| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0533/э |
| Дугаар | 583 |
| Огноо | 2018-08-02 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 583
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч Э.Бадрал,
Шүүгдэгч М.У, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,
Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,
Хохирогч Г.Хүрэлсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.У, Б овогт Б.С нарт холбогдох эрүүгийн 1811006770530 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч Монгол улсын иргэн, Б овогт М.У, 1997 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархад 64 дүгээр гудамжны 912в тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:..............
2. Шүүгдэгч Монгол улсын иргэн, Б овогт Б.С, 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20 дугаар гудамж 1106в тоотод оршин суух,
Урьд: 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 933 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр суллагдсан, РД:..................
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч М.У, Б.С нар нь бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Самъяа” хийдийн урд талд хохирогч Г.Хүрэлсүхийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан “Ланд Ровер” загварын гар утас, бэлэн 10.050 төгрөг зэргийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.У-аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би хашааных нь хаалгаар орсон чинь өөдөөс Саруулболд одоо нэрийг нь мэдэх болсон хохирогч Хүрэлсүх нар гарч ирж байсан ба одоо зугтаахгүй гэсэн ба хашааны үүдэн дээр ирэнгүүтээ дээшээ эргээд зугтаах гээд ухасхийсэн тэгэхээр нь би хөл рүү нь өшиглөөд дэгээдээд унагаачихсан юм. Тэгээд Саруулболд барьж аваад цээж элэг рүү нь нэг цохиж байсан. Тэгээд дагуулаад доошоо явсан чинь өөрөө доошоо суучихаад босохгүй байсан ба цагдаад өгнө гэсэн чинь босохгүй байсан юм. Тэгээд цагдаа дээр нь очсон чинь бид хоёрыг бууж ирээд нэгжээд байсан юм. Ийм л асуудал болсон” гэсэн мэдүүлэг /хх-80х/,
Шүүгдэгч М.У-аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.С-оос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгээд хашааны үүдэнд гарсан чинь Ууганбаяр өөдөөс ороод ирсэн ба үүдэнд гараад бас зугтах оролдлого хийсэн ба барьж аваад элгэн тус газарт нь хоёр цохисон. Тэгээд уначихаар нь нуруу руу нь нэг өшиглөсөн. Тэгэхэд Хүрэлсүх намайг битгий цохиоч би дахин зугтаахгүй гээд нэг бандгар том гар утас гаргаж ирээд май энийг авчих би зугтаахгүй гэсэн тэгэхээр нь би утсыг нь аваагүй ба дахин утсаа өгөхөөр нь түүнийг нь авсан” гэсэн мэдүүлэг /хх-81х/,
Шүүгдэгч Б.С-оос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Хохирогч Г.Хүрэлсүхийг 26-27-нд шилжих шөнө миний машин руу чулуу шидэж зугтах үед нь барьж аваад бичиг баримтаа өгчих цагдаа дээр очъё гэж хэлсэн. Тэгээд миний гаргасан үйлдэл нь дээрмийн сэдэлттэй болсон гэж өөрийгөө үзэж байгаа. Эхлээд машин руугаа чулуу шидсэн хохирлыг авъя гэж бодсон. Сүүлдээ утсыг авсан нь дээрмийн сэдэлттэй болсон. Өөрийн үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
Хохирогч Г.Хүрэлсүхээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2018 оны 2 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө модны хоёроос Гандангийн буудал руу алхаж явсан. Тэгээд явж байтал хажууд Приус 10 маркийн машин явж байгаад такси авах уу? гэхэд би авахгүй гээд дээшээ алхаж байтал намайг утсаараа яриулчих гэсэн. Үгүй гээд дээшээ Гандангийн буудал руу алхаж байтал М.Саруулболд утсаараа яриулчих гэхээр нь үгүй гээд гарнаас нь мултраад хойшоо зам хөндлөн гараад гүйсэн. Гэтэл М.Саруулболд хөөж байхаар хийдийн гудамжаар орж зугтсан. Тэгээд айлын хашаа давж ороод нуугдахад араас хоёулаа орж ирж намайг чирж гаргасан. Чирж гаргаад 2 удаа элгэдэж унагаасан. Хэвтүүлж байгаад дэвссэн. Дэвсүүлэхэд зүүн талаас 3 хавирага хугарсан. Тэр үедээ дотуур цус алдаж байсан. Тэгээд надаас бичиг баримт нэхсэн. Бичиг баримт байгаагүй. Өөрийн халаасанд байсан утас мөнгийг гаргаж өгсөн. Дахин өшиглөж байхад үед эргүүлийн машин дуугарах үед доошоо явсан. Зам хөндлөн гарах үед нь цагдаа барьж авч саатуулсан байсан. Тэр үед би яг араас нь очиж байсан. Тэгээд би цагдаад намайг дээрэмдсэн талаараа хэлж халаасыг нь үзэхэд миний утас мөнгө гарч ирсэн” гэв.
Хохирогч Г.Хүрэлсүхээс мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 26-ны орой ...тэндээс ганцаараа алхаад Гандангийн буудал дээр явж байхад нэг залуу таксинаас бууж ирээд намайг хөөхөөр нь зугтаасан. Ингээд би зүүн тийш гэр лүүгээ зугтаад Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд байх гэр лүүгээ алхаад Самъяа хийдийн орчим явж байгаад айлын хашаа даваад ороод нуугдсан чинь араас нэг залуу нь орж ирээд намайг бариад авахаар нь айл руу ороод энэ хүн намайг дээрэмдэх гээд байна гэж хэлэхэд айлын хүмүүс намайг нөгөө залууд өгөөд гаргасан. Энэ үед нөгөө залуутай хамт явсан гэх залуу нэмэгдэж ирээд хоёулаа чи такси барьчихаад мөнгөө өгсөнгүй гээд намайг элэгдэж унагаад газар унагаад дэвсээд бичиг баримтаа өг гэхээр нь бичиг баримт байхгүй гээд кармаанд байсан гар утас 5000 төгрөг 2 ширхэг, 50 төгрөг нэг ширхэг байсныг гаргаж өгсөн чинь авчихаад дахиад бичиг баримтаа гаргаж өг гээд нийлээд зодож байгаад доошоо буугаад явсан чинь цагдаа нар бариад авсан ...” гэсэн мэдүүлэг /хх-29-33х/,
Гэрч Б.Нямдоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хэв журмын офицероор ажилладаг юм. 2018 оны 2 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан юм. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр кентоврын орчмоос үл таних хоёр эрэгтэй сэжигтэй байдлаар явж байхаар нь шалгаж үзэхэд 1 ширхэг гар утас, бэлэн 5000 төгрөг 1 ширхэг, 50 төгрөг 1 ширхэг гарч ирсэн. Тэгээд шалгаад зогсож байтал араас нь үл таних 20 орчим насны эрэгтэй гарч ирээд намайг наад хоёр хүн чинь дээрэмдсэн гар утас мөнгө зэргийг авчихлаа гэж хэлсэн юм ...” гэсэн мэдүүлэг /хх-34х/,
Гэрч Г.Ганбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Хамтрагч Нямдорж бид хоёр тэр шөнө 01 цагийн орчимд байхаа хариуцсан хороодын нутаг дэвсгэрээр машинт эргүүлийн үүрэг гүйцэтгээд Гандангийн автобусны буудлаас хөдлөөд уулзвараар бүтэн эргээд буцах гэж байхад Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр талаасаа замын зүүн талаар 2 эрэгтэй хүн уруудаж алхаж ирж байсан ба цаана нь гудамжны үзүүр дээр нэг залуу хэвтэж байгаад босч ирж буй харагдсан. Ингээд дээрх хоёр залууг саатуулан зогсоож шалгаад бичиг баримтыг нь үзээд биед нь үзлэг хийсэн чинь нэг лан роур загварын гар утас, 5000 төгрөг, 50 төгрөг, 100 төгрөг гэх мэт мөнгө гарч ирсэн /яг хэдэн төгрөг гарч ирснийг тодорхой санахгүй байна/ тэгээд шалгаад зогсож байтал араас нэг залуу гүйгээд хүрээд ирсэн ба энэ хоёр залуу сая намайг дээрэмдчихлээ гэж мэдээлэл өгсөн ба уг хоёрыг саатуулан хохирогчийн хамтаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн …” гэсэн мэдүүлэг /хх-40х/,
Мөрдөгчийн магадлагаа /хх-50х/,
Илтгэх хуудас /хх-9х/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-10х/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-23х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3067 тоот дүгнэлтэд: “1. Г.Хүрэлсүхийн биед цээжний зүүн Х, ХI, ХII-р хавирга далны шугамаар хугаралтай гэмтэл тогтоогдлоо.
2. ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно.
3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-54х/,
Шүүгдэгч М.У, Б.С нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-87, 101х/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-91х, 104х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-94-100х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч М.У, Б.С нар нь бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Самъяа” хийдийн урд талд хохирогч Г.Хүрэлсүхийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан “Ланд Ровер” загварын гар утас, бэлэн 10.050 төгрөг зэргийг дээрэмдсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч М.У, Б.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтолж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч М.У, Б.С нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан тэдгээрийг нээлттэй хорих байгууллагад ялыг тус тус эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.Хүрэлсүхэд учруулсан гэм хорын хохирлыг арилгасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.У, Б.С нар нь тус бүр 57 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М.У, Б овогт Б.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтолж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-од оногдуулсан 2 жилийн хорих ялыг, М.Ут оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ын цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг, шүүгдэгч М.Уын цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тус тус тооцсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С, М.У нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН