайг пизда гээд дуудсан. Тэгээд тэр хоёр маргалдаад гэрээс гарсан. Тэр хоёрыг дагаад гэрт байсан хүмүүс гараад явсан. Би гэрт сууж байхад гадаа хүмүүс Х, Э хоёрыг зодолдож байгаа гэсэн. Гараад ирэхэд Х, талийгаач хоёр барилцалдчихсан байсан. Би Х-ыг боль гээд хойноос нь татсан чинь хөлөөрөө биеийнх нь аль нэг газарт өшиглөх шиг болсон. Тэгээд цаашаа дагуулаад явж байтал буцаагаад алдчихсан. Х эргэж очоод талийгаачийг газарт унагаагаад дэвссэн, тэгээд би очоод салгаж болиулаад буцаагаад аваад явсан. Х-ын эхнэр манай эхнэр бид нар Х-ыг авч явах гэсэн боловч дийлэхгүй байсан. Бид нарын араас А ирээд арай гэж авч явсан... Өглөө гэртээ унтаж байтал Х-ын эхнэр залгаад Э нас барчихсан байна гэж хэлээд би өөрийн машинаар Х гэрт Х-ын эхнэртэй нь яваад очсон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 155-156-р хуудас),

 

5.7. Гэрч Г.Б-ын 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э, Х хоёр маргалдаад гарсан, араас нь бид нар бүгд салгана гээд гарсан. Э Х 2 зодолдож ноцолдоод газар уначихсан дээр доороо ороод байсан. А Х-ыг аваад урагш чиглээд явсан. Х буюу Э газар уначихсан байж байхаар нь би очоод яаж байна гэж асуухад миний бие өвдөөд байна гар даагдахгүй байна гэж байсан. Би Х эхнэрт хэлээд Х хүү, наана нь банди нар өргөөд гэрийнх нь араар оруулсан. Би Х дээр очиход над руу янхан, гичий, архи аваад ир гээд орилоод байсан. Тэгсэн чинь манай эхнэр Х аягүй бол чамтай зодолдоод унах юм байна хоёулаа явъя гэсэн ... Х хашаанаас би эхнэртэйгээ, Х түүний эхнэр, А, Б, түүний эхнэр бид нар гарч явсан. Өглөө унтаж байтал манай гэрт нэг банди орж ирээд таныг Х ах дуудаж байна гээд ирсэн. Би хувцсаа өмсөөд сууж байтал Х орж ирээд Э өнгөрчихсөн байна гэсэн. Х-д яваад очиход эмнэлгийн машин ирсэн байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 160-161-р хуудас),

 

5.8. Гэрч Д.Б-ий 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э-ыг гэрийн ард байхад нь очиход тамхи татаад сууж байсан тэгээд хэсэг хугацааны дараа хашааны ард хэвтэж байхад нь А ахтай цуг очоод би за яаж байна ахаа юм өвдөж байгаа зүйл байна уу 103 дуудах уу гэж асуухад талийгаачийн амнаас нь тунгалаг өнгөтэй зүйл гоожчихсон байсан тэгээд талийгаач 103 дуудаад хэрэггүй ээ ах нь зүгээр огих гээд байна гэж хэлсэн. Тэгээд А-тай Х-ыг аваад явлаа шүү гэхэд тэг тэг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 170-р хуудас),

 

5.9. Гэрч Г.О-ын 2023 оны  10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 20-ны өглөөний 06 цагт *********** хороо *** - *** тоотод дуудлагаар очсон их яаралтайгаар очоод үзэхэд амин үзүүлэлт хэмжигдэхгүй байсан хоёр хүүхэн хараа өргөсөн хөшсөн байдалтай дээшээ харсан байдалтай байсан. Тухайн газарт хүн ухаан алдчихлаа гэсэн дуудлага мэдээлэл өгсөн байсны дагуу очсон. Тэнд байсан хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг анзаараагүй. Талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Архи согтууруулах ундааны зүйл ханхалж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх- ийн 173-174-р хуудас),

 

5.10. Гэрч Ч.О-ийн 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х Х-тэй маргалдаад гэрээс гарахад гэрт байсан хүмүүсийн хамт би гарахад Х Х-г газарт унгаасан дэвсэж харагдаж байсан. Манай нөхөр Б Х-ыг салгах гэтэл түлхээд ойртуулахгүй байсан. Х би Х-г гүйцээгээдэхье гээд хоёр дахин дэвсэж харагдсан. Тэр үед харанхуй байсан гэхдээ гудмын хойд талд байх гэрэл бүдэгхэн харагдаж байсан. Х-ыг тэнд байсан хүмүүс бүгд бариад салгахад талийгаач Х ухаангүй өөдөө хараад гэрийн баруун талд хэвтэж байхаар нь бид нар дуудлага дуудъя гэхэд Х эхнэр дуудлага дуудаж байсан. Х-г өөр хүн цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 182-183-р хуудас),

 

   5.11. Гэрч Б.Т-ын 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрүүлжүүлэхэд орсон ах Х ахын эхнэр Н пизда гэж хэлэхэд талийгаач ах чи айлд орж ирчхээд айлын эхнэрийг тэгж болохгүй гэж хэлэхэд эрүүлжүүлэхэд орсон ах талийгаач хоёр хоорондоо хэрэлдэж байсан. Би гадаа бие засчхаад гэр рүү орох гэхэд миний өмнөөс талийгаач ах эрүүлжүүлэхэд орсон ахын шуунаас барьсан гарч ирээд тэр хоёр гэрийн баруун урд талд хоорондоо хэрэлдэж, барилцаж аваад дээр доороо орж бие биенийгээ цохих үед манай найз С болон 3 ах тэр хоёрыг салгаж байсан. С бид 3 талийгаач ахыг хашааны гадаа бөөлжөөд хэвтэж байхаар нь өргөж гэрт оруулж ирсэн. Талийгаач ах унтаж байгаад С гэж дуудахаар нь очиход ахынх нь гар мэдээгүй байна ахынхаа гарыг бариад өгөөч гэж хэлэхэд С гарыг нь барьж өгчхөөд утсаа бариад сууж байтал Х гэж дуудахад Х ах яасан ах гээд очиход нь ахынхаа гарыг бариад өг ахыгаа доош нь харуулж хэвтүүлээд өг гэж хэлэхэд нь Х ах намайг ахын дүү доош нь харуулаад өг гэж хэлсэн. Доош нь харуулж хэвтүүлэхэд бөөлжих гээд байна гэхээр нь хажуу тийш нь харуулж хэвтүүлсэн чинь тогтохгүй байхаар нь дээш нь харуулж хэвтүүлээд дэр өндөрлөж тавьж өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 193-194-р хуудас),

 

5.12. Насанд хүрээгүй гэрч Н.С-ын 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х ах Э ахыг түрүүлээд гараараа цохих шиг болсон Э ах бас цохих шиг болсон тэгсэн чинь Х ах Э ахыг тонгороод унагаачихсан. Тэгэхээр нь би араас очоод бариад авсан. Талийгаач унасныхаа дараа гар даагдахгүй миний бүх юм мэдээгүй болчихлоо гээд хэвтээд байсан. Э ахыг хэвтэж байгаа газраас нь манай найз Т, Х 2 гэрийн хойд талд аваачсан гэсэн...Намайг гэрт сууж байхад Х ах гэрт орж ирээд хоёулаа гарах уу, Э-ыг үзэх үү гэхээр нь тэгье гээд гарсан. Тэгээд гараад гэрийн хойд талд гарсан чинь Э ах, Б-ын эхнэртэй хамт зогсож байсан...Гэртээ сууж байхад Х ах болон манайд ирсэн хүмүүс яваад өгсөн. Тэр хойгуур нь Э-ыг хашааны ард талаас Т 2 хөлийг нь өргөөд, цээжнээс нь Д гэх хүн өргөөд би гэрэл тусгаад гэрт оруулж ирсэн. Э ахыг гэрийн баруун дээд хэсэгт газарт ор засаад унтуулсан. 06 цагийн үед Х ах талийгаачийн хажуугаар орж хэвтэх гэснээ С энэ амьсгалахгүй байна гэсэн тэгсэн чинь ээж босож ирээд эмнэлэг дууд гээд эгчийн гар утсыг аваад Т-д өгсөн чинь Т ярьж эмнэлэгт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 209-210-р хуудас),

 

5.13. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.А-ын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “...1.2. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зулай, дух хэсгийн хуйханд цус хуралт, духны баруун дээд хэсэг, зүүн дээд хэсэг, баруун далны доод хэсэг, баруун ташаан толгойн ар дээд хэсэг, баруун тохой, зүүн тохой, зүүн чихний дэлбэн, зүүн шанаанд зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн цогцост дээд уруулын дээд хэсэг болон эрүүнд сорви гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4. Талийгаачийн цогцост учирсан гэмтлүүд нь нас барахад нөлөөлөхгүй. 5. Талийгаач нь архины цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдлаар нас баржээ. 6. Талийгаач шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ...” гэх 22 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх- ийн 234-244-р хуудас),

 

5.14. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.А-ын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “...1. Талийгаач Д.Э-ы цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зулай, дух хэсгийн хуйханд цус хуралт, духны баруун дээд хэсэг, зүүн дээд хэсэг, баруун далын доод хэсэг, баруун ташааны толгойн ар дээд хэсэг, баруун тохой, зүүн тохой, зүүн чихний дэлбэн, зүүн шанаанд зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдсон ба зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Дээрх цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Талийгаач Д.Э-ы цогцсын хүүрийн толбоны өнгө сэргэх хугацаагаар /Н.П.Туровецын аргаар/ нас барсан хугацааг тогтооход 2023 оны 05 сарын 20-ны 04 цагаас 06 цагийн хооронд нас барсан байх боломжтой байх ба нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 4.9. Талийгаачийн цогцост учирсан зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь амь насанд аюул учруулахгүй. 5.6. талийгаач нь нас барах үедээ цусанд нь хөнгөн зэргийн согтолт буюу 1,4% промиллийн спирт илэрсэн ба нас барахаас өмнө талийгаачийн цусанд хэр хэмжээтэй спирт байгааг тогтоох боломжгүй. Хөнгөн зэргийн согтолт бол цусанд илэрч байгаа спиртийг промиллээр хэмжих зэрэг тогтоож байгаа аргачлал юм. Харин эд эсийн шинжилгээгээр бүх эд эрхтэн хордлогын улмаас дутагдалд орсон нь харагдаж байна. 7. Эд эсийн шинжилгээгээр эд эрхтэнд хордлогын өөрчлөлт гүн илэрсэн байгаа тул амь насыг аврах боломж багатай. 8. Талийгаачийн цогцост учирсан зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь ухаан алдахад нөлөөлөхгүй...” гэх 31 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт, (1-р хх-ийн 247-250-р хуудас, 2-р хх-ийн 1-р хуудас),

 

5.15. Монгол улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “...1. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.А-ын гаргасан 2023.06.23-ны өдрийн 22 тоот, 2023.08.11-ний өдрийн 31 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2. Талийгаач Д.Э-ы биед зулай, духны хуйханд голомтлог цус хуралт, дух, баруун дал, баруун ташаа, баруун зүүн тохой, зүүн чихний дэлбэн, зүүн шанаанд зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох, унах нидрэгдэх үйлчлэлээр үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. 5. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд байх үед нас барахаас өмнө 6 цагийн доторх хугацаанд үүссэн байх боломжтой байна. 6. Эд эсийн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин болон үхэлд хүргэх гэмтлийн өөрчлөлт тогтоогдохгүй байна. 7. Урьд гаргасан шинжээчийн дүгнэлт болон цогцосны гадна үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтээс харахад талийгаач нь 2023 оны 05 сарын 20-ны 04.00-06.00 цагийн хооронд нас барсан байх боломжтой байна. 8. Цусанд 1.4% этилийн спиртийн агууламж илэрсэн нь талийгаач нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсныг илэрхийлэх ба эд эсийн шинжилгээ, гэрэл зургийн үзүүлэлтэд спиртийн цочмог хордлогын шинжүүд илэрсэн байна. 9. Хэргийн материалд авагдсан гэрэл зургийн үзүүлэлт болон цогцост хийгдсэн шинжилгээнээс үзэхэд талийгаачид үхэлд хүргэх боломжтой амь насанд аюултай гэмтлийн шинжүүд илрээгүй байна. Талийгаач нь спиртийн цочмог, хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан байх тул эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломж муутай байжээ...” гэх 826 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд (2-р хх-ийн 5-16-р хуудас),

 

5.16. Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “...1. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №22, нэмэлт шинжилгээний № 31, материалаар хийсэн № 826 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Шүүх эмнэлгийн цогцсын шинжилгээгээр хүний дотор эрхтнүүдээс шүүх эд эсийн шинжилгээний дээж авч эд эсийн түвшинд гарсан өөрчлөлтүүдийг дүгнэж үхлийн шалтгаан болон архаг хууч өвчнийг тогтоодог. Амь хохирогчийн цогцсоос тархи, уушги, зүрх, нойр булчирхай, элэг, дэлүү, бөөр гэх цуллаг эрхтнүүдээс дээж авсан байна. 2. Шинжээч эмч нь цогцост задлан шинжилгээг хийж эд эрхтнүүдэд гарсан макро өөрчлөлт болон шүүх эмнэлгийн онош буюу амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоодог. 3.4. Шүүх эд эсийн шинжилгээгээр тархи, уушгины хаван, уушгины голомтлог цус харвалт, гуурсан хоолойн жигд бус авчилт, зүрхний булчингийн чичирхийлэл, нойр булчирхайн үхжил, цус харвалт, элэгний өөхөн хувирал, бөөрний сувганцрын үхжил зэрэг өөрчлөлтүүд нь амь хохирогчийг спиртийн цочмог хордлогын улмаас нас барсныг илэрхийлж байна. 5.6. Хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед цусанд спиртийн агууламж хамгийн өндөр түвшинд эсвэл биеэс ялгарч буй үед болон биеэс ялгарч дууссаны дараа спиртийн цочмог хордлогод орж нас бардаг. 7. Амь хохирогчид үхэлд хүргэх боломжтой амь насанд аюултай гэмтлийн шинжүүд илрээгүй байна...” гэх 148 дугаартай шинжээчийн дүгнэлт (3-р хх-ийн 46-52-р хуудас) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

 

6. Хууль зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар:

 

6.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н: “...Д.Э нь 2023 оны 05 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө хөнгөн зэргийн согтолттой байх үедээ ажлынхаа газрын З.Х зодуулж, их удалгүй 2-3 цагийн дараа нас барсан гэмт хэргийг үнэн зөв шалгаж тогтоохгүйгээр мөрдөн шалгах ажиллагаанд нөлөө орж спиртийн цочмог хордлогод орж нас барсан гэх дүгнэлтийг гаргаж, ялтан З.Х нь амь хохирогч Д.Э-д хөнгөн гэмтэл учруулсан гэж шийдвэрлэж байгаа нь үнэнд нийцэхгүй, шударга ёсонд харш шийдвэр болж хохирогч, түүний ар гэр үр хүүхдийн өнчрөл, хагацлаар тохуурхан даажигнаж байна. ...Шүүх шинжилгээний дүгнэлтийг гадны нөлөөтэй замхаруулсан шинжээчээ хамгаалаад үлдэх үү. Жирийн иргэн хөгжлийн бэрхшээлтэй өрх толгойлсон 2 хүүхэдтэй эх энэ яаж ч чадахгүй гэж анхан шатны шүүх ийм шийдвэр гаргаж байгаад харамсаж давж заалдах гомдол гаргаж байгааг минь хүлээн авч З.Х хүний амь хохироосон зохих ял шийтгэлийг оногдуулж, дахин шинжээч томилон талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоож шударгаар шийдвэрлэж өгнө үү...”  гэж гомдол гаргасан байна.

 

6.2. Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд дээр дурдсан шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

 

6.3. Хохирогч Д.Э-ы нас барсан шалтгааныг Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.А-ын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаартай дүгнэлт, Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.А-ын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 31 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт, Монгол улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 826 дугаартай шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 148 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “архины цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдалд” орж нас барсан гэж тогтоосон байх бөгөөд дээр дурдсан шинжээчийн нэмэлтээр болон дахин хийсэн дүгнэлтүүд нь өмнө гарсан амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоосон дүгнэлтүүдийг бататган нотолсон байна.

 

6.4. Шинжээч нар нь хэрэгт хувийн сонирхолгүй, тухайн асуудлаар мэргэшиж, тусгай мэдлэг эзэмшсэний дээр гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцах, худал дүгнэлт гаргавал хариуцлага хүлээхээ илэрхийлж дүгнэлт гаргадаг бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүдэд эргэлзэх үндэслэлгүй байна.

 

6.5. Дээрх дүгнэлтүүдэд шүүгдэгч З.Х-ын санаатай хийсэн үйлдлийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь амь хохирогч Д.Э-ы нас барсан шалтгаантай хамааралгүй, уг гэмтлүүд нь амь насанд аюул учруулахгүй хөнгөн зэргийн гэмтэл байх бөгөөд шүүгдэгч З.Х-ын согтуурсан үедээ Д.Э-ыг газарт унаган дээрээс нь дэвсэж, цохисон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч энэ нь хохирогчийн үхэлтэй шалтгаант холбоогүй байна.

 

6.6. Шүүгдэгч З.Х-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.

 

6.7. Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 400 (дөрвөн зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй байна.

 

6.8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.Х-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н-т 1,000,000 (Нэг сая) төгрөг төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

6.9. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

6.10. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.БАТТОГТОХ

            ШҮҮГЧИД                             Ч.ЭНХТӨР

                                                                       Ц.ОЮУН-ЭРДЭНЭ