Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 580

 

           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч Т.Эрдэнэбат,

Шүүгдэгч Ж.П/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,

Хохирогч Ц.Одбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж.П-д холбогдох эрүүгийн 1811016270587 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б овогт Ж.П, Монгол Улсын иргэн, 1989 оны 2 дугаар сарын 23-ний өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд Салхитын 36 дугаар гудамжны 473-д тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:............. /.

          Шүүгдэгч Ж.П нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 22:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дээд Салхитын 36-473 тоот хашааны гадаа хохирогч Ц.Одбаатартай хашаа руу чулуу орууллаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.П-оос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Орой 23 цагийн үед ажилаасаа буугаад гэр рүүгэээ орох гэхэд манай гэрийн урд зам олон чулуу асгасан байсан. Тэгээд манай эхнэр юу болсон талаар асуухад манай эхнэрийг зодох гэж бууж орж ирсэн. Тэгэхээр нь би бууж очиход хохирогч өөдөөс ирэхээр нь би цохисон. Тэр үед цагдаагийн байгууллага дуудсан байсан. Цагдаагийн ажилтан ирээд намайг цагдаагийн хэлтэс рүү авч явсан” гэв.

Яллагдагч Ж.П-оос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна  ...Эмчилгээний бодит хохирол болох 400.000 төгрөг төлж барагдуулна гэсэн  байгаа” гэсэн мэдүүлэг /хх-54х/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Одбаатар мэдүүлэхдээ: “Тэр үед Пүрэвдоржийн урд хашааг худалдаж авсан байсан. Тэгээд хашааныхаа урд хэсэгт хэдэн чулуу асгасан байсан. Түүнийгээ түүж авч байсан чинь Пүрэвдоржийн эхнэр бууж ирээд хэл амаар доромжилсон. Тэгээд Пүрэвдорж манай хүүг барьж аваад цохих гээд байхаар нь уурлаж маргалдаж цагдаагийн байгууллага дуудсан” гэв.

Хохирогч Ц.Одбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Цагаан машинтай хүмүүс ирсэн бөгөөд машин дотор байсан эмэгтэй та нар яагаад чулуу унагаад байгаа юм бэ гэхээр нь одоо янзлахын хооронд гэтэл бас нөхөр нь бололтой том биетэй залуу гарч ирээд пязда нар минь үзэх үү гэхээр нь үзээд байх юм байхгүй эхнэрээ ав гэтэл над руу чулуу шидэхээр нь би бултсан чинь манай хоёр банди болиулах гээд очихоор нь би хүүхэд рүүгээ санаа зовоод очтол тэр залуу шууд үгийн зөрүүгүй миний хамар луу мөргөсөн” гэсэн мэдүүлэг /хх-11-15х/,

Гэрч Т.Даваасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай нөхөр хүүхэд рүүгээ санаа зовоод яваад очтол шууд манай нөхрийн хамар луу мөргөж цусыг нь гоожуулсан. Нөхөр Одбаатарын хамрын яс хугарсан” гэх мэдүүлэг /хх-23-24х/,

Гэрч Б.Даваацэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Цаанаас нь нөхөр гэх залуу хүргэн ахыг үзчих ээ, та нар хэн юм бэ гээд орилж хашгирч дайрсан ба харанхуйд ах руу чулуу шидэхээр нь дүү Жавхлан манай нөхөр Сумъяа нар болиулах гэж ойртох үед хүргэн ах Одбаатар явж очсон. Гэтэл гэнэт хамраа бариад суусан ба хамарнаас нь цус гоожсон бөгөөд уг залуу мөргөсөн үү, цохисон уу гэдгийг анзаарч хараагүй” гэх мэдүүлэг /хх-26-27х/,

Гэрч Ө.Сарангуагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Аав Одбаатар тэр залуу руу ярилцах гээд очтол өөдөөс ална аа гэж байснаа гэнэт нүүр рүү нь мөргөсөн учир хадам аавын хамар, амнаас цус гоожоод бид нар цагдаад дуудлага өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-29-30х/,

Гэрч Д.Жавхлангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ ...Уг залуу руу очтол намайг түлхсэн бөгөөд аав ойртоод очтол аавын хамар луу мөргөөд цус гаргасан…” гэх мэдүүлэг /хх-31-32х/,

Гэрч Н.Мягмардуламаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Уг хохирогч гэх залуу өөдөөс нь хүрээд ирэхээр нь манай нөхөр цохиулах нь гэж бодоод өөрийгөө хамгаалаад толгойгоороо нүүр хавьцаа нь мөргөтөл нь хамар амнаас нь цус гараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай нөхөр Одбаатар гэгчийн хамар луу нь нэг л удаа  мөргөсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-34-35х/,

Гэрч Н.Мягмардоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Пүрэвдорж маань нүүр хавьцаа нь мөргөсөн тул нөгөө залуугийн нүүр амнаас цус гоожсон тул цагдаа дуудаж цагдаа нар ирээд манай хүргэнийг авч явсан” гэх мэдүүлэг /хх-37-38х/,

Гэрч Д.Сумъяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Одбаатар хүрээд ирэх үед уг залуу шууд нүүр лүү нь 1 удаа мөргөсөн. Энэ үед Одбаатарын хамарнаас цус гоожоод шууд цусаа тогтоох гээд доошоо суусан” гэх мэдүүлэг /хх-40-41х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн шинжээчийн 6996 тоот дүгнэлтэнд: “1. Ц.Одбаатарын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, баруун нүдний дотор булан, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон хэд хэдэн удаагийн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-46х/,

Шүүгдэгч Ж.Пүрэвдоржийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-62х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-69х/,

Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-63х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Ж.П нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын 36-473-Д тоот хашааны гадаа хохирогч Ц.Одбаатартай хашаа руу чулуу орууллаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар мөргөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ж.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгуулийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Одбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэм хорын хохирлын 400.000 төгрөгийн баримтыг гаргаж хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч Ж.Пүрэвдоржоос гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Харин хохирогч Ц.Одбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй.

Шүүх торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцсон ба шүүгдэгч Ж.Пүрэвдоржийн торгох ялыг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.П нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ж.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П-д оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаанд буюу 2018 оны 9 дүгээр сарын 28-ны дотор төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П-оос хохирлын 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Одбаатарт олгосугай.

6. Хохирогч Ц.Одбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.П нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.П-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН